Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2023/00015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023          3             30                                                        223/МА2023/00015

 

 

А.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/01354 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  А.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч А.Б нь “М” ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ковшийн оператор гэх албан тушаалд томилогдон 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 дугаар “Ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус баримтлан үйлдвэрийн хэлтэст ковшийн оператор албан тушаалтай Алтанхуягийн Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байраа орхин явсан нь давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 

Нэхэмжлэгч А.Быг 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас хоцроогүй, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагийн энгийн хуваарьтай ажиллаж байсан бөгөөд энгийн хуваарь нь 08:00-12:00 цаг хүртэл, цайны цаг 12:00-14:30 хүртэл, үдээс хойш 14:30-18:00 цаг хүртэл ажиллах ёстой. Тухайн өдөр цайны цагаар амарж байтал хэлтсийн дарга Күн 13 цаг 40 минутад уулзаж чи өглөөний ээлжид байсан 16 цаг 00 хүртэл тасралтгүй ажиллах ёстой гэсэн. Тухайн үед А.Б нь н.Баярсайхан гэх хүнтэй хамт нэг ээлжид байсан бөгөөд тухайн хүн гэрчилнэ.

 

Би өмнө нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба давтан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т тус тус зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх бөгөөд тус хороо байгуулагдаагүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

 

Иймд А.Б-ыг “М” ХХК-ийн ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.118.060 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа хоцорсон бөгөөд энэ талаар Үйлдвэрлэлийн хэлтсээс сануулах арга хэмжээ авч, 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажилтан А. Бд бичгээр сануулах шийтгэл ногдуулсныг хариуцсан хэлтсээс нь ажилтанд бичгээр мэдэгдэж, ажилтан мэдэгдэлтэй танилцаж гарын үсгээ зурсан тул тухайн өдөр хоцроогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үйлдвэрийн шатаах зуух ажиллаж байсан буюу үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан бөгөөд ажлын нөхцөл байдлаас шалтгаалж ковшийн операторууд тухайн өдөр өглөө 08:00 цагаас 16:00 цаг хүртэл ажиллах талаар хэсгийн дарга болон ээлжийн ахлахаас өглөө ажлын хуваарилалт өгч ажилд гаргасан байхад ажлын цагаар ажлын байраа дур мэдэн орхиж ажилчдын амрах байранд өрөөндөө унтаж байхад нь ээлжийн ахлах болон хэсгийн ахлах нар олж илрүүлсэн нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.9 дэх хориглох заалтыг ноцтой зөрчиж сахилгын зөрчил гаргасан. Уг үйлдэл нь ажил олгогчийн үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулсан маш ноцтой зөрчил байсан. А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорч түүнд сануулах шийтгэл ногдуулснаас хойш нэг сар 5 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа дур мэдэн орхиж ажил таслан давтан зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй байх тул 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А.Б-ыг ажлаас чөлөөлж халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ажлын байрны цагийн хуваарьтай холбоотой гэрч нараас тайлбар, мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл, цагийн хуваарьтай холбоотой андуурах үндэслэл байхгүй. Ажлын цагаар ажлын байраа орхин, амрах байранд унтсан талаар гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хоёр удаагийн давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Тухайн үед энэ талаар хурал хийж, өөрт нь мэдэгдсэн. Энэ талаар Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу гүйцэтгэх захирлын шийдвэрээр ажлаас халсан тул шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн.

 

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. А.Б ажил олгогчийн эрх зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Гэтэл А.Б-ын гаргасан нотлох баримтаар одоо ажил эрхэлж байгаа нь тогтоогдсон учир ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар Эрдэнэцогт овогт Алтанхуягийн Быг “М” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэлтэст ковшийн операторын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6.023.936 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94.124 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагч “М” ХХК-д даалгаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 111.333 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэг, 4 дэх талд Шүүгч ажилтны гаргасан зөрчилд хамааралгүй заалтыг дурдаж “Хөдөлмөрийн гэрээний 5.1 дүгээр зүйлийн 5.1.4 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүй урьдчилан мэдэгдэлгүйгээр гурван өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ гээд 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа орхин явсан нь давтан зөрчил гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна” гэж огт хамааралгүй заалт үндэслэснээс гадна ноцтой зөрчил болон давтан зөрчил гэсэн ялгаатай ойлголтуудыг хооронд нь хольж хутгасан нь шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ажилтан А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т заасан дүрэм журмыг дагаж мөрдөх үүргээ зөрчсөн бөгөөд тус зөрчлийг гаргаснаас хойш сахилгын зөрчилгүйд тооцох нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр сахилгын зөрчлийг давтан гаргаж, ажлын цагаар ажлын байраа орхисон нь Хөдөлмөрийн гэрээний 4.2.9-т заасан үүргээ зөрчсөн буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан нь шүүгчийн дурдсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил болох 5.1.4-т заасантай огт хамааралгүй юм.

 

2. Шүүгч шийдвэртээ: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг давтан зөрчил гаргасан үндэслэлээр дуусгавар болгоход энэ талаар гэрээнд тухайлан заасан байх, захиргаа баримтаар нотолж тогтоосон байх үүрэг хүлээнэ гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаардсан бөгөөд харин сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд гэрээнд тухайлан заасан байхыг шаардаагүй байхад давтан зөрчлийг ноцтой зөрчилтэй эндүүрч хуулийг буруу тайлбарлаж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэстэй байна.

 

Шалгаж нотлоогүй тухайд: А.Быг ажлын цагаар ажлын байраа орхисон талаар ажлын үүрэг даалгавар өгсөн ахлах ажилтан, албаны даргын тайлбар мэдүүлэг, хамтран ажиллагч нарын тайлбараар нотолсон, тэдгээр нь гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байхад нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэг, 5 дахь талд: Мөн хариуцагч татгалзлаа нотлохоор хэргийн 40-42 дахь талд авагдсан “М” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зөрчил гаргасан талаар үйлдвэрлэлийн хэлтсийн мэдэгдлээр сахилгын зөрчил давтан гаргасан, түүнд сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй өөр нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэжээ.

 

Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ажилдаа хоцорч ирсэн тул сануулах арга хэмжээ авсан талаар мэдэгдэлтэй ажилтан танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт /хх-ийн 40 дэх тал/, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан зөрчлийн тухайд түүнийг хамт ажиллагсдын тайлбар, ээлжийн ахлах болон албаны даргын мэдүүлэг тайлбар /хх-ийн 41-50 дахь тал/, гэрчийн мэдүүлгүүдээр давхар нотолсоор байхад нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зохих ёсоор нь үнэлэн үзэж чадалгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Ажил олгогч нь байж болох бүх нөхцөл байдлаар буюу тухайн нөхцөл байдлын талаар мэдэх бүх л ажилтан албан тушаалтнуудаас тайлбар тодорхойлолтыг хавсарган, түүнийг гэрчийн мэдүүлгээр давхар нотолсон байтал шүүхээс өөр ямар арга хэлбэрээр нотлохыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байх тул хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үзэн ажилтанд ашигтайгаар шийдвэрлэсэн нь шударга бус байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.  Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахийг даалгах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг “М” ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл “М” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/158 дугаар тушаалаар[1] А.Б-ыг тус компанийн ковшийн операторын албан тушаалд томилж, түүнийг 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа хоцорсон, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар ажлын байраа орхин явж давтан зөрчил гаргасан гэж үзэн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/73 тоот тушаалаар[2] Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т тус тус заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогддог.

 

4. А.Б-ын 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гэх сахилгын зөрчлийн тухайд:

 

Ажил олгогчоос түүнийг тухайн өдөр ажлын цагаас 3 минут хоцорсон тогтоогдсон учир “сануулах” сахилгын арга хэмжээ авсан нь тус компанийн “Үйлдвэрлэлийн хэлтэс”-ийн мэдэгдлээр тогтоогдсон хэмээн тайлбарлагдаг ч түүний гаргасан гэх уг зөрчлийнх нь талаар ажилтнаас тайлбар авсан эсэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т тус тус заасан “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах”, “нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” арга хэмжээний алийг авсан нь тодорхой бус уг сахилгын шийтгэл ногдуулсан гэх тушаал нь хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргасан ажилтанд ногдуулж болох 5 төрлийн шийтгэлийг хуульчилсан ба ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийтгэлийн төрлийг сонгон хэрэглэж, шийдвэрийг бичгээр гаргана гэж мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ба “М ХХК”-ийн “Үйлдвэрлэлийн хэлтэс”-ийн мэдэгдэл гэх хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан баримтыг ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

 

5. А.Б-ын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагийн хуваарь зөрчсөн гэх сахилгын зөрчлийн тухайд:

 

“М” ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”[3]-ын 3.5-д “...Өдөр бүр ажлын цаг өглөө 08:00-12:00, өдөр 14:30-18:00, үдийн цай 12:00-13:00, долоо хоногийн ажлыг цаг нийт 40 цаг байх ба өдөрт 8 цаг байна. /Үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс дээрх хуваарийн дагуу 8 цаг ажиллана/...” гэж заажээ.

 

Хариуцагч талаас “...ковшийн жолооч нарын хувьд 08:00-16:00 цаг хүртэл ажиллах ёстой байхад дур мэдэн ажлын байраа орхин явж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзнэ...” хэмээн тайлбарладаг.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ээлжийн ажлын цаг, хуваарийг ээлжийн ажил эхлэхээс 48-аас доошгүй цагийн өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй байдаг.

 

 Дээр дурдсанчлан хариуцагч байгууллагын өдөр бүр ажлын цаг өглөө 08:00-12:00, өдөр 14:30-18:00, үдийн цай 12:00-13:00 байхаар зохицуулагдсан байх бөгөөд уг ажлын цагийн хуваарийг өөрчлөн өглөө 08:00-16:00 цаг болгон танилцуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

 

Хэдийгээр хариуцагч талаас дээрх тайлбар тус компанийн “Түүхий эд жигдрүүлэх цех”-ийн даргаар ажиллаж байсан Т.Тодбилэгийн тодорхойлолт, түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр[4] нотлогдоно хэмээн тайлбарладаг ч уг баримтуудыг шүүхээс үнэн зөв гэж үзэх боломжгүй.

Учир нь: Гэрчээр дуудагдсан этгээд нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ч гэрчийн мэдүүлэг нь хуульд зааснаар дамжмал нотлох баримтын төрөлд хамаардаг, гэрч Т.Тодбилэгийн мэдүүлэг нь агуулгын хувьд өөрөө “М” ХХК-ийн захиргааны хэлтэст хандан гаргасан гэх 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Тодорхойлолт”-ыг үнэн, зөв эсэх талаар мэдүүлсэн мэдүүлэг байх ба, уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүхээс дээрх гэрчийн мэдүүлгийг үнэн, зөв гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн боломжгүй юм.  

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх нэхэмжлэгч А.Быг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.  

6. Түүнчлэн шүүхээс хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдийн хууль зүйн үндэслэлгүй тушаалын улмаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т заасны дагуу тооцон “М” ХХК-аас нийт 6.023.936 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Бд олгон, нэхэмжлэлийн уг шаардлагаас 94.124 төгрөгийг хэрэгсэхгүй болгон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилсон шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т заасантай холбон тайлбарласан нь буруу тул уг дүгнэлтийг магадлалд дурдсан үндэслэлээр зөвтгөсөн болохыг дурдав.  

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2022/01354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                         ШҮҮГЧИД                                                      З.ТҮВШИНТӨГС

 

 

                                                                        М.МӨНХДАВАА

                                                                                   

 

 

 

[1] хх-ийн 101-р тал

[2] хх-ийн 5-р тал

[3] хх-ийн 8-96-р тал

[4] хх-ийн 132-133-р тал