Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 0010

 

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Булган сумын иргэн Ц.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох

       Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий 158/2016/0008/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Отгончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батхишиг, гэрч Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь анх 2014 онд Нийгмийн даатгалын хэлтэст Үйлчилгээний албаны даргаар ажилд ороод 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Б/07 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Ажиллаж байх хугацаандаа миний бие чамгүй амжилтыг гаргаж ажилласан. 2014 оны 4 дүгээр сард тус хэлтсийн дарга Баярмаагийн нэг гэрт амьдарч байсан эгч нь нас барж, хамт олны зүгээс хуримтлалтын сангаас 1 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байдаг. Намайг энэ үндэслэлээр хууль зөрчиж ажлаас халсанд гомдолтой байгаа. Тухайн үед бид ярилцаж, шийдэлд хүрээд, хэлтсийн даргын эзгүйд түр орлох эрхийнхээ дагуу тушаал гаргаж, гарын үсэг зурсан юм. Байгууллагын дотоод журам зөрчиж тэтгэмж олгосон гэж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Аудитын газраас акт тавьж, төлбөрийг бүрэн барагдуулсан. Аудитын газраас шалгасан шалгалтын зөвлөмжийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт явуулахад албан бичиг ирсэн бөгөөд уг бичгийг үндэслэн намайг ажлаас халсан. Төрийн жинхэнэ албан хаагч намайг ажилд томилох, чөлөөлөх, халах албан тушаалтан нь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга атлаа дээд шатны байгууллагын даргын албан бичгийг үндэслэн ажлаас халсанд гомдолтой. Иймд намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын Үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг буруутай албан тушаалтнаас гаргуулж өгнө үү. гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүний эрх ашгийг хамгаалж, энэ шүүх хуралдаанд оролцож байна. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь хууль зөрчсөн байгаа тул хүчингүй болгох үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зөрчлийг үйлдсэнээс хойш 6 сар, тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авна гэж заасан байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад арга хэмжээ аваад байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болсон зөрчил нь 2014 оны 5 сард гарсан байдаг ба энэүү зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2014 оны 11 сард дууссан байдаг. Гэтэл 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа энэхүү зөрчлийг үндэслэл болгож ажлаас халж байгаа нь буруу юм. Тухайн зөрчлийг аудитын газар 2015 оны 11 дүгээр сард илрүүлж, акт тавьсан байна. Гэтэл зөрчлийг илрүүлснээс хойш 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгчийг өөр бусад зөрчил гаргасан тухай хариуцагчаас удаа дараа тайлбар ирүүлдэг боловч 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаал гарахад дээрх зөрчлүүд үндэслэл болоогүй тул энэхүү маргаанд тэдгээр зөрчил хамааралгүй юм. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй тул дээрх Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Отгончимэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, аижлгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

       Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа би нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлээр бүрэн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Ц.Отгончимэг нь нэхэмжлэлдээ хэлтсийн даргын гарын үсгийг хөрөнгө зарцуулах тушаал дээр зурсан гэдэг үндэслэлээр халагдсан гэж тодорхой бичсэн байна. Энэ нь хэлтсийн даргыг эзгүй байхад байгууллагын чиг үүрэгт хамаарах өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг хүлээх болохоос төсвийг захиран зарцуулах, санхүүгийн баримтанд гарын үсэг зурах эрх дээд удирдлагын тушаалаар олгогдоогүй. Төрийн аудит болон мэргэжлийн хяналтаар илэрсэн санхүүгийн зөрчил акт, албан шаардлагыг биелүүлж ажиллах нь тухайн зөрчил гарах болсон шалтгааныг арилгаагүй, энэ үйлдлийг хийснийхээ төлөө төрийн албан хаагч сахилгын хариуцлагаа тооцуулах ёстой. Нэхэмжлэгч Ц.Отгончимэг нь хэлтсийн даргыг орлон тушаал гарган гарын үсэг зурсан, төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй зарцуулдаг, албан тушаалаа урвуулан ашигласан байх тул хариуцлага тооцож ажиллахыг аудитын газар зөвлөмж болгосны дагуу Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.3.4, Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм зэргийг зөрчсөн байх тул төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар халах үндэслэл болж байгааг хэрэгжүүлэн ажиллана уу гэсэн хариу ирүүлсэн. Албан бичгийг Отгончимэгт өөрт нь танилцуулж, харилцан ярилцсан. Өөрөө тушаалаа гаргуулья гэж зөвлөлийн хурал дээр хэлсэн байдаг. Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг харгалзан хэлтсийн дарга миний бие эрх хэмжээний хүрээнд хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч албан бичгийг үндэслэн ажлаас халсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өмнө нь төрийн албан хаагчийн болон нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж байсан тухай хэлтсийн ажилчдын хурлын тэмдэглэлүүдэд тусгагдсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн гаргасан зөрчил нь хуулийн дагуу шалган тогтоох эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, удирдах дээд шатны байгууллагад дахин хянагдсан, хууль зүйн үндэслэл нь тохирсон, цаг хугацааны хувьд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрээгүй, аймгийн Төрийн албаны зөвлөлөөс сахилгын шийтгэлийг хууль зөрчөөгүй үндэслэлтэй байна гэж үзсэн зэргийг хянан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын хэлтэс нь бусад байгууллагаас өөр, онцлогтой байгууллага юм. Их хэмжээний мөнгө, санхүүтэй харьцдаг учраас шаардлага өндөр тавигддаг, хатуу бодлого баримталдаг онцлогтой байгууллага. Тухайн үед хэлтсийн дарга байсан Баярмаад олгосон тэтгэмжийн асуудлыг аудитын байгууллага шалгаад акт тавьсан байдаг. Тавигдсан актыг Нийгмийн даатгалын Ерөнхий газар руу явуулж, хянуулсны эцэст Отгончимэгт сахилгын шийтгэл ногдуул гэсэн чиглэл, албан бичиг ирсэн байдаг. Үүний дагуу хэлтсийн ажилчид хуралдаад Отгончимэгт сахилгын шийтгэл ногдуулсан. Өмнө нь манайд ажиллаж байсан Ичинхорлоо гэж хүн иймэрхий асуудлаас болж ажлаасаа халагдаж, цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу бид ажилладаг. Аудитын газраас ирсэн актыг дээд шатны байгууллагадаа хүргүүлээд ирсэн хариуны дагуу арга хэмжээ авсан байх гэж бодож байна. Энэ нь хууль зөрчөөгүй. Тэтгэмжийн мөнгө гаргахад нягтлан бодогч Баттунгалаг гарын үсэг зурсан байдаг. Би ерөнхий нягтлан бодогчийн хувьд нийт цалингийн хүснэгтэд гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Отгончимэгээс Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар тус шүүхийн харъяаллын маргаанд хамаарч байна.

      Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан, уг зөвлөлөөс маргааныг хянан хэлэлцээд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 52 тоот албан бичгээр хариу өгсөн байна.

     Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаал нь зөрчлийг арилгасан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад арга хэмжээ авсан тул хүчингүй болгож, Нийгмийн даатгалын Үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж тодорхойлжээ.

    Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нэхэмжлэгч нь хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэж байхдаа хөрөнгө зарах тушаал гаргаж, гарын үсэг зурсан нь нийгмийн даатгалын байцаагчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь аудитын газрын шалгалтаар илэрч акт тавигдсан тул сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэж тайлбар гаргасан.

     Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болон хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

     Нэг. Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.Отгончимэг нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тушаалаар тус хэлтэст Үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /ХХ-ийн 5-6 дугаар тал/

    Нэхэмжлэгч нь тус байгууллагад Үйлчилгээний албаны даргын албан тушаалыг эрхлэж байх хугацаандаа Булган аймгийн Аудитын газраас хийсэн нийцлийн аудитын шалгалтаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж тус хэлтсийн дарга, нягтлан бодогч нарт акт тавигджээ. Уг зөрчилд тавьсан актын төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулсан байх ба актад гомдол гаргаагүй, акт хүчин төгөлдөр болсон нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ. /ХХ-ийн 21, 22 дугаар тал/

      Булган аймгийн Аудитын газрын нийцлийн аудит нь тус хэлтсийн 2014, 2015 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Отгончимэг 2014 оны 5 дугаар сард актад дурдсан зөрчлийг гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, дансны хуулга зэргээр нотлогдсон байна.

     Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/108 тоот Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын хариуцлагыг сайжруулах тухай тушаалаар тус хэлтэст хийсэн дотоод аудитын шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлыг зааж өгчээ. /ХХ-ийн 83-84/

       Дээрх шалгалтын үр дүнд гаргасан баримт бичиг, аудитын акт зэргээс харахад зөрчлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар мэдсэн байх ба зөрчлийг илрүүлснээс хойш 2016 оны 01 сарын 26-ны өдөр буюу 2 сар 8 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсан байна.

      Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар, нэгжээс бүрдэнэ, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар тушаалаар батлагдсан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам ын 2.3-т Хэлтэс нь нийгмийн даатгалын үйлчилгээний алба, Санхүү, орлого бүрдүүлэлтийн хяналтын алба, эрүүл мэндийн даатгалын алба гэсэн 3 албатай үйл ажиллагаа явуулна гээд албаны дарга нар хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцахаар зохицуулжээ. Түүнчлэн албаны даргын үүргийг гүйцэтгэж байгаа албан хаагч үр дүнгийн гэрээг хэлтсийн даргатай шууд байгуулж, тухайн албаны даргад сахилгын шийтгэл ногдуулах эсэх, ажлын үр дүнг харгалзан урамшуулах эсэх нь хэлтсийн даргын бүрэн эрхэд хамаарч байна. Үүний дагуу хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа нь тус хэлтсийн үйлчилгээний албаны дарга Ц.Отгончимэгт сахилгын арга хэмжээ авч, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанаас халжээ. /ХХ-ийн 36 дугаар тал/

       Хариуцагчаас аудитын дүгнэлтийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүргүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хариу ирсэн нь сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, зөрчлийг шалгасан хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулахгүй гэж маргаж байгаа боловч Монгол улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам ын 7-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар ...өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гээд энэ 1 сарын хугацаанд өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг оруулахгүй гэсэн байх ба аудитын газрын шалгалтаар зөрчил нь тогтоогдож, акт үйлдэгдсэн байхад зөрчил гаргасан байдлыг дээд шатны байгууллага дахин шалгасан гэж үзэх боломжгүй юм. Нэгэнт аудитын байгууллагаас акт тавигдаж, зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдож, төлбөрийг нэхэмжлэгч төлж барагдуулсан, дотоод аудитын шалгалт хийгдэж дуусаад Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай албан бичиг нь 2015 оны 10 дугаар сард ирсэн байхад зөрчил гаргасан байдлыг дахин шалгах шаардлагагүй бөгөөд уг зөрчилд арга хэмжээ авах эсэхээ хэлтсийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан хугацаанд шийдвэрлэх боломжтой байсан ба харин аудитын газрын дүгнэлтийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт танилцуулж болох бөгөөд уг актаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан эсхүл сахилгын шийтгэл ногдуулахаас татгалзсан тухай шийдвэрээ дээд шатны байгууллагадаа хүргүүлж, хянуулах нь зүйтэй байжээ.

       Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх ба нэхэмжлэгч аудитын актад заасан зөрчлийг 2014 оны 5 дугаар сард гаргаж, зөрчил үйлдсэнээс хойш 1 жил 6 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сард зөрчлийг илрүүлсэн, зөрчлийг илрүүлснээс хойш 2 сар 8 хоногийн дараа сахилгын арга хэмжээ авсан нь хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын арга хэмжээ авч төрийн албанаас халсан нь хууль бус болжээ.

       Хоёр.Булган аймгийн Нийгмийн даатгалын Үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь сахилгын арга хэмжээ авагдаж төрийн албанаас халагдахаасаа өмнө тус хэлтэст Үйлчилгээний албаны даргын албан тушаал дээр ажиллаж байсан ба хэлтсийн даргын тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг хуучин эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

       Гурав. Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын тухайд: Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө авч байсан цалингийн дундажаас тооцож нөхөн олгохыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж өгсөн нэхэмжлэгчийн авч байсан цалингийн тооцооны картад үндэслэн нийт 84 өдрийн олговор болох 4.273.248 /дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун дөчин найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

       Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: /695795 /үндсэн цалин/ +382687/нэмэгдэл/=1078482/сарын цалин//, 1078482 / 21.2 = 50872 /1 хүн өдрийн хөлс/, 50872 * 84 = 4273248 /дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун дөчин найман/ төгрөг.

      Иймд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Отгончимэгийг Нийгмийн даатгалын Үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 4.273.248 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 71, 72 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг баримтлан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Отгончимэгийг Булган аймгийн Нийгмийн даатгалын Үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
  2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Ц.Отгончимэгийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 84 өдрийн цалинтай тэнцэх олговор 4.273.248 /дөрвөн сая хоёр зуун далан гурван мянга хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/ -аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Ц.Отгончимэгийг Булган аймгийн Нийгмийн даатгалын Үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргаж, ажлын байрыг хүлээлгэн өгөхийг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/-д даалгасугай.
  4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Отгончимэгт олгосугай.
  5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ