Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00916

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 01 210/МА2023/00916

 

 

М.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ерөнхий *******д холбогдох

Тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бундсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. М.******* нь Монгол Улсын *******лөгчийн ******* оны 37 дугаар зарлигаар *******-******* аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр анх томилогдож байсан. ******* аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд ажиллаж байгаад Монгол Улсын *******лөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд төрийн албанд 36 жил, шүүгчээр 26 жил ажилласан.

1.2. Нэхэмжлэгч шүүгчийн албан тушаалд ажиллаж байхдаа шүүгчийн албан тушаалын цалин 2,900,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлийн 40 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл, нийт 65 хувийн нэмэгдлээр цалин хөлс авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж тус тус заасан.

Гэтэл ******* ерөнхий *******өөс тэтгэмж олгохдоо нэхэмжлэгчийн албан тушаалын цалин 2,900,000 төгрөгийг 36 сараар тооцож 104,500,000 төгрөг олгосон нь дээрх хуульд нийцэхгүй байна. Онцгой нөхцөлийн 40 хувийн, төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдлийг бодоход нэг сард авдаг нэмэгдэл 1,885,000 төгрөг ба үүнийг 36 сараар тооцоход нийт 67,860,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь тооцооллын хувьд буруу тооцсон байх тул хариуцагчаас 100,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд хариуцагчаас 67,760,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. М.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ******* ерөнхий ******* албан тушаалаас нь чөлөөлүүлэх санал гаргаж, Монгол Улсын *******лөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн.

2.2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд ******* ерөнхий ******* хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон.

Дээрх хуульд сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралт Шүүгчид нэмэгдэл олгох журам-аар албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн хувь хэмжээг баталсан.

Нэмэгдлийг албан тушаалын цалингаас тооцож сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил албан тушаалын цалингаас тооцно.

Иймээс ******* ерөнхий *******өөс албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож тэтгэмж олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ерөнхий *******өөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ерөнхий *******өөс 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М.******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж хариуцагч ******* ерөнхий *******өөс 496,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ******* ерөнхий *******ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог.

4.2. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил албан тушаалын цалингаас тооцно. Иймээс 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ерөнхий *******д холбогдуулан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийн авч байсан сарын дундаж цалингаас нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байтал хариуцагч үндсэн цалингаас тооцож нэмэгдлээс тооцоогүй гэж,

хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин учир нэг удаагийн тэтгэмжийг нэмэгдлээс тооцох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Монгол Улсын *******лөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаар зарлигаар М.*******ыг хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн ба ******* ерөнхий *******өөс түүнд нэг удаагийн тэтгэмжид 104,500,000 төгрөг олгосон үйл баримтыг зохигчид маргаагүй.

 

5. Бүх шатны шүүхийн шүүгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар төрийн тусгай албан тушаалд хамаарна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт ... төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна ... гэж заасан ба тус зохицуулалт нь шүүгчид хамааралгүй байна.

Учир нь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгааг хуульчлахдаа дээрх харилцааг тусгайлан зохицуулсан байна.

Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заажээ.

 

6. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан тул дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэгт хуульд заасан нэмэгдлүүд хамаарна гэж тайлбарлах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн сарын дундаж цалин нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

 

7. Хариуцагч байгууллага нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалингаас тооцсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгч нь тэтгэмжийн зөрүүд 67,760,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00935 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ерөнхий *******д холбогдуулан гаргасан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЗОЛЗАЯА