| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/05580/И |
| Дугаар | 210/МА2023/00883 |
| Огноо | 2023-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2023/00883
2023 04 28 210/МА2023/00883
Х.Олонбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00751 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х.Олонбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч Л.Бат-Очир, Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарт холбогдох
2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө АОС 45-2 тоот хаягт байрлах, 86 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Л.Бат-Очир, хариуцагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын өмгөөлөгч З.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Х.Олонбаяр маргаан бүхий байрыг бартерын гэрээгээр Хан-Уул дүүрэгт байрлах газраар сольж авсан байдаг. 2019 онд Л.Бат-Очир Солонгос Улсын визэд мэдүүлэх гэж түр хугацаагаар хэлцэл хийж нэр дээрээ шилжүүлэн авсан боловч буцааж өгөөгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Х.Олонбаяр үл хөдлөх эд хөрөнгөө өгсөн гэсэн Л.Бат-Очир төлбөрийг гүйцэд хийгээгүй нь хэргийн нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 188 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
1.2. Мөн Л.Бат-Очир нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр уг орон сууцыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарт худалдсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.
Иймээс дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Бат-Очирын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2015 онд ээж Х.Олонбаярын нэр дээр байсан газрыг маргаан бүхий 4 өрөө орон сууцаар сольж авсан. Би Солонгос Улс руу явах шаардлагын дагуу 2018 онд ажлаас гарснаас хойш хааяа архи уучихдаг байсан. Солонгос Улс руу явах гэж байгаагаа ээжид хэлээд нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулж миний нэр дээр шилжүүлсэн. Виз хөөцөлдөх хугацаанд хүнээс мөнгө зээлсэн байгаад, буцааж төлөхдөө миний нэр дээр шилжсэн орон сууцыг барьцаанд тавьж өрөө дарсан.
2.2. Банкны өндөр хүүтэй, барьцаатай зээлийг төлөхийн тулд би ээж, аавд мэдэгдэхгүйгээр орон сууцыг Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарт зарсан. Намайг шүүхэд өгөх хүртэл мэдээгүй. Миний нуусан байсан түрээсийн гэрээг ээж олоод уншсан. Ээж, аавын байрыг зарсан юм чинь эндээс яаж гаргах вэ гэж бодоод худалдаж авсан хүмүүстэй түрээсийн гэрээ байгуулсан. Би мөнгийг буцааж өгнө гэж бодож түрээсийн гэрээ байгуулсан. Би анхнаасаа буруу юм хийсэн, согтуу байсан. Миний буруу учир Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ.
3. Хариуцагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Хариуцагч нар тухайн орон сууцыг 2020 оны 02 дугаар сард зуучлалын компаниар дамжуулж Л.Бат-Очиртой холбогдож үзсэн. Л.Бат-Очир би эмнэлэгт хэвтэж байна, манай эхнэртэй ярьж байгаад очоод үзчих гэгж хэлсэн байдаг. Үүнээс хойш Л.Бат-Очир өөрөө эргэж холбогдоод танд хэдэн төгрөг байгаа вэ, бэлэн байгаа мөнгөө өгчих гэж өөрөө шалсаар байгаад байраа зарсан.
Л.Бат-Очир болон Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуульд заасан шаардлага хангасан, хууль ёсны үндэслэл бүхий юм. Хариуцагч нар нь тухай орон сууцны шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3.2. Хариуцагч нар нь Л.Бат-Очир болон Х.Олонбаярыг ямар гэрээ хийснийг мэдэх боломж байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар орон сууц Л.Бат-Очирын нэр дээр байсан, мөн банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Зээлээс чөлөөлж аваад үлдэгдэл төлбөрийг Л.Бат-Очирын дансанд шилжүүлээд дуусгавар болсон.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 45 дугаар байр, 2 тоот, 86м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн Ү-2205024582 дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Л.Бат-Очир, Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарт даалгах тухай нэхэмжлэгч Х.Олонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Олонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бат-Очироос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх Л.Бат-Очирын Солонгос Улсын виз мэдүүлэхтэй холбоотой баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Уг нотлох баримтыг нотолгооны хэрэгсэлд тооцсоноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцогдох боломжтой байсан.
5.2. Нэхэмжлэгч анхнаасаа орон сууцыг худалдан борлуулах зорилгогүй байсан. Хариуцагч Л.Бат-Очирыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн буюу эрх зүйн чадвар, чадамжгүй үед нь хариуцагч Ц.Баярбилэг очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүнийг олон хоногоор архи уусан гэдгийг нь гэрчлэх гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл эргээд хүчин төгөлдөр бус байна гэж заасан.
5.3. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 157,000,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан үнэлгээгээр тогтоогдсон байхад 85,000,000 төгрөгөөр зарсан байгаа нь хариуцагчийг эрх зүйн чадвар чадамжгүй байх үед нь хийсэн хэлцэл гэж үзэж болохоор байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч Л.Бат-Очирын гаргасан тайлбарын агуулга:
Би ээжийнхээ байрыг худалдан борлуулна гэж хэлэхгүйгээр ээждээ худлаа хэлж, тус байрыг бусдад зарсан. Тухайн байрыг худалдаж авсан Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын хохирлыг барагдуулах боломжтой гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нар нь тухайн орон сууцны шударга өмчлөгч нь учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Олонбаяр нь хариуцагч Л.Бат-Очир, Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө АОС 45-2 тоот хаягт байрлах, 86 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.Бат-Очир хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нар эс зөвшөөрч маргажээ.
3. Х.Олонбаяр, Л.Бат-Очир нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Х.Олонбаяр нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024582 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС 45 дугаар байр, 2 тоот хаягт байрлах, 86 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Л.Бат-Очир 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний дагуу Л.Бат-Очир 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. (хэргийн 12, 20 дахь тал)
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 онд Солонгос Улсын виз мэдүүлэх зорилгоор орон сууцыг түр хугацаагаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч буцаан шилжүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй ба анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг талуудад бодитой байсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
4. Мөн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Л.Бат-Очир болон Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Л.Бат-Очир нь дээрх орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нар 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Уг гэрээг үндэслэн Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. (хэргийн 41-42, 43 дахь тал)
Талууд гэрээний үнийг бодит байдалд 85,000,000 төгрөгөөр тохиролцсон, мөн Хаан банк ХХК дахь Ц.Баярбилэгийн эзэмшлийн 5019025305 тоот данснаас 34,000,000 төгрөгийг Л.Бат-Очирын Ачиткапитал ББСБ ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт шилжүүлж, 50,370,000 төгрөгийг Л.Бат-Очирын эзэмшлийн 5011196652 тоот дансанд шилжүүлжээ. (хэргийн 40, 79, 116-122 дахь тал)
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 157,000,000 төгрөгийн үнэлгээтэй байрыг 85,000,000 төгрөгөөр зарсан нь хариуцагч Л.Бат-Очир эрх зүйн чадамжгүй үедээ хэлцэл хийсэн гэж үзэж болохоор байна гэх давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу Л.Бат-Очирыг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцсон, иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан тухай баримт хэрэгт авагдаагүйгээс гадна зохигчдын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнд Тэнцвэр-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар гаргасан үнэлгээг хамаатуулан дүгнэх үндэслэлгүй болно. (хэргийн 59-67 дахь тал)
5. Нэхэмжлэгч Х.Олонбаяр нь хариуцагч Л.Бат-Очир түүнд мэдэгдэхгүйгээр орон сууцыг Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарт дамжуулан худалдсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлаж, хариуцагч Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарыг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон үйл баримтыг үндэслэл бүхий тогтоожээ.
5.1. Тус гэрээг Х.Олонбаяр, Л.Бат-Очир нарын байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээтэй шалтгаант холбоотой хийгдсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч Л.Бат-Очир нь анх нэхэмжлэгчтэй хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь хожим хуульд заасан үндэслэл, журмын дагуу Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хэлцэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.2. Мөн гомдолд дурдсан хариуцагч Л.Бат-Очирыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн буюу эрх зүйн чадамжгүй үед нь хариуцагч Ц.Баярбилэг очиж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйг анхан шатны шүүх зөв тогтоосон тул мөн гомдол үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр Х.Олонбаяр, Л.Бат-Очир нарын байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх боловч Л.Бат-Очир болон Ц.Баярбилэг, Х.Мөнхнасандэлгэр нарын байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Х.Олонбаяр нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/00751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА