Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00853

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00853

 

 

********* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00027 дугаар шийдвэртэй,

********* нэхэмжлэлтэй, *************, *************** нарт холбогдох,

Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний Эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч *************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг /цахимаар/, хариуцагч ***************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Арцат вилла ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж, Арцат апартмент барилгын 1 ээлжийн 1 блок 10 давхрын 123 м.кв, 1ээлжийн 1блокийн 9давхрын 106 м.кв, 1ээлжийн 1блокийн 9 давхрын 145 м.кв талбай бүхий 3 ширхэг сууцыг м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож захиалан бариулахаар харилцан тохиролцсон.

Улмаар 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Арцат Вилла ХХК-ийн зөвшөөрлийн үндсэн дээр 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 1 үл хөдлөх эд хөрөнгө болох 123 м.кв орон сууцыг 335,000,000 төгрөгөөр өмчлөх эрхийг *************, *************** нарт шилжүүлэхээр орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

*************, *************** нараас 125,000,000 төгрөгийг бэлнээр, гэрээ байгуулах үед 150,000,000 төгрөгт тооцуулж Ланд круйзер маркийн 79-89 УНА автомашиныг гэрээ байгуулах үед, 60,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах үед төлөхөөр тус тус тохиролцсон.

Гэрчилгээ гарснаас хойш 3,000,000 төгрөгийн төлөлтийг хийж үлдэгдэл 57,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч *************, *************** нараас 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 57,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын хувьд гэр бүлийн 2 хүн байгаа юм гэжээ.

 

2. Хариуцагч *************ийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Вестери консол ХХК-д ажилладаг **********той Хан-Уул дүүргийн Арцат апартментийн 1431-ийн 1001 тоот сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа болох 125,000,000 төгрөгийг бэлнээр, 150,000,000 төгрөгөөр үнэлүүлж Ланд круйзер 200 маркийн автомашиныг шилжүүлсэн.

**********гоор тухайн сард /хана буулгуулах ажлын хөлс/ 3,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Гэрчилгээ гарсны дагуу үлдэгдэл 57,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэрчилгээ 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан. Гэрчилгээ гарахаас өмнө 2019 оны намраас өнөөг хүртэл **********г тус сууцны цонхны сийгэлт, цанталт, бохир үнэртээд байгааг халаалтыг хэвийн ажиллуулаад засварлаад өгөөч гэж бичгээр болон мэйлээр **********д болон Вестерн консол ХХК-д удаа дараа мэдэгдсэн, засварлаж өгсөнгүй.

Иймд **********гоор доголдолтой зүйлсийг хэвийн ажиллагаатай болгуулж засварлуулах хүсэлттэй байна. Худалдан авсан жилийн өвөл 2019-2020 онд халаалт янзлаад өгнө гээд хүн явуулж үзүүлдэг боловч арга хэмжээ аваагүй. Сүүлдээ ор сураггүй алга болсон. **********д манай гэрийг халдаг болгоод өгөөч, манайх хоёр нялх хүүхэдтэй өвөлдөө маш хүйтэн байна засварлаж өгөөч гэж 3 жил гуйсан, засварлаж өгөх боломжгүй бол гэрээгээ буцаах тал дээр хүртэл ярилцаж байсан. Үлдэгдэл төлбөр 57,000,000 төгрөг төлөхгүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Дутагдалтай зүйлүүд душны ус доошлохгүй мөөгөнцөр үүсдэг, үнэр гардаг доод айл руу ус алддаг. Дээвэр дээр ус хуримтлагддаг, хоёр өрөөний гадна агааржуулалтаас бохирын үнэр маш ихээр үнэртдэг, цонх онгойлгох боломжгүй, паарнууд халдаггүй байнга хий авдаг, 7 хоногт 2 удаа Ди Ди прогрессыг дуудаж хий авхуулдаг, болконы 2 дээврээс бороо орох болгонд дусаал гоождог, жижиг өрөөний цонхны завсраар сийгэлт өгдөг маш их дулаан алддаг. Эдгээр дутагдалтай зүйлсийг засаж хэвийн ажиллагаанд оруулж өгнө үү. Хэвийн ажиллагаатай болгосон тохиолдолд үлдэгдэл 57,000,000 төгрөгийг гаргахад асуудалгүй.

********** өөртөө өмчлөх эрх үүсээгүй байхад бусдад худалдах ёсгүй. Үүрэг шилжихдээ ************* нь 123.1 м.кв талбай бүхий орон сууцны 1 м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцвол 282,900,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн болохоос орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Тухайн байгуулсан гэрээнд м.кв хэмжээ үнийг тодорхойлсон байж нийт үнийг 335,000,000 төгрөг гэж бичсэн байна. Эрх шилжүүлэх тухай гэрээнд 1 м.кв үнийг бичихгүйгээр нуусан байдаг. Гэтэл м.кв үнийн зөрүү 423,577 төгрөг байна. Үүнийг бодоход 52,100,000 төгрөгийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл бий болж байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Захиалан байгуулах гэрээний төлбөрийг гаргуулах гэж байгаа бол 5,000,000 төгрөгийн асуудал яригдана, эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа бол нэг ч төгрөгийн асуудал байхгүй болно.

 

3. Хариуцагч ***************ийн татгалзал тайлбарын агуулга: Эрх шилжүүлэх гэрээ байгаа. ***************ийн хувьд эрх үүсээгүй байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол өмчлөх эрх үүснэ. Гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. ***************ээс юу шаардаад байгаа нь ойлгомжгүй. 57,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Эрх шилжүүлэх гэрээний үндсэн нөхцөл нь ********* Асгат вилла ХХК-тай 2018 оны 09 дүгээр 06-ны өдрийн орон сууц захиалгаар барих ЗБГ-18/28 тоот гэрээг үндэслэн байгуулсан.

Уг гэрээний үндсэн зохицуулалт нь ********** нь Асгат вилла ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам Наадамчдын гудамж, Хүннү моллын замын урд баригдаж буй Арцат апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн 1 дүгээр блокийн 10 дугаар давхрын 123 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах, 1 м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцохоор тохиролцон гэрээг байгуулсан байдаг. Ингээд ********** нь уг орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг *************, *************** нартай байгуулахдаа Арцат вилла ХХК-тай байгуулсан гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэхээр тохиролцон, улмаар ********* Асгат вилла ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.

********** нь 1 м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөгөөр тооцож байсан атлаа эрх шилжүүлэх гэрээнд 1 м.кв талбайн үнийг заахгүйгээр нийт дүнг 335,000,000 төгрөг байхаар тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь 335,000,000 төгрөгөөр 123 м.кв талбай бүхий орон сууцыг тооцоход 1 м.кв талбайн үнэ нь 2,723,577 төгрөг болох ба талуудын хооронд байгуулагдсан орон сууцны захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 1.1-д заасан зорилгод харш, заалтыг тус гэрээний 2.1-т зааж байгуулсан.

Уг нөхцөл байдлыг ********* зүгээс нуун дарагдуулж, 1 м.кв талбайн үнийг зөрүүтэйгээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.

********** нь Арцат вилла ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээнд заагдаагүй нийт үнийг үнэнээр нь тооцож гаргасан бол хариуцагч нар нь 282,900,000 төгрөг төлөх үүргийг Орон сууц захиалан барих гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр хүлээх ёстой. Гэтэл гэрээний 2.1-т 335,000,000 төгрөг гэж бичсэн жинхэнэ бодит байдлыг халхавчилсан.

Халхавчлагдаж буй гэрээний дүн нь 282,900,000 төгрөг бөгөөд уг дүнг халхавчилж 335,000,000 төгрөг гэж заасан тул зөрүү 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ********** болон *************, *************** нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалан барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалтын 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа Арцат Вилла ХХК-аас 1 м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр тооцож авах гэрээг нууцлаагүй, гэрээнд заасан үнийн дүнг хариуцагч нар мэдэж байсан. Эрх хүлээн авагч буюу *************, *************** нарын эрхийг зөрчсөн байх боломжгүй. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт нь орон сууц захиалан бариулах гэрээний шилжүүлэн өгч байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь эрх шилжүүлэгчийн өмч болох нь гэрээгээр нотлогдсон тухай дурдсан, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу *************ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206067859 дүгээр дугаартайгаар 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн орон сууцны өмчлөлийн хувьд маргаангүй.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ..

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *************, *************** нараас 57,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 52,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************, *************** нараас 442,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **********д олгож шийдвэрлэсэн байна.

 

7. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй тухайд:

2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан гэрээ нь дээрх худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болоогүй, дараагийн өмчлөгчид эрх үүсэх шинжийг агуулаагүй байгааг анхан шатны шүүх анхаарахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа эд хөрөнгийн доголдолтой холбоотой үүргийг ********* нэхэмжлэлтэй уг хэрэгт хамааралгүй гэж дүгнээд байгаа нь илт үндэслэлгүй, хоорондоо зөрүүтэй дүгнэсэн

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ********** нь худалдагч мөн юм бол биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх учиртай байтал биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй /********* өмчлөлийн бус буюу Арцат вилла ХХК болон ********** нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулснаар ********** нь уг гэрээнээс гарсан/ байгаа талаарх анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагч нарын татгалзлыг шүүхээс дүгнэхгүйгээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байна.

Бичгээр байгуулсан гэрээний нэр, удиртгал, ерөнхий зүйл, гол нөхцөл зэргээс дүгнэвэл зөвхөн орон сууц захиалан барих гэрээний эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байхад ийнхүү гэрээний чөлөөт байдлын зарчимтай хольж хутган ойлгомжгүй дүгнэлт хийсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байхаас гадна мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангахгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар ... үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох талаарх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа талаарх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг няцаан үгүйсгээгүй, энэ талаарх ямар нэг эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 гэж өрдөгдөөгүй хуулийг хэрэглэсэн байна.

7.2 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд ********** нь орон сууцны үнэ гэж заасан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний 2.1-д заасан төлбөрийг шаардах эрхгүй гэж үзнэ. Нотлох баримт байх ба үүнийг бүрдүүлэх талаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д хамаарч байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 335,000,000 төгрөгийн 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасан байтал анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 52,000,000 төгрөгт холбогдох гэж хэрэгсэхгүй болгоод улмаар 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5,4-т "энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно" гэж заасан. Гэтэл уг хэрэг нь хуваарилагдсан шүүгчийг томилж албажуулсан хэргийн 29 дэх талд/ байх ба Д.Энхцэцэг нь тус шүүхийн ерөнхий шүүгч биш байх ба дээрх хуулийн заалтыг зөрчиж гаргасан. Улмаар уг хэргийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5920 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Гончигсумлааг томилсон шийдвэрийг албажуулсан байх ба тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаартай тогтоол хэрэгт авагдсан байх ба уг тогтоол ********* нэхэмжлэлтэй, *************, Д. Чулуунбилэг нарт холбогдох хэргийг шүүгч Б.Гончигсумлаад хуваарилсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасанд хамаарч байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан байх ба нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0140 дугаартай итгэмжлэл /хэргийн 5 дахь талд авагдсан/-д зааснаар сөрөг нэхэмжлэл гардаж авах эрхийг олгоогүй байна. Тодруулбал уг хэрэгт нэхэмжлэгч нь уг итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангаравт сөрөг нэхэмжлэлийг гардан авах эрхийг олгоогүй байхад сөрөг нэхэмжлэлийг гардуулсан

Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон бөгөөд үүнээс 2 сар гаран хугацаа өнгөртөл 2-3 удаа шүүхийн шийдвэрийг гардан авахаар тус шүүхээс хүссэн ба шийдвэрийг гараагүй байгаа гэж тайлбарласаар 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг гардаж аваад шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах талаар хүсэлт гаргахад мөн л шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, одоог хүртэл шүүх хуралдааны тэмдэглэл албажаагүй байна. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байхад шүүхийн шийдвэрт ...хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй.. гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар ********** нь *************, *************** нарыг хариуцагчаар татсан. Арцат вилла ХХК, ********** нарын хооронд байгуулагдсан гэрээний эрхээ бусдад шилжүүлсэн үйл баримт байна. Тухайн гэрээний хэрэгжилт нь хариуцагч нарт хамааралгүй. Мөн гэрээнд зааснаар орон сууцны эрх шилжүүлсэн үйл баримтыг гомдолд дурдсан байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгө гэдэг нь эрх болон эдийн, эдийн бус хөрөнгүүдийг бүхэлд нь хэлнэ гэж зохицуулсан. Орон сууц захиалгын гэрээг бусдад шилжүүлэхдээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу гарын үсэг зурсан байна.

Нотариатын гэрчилсэн гэрээнд хэн нэгний дарамт шахалтгүйгээр гарын үсэг зурсан гэх үйл баримт байна. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын талаар тодорхойлоогүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар тухайн гэрээг хэлбэрийн хувьд зөрчсөн гэж үзсэн тохиолдолд өгсөн, авсан зүйлээ буцаах эсэх үйл баримт нь тодорхойгүй байна.

**********, Арцат вилла ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжсэн эсэх талаарх үйл баримт нь уг хэрэгт хамааралгүй байна.

Тухайн хэрэг маргаанд нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэгчээс анх итгэмжлэл авсан. Сөрөг нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар гаргах бүрэн боломжтой байсан.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс шалтгаалан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талаас биет байдлын талаар гомдол гаргаагүй бөгөөд гэрээтэй холбоотой нэг заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл тухайн гэрээ нь Арцат вилла ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний үргэлжлэл байдаг. Мөн уг гэрээний ихэнх хэсэг нь биелэгдсэн байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *************, *************** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 57,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч уг гэрээний 52,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ********** Арцат Вилла ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж, Арцат апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн, 1блок, 10давхрын 123 м.кв талбайтай орон сууц, 1 дүгээр ээлжийн, 1-р блок 9 давхрын 106 м.кв талбайтай орон сууц, 1 дүгээр ээлжийн 1-р блок 9-р давхрын 145 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцжээ. /хх7-13/

Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *************, *************** нартай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, тус гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж, Арцат апартмент төслийн орон сууцны барилгын 1 дүгээр ээлжийн, 1блок, 10давхрын 123 м.кв талбайтай орон сууцыг захиалгаар бариулах эрхийг 335,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцжээ. /хх14/

2.б. *************, *************** нар нь Орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг шилжүүлэх гэрээгээр 275,000,000 төгрөгт холбогдох төлбөрийг нэхэмжлэгч **********д шилжүүлсэн.

Үлдэх 60,000,000 төгрөгийг тус гэрээний 2.2-д зааснаар эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар төлж дуусгахаар тохиролцжээ.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 3,000,000 төгрөг төлсөн, дээрх 123 м.кв талбайтай орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206067569 дугаарт бүртгэн авч 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *************, *************** нарт олгосонд талууд маргаангүй.

 

3. Зохигч гэрээний 52,100,000 төгрөгт холбогдох хэсэг хүчин төгөлдөр эсэхэд маргаантай байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.Эрх худалдах, худалдан авахад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн заалтууд нэгэн адил үйлчлэх юм.

Хариуцагчаас тус орон сууцны цонх сийгдэг, цантдаг, бохир үнэртдэг зэрэг биет байдлын доголдолтой холбоотой тайлбар гаргадаг боловч энэ нь эрх худалдсан **********д хамааралгүй. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *************, *************** нараас 57,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **********д олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Нэхэмжлэгч ********** нь Арцат Вилла ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗБГ-18/28 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулахдаа тус гэрээний 3.1-д 1 м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч ********** нь хариуцагч *************, *************** нартай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа орон сууцны үнийг 123 м.кв орон сууцыг 335,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа гэрээний үнийг талууд өөрсдөө тохиролцон тогтоох эрхтэй. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд ********** болон Асгат вилла ХХК нар 1 м.кв талбайг 2,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон үнийн нөхцөлийг хариуцагч нар **********гоос шаардах нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний зүйл нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх байна. Анхан шатны шүүхээс ********* орон сууц захиалгаар бариулах эрх нь гэрээний зүйл гэж дүгнэсэн үндэслэлтэй.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Дүр үзүүлсэн хэлцлийн нэгэн адил гадна талдаа хэлцлийн дүр үзүүлдэг.

********** болон *************, *************** нарын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.2 дахь заалтын нийт үнэ 335,000,000 төгрөг гэх хэсэг нь нийт дүн 282,900,000 төгрөг гэх хэсгийг халхавчилсан болох нь баримтаар тогтоогдоогүй.

Мөн дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Давж заалдах гомдлын талаар.

5.а. Хариуцагч нь Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 гэснийг 56 дугаар зүйлийн 56.8 гэж, сөрөг нэхэмжлэл болох 52,100,000 төгрөгийг 52,000,000 төгрөг гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул залруулах нь зүйтэй.

5.б. Хэргийн 5-р талд авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ********** нь Э.Нарангаравт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд олгосон гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хэрэг нэхэмжлэл, гомдол хүсэлт хуваарилах тухай" 1895 дугаар тогтоол, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5920 дугаартай захирамжийг үндэслэн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Б.Гончигсумлааг томилсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

5.в. Шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах талаар зохих журмын дагуу тамгын газарт хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/00027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 56.8 гэснийг 56.1.8 гэж, 52,000,000 гэснийг 52,100,000 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД