Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 38

 

Б.Бямбадоржид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Ганчимэг,

Ялтан Б.Бямбадорж, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Бямбадоржийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бямбадоржид холбогдох 201625012745 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Бөмбөгөр овогт Батаагийн Бямбадорж, 1987 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 18 дугаар гудамжны 1362 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан, /РД:ХИ87082978/,

Б.Бямбадорж нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улиастайн голын орчим найз А.Цэлмэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газарт нь хайчаар хатгаж, биед нь “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт /100-150 мл/” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Бямбадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бямбадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Бямбадоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бямбадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Б.Бямбадоржийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бямбадорж нь найз А.Цэлмэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газар хайчаар хатгаж, биед нь хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Хэргийн үйл баримтын хувьд маргах зүйлгүй. Харин шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хөнгөрүүлж хорих ял оногдуулах хүсэлтийг хангалгүй 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна.

Учир нь Б.Бямбадорж урьд нь 2 удаа ял шийтгүүлж, ялтайд тооцогдож байсан боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдлыг өршөөлд хамааруулсан тул түүнийг ялгүйд тооцох үндэслэл бий болсон гэж үзнэ.

Иймд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн хэргийг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд түүний хэргээ хүлээж гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Бямбадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө ял шийтгүүлж, тодорхой хугацаанд ял эдэлж байсан бөгөөд эдлээгүй үлдсэн хорих ялын хугацааг Өршөөлийн хуульд хамааруулсан. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Бямбадоржид холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх Б.Бямбадоржийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдулсан...” гэв. 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Б.Бямбадорж нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Улиастайн голын орчим найз А.Цэлмэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газарт нь хайчаар хатгаж, бусдын биед “хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт /100-150 мл/” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар болон уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

            Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлжээ.

            Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй...” гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

            Шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг болсон үйл явдалтай нийцүүлэн зөв хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлага хангагдах бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан дүгнэсэн, гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль алийг нь харгалзан үзсэнээр тогтоол үндэслэл бүхий болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулж өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана.” гэж маш тодорхой хуульчилжээ.

            Мөн шүүхээс хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь хорих ялын дэглэм хөнгөрүүлэх зөвхөн нэг нөхцөл юм.

            Гэтэл Б.Бямбадорж урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор хүнд гэмт хэрэгт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн ялаа эдэлж байгаад, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялаас, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялтай байдал нь тус тус өршөөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 478 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцогдсон учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй хэдий ч дээрх нөхцөл байдал нь хорих ялын дэглэм хөнгөрүүлэх нөхцөлд хэрхэн нөлөөлж байгаа, түүний хувийн байдалд хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа Б.Бямбадоржид 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, тодорхойгүй үндэслэлээр ялын дэглэм хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.

            Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан Б.Бямбадоржийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бямбадоржид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Б.Бямбадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Н.БАТСАЙХАН