Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0207

 

 

 

 

 

 

 

З-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Д.Б, Л.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, З-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг, мөн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж болон 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хуул бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тус шийдвэрийн 8 дугаар хуудсанд “Дээрх маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1994 оны 89 дүгээр тогтоол, 2000 оны 87 дугаар тогтоол, 2010 оны 27 дугаар “маш нууц” улсын тусгай хэрэгцээнд тус тус авагдсан болох нь Батлан хамгаалах яам болон Зас ирүүлсэн маш нууцлалтай баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс нотлогдож байх бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга судалж нягтлахгүйгээр анхнаасаа улсын тусгай хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус болсон байна” гэжээ. Гэтэл тус шийдвэрийг гаргахдаа үндэслэсэн Улсын Их Хурлын 1994 оны 89 дүгээр тогтоол, 2000 оны 87 дугаар тогтоол, 2010 оны 27 дугаар “маш нууц” тогтоол зэргийг шүүгч хэргийн оролцогч нарт танилцуулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх эрхийг бүдүүлгээр хязгаарлаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Шүүх хуралдааны явцад шүүгчид дээрх нууц материалтай танилцах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй зөрчлийг гаргасан. Шийдвэрийн 5 дугаар хуудсанд “Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тайлбарыг “Ер нь бол анхнаасаа 2000 онд давхцалгүй байсан” гэж оруулжээ. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлийн 15 дугаар хуудсанд 2004 онд давхцалтай байсныг мэдэх боломжгүй гэж зөрүүтэй тайлбар хийжээ. Үүнээс үзэхэд шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

Шүүх хуралааны тэмдэглэлд шүүгч хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль зүйн зөвлөгөө, чиглэл өгөхгүй байхыг анхааруулж, хуульд заасны дагуу шүүх хуралдааныг явуулахыг мэдэгдсэн.

    Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

    Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

     Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Улаанхуаранд 1990 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлсэн 2004 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 360 дугаар захирамж, “А” ХХК-д эзэмшүүлсэн 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 352 дугаар захирамж, иргэн Б.Б-д эзэмшүүлсэн 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж, газрын зориулалт өөрчилсөн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн иргэн Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг тус тус гаргаж, үндэслэлээ “... Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон Засгийн газрын шийдвэрийн дагуу цэргийн ангийн тусгай хэрэгцээнд олгогдсон газартай давхцуулан Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн. Энэ нь манай байгууллага үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу явуулахад хүндрэл учруулж байна” гэж тайлбарлан маргажээ.

     Анхан шатны шүүхээс “маргаан бүхий газар нь Улсын Их Хурлын 1994 оны 89 дүгээр тогтоол, 2000 оны 87 дугаар тогтоол, 2010 оны 27 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авагдсан болох нь Батлан хамгаалах яам болон нэхэмжлэгчээс ирүүлсэн маш нууцлалтай баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Хариуцагч нийслэлийн Засаг дарга судалж нягтлахгүйгээр анхнаасаа улсын тусгай хэрэгцээний газрыг бусдад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

      Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Х” ХХК-д 1990 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байх ба мөн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар “А” ХХК-д, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар Б.Б-д тус тус шилжүүлэн эзэмшүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны А/993 дугаар захирамжаар уг газрын зориулалтыг нь өөрчилжээ.

         Дээрх захирамжуудаар эзэмшүүлсэн маргаан бүхий газар нь Монгол Улсын Их Хурлын 1994 оны 89 дүгээр тогтоол, 2000 оны 87 дугаар тогтоол, 2010 оны 27 дугаар тогтоолуудаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай байгууллагаас тус газар нь бүрэн давхцалтай гэсэн хариу өгсөн байхад Нийслэлийн Засаг дарга тус газрыг Б.Б-д эзэмшүүлсэн байсан” гэсэн тайлбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2/196 дугаар албан бичиг зэргээс үзэхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхцалтай болохыг мэдсэн атлаа бусдад эзэмшүүлэхээр захирааны акт гаргасан нь тухайн үед мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн илт хууль бус болох үндэслэлд хамаарч байна.

      Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой бөгөөд давхцалтай эсэхийг нягтлан шалгах нь захиргааны байгууллагын үүрэг юм.

      Энэ тохиолдолд захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалтай эсэхийг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэлгүй газар эзэмшүүлсний улмаас “Х” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар 1990 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч З-ийн газартай давхцуулан олгосон болох нь дээрх байдлаар тогтоогдож байна.                  

      Уг маргаантай холбогдуулан шүүхэд ирүүлсэн маш нууцын зэрэглэлтэй баримтуудтай танилцаагүй нь хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, тайлбартай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, тэмдэглэл хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх болон бусад эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэр гаргахдаа үндэслэсэн маш нууц баримтыг шүүгч хэргийн оролцогч нарт танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

     Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбарт бодитой дүгнэлт хийсэн байх бөгөөд “хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

     Ийнхүү хариуцагч Нийслэлийн Засаг дарга бусдын эзэмших эрх нэгэнт үүссэн газарт давхцуулж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад нэхэмжлэгчийн Газрын тухай хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрхийг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

     Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      Нэхэмжлэгч “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...иргэний хэргийн шүүх 1990 м.кв газрыг З-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. ... Уг шийдвэр нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/1904 дүгээр илт хууль бус актад үндэслэсэн гарсан” гэж тайлбарлан маргажээ.

      Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн уг албан бичиг нь хуулийн энэхүү шаардлагыг хангахгүй буюу захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

      Учир нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгээр 1990 м.кв талбай бүхий газрыг мэдээллийн санд солбилцолоор нь давхцуулж үзэхэд улсын тусгай хэрэгцээний газартай давхцахгүй байгаа талаар иргэн Б.Б-д мэдэгдсэн байх бөгөөд уг албан бичиг нь хуульд заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй, тодруулбал нэхэмжлэгчид шууд үр дагавар үүсгэхгүй, захирамжилсан шинжгүй байна.

      Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, харин энэхүү үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар уг хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

     Түүнчлэн маргаан бүхий актууд нь 2004, 2008, 2011, 2014 онуудад гарсан байхад анхан шатны шүүхээс “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илт хууль бус болох шинжийг зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт гаргахыг хориглосон байхад ... эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус болжээ” гэж Захиргааны ерөнхий хуулийн илт хууль бус болох заалтыг үндэслэсэн нь буруу байна.

     Захиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хууль хэрэгжихээс өмнө үүссэн харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус болох заалтыг баримтлаагүй нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэмсэн өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0020 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9,” гэж нэмж, “...илт хууль бус болохыг тогтоож,” гэсний дараа “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1904 дүгээр албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

  ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ