Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00722

 

                                                        Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00199 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ариг банк ХХК,

Хариуцагч : Ш.Элбэгдорж,

Нэхэмжлэлийн шаардлага: 22.540.391 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс гаргуулах тухай 

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч Ш.Элбэгдорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Ш.Элбэгдорж нь Ариг Банктай 2014.10.07-ны өдөр дугаар 14/139 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 14 сая төгрөгийг зээлийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 39 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.3 дугаар зүйлийн дагуу зээлийн хуваарьт төлбөрийг удаа дараа зөрчсөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна. Иймд, үлдэгдэл 13.997.398 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 8.496.949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 37.543 төгрөг, нотариатын зардал 8.500 төгрөг, нийт 22.540.391 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014.10.07-ны өдөр Ариг банкнаас зээлийг Б.Билгүүн гэх этгээд авсан бөгөөд зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэсэн учраас намайг хашаа, байшингаа барьцаалан өгөхийг гуйсан. Би зээлийг аваагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр 13-ны өдрийн 101/ШШ2017/00199 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ш.Элбэгдоржоос 22.540.391 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны  хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270.652 төгрөгийг улсын орлогод үлдээж, Ш.Элбэгдоржоос 270.652 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 01 дүгээр 13-ны өдрийн101/ШШ2017/00199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх явцад Б.Билгүүн нь зээлд 5,6 сая төгрөг хийсэн байх тул үүнийг хасаж өгнө үү. Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн материалдаа орлого, зарлага гэж өгсөн байхад 2 шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд байхгүй нотлогдоогүй гээд байх юм. Хэрэгт авагдсан Ариг банкны нэхэмжлэлд 4,6 сая төгрөг төлсөн баримт байгаа, мөн 2017.01.10-ны өдөр 1,0 сая төгрөг тушаасан баримт байгаа тул хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ариг банк нь Ш.Элбэгдоржид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас үндсэн зээл 13.997.398 төгрөг, хүү 8.496.949 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.543 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг нийт 22.540.391 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2204041479, Г-2204016088 дугаар бүртгэлтэй эд хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...зээлийг Б.Билгүүн авсан... би хөрөнгөө барьцаалсан...” гэсэн үндэслэл заажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Ш.Элбэгдорж хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...зээлийг би аваагүй... зээлээс 5 сая гаруй төгрөг төлөгдсөн гэдэг...” гэжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч  2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14/139 дугаар зээлийн гэрээний дагуу 14 сая төгрөгийг хариуцагчид бус, харин Б.Билгүүнд өгсөн гэж үзэхээр байгаа тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 242 дугаар зүйлийн 242.3-т нийцээгүй байна. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00199 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 663 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 104.550 төгрөгийг Ш.Элбэгдоржид захирамжаар буцааж олгосугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ