Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2019/0005/з |
Дугаар | 001/ХТ2021/0064 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2021/0064
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Сүмбэр сумын
Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2020/0035 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 628 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагчийн өмгөөлөгч Б.М-ыг оролцуулж,
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2020/0035 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 628 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... “Г” ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай захирамжаар нийт 430 га талбайг 60 жилийн хугацаатай”-тай эзэмших эрхээ авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 тоот захирамжаар хүчингүй болгосон.
4. Сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2008 оны 90 дугаар захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
5. Захиргааны ерөнхий хуулийи 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу захиргааны актад уг актыг гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заах, Захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага болох сумын Засаг дарга нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй байсан.
6. Гэтэл маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн аль заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй зөрчсөн талаар бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй, захиргааны акт гаргахын өмнө Газрын тухай хуулийн аль зүйл заалтыг хэрхэн ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн эсэхийг шалган тогтоогоогүй.
7. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл захиргааны актыг батлан гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоосон тухай нотлох баримт байдаггүй, харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа газрыг зөвшөөрөлгүй бусдад түрээслүүлсэн гэх тухай гэрчүүдийн тодорхойлолтуудыг нөхөн бүрдүүлэх замаар шүүхэд ирүүлсэн байдаг. Тухайлбал: “Ж х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б-ын 2019 оны 5 сард гаргаж өгсөн тодорхойлолт нь цаг хугацааны хувьд захиргааны акт гарснаас хойш байдаг. Хамгийн ноцтой нь Б гэгч энэхүү этгээд нь хуулийн этгээдийн бүртгэлийн онлайн нээлттэй мэдээллээс үзэхэд тус компанийн гүйцэтгэх захирал буюу төлөөлөх эрх бүхий этгээд биш байна. Ийнхүү анхан шатны шүүх “Ж х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирлаар ажилладаг тухай баримт байхгүй Б гэгч этгээд бусдын тамга тэмдэг ашиглан шүүхэд мэдүүлэг өгч, 65 сая төгрөг өгч түрээслэсэн гэж гүтгэж байхад шүүх тухайн этгээдийн эрх зүйн байдлыг нь шалгалгүй мэдүүлэг авч түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон.
8. Мөн “Д с” хоршоонд газрыг түрээслүүлсэн гэдэг. Газар тариалангийн зориулалттай газрын түрээсийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах бөгөөд Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.2 “... хөдөө аж ахуйн зориулалттай газрыг түрээслэхэд түрээсийн гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, 318 дугаар зүйлийн 318.3 “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах...”, 330 дугаар зүйлийн 330.1 “хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг 2 жилээс дээш хугацаагаар бичгээр хийх...”, 56 дугаар зүйлийн 56.1.8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 57 дугаар зүйлийн 57.2 “хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус” зэрэг зохицуулалтаас үзэхэд газрыг түрээслэсэн бол түрээсийн гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлагатай байна. Хэрвээ бичгээр хийгээгүй бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болохоор байна. Гэтэл “Ж х” ХХК, “Д с” хоршоонд, иргэн Мөнхжаргал нарт газрыг түрээслэх гэрээ байгуулж, газрын түрээсийн төлбөр авч ашиг олсон зүйл байхгүй. Газраа өнжөөхгүйн тулд Мөнхжаргалтай хамтран тариа тарьсан ч түрээсийн төлбөрт мөнгө аваагүй, харин газарт хийх бордоонд зориулж 2 сая төгрөг авсан, энэ бол түрээсийн харилцаа биш, түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.
9. Газрыг түрээслэсэн гэрээ, түрээслээд төлсөн төлбөр зэрэг бусад бичгийн нотлох баримт байхгүй байхад төлөөлөх эрхгүй этгээдийн өгсөн гэрчийн мэдүүлгээр “...түрээслүүлсэн нь нотлогдож байна“ гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
10. Нотлох баримтыг захиргааны байгууллага хэзээ цуглуулж бүрдүүлсэн бэ гэдэг нь эрх зүйн үр дагавартай юм. Энэхүү газрыг зөвшөөрөлгүй түрээслүүлсэн гэх нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Засаг дарга захиргааны акт гаргахын өмнө цуглуулж, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд танилцуулж тайлбар санал гаргах боломжоор хангах үүрэгтэй байсан.
11. Гэтэл шүүх бодит нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг урьдчилан цуглуулахгүйгээр захиргааны акт гаргасан нь нотлогдож байхад, мөн гэрчийн эрх зүйн байдлыг нь шалгалгүйгээр компанийг төлөөлөх эрхгүй этгээдээс гэрчийн мэдүүлэг авч шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон.
12. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, ноцтой зөрчсөн” гэсэн зөрчлийг эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй.
13. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож зөв хэрэглэх тухай” зөвлөмжийн 5 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “удаа дараа”, “ноцтой” зөрчсөн гэдгийг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэж байгаа практиктай адилаар ойлгох, мөн “Зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой” гэжээ.
14. Газрын тухай хууль тогтоожмийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл буюу Газрын тухай хууль зөрчсөн зөрчлийг Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д зааснаар харьяаллын дагуу мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалган шийдвэрлэнэ.
15. Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан зөрчлийг нэхэмжлэгч удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн эсэхийг Зөрчлийг шалган тогтоох эрх бүхий этгээд холбогдох процессын хуулийн дагуу шалган тогтоох, түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргаж байхаар хуулийг нэг мөр ойлгож дагаж мөрдөхөөр байна.
16. Шүүх хуралд гэрчээр оролцсон маргаан бүхий актыг гаргасан Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Мөнхтүвшин нь мэдүүлэхдээ “манай суманд Мэргэжлийн хяналтынхан ирж ажилласан гэхдээ “Г” ХХК дээр Газрын хууль зөрчсөн талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй” гэсэн.
17. Гэтэл “Г” ХХК-ийг Газрын тухай хууль зөрчсөн эсэх талаар зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй, хууль ёсны дүгнэлт гараагүй, нөгөө талаас Засаг дарга өөрөө ч шийдвэрийн үндэслэл болох бодит нөхцөл байдлыг шалган тогтоолгүй Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийг сумын Засаг дарга хүчингүй болгосон нь хууль бус юм.
18. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгохоор заасан. Гэтэл архив бичиг хэргийн ажилтны мэдүүлэг, шуудангаар мэдүүлэг хүргүүлсэн тухай баримтаас өөрөөр тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.З энэ талаар мэдсэн эсэх талаар нотлох баримт байдаггүй.
19. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны 06/12 тоот мэдэгдэлд /1-ХХ39/ “Тус сумын 1 дүгээр баг Лоогийн амны 430 га газар эзэмшигч “Г” ХХК-ийн захирал З та 2017 оны газар эзэмших гэрээг байгуулаагүй тул Газрын тухай хуулийн 40.1.12 дахь заалтын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг үүгээр мэдэгдье” гэжээ. Зөвхөн 2017 онд газар эзэмших гэрээ байгуулаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдсэн ч сонсох ажиллагааг хаана, хэзээ хийх нь тодорхойгүй. Сонсох ажиллагаа хийх талаар шуудангаар газрын эрхийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлснээр сонсох ажиллагаа хийх боломжоор хангасан гэж үзэх боломжгүй юм.
20. Иймд маргаан бүхий захиргааны актыг газрын төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөлгүй бусдад газрыг ашиглуулсан гэх мэт урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй асуудлыг үндэслэл болгон захиргааны актыг гаргасан нь хууль бус юм.
21. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваасүрэн шүүх хуралдаан даргалагчийн сонсох ажиллагаа хийсэн үү гэсэн асуултад хариулахдаа “сонсох ажиллагаа хийгээгүй ...” гэж хариулдаг. /1-ХХ 101/-аар нотлогдоно.
22. Иймээс Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.7 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг зөрчин сонсох ажиллагаа явуулалгүй шийдвэр гаргасан.
23. Иймээс шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
24. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
25. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Лоогийн ам” гэх газарт байрлах 430 га талбайд үр тариа тариалах зориулалттай “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчаас уг захирамжийн үндэслэлээ “...“Г” ХХК нь эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад түрээсэлж байсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, ... газар эзэмшүүлэх гэрээг ... ноцтой зөрчсөн, ... 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2008 оны 90 дүгээр захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй ...” гэж, нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... тус компани нь зориулалтын дагуу тариалалтаа хийж, газрын төлбөрөө хугацаанд нь төлж, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй, ... зөвхөн 2017 онд газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь ... хууль бус” гэж тус тус тайлбарлан маргажээ.
26. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан бусад баримтуудаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 90 дүгээр захирамжаар 430 га газрыг “Г” ХХК-д “үр тариа, төмс хүнсний ногоо тариалах” зориулалтаар, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, “Г” ХХК нь “... эзэмшил газартаа тариалалт хийгээгүй, 2012, 2013, 2014 онуудад “Ж х” ХХК-нд, 2016, 2017 онуудад иргэн н.М, “Д с” хоршоонд газраа ашиглуулсан, ингэхдээ сумын Засаг дарга болон Газрын албанаас зөвшөөрөл аваагүй” үйл баримтууд тогтоогдсон байна.
27. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах”-аар заасан, тухайн тохиолдолд, газар эзэмшигч “Г” ХХК нь тус компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан Сүмбэр сумын Засаг даргад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр эзэмшил газраа бусдад түрээслүүлж байсан нь дээрх хуульд нийцээгүй, хууль зөрчсөн зөрчил мөн болно.
28. Түүнчлэн, газар эзэмшигч “Г” ХХК, Сүмбэр сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Ц.Д нарын хооронд 2013 онд байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээний 3.1-д “гэрээний нөхцлийн дагуу газрыг эзэмших, ашиглах”, 3.7-д “эзэмшил газраа ... бусдад ашиглуулах бол Засаг даргаас зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлэх” үүргийг газар эзэмшигч хүлээхээр, мөн гэрээний 4.1-д “гэрээний дагуу газрыг эзэмшиж байгаа эсэхийг хянах”, 4.3-т “газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, ... Газрын тухай хуулийн ... 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох” эрхийг газар эзэмшүүлэгч буюу сумын Засаг даргад олгохоор тус тус заасан байх тул “... газар эзэмшүүлэх гэрээг /болон/ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн маргаан бүхий Б/15 дугаар захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн /тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасантай нийцсэн, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх 2 шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
29. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага болох сумын Засаг дарга нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй байсан, ... “Ж х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирлаар ажилладаг тухай баримт байхгүй Б гэгч этгээдийн мэдүүлгийг ... авсан, ... шүүх тухайн этгээдийн эрх зүйн байдлыг нь шалгаагүй, ... тодорхойлолт нь цаг хугацааны хувьд захиргааны акт гарснаас хойш байхад ... шүүх дүгнээгүй” гэх зэрэг гомдол нь шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, түүнчлэн, шүүхүүд нэхэмжлэгч “Г” ХХК-ийг “газраа бусдад ашиглуулах эрхгүй, түрээсийн төлбөр авсан нь буруу” гэж дүгнээгүй, өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулахдаа Газрын тухай хууль, Газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу сумын Засаг даргад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөл аваагүй нь “хууль бус” гэж дүгнэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.2, ...318 дугаар зүйлийн 318.3, ... 330 дугаар зүйлийн 330.1, ... 56 дугаар зүйлийн 56.1.8, ... 57 дугаар зүйлийн 57.2...-т зааснаар ... гэрээ байгуулаагүй, ... түрээсийн төлбөр авч ашиг олсон зүйл байхгүй, түрээсийн төлбөрийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.
30. Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн маргаан бүхий Б/15 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн, хариуцагчаас маргаан бүхий захирамжийн үндэслэлээ шүүхэд мэдүүлэхдээ “...эзэмшиж байсан газартаа тариалалт хийгээгүй, бусдад түрээсэлж байсан нь газар эзэмшүүлэх гэрээг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг ноцтой зөрчсөн” гэж тайлбарласан, талууд уг үйл баримтад холбогдуулан маргасан, энэ тохиолдолд, маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу шүүх нотлох баримт цуглуулж, дүгнэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нотлох баримтыг захиргааны байгууллага хэзээ цуглуулж бүрдүүлсэн бэ гэдэг нь эрх зүйн үр дагавартай, ... газрыг зөвшөөрөлгүй түрээслүүлсэн гэх нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Засаг дарга захиргааны акт гаргахын өмнө цуглуулаагүй, ... бодит нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг урьдчилан цуглуулахгүйгээр захиргааны акт гаргасан нь нотлогдож байхад ... шүүх /дүгнээгүй/” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.
31. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 123/ШШ2020/0035 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 628 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Г” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ