Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0061

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Нийгмийн даатгалын

хэлтэст холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                        Х.Батсүрэн

                                            М.Батсуурь

                                            Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах     

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 616 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 616 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 20 дугаар зүйлийн 4, 5, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг зохих журмаар тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 616 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М.Г-ийн өндөр насны тэтгэврийг зохих журмаар тогтоохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж үзэж байна. М.Г нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 438 дугаар шийдвэрээр “...1984 оны 9 сарын 21-ний өдрөөс 1994 оны 3 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачин /нормчин/-аар 9 жил 6 сар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон байна.

4. ...Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, нас зэргийг харгалзан тэтгэвэр тогтоохоор заасан. М.Г-ийн хувьд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 438 дугаар шийдвэрээр “...1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбарт малчин”-аар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон хэдий ч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг Нийгмийн даатгалын архиваас шүүж үзэхэд Зэрэг сумын Эрчим хүч, Засаг даргын Тамгын газарт шимтгэл төлж ажилласан 4 жил 9 сар, Зэрэг сумын Хүн эмнэлэгт 2011-2016 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг ба энэ нь тухайн цаг үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг.

5. Үүнийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тооцох журам”-ын 4-т зааснаар шилжүүлэн тооцоход 3 жил, 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1 дэх хэсэгт заасан “...15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн...” гэх шаардлагыг хангахгүй байгаа юм. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 590 дүгээр захирамжаар Зэрэг сумын Эрүүл мэндийн төв нь 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 сар дуустал хугацааны М.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зөрүү 2.284.380 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хэдий ч энэхүү нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү мөнгө нь шүүхийн шийдвэр гарах үед Зэрэг сумын Эрүүл мэндийн төвөөс нийгмийн даатгалын санд шилжиж ирээгүй.

6. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 616 дугаар магадлалд “...нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх боломжтойг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх “шимтгэл төлөгдөөгүй” хугацаанд оруулж дүгнэсэн нь буруу...” гэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 1 дэх хэсгийн “...15-аас доошгүй жил ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн...” байх хуульд заасан тогтоосон журмыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хуульд заавал “шимтгэл төлсөн” байхыг харгалзан үзэхээр заасан байхад давж заалдах шатны шүүх “...нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх боломжтойг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан...” гэж дүгнэж хуулийг буруу тайлбарласан байна.

7. Мөн магадлалд “...хариуцагч хяналт шалгалт хийж М.Г-ийн нийгмийн даатгалын дэвтрийн 1995-2005 онуудын шимтгэл төлөлтийг баталгаажуулсныг хуурамч болохыг тогтоогоогүй атлаа нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй буруутай этгээдийг тогтоож, шимтгэл нөхөн төлүүлэх, эсхүл ажил олгогч татан буугдах зэргээр шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон эсэхийг тогтоох үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнэсэн байдаг. Ховд аймгийн Зэрэг сумын Эрчим хүчний салбар гэх байгууллага нь хэзээ татан буугдсан нь тодорхойгүй бөгөөд хариуцах эзэн байхгүй байхад шимтгэл төлөөгүй буруутай этгээдийг тогтоож, буруутай ажил олгогчоор нөхөн төлүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь өөрөө хууль бус юм. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 616 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Нэхэмжлэгч М.Г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/-д заасан “малчнаар ажилласан” гэсэн хуулийн шаардлага хангасан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж, харин хариуцагчаас “малчнаар ажилласан гэх нөхцөлийг үгүйсгэхгүй ч шимтгэл төлсөн хугацаа нь хуульд заасан шаардлагад /жилд/ хүрэхгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд заасан насны болзол хангасан боловч малчнаар ажилласан гэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлөгдөөгүй, иймээс энэ үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль ёсны...” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин давж заалдах шатны шүүх “...  хариуцагч нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүйд буруутай этгээдийг тогтоож, шимтгэлийг нөхөн төлүүлэх, эсхүл ажил олгогч татан буугдах зэргээр шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон эсэхийг тогтоох үүргээ биелүүлэлгүй, нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй байдалд М.Г-г буруутгаж, түүнээс шалтгаалаагүй, түүний тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг түүнээс шаардаж өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус...” гэсэн дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

11. Дээрх дүгнэлтүүдийг хийхдээ аль аль шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:...” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлийн талаар хангалттай дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь уг хуульд заасан “мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн” буюу “малчин” уу, эсхүл ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж цалин хөлс авдаг /бусад иргэдийн нэгэн адил/ даатгуулагч уу гэдгийг бүрэн тодруулж дүгнэлт өгөх шаардлагатай.

12. Хэрэв шүүхээс нэхэмжлэгчийг хуулийн дээрх нөхцөлийг хангасан “малчин” гэж үзэж байгаа бол хариуцагчийн “дутуу төлөгдсөн” гэж маргаж буй нийгмийн даатгалын шимтгэлийг хэн төлсөн, өөрөөр хэлбэл, дутууг нь хэн төлөх үүрэгтэй /нэхэмжлэгч үү, ажил олгогч уу/ болохыг, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр дэх 1995-2005 оны бичилтээр ажил олгогч, болон даатгуулагчийн төлсөн гэх нийт шимтгэлийн хэмжээ нь хэд болж байгаа, энэ нь тухайн цаг хугацаанд төлөх ёстой байсан /10 жилийн/ нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хүрч байгаа эсэх, хэрэв хүрэхгүй байгаа бол хэний буруу болох, үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн /даатгуулагчийн/ төлөх ёстой байсан шимтгэлийн хэмжээ нь хэд болох, үүнээс хэд төлөгдсөн, хэд дутуу, дутууг нь нөхөн төлүүлэх боломжтой эсэх зэргийг холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

13. Түүнчлэн, ажил олгогч нь төлөх ёстой байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүйгээр татан буугдсан тохиолдолд хэнд, ямар хууль зүйн үр дагавар үүсдэг, тухайн үр дагавар нь даатгуулагчид хэрхэн тусдаг буюу даатгуулагчийн эрхийг хязгаарлах үндэслэл болох эсэх, хэрэв татан буугдсан байгууллагад ажиллаж байсан ажилтан нь авч байсан цалин хөлснөөс нь нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаагүй гэдгийг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх, ингэснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болох эсэхийг тодруулах нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.   

14. Мөн, нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1/-д заасан нөхцөлийг бүрэн хангасан гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг буюу шууд тэтгэвэр авахыг шаардаж байна уу, эсхүл Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухайд хуульд зааснаар /магадгүй тодорхой хугацааны/ тэтгэврийн даатгалын шимтгэлээ зохих журмын дагуу нөхөн төлөх нөхцөлтэйгөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгохыг шаардаж байна уу гэдгийг /нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг/ тодруулах хэрэгтэй.

15. Дээр дурдсан үндэслэлийг тодруулалгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлыг хангах боломжгүй. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 616 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                          ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ