Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00955

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00955

 

 

*************-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03557 дугаар шийдвэртэй,

*************-ийн нэхэмжлэлтэй, ***********эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 78,567,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *********** нь Х.Төрболдын хамт 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *************-д зээл хүссэн өргөдөл гаргаж, 35,000,000 төгрөгийн зээлийг 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Манайх Х.Төрболд, *********** нартай эхэн үед утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон.

Зээлийн үлдэгдэл 34,986,620 төгрөг, хуримтлагдсан хүү 36,317,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,263,545 төгрөг, нийт 78,567,889 төгрөг байна.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

*********** нь зээлийг төлөх үүрэгтэй хамтран зээлдэгч юм.

Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй.

Зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд ***********ээс 78,567,889 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ************* нь Х.Төрболдтой 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2017/017 тоот зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээнд Х.Төрболдын гуйлтаар *********** гарын үсэг зурсан. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2017/017 тоот зээлийн гэрээнд ***********ийн өмнөөс Х.Төрболдоор гарын үсэг зуруулсан байна. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Прокурорын энэхүү тогтоолоор хариуцагч *********** нь иргэн Х.Төрболдод залилуулсан болохыг тогтоосон.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар хариуцагч ***********ээс 69,073,021 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *************-д олгож, нэхэмжлэлээс 9,494,868 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********ээс улсын тэмдэгтийн хураамжид 503,315 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *************-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 4018 тоот тогтоолыг зөв үнэлээгүй.2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасныг шалгаж байгаа.

4.б. Шүүх хуралдаанд хариуцагч *********** оролцоогүй байхад түүнийг оролцсон гэж, мөн өмгөөлөгчийг шүүхийн шийдвэрт бичээгүй байна. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: *********** нь зээл хүссэн тухай хүсэлтээ бичиж, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан хамтран зээлдэгч юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ***********эд холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт

1.а. Зээл 34,986,620 төгрөг,

1.б. Хүү 36,317,724 төгрөг,

1.в.Нэмэгдүүлсэн хүү 7,263,545 төгрөг, нийт 78,567,889 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч ************* нь Х.Төрболд, *********** нартай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 2017/017 тоот зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон, 53 дугаар байр, 39 тоотод байрлах 84,23 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг барьцаалжээ. /хх14-15/

2.б. Хэрэгт 2017/017 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ авагдсан. Уг гэрээнд хариуцагч *********** гарын үсэг зураагүйд талууд маргаагүй.

2.в. Зохигчдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2017/017 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх23/

2.г. Мөн 2017/017 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, ***********ийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

2.д. Дээрх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2017/017 тоот зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгө болох 35,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

 

3. Зохигч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2017/017 тоот гэрээгээр ***********ээс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Х.Төрболд, *********** нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсгийг баримталсан нь техникийн шинжтэй алдаа байх тул тус магадлалаар дүгнэлт өгч залруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2017/017 тоот гэрээний 2.5-д гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан зэргээс үзэхэд хариуцагчийг зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Талуудын 2017/017 тоот зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болжээ. Иймд анхан шатны шүүх зээлд 35,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 34,073,021 төгрөг буюу нийт 69,073,021 төгрөгийг гаргуулж, үлдэх 9,494,868 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Энэ тооцооллыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. *********** нь Х.Төрболдод залилуулсан гэх агуулга бүхий гомдлыг хариуцагч тал гаргажээ. Хэрэв Х.Төрболд ***********ийг залилан мэхэлсэн нь тогтоогдвол энэ нь тэдгээрийн хооронд үүсэх хариуцлагын асуудал бөгөөд зээлийн гэрээнд нөлөөлөхгүй юм.

Иймд анхан шатны шүүх хариуцагч *********** нь Х.Төрболдод залилуулсан гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

4.б. Анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* оролцсоныг хариуцагч *********** оролцсон гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 503,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД