Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00789

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 14 210/МА2023/00789

 

 

Ш.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00438 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.*******д холбогдох

2,048,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагдан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Ш.******* нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөгч Ж.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахаар тохиролцсон. Гэвч Ж.******* нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүйгээс шүүх Ш.*******гийн нэхэмжлэлийг буцааж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулсан. Ш.******* нь хариуцагчийн буруугаас шалтгаалан бүтэн 1 жил гаруйн хугацаа алдаж, дахин өөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч 3,000,000 төгрөгийн хөлс төлсөн, үүний 50 хувь 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж 2 удаа буюу 548,000 төгрөг төлснийг гаргуулна гэжээ.

 

  2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ж.******* нь Ш.*******тай өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 900,000 төгрөг авч, үйлчилгээ үзүүлсэн. Гэвч Ж.******* нь ажлын хариуцлага алдсаны улмаас Н.*******од холбогдуулан гаргасан Ш.*******гийн нэхэмжлэлийг шүүх буцаасан ба Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос сануулах арга хэмжээ авагдсан. Ш.*******тай харилцан тохиролцож өмгөөллийн хөлс 900,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 600,000 төгрөгийг буцаан өгөхөөр болж, 800,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 700,000 төгрөг төлөөгүй. Ш.*******гийн бусдаас хууль зүйн туслалцаа дахин авсан зардал 1,000,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлээс үлдэх 348,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ж.*******гаас 2,048,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 47,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч өөрийн гэм буруутай байдлаа ойлгож зохих хариуцлага хүлээсэн. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон 700,000 төгрөг, мөн түүнд учруулсан хохирол болох 1,000,000 төгрөг, нийт 1,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхээс ямар ч үндэслэлгүйгээр 348,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

  5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь өөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад 3,000,000 төгрөг төлсөн. Уг төлбөрийн 50 хувь 1,500,000 төгрөг, 2 удаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэхгүй байна гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 2,048,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 348,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, өмгөөлөгч Ж.******* нь үйлчлүүлэгч Ш.*******г төлөөлөн түүний нэхэмжлэлтэй Н.*******од холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, Ш.******* нь эрх зүйн туслалцаа авсны хөлс 900,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.Өмгөөлөгч Ж.******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүйгээс шүүх Ш.*******гийн нэхэмжлэлийг буцаасан, үүнтэй холбоотойгоор Ш.******* гомдол гаргасны дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МТ/40 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ж.*******г үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах, үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах, хэрэг, маргааны хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, ******* тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасны дагуу сануулах арга хэмжээ авсан үйл баримт тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон ба энэ талаар зохигч маргаагүй.

 

5.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 348,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөр өмгөөлөгчид төлсөн хөлс 1,500,000 төгрөг, түүнчлэн улсын орлогод орсон нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 274,000 төгрөгийг тус тус хохиролд тооцох үндэстэй.

Хариуцагч нь дээрх 1,500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба нэхэмжлэгчээс ******* ******* ******* ХХН-тэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ш.*******гийн нэхэмжлэлтэй, Н.*******од холбогдох иргэний хэрэгт үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний хөлсийг 3,000,000 төгрөгөөр тогтоосныг хариуцагч баримтаар няцааж үгүйсгээгүй тул хохирлын зарим хэсгээс хариуцагч татгалзсан нь үндэслэлгүй.

Харин шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 274,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой тул уг төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,774,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/00438 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 2,048,000 /хоёр сая дөчин найман мянга/ гэснийг 1,774,000 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 274,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамж 47,718 төгрөгийг гэснийг улсын тэмдэгтийн хураамж 43,334 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Д.ЗОЛЗАЯА