Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 00176

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Ө.Б д холбогдох эрүүгийн 1715001470180 дугаартай, 163/2018/0164/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, 4 удаагийн ял шийтгэлтэй, Ш овогт Ө.Б  

Холбогдсон хэргийн талаар: 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт оршин суух Б.Э амбаарт нэвтрэн хөлдөөгч, мах, айраг, сүү зэрэг эд зүйл хулгайлж 510000 /таван зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б ын өгсөн:  Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хөлдөөгчийг нь ганцаараа өглөө очиж авсан. Дотор нь байсан зүйлийг зах дээр хүнд өгчихсөн. Хөлдөөгчийг хашаандаа таксигаар оруулсан байхад цагдаа ирээд намайг авч явсан. Хохирогч өөрөө ирж хөлдөөгчөө бүрэн бүтэн буцааж авсан. Хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,  

1715001470180 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.Э өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн хашаанд байрлах байшиндаа очтол манай 2 хаалгатай хөлдөөгч алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөлдөөгчөө 2012 онд 500.000 мянгаар худалдаж авч байсан. Одоо бол 200.000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Тухайн үед хөлдөөгчинд 10 л айраг, 5 л сүү, 3 кг орчим хонины мах байсан юм. Эдгээрийг 50.000 төгрөгөөр үнэлэнэ. ...Цагдаа нар шуурхай ажиллаж миний хөлдөөгчийг олж өгсөн...дотор байсан зүйл нь алга болсон байсан гэх /хх-30-31 тал/, ...би хөлдөөгчөө тухайн үед шалгаагүй хэд хоносон. Миний бодлоор хулгайлах үед эвдсэн байх гэж бодож байна. Хөлдөөгчөө бүрэн олоод авсан болохоор гомдол санал байхгүй. Харин дотор нь басан эд зүйлээ нэхэмжлэх болно гэх /хх-ийн 32 тал/ мэдүүлгүүд,

Гэрч Г.Ө өгсөн: Ө.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ ирэхдээ цагаан өнгийн хөлдөөгч таксигаар авчирсан юм. Таксины жолоочоос хаанаас авсан бэ гэхэд “2 дугаар цэцэрлэгийн доод талын уурын зуухны дэргэдээс ачсан” гэж хэлсэн. Тэгээд Ө.Б аас ямар учиртай хөргөгч вэ гэхэд юу ч хэлээгүй. Тэр хөлдөөгчийг эзэн нь гээд нэг залуу тухайн өдрийн орой нь ирээд авсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэрч Д.*******ын өгсөн: Ө.Б , Д.******* хоёр 2017 оны 09 дүгээр сарын дундуур манайд ирсэн. Бид хэд нэг шил архи хувааж уусан. Тэгэхдээ Ө.Б , ******* нар айлаас хөлдөөгч авчирч зарах талаар ярьж байсан. Тухайн үед би сонирхоогүй. Хэний ямар хөлдөөгч гэдгийг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэрч Д.*******ын өгсөн: Би цагдаагийн газарт шалгагдаж байхдаа Ө.Б гэдэг хүнтэй танилцаж байсан. Нэг удаа л уулзаж байсан. Ө.Б   надад хөлдөөгч энэ тэр гэж юу ч хэлж байгаагүй. Би тийм үг сонсоогүй юм байна гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Шүүгдэгч Ө.Б ын яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр 17 цагийн үед би архи уучихсан Булган аймгийн төвөөр явж байсан. Тэгээд нэг цэцэрлэгийн хашаанд унтах гээд хашаа руу орсон. Тэр хашаанд нэг амбаар байсан. Цоожийг нь зүүгээд орхичихсон байсан. Тэгээд би унтах гэтэл хүйтэн даараад байхаар нь тэр амбаарлуу орж хэсэг унтсан. Тэгээд амбаараас бүрэнхий болоход гарсан. Тэр амбаараас гарахдаа хаалганы хажууд байсан цагаан өнгийн хөлдөөгчийг авч гарсан. Тэгээд замын хажуу талын уурын зуухны хажууд тавьж байгаад машин тосох гэтэл машин зогсохгүй байхаар нь нөгөө хөлдөөгчөө орхиод явчихсан. Тэгээд би машин хайж нэлээн явж байгаад ядраад сааданд орж унтсан. Тэгээд би маргааш өглөө нь 09 цагийн үед Жаргалант дэлгүүрийн урд талаас такси аваад нөгөө хөлдөөгчөө авч гэртээ аваачиж буулгасан. Тэр үед таксины мөнгийг манай аав өгсөн. Тэгээд унтаж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Хөлдөөгч авахдаа ганцаараа явж байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17/263 тоот

  1. Хөлдөөгчийг 465000 төгрөгөөр үнэлж,
  2. 10 лирт айрагны нэг литрийг 2500 төгрөгөөр үнэлж 25000 төгрөг,
  3. 3 кг хонины махны 1 клиограммыг 5000 төгрөгөөр үнэлж 15000 төгрөг,
  4. 5 литр сүүний 1 литрийг 1000 төгрөгөөр үнэлж 5000 төгрөг,  нийт

510000 төгрөгний хохирол учирсан гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-17 тал/, хэргийн газарт болон камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-20 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60-61, 78 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-65-70, 73-76 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-96-97 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Э өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн хашаанд байрлах байшиндаа очтол манай 2 хаалгатай хөлдөөгч алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөлдөөгчөө 2012 онд 500.000 мянгаар худалдаж авч байсан. Одоо бол 200.000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Тухайн үед хөлдөөгчинд 10 л айраг, 5 л сүү, 3 кг орчим хонины мах байсан юм. Эдгээрийг 50.000 төгрөгөөр үнэлэнэ  гэх, гэрч Г.Өлзийбаярын өгсөн “... Ө.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ ирэхдээ цагаан өнгийн хөлдөөгч таксигаар авчирсан юм. Таксины жолоочоос хаанаас авсан бэ гэхэд “2 дугаар цэцэрлэгийн доод талын уурын зуухны дэргэдээс ачсан” гэж хэлсэн. Тэгээд Ө.Б аас ямар учиртай хөргөгч вэ гэхэд юу ч хэлээгүй. Тэгэхээр нь хулгай хийсэн юм уу гэхэд “хулгай хийнэ дээ” гээд унтаад байсан. Тэр хөргөгчийг эзэн нь гээд нэг залуу тухайн өдрийн орой нь ирээд авсан” гэх мэдүүлгүүд, шинжээчдийн 510.000 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны үед Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлалтай Б.Э амбаарт нэвтрэн орж 10 кг айраг, 3 кг хонины мах, 5 лирт сүү зэрэг эд зүйлтэй хөлдөөгчийг авч захиран зарцуулсан үйлдлээрээ тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  нотлогдож тогтоогдсон байна.

      Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршигийн талаарх хохирогч Б.Э мэдүүлгийн эх сурвалжийг  “Ө.Б ыг таксигаар хөлдөөгч авчирсан болохыг гэрчилсэн” гэрч Г.Өлзийбаярын мэдүүлэг нотлож байх бөгөөд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

 

       Шүүгдэгч Ө.Б ын дээрхи үйлдэл нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Ө.Б нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 465000 төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгчийг биет байдлаар хүлээлгэн өгч, хөлдөөгчинд байсан эд зүйлийн үнэ болох 45000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

       Харин хохирогч хэргийн материалтай танилцах явцдаа /хх-95 тал/ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүхийн шатанд хөлдөөгчний эвдрэлтэй холбоотой хохирол, хөлдөөгчинд байсан эд зүйлийн үнийг нэхэмжлэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

        Иймд шүүгдэгч Ө.Б аас эд зүйлийн үнэ 45000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э т олгож, хөлдөөгчинд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ө.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.      

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:    

      1. Шүүгдэгч Ш овогт Ө.Б ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Б ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б аас 45000 /дөчин таван мянга/ төгрөгийг  гаргуулж хохирогч Б.Э т олгож, хохирогч нь хөлдөөгчинд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг эрхтэйг дурьдсугай.

         5. Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болхыг тус тус  дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД