Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00882

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00882

 

 

Өрмөн уул групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00945 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Өрмөн уул групп ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор Сонгоулд ХХК-аас 19,080,146,175 төгрөг гаргуулж Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, Сонгоулд ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Өрмөн уул групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард хаягт байрлах, Хайрын билэг-1 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000168 дугаартай, 1,952 м.кв талбайтай амралтын байр, 903 м.кв талбайтай чийрэгжүүлэх төв, 250 м.кв талбайтай ресторан, 11 м.кв талбайтай сүүний цех, 25 м.кв талбайтай 8 ширхэг жижиг байр, 64 м.кв талбайтай уурын зуух, 21 м.кв талбайтай харуулын байр, 105 м.кв талбайтай ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000228 дугаартай, амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө, тус хаягт байрлах хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай, 5 га талбайтай газар эзэмших эрх, Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000167 дугаартай, амралтын зориулалттай, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө, тус хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай, 3.7 га талбайтай газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг нийт 4,504,266,700 төгрөгөөр, Виннэрвэй ХХК үл хөдлөх хөрөнгө газар эзэмших эрх зэргийг нийт 7,557,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээр үнэлгээний тайлангуудад үнэлгээ илт багаар тогтоогдож, бидний хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Иймд Мөнх-Оргил трейд ХХК, Виннэрвэй ХХК-ийн үнэлгээг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Сонгоулд ХХК төлбөрийг барагдуулах тухай мэдэгдлийн дагуу төлбөр барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Сонгоулд ХХК, гуравдагч этгээд Өрмөн уул групп ХХК болон иргэдийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байна.

2.2. Өрмөн уул групп ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ суманд байрлах Хайрын билэг-1, Хайрын билэг-2 амралт сувилал, зуслангийн зориулалттай цогцолбор үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22261136/158-01, 22261136/158-02 дугаар тогтоолууд, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22261136/158-05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22261136/-07, 22261136/158-02 дугаар тогтоолуудаар хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч болон өмчлөгч нараас үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчаас ирүүлсэн саналаар харилцан тохиролцоогүй.

2.3. Дээрх Хайрын билэг-1 цогцолбор үл хөдлөх эд хөрөнгийг Мөнх оргил трейд ХХК нийт 4,504,266,700 төгрөгөөр, Хайрын билэг-2 цогцолбор үл хөдлөх эд хөрөнгүүдийг Виннэрвэй ХХК нийт 7,557,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг тогтоон, дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай Өрмөн уул групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг болох бөгөөд газраас салгаж үл болох хөрөнгө юм. Газрыг худалдан борлуулахад үл хөдлөх хөрөнгийг ашиглах боломжгүй байдалд хүрч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Д.Оюунбилэгийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байтал анхан шатны шүүх гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх талаар хийвэл зохих ажиллагааг хийгээгүй.

4.2. Шүүхээс нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн маргаан бүхий л хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь худалдан борлуулах зорилгоор хийгдсэн үнэлгээ буюу нэг талын хүсэлтээр хийгдсэн үнэлгээ байх ба шинжээчид хууль сануулж хийгдсэн үнэлгээний тайлан биш байх тул үнэлэх боломжгүй гэсэн нь хууль бус дүгнэлт болсон.

Үнэлгээчин болон үйлчлүүлэгч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр үнэлгээ хийж байгаа тохиолдолд үнэлгээчинд хууль сануулах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд нарийвчлан зохицуулсан хуулиар үнэлгээчин нь хуульд захирагдах, хараат бусаар үнэлгээг хийж үнэ цэнийг тогтоох эрх бүхий тусгай субъект. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн үнэлгээг үнэлээгүй талаарх үндэслэл хууль бус юм.

Түүнчлэн хэргийн оролцогчийн нотлох баримтыг гаргаж өгөх, түүнийгээ нотлох, мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Нэхэмжлэгч талаас хуульд заасан нотлох баримтыг шаардлагыг хангасан хэлбэрээр Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэхүү тайлангийн үнэн, бодит байдлыг нотлон тайлбарлуулахаар үнэлгээний тайланг гаргасан үнэлгээчин Х.Ганбилэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэж, нэхэмжлэгч талд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй.

4.3. Шинжээчээр Б.Эрдэнэбаатар, О.Бат-Эрдэнэ нарыг томилсон. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайлан нь томилогдсон шинжээч бус Мөнх оргил трейд ХХК, Виннэрвэй ХХК гэх хуулийн этгээдийн буюу хуульд заасан журмыг зөрчин гарсан байхад шүүх дүгнээгүй.

4.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт няцаалт өгөөгүй буюу хөрөнгийн үнэлгээнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Аль ч үнэлгээнд үнэлэгдэж буй хөрөнгийн онцлог шинжийг харгалзан үзээгүйгээс гадна газрын үнэлгээг дутуу гаргасан. Түүнчлэн Хайрын билэг-2 цогцолбор байрлаж буй 3.7 га газар дээр барьцааны бус үл хөдлөх эд хөрөнгө байгаа бөгөөд газрын үнэ цэнийг тогтоохдоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулаагүй. Газрын үнэ цэнэ нь газар, түүн дээрх хөрөнгийн нийлбэрээр тогтоогдож байж бодитой гарна. Мөн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчийн 1952 м.кв талбай үл хөдлөх хөрөнгийг ор үндэслэлгүйгээр бууруулан үнэлгээ гаргасан. Энэ мэтчилэн хөрөнгийн үнэлгээний тайлангууд нь бодит байдалд нийцээгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, харьцуулсан гэх хөрөнгүүдийг бодитоор үзэж харьцуулан дүгнээгүй зэрэг олон зөрчилтэй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Өрмөн уул групп ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дор дурдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Үүнд:

2.1. Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Баяндавааны ард хаягт байрлах, Хайрын билэг-1 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000168 дугаартай, 1,952 м.кв талбайтай амралтын байр, 903 м.кв талбайтай чийрэгжүүлэх төв, 250 м.кв талбайтай ресторан, 11 м.кв талбайтай сүүний цех, 25 м.кв талбайтай 8 ширхэг жижиг байр, 64 м.кв талбайтай уурын зуух, 21 м.кв талбайтай харуулын байр, 105 м.кв талбайтай ажилчдын байр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000228 дугаартай, амралтын зориулалттай 296.84 м.кв, 525 м.кв, 532.5 м.кв талбайтай Хайрын билэг-1 цогцолбор эд хөрөнгө,

Дээрх хаягт байрлах хүүхдийн зуслангийн зориулалттай, нэгж талбарын 18691300660024 дугаартай, 5 га талбайтай газар эзэмших эрх,

2.2. Төв аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр баг, Өгөөмөр тулгат гацаа байр, Хайрын билэг-2 тоот байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000167 дугаартай, амралтын зориулалттай, 1,890 м.кв, 254 м.кв, 180 м.кв, 100 м.кв, 40 м.кв, 64 м.кв, 30 м.кв талбайтай Хайрын билэг-2 нэртэй цогцолбор эд хөрөнгө,

Дээрх хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай, нэгж талбарын 18691304420877 дугаартай, 3.7 га талбайтай газар эзэмших эрх.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр Сонгоулд ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18,985,062,911.83 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 95,083,264.56 төгрөг гаргуулан Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д олгож, Сонгоулд ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. Үүний дагуу шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1408 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан үйл баримт тогтоогджээ. (хэргийн 1 дэх хавтас 65, 98-157 дахь тал)

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000168, Ү-1423000228 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд болон 5 га талбайтай газар эзэмших эрхийг нийт 4,504,266,700 төгрөгөөр, шинжээч Виннэрвэй ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд болон 3.7 га талбайтай газар эзэмших эрхийг нийт 7,557,000,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. (хэргийн 1 дэх хавтас 187-241, 245-250, 2 дахь хавтас 1-25 дахь тал)

3.2. Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000168, Ү-1423000228 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд болон 5 га талбайтай газар эзэмших эрхийг нийт 8,034,492,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-1423000167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд болон 3.7 га талбайтай газар эзэмших эрхийг нийт 10,105,212,100 төгрөгөөр тус тус үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. (хэргийн 2 дахь хавтас 75-181 дэх тал)

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Х.Ганбилэгээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ ... нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг дэлгэрэнгүй тайлбарлах мэдлэг хомс, үнэлгээчин өөрөө энэ үнэлгээний учрыг гаргаж хэлж өгснөөр нотлох баримтын шаардлага хангах гэж тодорхойлжээ. (хэргийн 2 дахь хавтас 73, 184 дэх тал)

Гэвч шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/04975 дугаар захирамжаар ... хэрэгт хамааралгүй, зайлшгүй асуух шаардлагатай нөхцөл байдал байгаа болох нь хүсэлтэд тодорхойгүй. Нэхэмжлэгч тал хэрэгт өгсөн дүгнэлтийнхээ хүрээнд тайлбарлаж мэтгэлцэх боломжтой гэх үндэслэлээр уг хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг бүрдүүлэх хуулийн зохицуулалттай. (хэргийн 2 дахь хавтас 197-198 дахь тал)

Үүнээс гадна шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатар, Виннэрвэй ХХК-ийн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нарыг шүүх хуралдаанд оролцуулан үнэлгээг тайлбарлуулсан атлаа Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээчнээс гэрчийн мэдүүлэг авхуулах дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЗОЛЗАЯА