Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2023/00012

 

 

 

 

 

 

 

2023            3            09                                                             223/МА2023/00012

 

 

Төв аймгийн Баянчандмань суман дахь

Политехникийн коллежийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  П нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б-д холбогдох,

 

Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежийн эзэмшлийн багш, ажилчдын байрны 28 тоот орон сууцыг буцаан шаардах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн,  өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар, өмгөөлөгч С.Батсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн, өмгөөлөгч А.Мөнхтулга нарын шүүхэд гаргасан тайлбарын агуулга: “... Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж нь 1969 онд үүсгэн байгуулагдаж, 20,000 орчим мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн, ууган сургуулиудын нэг юм.

Тус коллеж нь орон нутаг буюу суманд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой бөгөөд томилолтоор ирсэн багш ажилтан нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг хангах шаардлагатай байдаг.

Анх байгуулагдахдаа оюутны хичээлийн байр, дотуур байр, багш ажилчдын байр, үйлчилгээний нэгдсэн байр, худаг, станц, цэвэрлэх байгууламж зэрэг цогцолборуудтай, нийт 60,580 м.кв газарт үйл ажиллагаа явуулдаг.

2020 онд Баянчандмань сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А404 дугаар захирамжаар 6.06 га газрын албан ёсны эзэмшигчээр Политехник коллеж бүртгүүлсэн.

Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд, коллежийн дотоод журам, багш ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа багш ажилчдын байранд амьдрах боломжийг хангаж, ажлаас чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан тохиолдолд багш ажилчдын байрыг чөлөөлж, дараагийн багш, ажилчдад шилжүүлэх нөхцөлтэй.

Харин 2008-2015 онуудад өндөр насны тэтгэвэрт гарсан болон чөлөөлөгдсөн багш, ажилчид орон сууцаа хүлээлгэж өгөхгүй хүндрэл учруулж байна. Үүнээс болж шинээр ажилд орсон багш ажилчдыг орон сууцаар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадахгүй болоод байна. Мөн орон нутагт ажиллахаар ирсэн багш, ажилчид гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй байгаа шалтгаанаар тогтвор суурьшилтай ажиллахгүй коллежид багш, ажилчдын орон тооны дутагдал үүссэн, чадвартай мэргэжилтэй боловсон бэлтгэхэд хүндрэлтэй байдалд ороод байна.

Тус коллеж нь хичээлийн байр, уурын зуух, 500 хүүхдийн дотуур байр, 30 айлын багш ажилчдын орон сууц гэсэн комплекс барилга бөгөөд энэ бүх барилга хөрөнгүүдийг зориулалтын дагуу ашиглах, түүнд зарцуулагдах зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэн ажилладаг.

Нийслэлээс алслагдсан сууринд байдаг тус сургуульд ажиллах боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд уг орон сууцыг буцаан шаардаж байна.

Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийн талаарх холбогдсон харилцааг зохицуулсан. Энэ хуулийн 5 дугаар зүйлд төрийн өөрийн өмч гэсэн харилцааг зохицуулсан бөгөөд төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох эд хөрөнгөд төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө хамаарна гэсэн байна.

Политехник коллеж нь төрийн байгууллага бөгөөд төсвөөс санхүүждэг, сургууль, дотуур байр, багш ажилчдын орон сууц нь төрийн өмч бөгөөд түүнийг эзэмшдэг. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэснээр тодорхойлогдоно. Мөн зүйлийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах” эрх, үүрэгтэй гэж зааснаар өөрт олгогдсон багш ажилчдын орон сууцыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй юм. Мөн хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана” гэсэн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн өмчийн эд хөрөнгийг ...болон түрээсийн гэрээгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно” гэсэн бөгөөд коллеж нь дотоод журамдаа тусган багш ажилчидтай түрээсийн гэрээ байгуулан эзэмшүүлж ашиглуулж ирсэн. Хариуцагч Бтай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, түүнд байр чөлөөлөх боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл сайн дураараа чөлөөлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Орон нутгийн өмчийн харилцааг мөн хуулийн 9 дугээр бүлэгт зохицуулсан бөгөөд мөн бүлгийн 79 дүгээр зүйлд “Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрх эдлэнэ”, 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу зохицуулна” гэснээр 25, 26, 27 дугаар зүйлд тус тус зааснаар Политехник коллеж нь багш ажилчдын байрны эзэмшигч мөн тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

Мөн хуулийн 7.1-д “төрийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэсэн бөгөөд багш ажилчдын орон сууц нь орон нутгийн өмчид бүртгэлтэй байгааг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Иймд Иргэний хуулийн 310, 311 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан болон албаны орон сууцыг эзэмшихтэй холбоотой албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон тул орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэж зааснаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Бгийн хариу тайлбар болон өмгөөлөгч С.Батсайханы шүүхэд гаргасан тайлбарын агуулга: “...Шатарбал овогтой Буманнасан нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн харьяат, ганцаараа амьдардаг. 1983 онд МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгсөөд Төв аймгийн Эрдэнэсант сумын 10 жилд томилогдон ажиллаж байгаад нөхөр Т.Ганболд Баянчандмань сумын 10 жилийн сургуульд мөн багшаар томилогдсон очсон тул 1985 онд тус суманд шилжин ажилласан. Баянчандмань сумын сургуульд 20 жил ажилласны дараа “Оч” гадаад хэл математикийн сургуулийг үүсгэн байгуулж, Монгол улсад анх удаа америк багш нарыг авчран хамт ажиллаж байсан.

2008 онд МСҮТ-ын захирал надад Англи хэлний багшаар ажиллаач орон сууцаар хангана гэж хүсэлт тавьсны дагуу зөвшөөрч тус сургуульд эхний жилүүдэд англи хэлний багшаар, дараа нь Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарсны дараа мөн дахин урьж гадаад харилцааны ажилтнаар 2 жил ажилласан болно. Нэхэмжлэлд намайг 2014 онд тэтгэвэртээ гараад байрнаас гарна гэсэн хурал хийсэн тухай дурдсан нь худал ба энэ нь миний 2017 он бараг дуустал ажилласнаар няцаагдаж байна.

Миний бие энэ байранд анх орохдоо тyc сургуулийн захирлын урилгаар орж орон сууцаар хангуулсан бөгөөд уг орон сууцанд 14 жил амьдарч байна. Миний бие Монгол улсын өмч хувьчлалын хуулийн дагуу орон сууц болон бусад өмч хувьчилж аваагүй.

Баянчандмань сумын Политехникийн коллеж нь БНМАУ-ын үед 7 аймаг Улаанбаатар хотод байгуулагдсан Техник мэргэжлийн цогцолбор сургуулиудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар манай сумынхаас бусад сургуулийн цогцолбороос багш нарын орон сууцыг хувьчилсан тул бидний ахмад багш нар олон жил шударгаар амьдарсан орон сууцаа хувьчлан авахаар холбогдох байгуулагад хандаад байна.

НХХЯ-аас бидэнд ирүүлсэн албан бичигт ахмад багш нарыг байрнаас шууд хөөн гаргах тухай байгаагүй бөгөөд гэрээ хийж үргэлжлүүлэн амьдарч болно гэсэн байсныг шүүхэд өгсөн нотлох баримтад байна.

Баянчандмань сумын Политехникийн коллежийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ямар байгууллагын нэр дээр байгаа талаар баримт алга, үүнээс тус сургуулийн захирал орон сууцыг захиран зарцуулах эрх байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн зарим зүйл заалтыг баримтлан шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлжээ.

Гэвч маргаан бүхий орон сууц нь Улсын Их Хурлын 1999 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчлөлд шилжсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: "Хариуцагч Бтай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, түүнд байр чөлөөлөх боломжийг олгосон боловч өнөөдрийг хүртэл сайн дураараа чөлөөлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэжээ. Үүнээс дүгнэхэд:

Хариуцагч Бтай түрээсийн гэрээ байгуулах боломжгүй “түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч нь түрээслэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор бусдын эзэмшил, ашиглалтанд эд хөрөнгийг төлбөртэй шилжүүлэх харилцааг зохицуулдаг. Харин хариуцагч Б нэхэмжлэгч Политехникийн коллежийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулаагүй, нэхэмжлэгчээс хөлс нэхэмжилж байгаагүй бөгөөд шүүхэд нотлох баримтаар гэрээг гаргаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 76 дугаар зүйл “Орон нутгийн өмчийг өмчлөх эрх дуусгавар болох” гэсэн заалтанд “Орон нутгийн өмчийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно” гэж хуульчилсан нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж, мөн зүйлийн 3-т “Шууд ба шууд бус эзэмшигчид хоорондын харилцаанд энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж хуульчилснаас харахад орон нутгийн өмчийг шууд эзэмшигч болох Политехникийн коллеж нь шууд бус эзэмшигч болох иргэн Бгаас орон сууц чөлөөлөхийг даалгах нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь тогтоогдож байна.

Орон сууцыг чөлөөлүүлэх эрх нь нэгдүгээрт, орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон байх; хоёрдугаарт, маргаан бүхий орон сууцыг хууль бусаар хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эсвэл өмчлөгч бусдын өмчлөлд эд хөрөнгийн шилжүүлснээс бусад тохиолдолд хууль ёсны эзэмшигчээс орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрх үүсэхгүй байна.

Нэхэмжлэгч орон сууцыг хууль бус эзэмшилдээ олж авсан гэдгийг нотолсон тохиолдолд шаардах эрх үүсэх боломжтой. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл ямар хуулийн зохицуулалтаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодруулаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Тус коллежийн эзэмшлийн цогцолбор барилгыг Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолын дагуу төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлж, шилжиж ирсэн барилга байгууламжийг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хүлээн авсан. Тухайн үед Хөдөө аж ахуйн коллеж гэж явж байсан. Орон нутгийн өмчийн газарт тухайн хөрөнгө нь Политехникийн коллежийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь өмчлөгч юм. Аймгийн өмчийн харилцааг зохицуулдаг нь Засаг дарга. Засаг даргын эрхийн хүрээнд орон нутгийн өмчийн газар тухайн харилцааг зохицуулна. Өмчийн хөрөнгийг удирдах эрхтэй этгээд нь Политехникийн коллежийн захирал юм. Өдөр тутмын эзэмших, ашиглах эрхийг хуульд зааснаар хөрөнгийн бүртгэлтэй Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж хариуцдаг. Тухайн захирал нь төрөөс шилжиж ирсэн хөрөнгийг гэрээний дагуу удирдан зохицуулж,  нөхцөл байдлыг ашиглах, бусдад ашиглуулах үйл ажиллагааг хийнэ. Политехникийн коллежийн захирал нь ашиглах боломжгүй, илүүдэл хөрөнгө байна гэж үзвэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал руу төсөл өргөн мэдүүлсний дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн орон сууцыг хувьчилна. Одоогийн байдлаар шинэ байр баригдаагүй учир байрыг хувьчлах асуудал яригдахгүй” гэжээ.

 

4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 311.2-т заасныг баримтлан Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежийн эзэмшлийн багш, ажилчдын орон сууцны 2 дугаар орцны 28 тоот орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид буцаан өгөхийг хариуцагч Б-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарын давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Батсайхан нарын тайлбарын агуулга: “...1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1. 311,2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг бypyy эргэлзээтэй байдлаар тайлбарлаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь:

 Шүүх хэрэг маргааны бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн харагдаж байна.

Хариуцагч Б нь нэхэмжлэгч Политехникийн коллежийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байхад тус төвийн захирлын хүсэлтээр 2005 онд англи хэлний багшаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээнд орон сууцаар хангагдах байсан. Харин хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд орон сууцыг чөлөөлөх нөхцөл тусгагдаагүй.

Шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д зааснаар: 1-т албан тушаалын байдлаар 2-т хөнгөлөлт эдлэх эрхтэйгээр орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэж хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Харин хуульд заасан дээрх 2 нөхцлийн аль нэг талаар эрх зүйн дүгнэлтийг зайлшгүй хийх учиртай.

Зохигчдын маргаж буй үндэслэл нь Иргэний хуулийн 310-т заасан "Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчтай хийсэн орон сууц хөлслөх гэрээ эсвэл, мөн хуулийн 311-т заасан "Албаны орон сууц" гэсэн хуулийн зохицуулалтын аль нь болохыг тогтоолгүйгээр шийдвэрийн дүгнэх хэсэгтээ Иргэний хуулийн 310 дугаар зүйлд заасан эрх зүйн зохицуулалтыг дурдсан нь ойлгомжгүй болсон.

Хэдийгээр Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болох ч хөдөлмөрийн гэрээний дагуу орон сууцаар хангасан гэж үзэж байгаа бол ажил олгогч ажилтан хоёрын хооронд орон сууц хөлслөх гэрээ байхаар хуульчилсан. Хэрэв орон сууц хөлслөх гэрээгүй бол хөдөлмөрийн гэрээний нөхцөлд хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон тохиолдолд орон сууц эзэмших эрх дуусгавар болох тухай тусгаснаар орон сууцыг чөлөөлөх үүрэг үүсэхээр байна.

Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “Төв аймгийн Орон нутгийн өмчийн газрын 303 тоот албан бичигт Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехникийн 30 багш ажилчдын айлын орон сууц нутгийн өмчлөлд бүртгэлтэй эзэмшигч, ашиглагч нь Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник мөн "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум нийслэлийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна" гэж хуульчилсан гэжээ.

Тэгвэл Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Политехникийн коллежид Иргэний хуулийн 101 зүйлийн 101.6-д заасан эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн байхад шүүх маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь:

 ИТХ нь хүн амаа төлөөлөн эд зүйлсийн өмчлөгч нь юм бол хариуцагч нь тус аймгийн харьяат тухайн нутагт оронд 37 жил боловсролын байгууллагад ажилласан. Эндээс дүгнэхэд: Маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б эзэмшилдээ авах үед МСҮТ-ийн Хөдөлмөрийн дотоод журам гэж байгаагүй, шүүхийн дүгнэж буй журмын 5.3. 6.4-т хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор орон сууц чөлөөлөх зохицуулалт байхгүй байна.

Мөн нэхэмжлэгч Политехникийн коллеж нь дээр дурдсанаар эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлж байсан. Иймд хариуцагч орон сууцыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар эзэмшил үүссэн тул түүнд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор орон сууцыг чөлөөлөхийг даалгах эрх зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүх "Ажлаас чөлөөлөх тухай "2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалд бусад эд хөрөнгийг картын дагуу хүлээн авахыг хариуцуулсан гэх боловч маргаан бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Энэ тушаалд түүнийг ажил үүргээ гүйцэтгэхэд зориулж хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг хүлээн авах ойлголт байх ба орон сууцыг картаар хүлээн ав гэсэн ойлголт биш юм.

3.Шүүх хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд гаргасан "сөрөг" нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 151/Ш32022/03932 дугаар "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай" шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

Энэхүү захирамжид Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргасан боловч шүүх гомдлыг хүлээн авахдаа гомдолд дээр тэмдэг дараагүй, сөрөг нэхэмжлэлийн ард тэмдэг дарж хэрхэн шийдвэрлэгдсэн нь ойлгомжгүй гомдлыг хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчид шилжүүлсэн байсан.

Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/Ш32022/04086 дугаар шүүгчийн захирамжаар "Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах орон нутгийн өмч болох 30 айлын орон сууцны хууль ёсны эзэмшигчээр Бг тогтоолгох тухай" тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан.

ИХШХШ тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 -т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдэнэ” гэсэн заалтыг шүүх зөрчсөн. Учир нь: маргаан бүхий орон сууц нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байгаа болно. Иймд шүүх Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан шүүхэд мэдүүлэх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00077 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндсүрэн болон өмгөөлөгч А.Мөнхтулга нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Баянчандмань суман дахь Политехникийн коллеж нь 30 айлын орон сууцтай бөгөөд тус орон сууцанд 30 айл амьдардаг. Үүнээс 16 айл нь гарахгүй байсан. Бид шүүхийн шатанд эвлэрсэн. Одоо Б нь тус орон сууцнаас гарахгүй үлдсэн байгаа. Орон сууцны эзэмшигч нь Политехникийн коллеж мөн. Боловсролын яаманд харьяалагддаг байсан. Төв аймгийн Орон нутгийн өмчид бүртгэлд авсан. Гэхдээ захирал нь захиран зарцуулах, эзэмших ашиглах эрхтэй гээд Орон нутгийн өмчийн газраас нь тодорхойлоод байхад Бгаас шаардах эрх байхгүй, Б нь олон жил амьдарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэр буруу, буцааж өгнө үү гэж гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн талаар асуудал ярьж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар дагуу Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүхийн эрх мэдлийн хүрээнд халдаад, заавал сөрөг нэхэмжлэлийг гаргах ёстой гэдэг байдлаар гомдол гаргаад байна.

Шүүхийн процессын ямар нэгэн алдаа байхгүй. Хавтаст хэрэгт орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн нэрийг тодорхой тусгаж өгсөн. 30 айлын орон сууц нь багш, ажилчдын зориулалттай. Гэтэл шударга эзэмшигч гэдэг асуудлыг хөндөөд байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан. Хууль ёсны эзэмшигч нь төр. Төрийн байгууллагын эзэмшлийн эд хөрөнгийг Б хууль ёсоор мэдэлдээ авах замаар ашигласан болохоос эзэмшсэн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. 

Тухайн орон сууц нь төрийн өмч. Эдгээр хүмүүсийг гомдоод байгааг ойлгож байна. Олон жил ажиллаж амьдарсан гэж яриад байна. Энэ асуудал нь коллежийн асуудал биш. Төр өмчөө хувьчлах эсэх асуудлаа шийдвэрлэх болохоос коллежид ийм эрх байхгүй. Тэгэхээр энд шударга эзэмшигчийн асуудал огт байхгүй.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэсэн зохицуулалт байгаа. Бидний хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 93 дугаар зүйлийн 93.1 гэсэн заалтуудаар эзэмшигч шаардлагаа гаргасан. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д зааснаар “Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ” гэж зааснаар Политехникийн коллежийн байр нь албаны орон сууц юм. Хариуцагч талаас зөвхөн хөдөлмөрийн гэрээтэй байх ёстой, эсвэл түрээсийн гэрээтэй байх ёстой гэсэн асуудал ярьдаг. Хууль маань гэрээнээс дээгүүр тооцогдох ёстой. Бид Иргэний хуулийн зохицуулалтаараа энэ асуудлыг хөндөж байгаа. Тухайн орон сууц нь багш ажилчдын орон сууц. Тухайн орон сууцанд багш ажилчид хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ч бай, тэтгэвэрт гарсан ч бай ажиллахаа больсон бол дараагийн багшид шилжихээр дотоод журамдаа заасан. Дотоод журам нь хэрэгт авагдсан. Хариуцагч 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл орон сууцнаас гарахгүй байна. Олон удаа мэдэгдэл өгсөн боловч хүлээн зөвшөөрөхгүй, хувьчилж авна гэсэн асуудлыг ярьсаар ирсэн. Залуу багш нар ирээд орон байргүй, ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй гээд буцаад явчихдаг. Энэ хүндрэлтэй байдал үүссэний улмаас коллеж аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дээр нотлох баримт шинжлэн судлах үед өмгөөлөгч Батсайханаас нэг ч нотлох баримт шинжлэн судлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Улсын Их хурлын 1999 оны 29 дүгээр тогтоол, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 1999 оны 60 дугаар тогтоолын дагуу төрийн өмч нь орон нутгийн өмчид шилжиж ирсэн.

Тус сургууль өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй. Энэ талаар манай талаас маргаад байх зүйл байхгүй. Сургуулийн эзэмшлийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Харин хариуцагч тал Баянчандмань сумаас бусад газрын коллежууд хувьчилсан гэж яриад байна. Энэ асуудал нь тухайн сургуулийн өөрийнх нь мэдлийн асуудал. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж заасан. Энэ хүрээнд тухайн сургууль өөрөө энэ байр маань ашиглалтын шаардлага хангахгүй боллоо, шинэ байртай боллоо гэж үзвэл сургуулийн өмч хамгаалал зөвлөл хуралдаад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд энэ асуудлаа өргөн барина. Өмчийн харилцааг зохицуулах журам маань 2017 онд батлагдсан, уг журмаар сургуулийн комиссын дүгнэлтийг үндэслээд сумын хуралдаанаар хэлэлцээд, сумын хурал нь аймгийн хуралд уламжилж өмч хувьчлалын асуудлыг ярьж болно. Гэтэл сургууль нь багш нараа суулгах байргүйгээс шалтгаалаад өмч хувьчлалын асуудлын талаар хэлэлцэхгүй, байхад хувьчлах асуудлыг ярьж болохгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2.Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж нь эзэмшил, ашиглалтад байсан багш, ажилчдын байрны 28 тоот орон сууцыг хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон хариуцагч Бгаас чөлөөлж өгөхийг шаардсан.

Хариуцагч Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...тухайн үед коллежийн захирал орон сууцаар хангах нөхцөл тавьсан тул 2008 оноос эхлэн тус сургуульд багшилсан. Мөн 28 тоот орон сууцанд хөлс төлөлгүй өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул хууль ёсны эзэмшигч юм. Мөн уг орон сууцыг буцаан шаардах эрх бүхий этгээд нь Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж биш...” гэсэн үндэслэлээр мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Орон нутгийн өмчийн газар” нь “...Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежийн эд хөрөнгийг Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор төрийн өмчөөс тус аймгийн өмчид цогцолбороор нь шилжүүлсэн. Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж нь өөрийн эзэмшил ашиглалтад байгаа хөрөнгийг бусдаас шаардах нь эрхийн асуудал тул манай талаас маргах асуудал байхгүй. Өмч хувьчлалын асуудлыг хуульд заасан журмын дагуу Политехник коллежийн шийдвэрлэх асуудалгэсэн тайлбар өгсөн байна.

 

3.Хариуцагч Б нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид 2008 оноос 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл англи хэлний багш, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гадаад харилцааны ажилтнаар  ажилласан, албаны байр болох 28 тоот орон сууцанд 14 жил оршин сууж байгаа талаар маргаагүй болно.

4.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл,

 Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежийн эд хөрөнгийг Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор төрийн өмчөөс тус аймгийн өмчид цогцолбороор нь шилжүүлсэн.

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 000006931 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр боловсролын байгууллагын зориулалттай, сургуулийн цогцолборыг хамрах 60580 м.кв газрыг эзэмших эрх бүхий этгээдээр Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж бүртгэгдсэн нь тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч улсын төсөвт үйлдвэрийн газар болох Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, 80 дугаар зүйлд зааснаар өөрийн балансад бүртгэлтэй хөрөнгө болох барилга, байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу хариуцагч Бтай үүсгэсэн харилцааны хувьд өмчлөгчийн нэгэн адил тооцогдож шаардах эрхийг хэрэгжүүлнэ.  

 

5. Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллеж нь 2008 онд хариуцагч Бг эрх бүхий албан тушаалтанаар бус англи хэлний багшаар авч ажилуулахдаа албаны орон сууцанд хөлс төлөхгүй амьдрах хөнгөлөлт эдлэх санал тавьсаныг зөвшөөрч ажилласан байх ба тэрээр 28 тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа нь 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Баянчандмань суман дахь Хөдөө аж ахуйн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид 2008 оноос англи хэлний багшаар ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон баримт, Тус коллежид гадаад харилцааны ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн баримт,

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2014 он, 2018 онд батлагдсан сургуулийн дотоод дүрэм, журмын 9.12.-т “Шинээр ажилд орж буй багш, ажилтанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллахад нь дэмжлэг болгож байгууллагын орон сууцаар хангахаас гадна эхний жил нь орон сууцны талбайн хөлснөөс чөлөөлнө” гэж заасан баримт,

Хариуцагч Бгаас 2021 он хүртэл орон сууцны 1м.кв-ыг 300 төгрөгөөр тооцож талбайн хөлс авч байгаагүй талаарх нэхэмжлэгч талын өгсөн санхүүгийн баримт,

Хариуцагч Б үйл баримтын талаар “... тус орон нутгийн сургуульд англи хэлний багшаар ажиллаж байхад МСҮТ-ын захирал багшаар ажиллуулах санал тавихдаа орон сууцаар хангана гэсэн тул 2008 онд зөвшөөрч ажилласан. Уг байрыг хөлсөлж байгаагүй...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

6.Зохигчдын хооронд 2008 онд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэж, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон байгаа тул хариуцагч Б ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө /албаны орон сууц.../, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Хариуцагч Б хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноос хойш Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан 3 сарын хугацаа өнгөрсөн байхад хувьчилж авна гэсэн шалтгаанаар албаны 28 тоот орон сууцыг буцаан хүлээлгэж өгөөгүй байна. 

Харин нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид албаны байр шинээр баригдаагүй, ажиллаж байгаа багш ажилчдыг оршин суулгах албаны байр дутагдалтай байгаан улмаас хувьчлаагүй  нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 1/572 тоот албан бичигт “... Мөн нийслэлээс алслагдсан сууринд байдаг тус сургуульд ажиллах боловсон хүчний нийгмийн асуудлыг шийдвэрлэж явах үүрэг Засгийн газар болон сургуулийн захиргаанд байгаа учраас багш ажилчдын орон сууцны барилгыг зориулалтын дагуу ашиглах шаардлагатай. Иймээс тус барилгын зарим хэсгийг салган хувьчлах боломжгүй гэж үзэж байна...” гэсэн албан бичгээр нотлогджээ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгсөн байна гэж үзлээ.  

7.Хариуцагч Б хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр албаны 28 тоот орон сууцыг түр хугацаагаар шилжүүлэн авсан байгаа тул хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэхгүй.

Хариуцагч Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноор хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болох тул түр хугацаагаар шилжүүлэн өгсөн албаны 28 тоот орон сууцыг буцаан шаардах эрх Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2.-т зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник коллежид үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэл бүхий болжээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзаж байгаа татгалзлаа баримтаар няцаах үүрэгтэй.

Иргэний хуульд хөлслөх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг тогтоогоогүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ бичгийн гэрээгээр нотлох ёстой гэсэн нотолгооны үүрэг хүлээхгүй юм.

 

Мөн Иргэний хуулийн 310 дугаар зүйл 310.1., 310.2. дахь заалт нь /ажил олгогч нь ажилтандаа орон сууцыг тодорхой болон тодорхой бус хугацаагаар хөлсөлсөн/ харилцааг зохицуулсан болохыг залруулж дурдах нь зүйтэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШЗ2022/03932 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарын гаргасан “Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах орон нутгийн өмч болох 30 айлын орон сууцны 28 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигч Б болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,....” шийдвэрлэжээ.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШЗ2022/04086 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч Бгийн гаргасан “Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах орон нутгийн өмч болох 30 айлын орон сууцны 28 орон сууцны хууль ёсны эзэмшигчээр Бг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж”,

2-т “Сөрөг нэхэмжлэлийн дардастай хувь болон түүнд хавсарган ирүүлсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 384 дүгээр тогтоолыг хэрэгт хавсарган үлдээж, бусад 14 хуудас баримтыг Бд буцаан олгож”,

3-т “Сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн 100140000941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч Бд буцаан олгож”,

7-д “Энэ захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д хамаарахгүй болохыг дурдаж” гэж шийдвэрлэсэн шийдвэрээ  илт үндэслэл муутай болсон гэж үзэж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн  151/ШЗ2022/04132 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар  “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШЗ2022/04086 дугаар шүүгчийн захирамжийн 1, 3 дахь заалтыг хүчингүй болгож...”,

2 дахь заалтаар “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШЗ2022/03932 дугаар шүүгчийн захирамжийн 2-т “Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч Бд олгож...”,

3 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэ захирамжид 10 хоногт тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал хэргийн материалтай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр танилцсан, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус товлогдон, хойшлогдсон шүүх хуралдаануудад оролцсон байгаа тул дээрх шүүгчийн захирамжийн талаар мэдээгүй гэж үзэх боломжгүй.

Мөн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг шүүх хүлээж аваагүй гэх үйл баримт нь тогтоогдохгүй байгаа тул зохигчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

10. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС