Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0605

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, Ө.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0597 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “О ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Үндэсний аудитын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 597 дугаар шийдвэрээр: “Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3, Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “О ш” ТББ-ын “...Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч /Засгийн газрын тусгай сан/-д учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, тус байгууллагыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчид учруулсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай захиргааны акт гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч “О ш” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн “103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны “тухайн захиргааны байгууллага” гэдгийг хохирол учруулсан албан тушаалтан гэж тайлбарлан хэрэглэжээ.

     Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл бүхэлдээ учир дараалалтай өмнөх заалтаа дэмжиж тодотгосон байдалтайгаар зохицуулагдсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

    Тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан.

     Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

      Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасан бөгөөд тус заалтад дурдагдаж буй “тухайн захиргааны байгууллага” гэх субъект нь өмнөх 103.1-т заасан “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт хохирол хүлээсэн захиргааны байгууллага”, Иргэний хуулийн 498.5-д заасан “гэм хорыг арилгасан байгууллага” байна.

 

Дараах хүснэгтээр харуулбал:

 

Ямар үндэслэлээр

Хэн

Хэнээс

Юуг

Захиргааны ерөнхий хуулийн 103.1

Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсан захиргааны байгууллага

Гэм буруутай албан тушаалтан

өөрт учирсан хохирлыг

Иргэний хуулийн 498.5

Бусдад учруулсан гэм хорыг арилгасан байгууллага

Гэм буруутай этгээд

Өөрт учирсан хохирлыг

Захиргааны ерөнхий хуулийн 103.2

Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5-д заасан хохирол барагдуулсан, гэм хорыг арилгасан захиргааны байгууллагын дээд шатны дотоод аудитын нэгж

Гэм буруутай албан тушаалтан

Иргэн хуулийн этгээдэд учруулсан хохиролыг барагдуулсаны улмаас доод шатны байгууллагад учирсан хохирлыг

Захиргааны ерөнхий хуулийн 103.3

Хохирол, гэм хорыг арилгасан байгууллагын дээд шат дотоод аудитын нэгжгүй бол төрийн аудитын байгууллага

Гэм буруутай албан тушаалтан

Иргэн хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсаны улмаас тодорхой захиргааны байгууллагад учирсан хохирлыг

 

     Өөрөөр хэлбэл, маргааны тохиолдолд шүүхийн дүгнэсэн хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд нь “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь гэм буруутай албан тушаалтан байж, түүний буюу тухай захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хариуцна” гэж үзсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

     Маргааны тохиолдолд хариуцагчаар татагдсан этгээд нь Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2, 103.3-д заасны дагуу гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй буюу Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг Үндэсний аудитын газар шаардах эрхтэй байхаар хуульчилсан байна.

      Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 11 дүгээр хуудаст “Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг төлүүлэх үүргийг хэн хэрэгжүүлэх вэ? гэдэгт, Захиргааны ерөнхий хуулийн 103.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар тодорхойлогдсон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга нь гэм буруутай албан тушаалтан байж, түүний буюу тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хариуцна гэж шүүх үзлээ” гэжээ.

     Тухайн тохиолдолд “М А” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлсний улмаар өөрт хохирол хүлээсэн захиргааны байгууллага нь “Засгийн газрын тусгай сан” бөгөөд тус сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-т зааснаар Засгийн газрын шууд харьяаны байгууллага байх бөгөөд 2016 оны 07 сарын 21-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд дотоод аудитын нэгж байхгүй байна.

     Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллаа хариуцна” гэж зааснаар “Засгийн газрын тусгай сан”-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг хүлээсэн субьект нь төрийн аудитын байгууллага буюу Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар, төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь аудитын төрөл болон нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулагдсан аудитын байгууллага байна” гэж заасны дагуу Үндэсний аудитын байгууллага байна.

     Иймээс шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 103.2-т заасныг хэрэглэх ёсгүй байсан.

     Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 13 дугаар хуудас “Төсвийн тухай хуулийн 4.1.49, мөн хуулийн 69.1-т зааснаар Үндэсний аудитын газар бус тухайн гэм буруутай албан тушаалтны дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар байна. Хэрэв хариуцагчаар татагдсан Үндэсний аудитын газар Захиргааны ерөнхий хуулийн 103.3-д зааснаар Засгийн газрын тусгай сангаас зарцуулахаар гаргасан хөрөнгө бүрт Захиргааны акт гаргаж, нөхөн төлүүлнэ гэвэл мөн хуулийн 103.2 дах заалт хэрэгжих боломжгүй болох юм” гэжээ.

     Төсвийн тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсвөөс бүрдэнэ”

     Төсвийн тухай хуулийн зарчим нь Тус хуулийн 14.1-д заасан Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрийн ангилан хамаарч тухайн ерөнхийлөн захирагч тус бүр өөрт хуваарилагдсан төсвийн зарцуулалтын хууль, тогтоомжид заасны дагуу зарцуулан тайлагнах, түүний хүрээнд дотоод аудит ажиллуулах тухай зохицуулалт.

      Өөрөөр хэлбэл төсвийн ерөнхийлөн захирагч өөрт тухайн жилд хуваарилагдсан төсөвт хохирол учрах тохиолдолд тус зохицуулалт хамааралтай байж болно.

      Харин маргааны тохиолдолд Төсвийн тухай хуулийн 14.1.4.Ерөнхий сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн” гэж заасан төсөвт учирсан хохирлыг тус хуулийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн гэж заасан ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуулийн 69.1-т заасны дагуу дотоод аудит хийх байдлаар нөхөн төлүүлэх боломгүй юм.

     Иймд маргааны тохиолдолд Төсвийн тухай хуулийн 69.1-т заасныг бус харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглээний зарчмыг баримтлан илүү нарийвчилсан зохицуулалт болох Захиргааны ерөнхий хуулийн 103.3-т заасныг хэрэглэх ёстой.

      Засгийн газрын тусгай сангаас зарцуулахаар гаргасан хөрөнгө бүрт Захиргааны ерөнхий хуулийн 103.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар захиргааны акт гаргаж нөхөн төлүүлнэ гэвэл тус хуулийн 103.2 дах заалт хэрэгжих боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

     Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлсний улмаас өөрт хохирол хүлээсэн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага дотоод аудитын нэгжтэй бол Захиргааны ерөнхий хуулийн 103.2-д заасан журам үйлчилж харин тийм байгууллага байхгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 103.3-т заасан журам үйлчлэх ёстой.

    Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 0597 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбоотой шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч “О ш” НҮТББ-аас Үндэсний аудитын газарт холбогдуулан “Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч /Засгийн газрын тусгай сан/-д учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, тус байгууллагыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчид учруулсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай захиргааны акт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

     Нэхэмжлэгчээс шийдвэрийг эс зөвшөөрч гомдолдоо “...төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлээс учирсан бодит хохирол болох 2.779.027.850 төргөгийг Засгийн газрын тусгай сангаас гаргуулан “М А” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэр гарсан, улмаар 500.000.000 төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар олгохоор шийдвэрлэсэн, уг мөнгө нь Засгийн газрын тусгай сангаас гаргасан тул хохирлыг нөхөн төлүүлэх үүргийг Үндэсний аудитын газар хариуцах ёстой...” хэмээн маргаж байна.

      Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна.

      Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 338 дугаар шийдвэр болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Засгийн газрын тусгай сангаас гаргуулахаар шийдвэрлэж, тус сангаас 500.000.000 төгрөгийг олгосон болох нь тогтоогдож байх ба уг мөнгийг гэм буруутай албан тушаалтны дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хариуцан барагдуулна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй биш байна.

       Тодруулбал, энэ тохиолдолд гэм буруутай албан тушаалтан нь Шаамар сумын Засаг дарга боловч Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс “М А” ХХК-д учруулсан хохирлоос 500.000.000 төгрөгийг гаргаагүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс хохирлыг барагдуулж, өөрийн төсөвт хохирол учруулаагүй тул хохирлыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хариуцан барагдуулах үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

     Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан өөрт учирсан хохирол буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг хэн хариуцан төлүүлэх үүрэгтэй болохыг, мөн гэм хорыг арилгасан байгууллага болох Засгийн газрын тусгай сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Засгийн газрын шууд харъяа байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байгаа эсэхийг холбогдох хуулийн заалтуудтай уялдуулан дүгнэлт хийж шийдвэрлээгүйгээс гадна тухайн хохирлыг төсвийн аль эх үүсвэрээс гарснаас хамаарч төсөвт буцаан төлүүлэх үүргийг ямар субъект хэрэгжүүлэхийг анхаарах нь зүйтэй байжээ.

      Харин нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 338 дугаар шийдвэрээр Засгийн газрын тусгай сангаас 2.779.027.850 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн дүнгээс 500.000.000 төгрөгийг тус сангаас гаргасантай холбоотой өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр эргэн төлүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн тайлбарлаж маргасан атлаа шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн нийт 2.779.027.850 төгрөгийг төлүүлэх үүргийг Үндэсний аудитын газар хариуцаж төлүүлэх үүргээ биелүүлэхгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээс өөр байдлаар маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

      Түүнчлэн нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж буй захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргах эрхтэй ч тухайн хариуцагчаас ямар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ямар захиргааны акт гаргуулах гэж байгааг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргах ёстой.

     Энэ тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх тухай ямар захиргааны акт гаргахыг даалгуулах эсхүл өөр ямар байдлаар төлүүлэхийг шүүхээс хүсч байгаа нь тодорхой биш, ойлгомжгүй байна.

      Хэрэв нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөр өөр агуулгаар тайлбарлан маргаж буй нөхцөлд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулах боломжийг олгож, мөн хуулийн 53.3-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан боломжийг хэрэгжүүлсэн мөртлөө нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл зөрүүтэй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

      Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

              ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ