Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамцагдоржийн Бүрнээ |
Хэргийн индекс | 158/2016/0007/З |
Дугаар | 0009 |
Огноо | 2014-04-06 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0009
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5-р багт газарт оршин суух Самбуудашийн Банзрагч /РД:ГМ46030517/,
Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1А заалтын дагуу 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү гаргуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Банзрагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №52 дугаартай тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоол гарсан. Би энэ тогтоолын дагуу тэтгэврээ шинэчлэн тогтоолгохыг хүсч 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдөр сумын нийгмийн даатгалын байцаагчид өгсөн ч аймгаас хүлээж бай гэсэн гээд өргөдлийг буцаан өгсөн. Тэр үед би Засгийн газрын 52 дугаар тогтоолыг мэдэхгүй байснаас 07 дугаар сарын 01-ний өдөр гэж өргөдөл гаргасан.
Миний өргөдлийг Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөл хэлэлцээд тэтгэврийн зөрүүг олгохгүй талаарх шийдвэр гаргасан. Би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Улсын Их Хурлын нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад тус тус хандахад төсөв байхгүй, үүнийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн. Гэвч уг хуулийн төслийг хэлэлцэх үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийг хэрэгжүүлэхэд төсвийн ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж байсан.
Нийгмийн даатгалын хэлтэс нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байна” гэсэн заалтыг баримтлаагүй, хэрэгжүүлээгүй байна. Энэ заалтаар төсөвт хүндрэл гарахгүй гэдгийг баталж байна. Энэ хуулийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж, тэтгэврийг шинэчлэх ёстой гэж бодож байна.
Энэ асуудлын талаар би нэлээн хөөцөлдөж 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл өгөхөд тэтгэврээ шинэчлэн тогтоолголоо. Харин тэтгэврийн зөрүүг олгохгүй гэж шийдвэрлэсэн.
Түүнээс гадна надаас өөр бусад өндөр насны тэтгэврийн иргэдэд хамааралтай зүйл юм. Иймд миний Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2015 оны 12 сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү, мөн Улаанбаатар хот, Булган аймаг хоорондын ирж очихын замын зардлыг гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоох харилцааг хуульчилж өгснөөр энэхүү хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д "төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдуүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг (дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх" заалтын дагуу дээрх хуулийн заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2015 оны 1/2558 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг хэрэгжүүлж ажиллаж байна. Иргэн С.Банзрагч нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдөлдөө анх тэтгэвэр тогтоолгохдоо 2001-2005 оны хоорондох 5 жилийн цалинг сонгож тэтгэвэр тогтоолгон авч байсан бөгөөд харин одоо тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооно гэж дээрх хуульд заасны дагуу 1986-1990 оныг дуусталх 5 жилийн цалингаар тэтгэврээ тогтоолгож тэтгэврийн хэмжээ 505209 болсон байна. Үүнээс өмнө авч байсан тэтгэвэр нь 372009 төгрөг байна.
Иймд иргэн С.Банзрагч нь тэтгэврийн зөрүү болох 133200 төгрөгийг дээрх хууль батлагдсан өдөр мөн Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн /2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр/ буюу 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 10 сарын мөнгө болох 1332000 төгрөгийг тэтгэврийн даатгалын сангаас, мөн Улаанбаатар хот, Булган аймаг хоорондын ирж очих унааны зардал 30000 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Иргэн С.Банзрагч өмнө нь Нийгмийн даатгалын хэлтэст энэ тухай өргөдлөө өгсний дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн гишүүд хуралдаж, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа, хэлтсийн үйлчилгээний албаны дарга Б.Энхтайван, аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа, Үйлдвэрчний эвлэлийн дарга Цэнддоо, Санхүүгийн аудитын дарга Баттулга, Ажил олгогч эздийн холбоон төлөөлөл Мэндсайхан, нарийн бичиг Нарантуяа нар оролцож иргэний өргөдлийг авч хэлэлцээд нэмэгдлийг тооцож олгох улсын төсөв батлагдаагүй байсан учраас тэтгэврийн даатгалын сангаас олгох боломжгүй мөнгө гэдэг дүгнэлтийг гаргаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдлийг тооцож олгож байна. Иймээс С.Банзрагчийн нэхэмжилсэн хугацааны тэтгэврийн зөрүү нь 2015 оны төсөвт тусгаагүй учир 2015 оны 07 дугаар сарын 01-нээс нөхөн олгох боломжгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн С.Банзрагчийн тэтгэврийн хэмжээ 2012 оны 05 дугаар сарын 01-ний ЗГ-ын 153-р тогтоолоор 23 хувиар нэмэгдэж 328009 төгрөг, мөн 2014 оны 02 дугаар сарын 01-нээс ЗГ-ын 15-р тогтоолоор 22000 төгрөг нэмэгдэж 350009 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52-р тогтоолоор 500000 төгрөгөөс доош тэтгэвэр авагчдын тэтгэврийг 22000 төгрөг, 500000 төгрөгөөс дээш авдаг тэтгэвэр авагчдын тэтгэврийг 20000 төгрөгөөр нэмэгдүүлсэн өөрчлөлтөөр 372009 төгрөг болсон байна. Мөн 5 жилийн тэтгэвэр бодож дундаж 2015 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө 467974 төгрөг байсан ба 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн итгэлцүүрээр өсч 503307 төгрөг болж өөрчлөгдсөн ч авах тэтгэвэрт нөлөөлөөгүй. С.Банзрагч нь 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс тэтгэврийн даатгалын сангаас 505209 төгрөг авч байна. Иймээс С.Банзрагчид хууль батлагдсан өдөр тэтгэврийн зөрүү болох 133200 төгрөгийг мөн ЗГ-ын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэлх 10 сарын мөнгө болох 1332000 төгрөг болон Улаанбаатар хот, Булган аймаг ирж очсоны зардал болох 99000 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Банзрагч нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1А заалтын дагуу 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү гаргуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед “...2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацааны 10 сарын тэтгэврийн зөрүү 1335000 (нэг сая гурван зуун гучин таван мянга) төгрөг гаргуулахыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, мөн Улаанбаатар хот, Булган аймаг хоорондын замын зардал 99000 төгрөг гаргуулах”-аар шаардлагаа тодотгож, тодорхойлсон ба энэ шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид мэтгэлцсэн болно.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1. С.Банзрагч нь 2006 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2001-2006 оны хоорондох цалингийн дунджаар өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон[1] бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолын дагуу анх тогтоосон 2001-2006 оны цалингийн дундажийг өөрчлөн 1986-1990 оны цалингийн тодорхойлолтын дагуу 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 372009 төгрөг[2] болж нэмж өөрчлөгдсөн ба 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоож сар бүр 505209 /таван зуун таван мянга хоёр зуун ес/ төгрөгийн[3] тэтгэвэр авахаар болсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцох”, мөн хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.
Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийн дээрх заалтын дагуу иргэн С.Банзрагчид олговол зохих тэтгэврийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1А-д “2014 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох”-оор тооцож 505209 төгрөг болгон нэмж өөрчилж, тэтгэврийн зөрүү 133200 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байгаа бөгөөд зөрүү 133200 төгрөгийн тооцооллын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй болно.
Харин тэтгэврийн зөрүү мөнгө 133200 төгрөгийг нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 10 сарын зөрүүг олгох ёстой гэж, хариуцагч талаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасны дагуу хэрэгжүүлэх боломжгүй, зөрүүг олгох үндэслэлгүй хэмээн маргажээ.
УИХ-аас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн[4] 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэж тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоох харилцааг зохицуулсан бөгөөд хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан байна. Гэтэл хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2015 оны төсөвт тусгаагүй гэх үндэслэлээр тэтгэврийн зөрүүг олгохоос татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан журмын дагуу тэтгэврээ бүрэн тогтоолгож авах эрхийг зөрчсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 01-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” хэмээн зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тэтгэврийг зөвтгөн тогтоож өгөх тухай өргөдлийг анх тус аймгийн Хишиг-Өндөр сумын Нийгмийн даатгалын албанд[5] 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байх тул тухайн сарын 01-ний өдрөөс тэтгэврийн зөрүү олгох үндэслэлтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгч Хишиг-Өндөр сумын Нийгмийн даатгалын албаны дээд шатны байгууллагад хандсанаар Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлөөс С.Банзрагчийн тэтгэврийн хэмжээг хуульд нийцүүлэн тогтоохоос татгалзсан болох нь гомдлын шаардлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоол[6], хурлын тэмдэглэл[7] зэргээр нотлогдож байна.
2. УИХ-аас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгайлсан заасан байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тодорхой төрлийн санд улсын төсвөөс энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн үүргийн дагуу тэтгэвэр, тэтгэмжид олгох хөрөнгийг жил бүр Төсвийн тухай хуулиар тогтооно”, 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар батлагдсан хөрөнгийг сангийн яам сарын хуваарийн дагуу тухайн сарын эхний 10 хоногт багтаан зохих санд шилжүүлж байна” гэж тус тус зааснаар батлагдсан хөрөнгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, тухайн сарын эхний 10 хоногт даатгалын санд шилжүүлэхээр заасан байх тул хариуцагчийн тайлбарлаж буй Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасан “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэсэн заалт хамаарахгүй юм.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжилтийг зохион байгуулахад ямар нэгэн хүндрэл байхгүй гэсэн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өгч байсан болох нь Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/662 тоот албан бичгээр [8] тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр шүүх иргэн С.Банзрагчийн тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолын[9] 1А дахь заалт, Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан[10] тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоосон тэтгэврийн зөрүү мөнгө болох 133200 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжих 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл олгогдоогүй зөрүү (133200*6сар) 799200 /долоон зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг С.Банзрагчид нөхөн олгохыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, харин 2015 оны 02 дугаар сарын 01-нийн өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ хугацааны тэтгэврийн зөрүүг олгох эрх зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол замын зардал болох 99000 /ерэн есөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.2.4, 70.2.8, 70.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 30 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү /133200*6/ болох 799200 /долоон зуун ерэн есөн мянга хоёр зуу/ төгрөгийг тэтгэврийн даатгалын сангаас гаргаж нэхэмжлэгчид олгохыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2015 оны 02 дугаар сарын 01-нэээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү болон Улаанбаатар хот, Булган аймаг ирж очихын унааны зардал болох 99000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БҮРНЭЭ
[1] Хэргийн материалын 58 дахь хуудас
[2] Хэргийн материалын 42 дахь хуудас
[3] Хэргийн материалын 36-37, 55 дахь хуудас
[4] Төрийн мэдээлэл сэтгүүл 2015 оны №08/869 дугаарт хэвлэгдсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
[5] Хэргийн материалын 4 дэх хуудас
[6] Хэргийн материалын 5 дахь хуудас
[7] Хэргийн материалын 81-82 дахь хуудас
[8] Хэргийн материалын 23 дахь хуудас
[9] Хэргийн материалын 28-29 дэх хуудас
[10] Хэргийн материалын 30-31 дэх тал