Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0507

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0507

Улаанбаатар хот

 

Иргэн Ц.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхутяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Ц.Отгончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, С.Мядагмаа нарыг оролцуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Отгончимэг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Отгончимэгийг тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан Ц.Отгончимэгийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 84 өдрийн цалинтай тэнцэх олговор 4.273.248 төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/ -аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Ц.Отгончимэгийг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргаж, ажлын байрыг хүлээлгэн өгөхийг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/-д даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Аудитын газраас 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн акт дүгнэлтийг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд үүнийг тус газрын Хууль зүйн хэлтэс хянан үзээд хариуг 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсний дагуу нэхэмжлэгч Ц.Отгончимэгийг ажлаас халсан нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах энэ талаар дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 7-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/ зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасантай нийцэж байгааг шүүх анхааран үзсэнгүй.

Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж, хянуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага салбар нэгжээс бүрдэнэ” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний, орон нутгийн байгууллага нь тухайн шатны Засаг дарга болон нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлагын дор ажиллана”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана” гэж заасны дагуу явагдсан процесс ажиллагаа юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас аудитын дүгнэлт, зөвлөмжтэй танилцаад нэхэмжлэгч Ц.Отгончимэгт хариуцлага тооцуулах тухай албан тоотоор чиглэл өгсөн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд “...нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэж заасантай нийцэж байгааг шүүгч дүгнэж үзээгүй байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 108 тоот албан бичиг нь Аудитын газрын акт дүгнэлт ирэхээс өмнө хийгдсэн дотоод аудитын шалгалттай холбоотой байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн гаргасан зөрчлийг Аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу илрүүлж, хуулийн хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлтэй байхад шүүгч хэргийг бүх талаас нь үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.3-т “...албаны дарга нар өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” тухай зохицуулсан байгаа нь төсвийн захирагчийг шууд орлож гарын үсэг зурах эрхийг шилжүүлээгүй байгааг анхаарч үзээгүй байна. Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Ц.Отгончимэгт холбогдох аудитын дүгнэлтийг танилцуулж, хариуцлага тооцох үндэслэлтэй эсэхийг шалгаж хянуулсан нь Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 5-д “доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих” гэсэн заалттай нийцэж байгаа бөгөөд тухайн хуулиар олгогдсон эрхийг шүүгч хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт “...уг актаар илэрсэн зөрчилд ногдуулсан, эсхүл сахилгын шийтгэл ногдуулахаас татгалзсан шийдвэрээ дээд шатны байгууллагадаа хүргүүлж, хянуулах нь зүйтэй байжээ” гэж дүгнэсэн байтлаа аудитын акт дүгнэлт зөвлөмжийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж, хянуулж хариуцлага тооцох эсэхээ хянуулсан байгааг анхаарч үзэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэлгүй, гэхдээ “...Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын арга хэмжээ авч төрийн албанаас халсан нь хууль бус...” гэсэн үндэслэлээр л нэхэмжлэлийг хангасан нь буруу, мөн тухайн маргаанд үл хамаарах хуулийн заалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт эдгээр болон зохих бусад өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаагийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Отгончимэгийг хэлтсийн даргыг орлон тушаал гаргаж гарын үсэг зурсан, төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй зарцуулсан, бусдад давуу эрх олгосон, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь дотоод аудитын болон аймгийн аудитын газрын хяналт шалгалтын акт, зөвлөмж бусад нотлох баримтаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс тус хэлтсийн Үйлчилгээний албаны даргын үүрэгт ажлаас нь халжээ.

Аудитын шалгалтаар тогтоогдсон буюу 2014 оны 5 дугаар сард хэлтсийн дарга Ц.Баярмаагийн эгч нас барсантай холбогдуулан Хэнтий аймаг руу албаны машинаар нийт 2015 км явж 551.3 мянган төгрөгийн шатахуун зарцуулсан, 5 дугаар сарын 20-ны өдөр Ц.Баярмаад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж 751.4 мянган төгрөг олгосон гэх зөрчлийг тухайн үед нэхэмжлэгч Ц.Отгончимэг хүлээн зөвшөөрч, эдгээр төлбөрийн өөрт ногдуулсан хэсгийг бүрэн төлж барагдуулсан, ийнхүү төлбөр төлөгдсөн талаар хариуцагч талаас маргадаггүй. 

Харин 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан дээрх дүгнэлтийг актын хамт 12 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр холбогдох хариу ирсний дагуу маргаан бүхий тушаалыг гаргасан нь нэгдмэл удирдлагатай байгууллага болохын хувьд нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийг илрүүлэх, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагааны нотолгоо болохоос бус энэ нь сахилгын шийтгэх ногдуулах хуульд заасан хугацаа дууссан гэж үзэх үндэслэлд үл хамаарна.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “...аудитын газрын дүгнэлтийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт танилцуулж болох бөгөөд уг актаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан, эсхүл сахилгын шийтгэл ногдуулахаас татгалзсан тухай шийдвэрээ дээд шатны байгууллагадаа хүргүүлж, хянуулах нь зүйтэй байжээ” гэж дүгнэсэн атлаа аудитын дүгнэлтийг дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулсны дараа сахилгын шийтгэл ногдуулсныг буруу гэж дүгнэсэн нь логикийн хувьд уялдаагүй болжээ.

Хэдийгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мэндбаярын 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/101 дүгээр албан бичгээр “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар халах үндэслэл болж байгааг хэрэгжүүлэн ажиллана уу” гэсэн нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халах шууд үндэслэл болохгүй гэж үзэх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Ц.Отгончимэгийг аудитын шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал гаргасныг зөвтгөхгүй ч хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараас үзэхэд өмнө нь нэхэмжлэгч сахилгын ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, мөн энэ удаагийн гаргасан зөрчлийг арилгасан байдал, зөрчлийн шинж, түүнийг анх удаа үйлдсэнийг нь харгалзан үзэхэд “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл гаргасан зөрчилд хүндэдсэн байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-т тус тус заасны дагуу сануулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг сахилгын шийтгэлийн аль нэгийг  ногдуулах боломжтой атал шууд үүрэгт ажлаас халсан нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Ц.Отгончимэгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу.

Төрийн албан хаагч, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын хувьд Г.Болормаа тушаал гаргасан, гэвч энэхүү тушаалыг хууль бус болохыг шүүхээс тогтоож хүчингүй болгосон энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирлыг албан тушаалтан бус байгууллагаас нь гаргуулах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т...” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д...” гэж, 2 дахь заалтын “...Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Баярмаа/-аас...” гэснийг “...Нийгмийн даатгалын хэлтсээс...” гэж тус тус өөрчлөн, 3 заалтыг хасч, 4, 5 дахь заалтыг 3, 4 гэж өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН