Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00877

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00877

 

 

****************ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00639 дугаар шийдвэртэй,

****************ны нэхэмжлэлтэй, **********-д холбогдох,

1,151,692,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, **************, хариуцагчийн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2011 онд ****************, харьяа байгууллагын цэргийн алба хаагч, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээний хүрээнд 300 айлын орон сууц барьж, ажилтан алба хаагчдыг оруулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт суулгаж батлуулсан. Барилгын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, захиалагч ****************, гүйцэтгэгч **********-ийн хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19 болон 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэргийн алба хаагчдын албан тушаалын 230 айл, 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд гарын үсэг зурсан.

Барилгын ерөнхий гүйцэтгэгч ********** нь 2015 оны 15/29 тоот албан бичгээр ... барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн дуусгахад санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан зарим асуудлыг хоёр талаас харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай байна. ...Гүйцэтгэгч талаас ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн юм. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран зохион байгуулж шийдвэрлэснээр уг барилгыг хурдан хугацаанд хүлээлгэн өгөх боломжтойгэж ****************анд хандсан.

****************, гүйцэтгэгч **********-ийн хооронд байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 19-ний болон 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 онд байгуулж гэрээний 2.6-д Барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулна гэж тусгайлан заасан.

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2015 онд А/262 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиудаар Цэргийн алба хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг барьж дуусгах ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Зэвсэгт хүчний цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиуд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд Зэвсэгт хүчний ангиудын хийсэн барилгын ажилд нийт 1,151,632,456 төгрөгийн зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн санхүүжилтээс гаргасан.

Цэргийн алба хаагчдын 300 айлын албан тушаалын орон сууцыг ашиглалтад оруулсантай холбогдуулан ****************наас нэмэлт санхүүжилт болох 1,151,692,456 төгрөгийн зардлыг гүйцэтгэгч **********-тай тооцоо нийлэн баталгаажуулах асуудлыг өнөөдрийг хүртэл тавьсан боловч гүйцэтгэгч талаас зардлыг хүлээн зөвшөөрөхгүй цаг хугацаа хожсон байдлаар явж ирлээ.

Энэ нэмэлт гэрээнд захиалагчаас гарсан нэмэлт зардлыг барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа хариуцагч тал төлөх үүрэгтэй байсан. Энэ зардал нь ****************ны санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс дээр ********** дээр өглөг гэж дүгнээд өнөөдрийг хүртэл данс тооцоо хаагдахгүй байдалтай явж байгаа тул нэхэмжлэл гаргасан. Иймд нэмэлт гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэхэд гаргасан 1,151,692,456,00 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч компани болох **********-аас гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ****************, "ХӨМОТЭ" ХХК-ийн хооронд 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр болон 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 болон 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажлыг графикийн дагуу хийж гүйцэтгэж 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан.

Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т, Засгийн газрын 151 дугаар тогтоол, үндсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 -т зааснаар барилгын ажилтай холбогдолтой баримт бичгийг талууд хэрхэн хариуцах тухай зохицуулсан байх ба барилгын салбарын практикт тухайн барилгын ажилтай холбогдолтой зөвшөөрлийн баримт бичгүүд /барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл, ус болон цахилгаан хангамжийг холбоход шаардагдах зөвшөөрөл гэх мэт/-ийг захиалагч тал гаргаж өгдөг. Уг үүргээ биелүүлээгүйн улмаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай А-557 дугаар захирамжийг гаргасан.

Захирамжийн дагуу 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж барилга эхлүүлэх зөвшөөрөл, дулааны техникийн нөхцөл байхгүйг тогтоож барилга угсралтын ажлыг зогсоох шийдвэр гарч үндсэн гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон.

Барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийг төлөөлж инженер Г.Болдбаатар, Барилга захиалагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ахмад Б.Мөнхбаяр, "ХӨМОТЭ" ХХК-ийн захирал *********** нар гэрээний үнийн дүнд орсон ажлын талаар тодруулга хийсэн болно.

2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Барилга захиалагчийн албыг төлөөлж инженер Д.Содномдорж, эдийн засагч Ж. Мягмарсүрэн нар, "ХӨМОТЭ" ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал ***********, гүйцэтгэх захирал Б.Батцогт нар Цэргийн албан хаагчдын албан тушаалын 300 айлын орон сууцны барилга /цаашид барилга гэх/-ыг иж бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгийн тооцоо хийж баталгаажуулснаар ажлыг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон болно.

2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын №1/1744 тоот Дулааны техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжгүй, өөр эх үүсвэрээр шийдвэрлэхийг зөвлөсөн шийдвэр гарсан учир барилгын гадна дулааны шугам сүлжээг төвлөрсөн дулаан хангамжид холбох холболтыг гүйцэтгэх боломжгүй болсон албан бичиг ирүүлсэн.

Дээрхи шалтгааны улмаас ****************ны сайдын тушаалаар томилогдсон тухайн барилгад оршин суух албан хаагч бүр хамтарч 5,000,000 төгрөг гарган Энхжих түвшин өргөө төрийн бус байгууллага /цаашид ТББ гэх/ байгуулан Барилга захиалагчийн албаар хяналт тавиулж барилгын гадна шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, барилгыг иж бүрэн дуусгахад шаардагдах хөрөнгөөр санхүүжүүлэхээр харилцан тохиролцон.

Тус компанийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15/201 тоот албан бичигт ... ажлыг дуусгахад цалингийн зардалд 170,179,930 төгрөгийн хөрөнгө шаардлагатай байна. Гүйцэтгэгч талаас ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн байгаа юм. Ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран зохион байгуулж шийдвэрлэснээр уг барилгыг хурдан хугацаанд хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байгаа гэж захиалагчид хандсан.

Үүний дараа гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцсоны дагуу барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу цалингийн зардалд багтсан ажлуудын ерөнхий ажил гүйцэтгэгч нь дотор инженерийн шугам сүлжээний /цахилгаан, сантехник, холбоо, галын дохиолол, дулаан, цэвэр бохир усан хангамжийн ажлуудыг/, харин захиалагч гадна болон дотор заслын ажил, гадна тохижилтын ажлуудыг гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон.

Ажлуудад шаардлагатай барилгын материалууд бэлэн байсан болно.

Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасныг баримтлан талууд хамтран ажлын хэсэг байгуулан захиалагчид барилгын материалуудыг хүлээлгэн өгсөн. Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан энэхүү гэрээний хавсралтад заасан барилгын ажлаас өөр ажлыг захиалагчаар гүйцэтгүүлэхээр оролдсон, шаардсан зүйлгүй, нэмэлт зардал нэхэмжлэх эрх эдлээгүй болно.

Ерөнхий ажил гүйцэтгэгчээс хүлээлгэн өгсөн барилгын материал нь стандартын шаардлага хангаагүй, эвдэрсэн, ашиглах боломжгүй материал гараагүй болно. Нэмж шаардагдах материал, тоног төхөөрөмж гараагүй, захиалагчаас мэдэгдэл ирээгүй.

Нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь заалтын дагуу барилгын ажлын явцад захиалагчийн үйл ажиллагаанд саад болох ямар нэгэн маргаан, зөрчил үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хамтран ажилласан. Ерөнхий ажил гүйцэтгэгч нь үндсэн ба нэмэлт гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Нэмж шаардагдах материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй тохиолдол гараагүй, захиалагчаас мэдэгдэл ирээгүй байхад зардал гарах үндэслэлгүй. Нэмэлт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу барилгын ажлын явцад тухай бүр тооцоо нийлж баталгаажуулах хүсэлт захиалагчаас гаргаагүй.

Нэмэлт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлээгүйгээс гарсан хохирлыг буруутай тал буюу захиалагч хариуцна. Иймээс захиалагч нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй.

Гэрээний 4 дүгээр зүйлд ...барилгыг ашиглалтад оруулж дуусгах хүртэл энэхүү гэрээ хүчинтэй гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ****************ны захиалгатай 34 автомашины зогсоолтой, 300 айлын орон сууцны барилгыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 88/2016 дугаартай актаар ашиглалтад оруулснаар гэрээ дуусгавар болсон.

Ерөнхий ажил гүйцэтгэгч нь Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас барилгын ажилд зориулан санхүүжилт аваагүй.

Захиалагчтай гэрээ байгуулсан Зэвсэгт хүчний 014, 017, 338, 339 дүгээр ангиуд нь дээрх санхүүжилтийг хүлээн авч, барилгын ажилд зарцуулсан.

Зэвсэгт хүчний 014, 017, 338, 339 дугаар ангиуд нь барилга угсралтын ажлын туслан гүйцэтгэгч. Ерөнхий ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд зэвсэгт хүчний 014, 017, 338, 339 дугаар ангиудыг санхүүжүүлэх үүрэгтэй гэтэл захиалагч шууд гэрээ байгуулан санхүүжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 88/2016 дугаартай актаар ашиглалтад оруулж гэрээ дуусгавар болж барилга угсралтын ажлыг хүлээн авсан өдөр нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тооцогдох бөгөөд хүлээн авснаас хойш гурван жилийн буюу 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан боловч захиалагч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****************ны хариуцагч **********-д холбогдуулан гаргасан 1,151,692,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх ерөнхий гүйцэтгэгч "ХӨМОТЭ" ХХК нь 2015 оны 15/29 тоот албан бичгээр"... барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэн дуусгахад санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан зарим асуудлыг хоёр талаас харилцан тохиролцож шийдвэрлэх шаардлагатай байна гэж яаманд хандсан байдал, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 014, 017, 338, 339 дүгээр ангиуд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн, нийт 1,151,692,456.00 төгрөгийн зардал гарсан байдал, гүйцэтгэгчтэй байгуулсан нэмэлт гэрээ, хариуцагчийн ажлыг дуусгахад цалингийн зардалд 170,179,930 төгрөгийн хөрөнгө шаардлагатай зэрэг тайлбарыг харьцуулан үзэлгүйгээр хуумгай шийдвэрлэсэн.

Тус компанийн хүсэлтэд үндэслэн хамтран ажиллах, нэмэлт гэрээ байгуулж 300 айлын орон сууцыг ашиглалтад БХЯ-ны дэмжлэг, Санхүүжилтийн тусламжтайгаар оруулсан, хариуцагч барилгын материал гаргасан болохоос ажил гүйцэтгээгүй, санхүүжилт гаргаагүй, буцаан төлөөгүй зэрэг фактыг шүүх харгалзан үзээгүй.

Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Үндсэн гэрээний 2.10-д үнийн дүнд тохируулга хийхээр тохирсон. Үнийн дүнд тохируулга хийхээр нийт ажлын хөлс 17,000,000,000 төгрөг болж байна. Манай компанид санхүүжилтээр 10,000,000,000 төгрөг өгсөн.

 

Талууд Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт ижил төрлийн харилцан шаардлагуудыг нэгтгэж, үүргийг дуусгавар болгохоор үзсэн. Энэ албан бичгийг гол үндэслэлээ болгож, гэрээгээ байгуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч тал барилгын цэргийн ангиудын санхүүжүүлсэн мөнгөө **********-аас нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Гэрээнд заасны дагуу материал нь чанарын шаардлага хангахгүй бол нэн даруй мэдэгдэж, материалаар хангуулахаар гүйцэтгэгчийн үүрэгт тусгасан. Тухайн үед бидэнд мэдэгдээгүй. Гэнэт 5 жилийн дараа 1,151,692,456 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч **************** нь хариуцагч **********-д холбогдуулан хохиролд 1,151,692,456 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Талууд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болон мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэргийн албан хаагчдын албан тушаалын 230 айл болон 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн хашаанд Цэргийн албан хаагчдын албан тушаалын 300 айлын орон сууцны барилгыг барихаар харилцан тохиролцсон.

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч ********** нь барилгын ажлыг 2012 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч **************** нь гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг олгох үүрэг хүлээсэнд талууд маргаагүй.

2.б. Хариуцагч тал нь гэрээнд заасны дагуу барилгын ажлыг 2012 оны 04 дүгээр улиралд дуусган, хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч захиалагч тал болох **************** нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу барилгатай холбоотой техникийн нөхцөлийг батлуулж өгөөгүй, техникийн бичиг баримт бүрдээгүйгээс гэрээнд заасан үүргийг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

2.в. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ********** нь ****************ны төрийн нарийн бичгийн дарга хошууч, генерал З.Болдбаатарт хүсэлт гаргасан баримт авагдсан.

Уг хүсэлтэд 2012 оны 4 дүгээр улирлаас валютын ханш өсч, барилгын материалын үнэ ханш, ажилчдын цалин хөлс болон тогтмол зардал нэмэгдсэнтэй холбогдон анх төлөвлөсөн үнийн дүн барилгад шингэж, цаашид барилгын ажлыг дуусгахад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд барилгын ажлыг дуусгахад цалингийн зардалд 170,179,930 төгрөг шаардлагатай гэжээ.

Энэхүү хүсэлтийг үндэслэн талууд эхний гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, дутуу ажлын хэмжээг хавсралтаар тогтоон, гүйцэтгэгч ********** нь барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулах, гэрээний хавсралтад заагдсан ажлын барилгын материал, тоног төхөөрөмжийг чанар, стандартын шаардлага хангуулан захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг, захиалагч тал нь гэрээний хавсралтад заасан барилгын дутуу ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангиар гүйцэтгүүлж, санхүүжилтийг гаргах үүргийг тус тус хүлээжээ.

2.г. Талууд уг барилгыг барьж дуусган, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 88/2016 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ашиглалтад оруулсан.

2.д. Гэрээний 4 дүгээр зүйлд ...барилгыг ашиглалтад оруулж дуусгах хүртэл энэхүү гэрээ хүчинтэй гэж заажээ.

2.е. Хариуцагч нь санхүүжилтээр 10,000,000,000 төгрөг авсан, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хавсралтад заагдсан ажлын барилгын материал, тоног төхөөрөмжийг захиалагч талд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн талаарх үйл баримтад талууд маргаангүй.

 

3. Зохигч барилгыг хариуцагч анхны гэрээнд заасан хугацаа буюу 2012 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулж чадаагүйтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал болох 1,151,692,456 төгрөгийг гаргуулах эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийг хугацаа хэтрүүлэлттэй холбон тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Иргэний хуульд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үздэг.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал барилгын техникийн бичиг баримтуудыг бүрдүүлж өгөөгүй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай А-557 дугаар захирамж гарсан, захирамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн ханшийн өөрчлөлт явагдсан, гүйцэтгэгчийн хүлээн авсан мөнгөн хөрөнгө барилгад шингэсэн зэрэг тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй.

Цэргийн албан хаагчдын албан тушаалын 70 айлын орон сууцны барилга угсралтын ажлын захиалгын гэрээнд үнийн тохируулга хийх, гэрээний 6.3-д зааснаар гэрээнд өөрчлөлт оруулах заалттай байна. /1хх13-18/

Мөн нэмэлт гэрээг байгуулахдаа гэрээний гол нөхцөлд валютын ханшны өөрчлөлтийн талаар дурдсан байна. /1хх181-183/

Талууд ханшийн өөрчлөлт, төрийн байгууллагын зөвшөөрөл зэрэг өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлсэн.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, захиалагч **************** нь гүйцэтгэгч **********-аас нэмэлт гэрээний 2.6-д зааснаар 1,151,692,456 төгрөг шаардах эрхтэй гэх агуулгаар гомдол гаргасан.

Нэмэлт гэрээний 2.6-д Барилга барихтай холбогдон гарсан нэмэлт зардлыг захиалагч байгууллагатай бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулна гэж заажээ.

Дээрх гэрээний заалтад бүрэн тооцоо нийлж, төлбөл зохих төлбөр, зардлыг барагдуулах талаар тусгасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд бүрэн тооцоо нийлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд барилгыг барьж хүлээлгэн өгсөн, хоёр талаас нэмэлт гэрээний 2.6-д зааснаар тооцоо нийлээгүй нөхцөлд нэг талын баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй. Учир нь шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй юм. Тэгээд ч 1,151,692,456 төгрөг гэх мөнгөн хөрөнгө нь захиалагчийн захиалсан барилгад шингэсэн болохоос хариуцагч аваагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хариуцагч **********-ийг ****************тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүйд хариуцагч талыг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД