Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 663

 

"ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00199 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 22 540 391 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Хариуцагч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь “ХХХХ” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дугаар 14/139 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийг зээлийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 39 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.3 дугаар зүйлийн дагуу зээлийн хуваарьт төлбөрийг удаа дараа зөрчсөн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 13 997 398 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 8 496 949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 37 543 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг, нийт 22 540 391 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХХХХХХ гудамжны ХХХ тоотод хаягт байршилтай ХХХХХХХХХ тоот улсын бүртгэлийн дугаартай, 154 м.кв талбайтай хувийн сууц, ХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “ХХХХ” ХХК-иас зээлийг ХХХХ гэх этгээд авсан бөгөөд зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэсэн учраас намайг хашаа, байшингаа барьцаалан өгөхийг гуйсан. Би зээлийг аваагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХХоос 22 540 391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХ тоотод орших 700 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай 9 100 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газар, мөн хаягт орших 154 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай 37 059 344 төгрөгөөр үнэлэгдсэн хувийн сууц, хашааг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 652 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХХХоос 270 652 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие “ХХХХ” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дугаар 14/139 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 14 000 000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр 22 540 391 төгрөг төлөхөөр болсон. Шүүх хурал болох хүртэл графикийн дагуу 7 000 000 төгрөгийг “ХХХХ” ХХК-д төлсөн байх тул төлөх дүнгээс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, хариуцагч ХХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 540 391 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч, зээлийн 14 000 000 төгрөгийг би аваагүй, зээлдэгч ХХХХ авсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14/139 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч ХХХХ, ХХХХ нарт 14 000 000 төгрөгийг жилийн 39 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн барьцааны  14/39 дугаартай гэрээгээр ХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХ тоот хаягийн 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийн 154 м.кв хувийн сууцны хамт барьцаалжээ.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 14 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч ХХХХ нь 14 000 000 төгрөгийг ХХХХ авсан би аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.1-д заасан болон зээлийн гэрээний 1.11-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг хийгээгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Хэргийн 6-7 дугаар талд дахь зээлийн гэрээг нэг талаас ХХХХ нөгөө талаас ХХХХ, ХХХХ нартай байгуулснаас үзвэл ХХХХ, ХХХХ нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийн агууллагад нийцсэн хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

 

Зээлдүүлэгч “ХХХХ” зээлдэгч ХХХХийг Монгол улсад байхгүй шалтгаанаар зээлдэгч ХХХХоос зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу шаардсан нь хуульд нийцсэн энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсан болох нь хэргийн 12, 29 дүгээр тал дахь мэдэгдлээр тогтоогдсон тул нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэмэлт хугацаа тогтоосон хугацаанд зээл зээлийн хүүг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 22 540 391 төгрөг шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч ХХХХ нь шүүх хурал болтол 7 000 000 төгрөг төлснийг хасч тооцуулна гэж гомдол гарсан боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. 

 

 Дээрх  үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                           ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                 Б.НАРМАНДАХ