Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0013

 

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: “Баярт тал агро” ХХК /улсын бүртгэлийн дугаар 411004080/, хаяг: Булган аймаг, Хишиг-Өндөр сум Тээг 3-р баг/

      Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга /Д.Эрдэнэбат/-д холбогдох

     Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн захирал Д.Баттүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Баярт тал Агро” ХХК-ийн захирал Д.Баттүвшин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт 2868.1 га газарт улаан буудайн тариалангийн үйлдвэрлэлийг 2010 оноос эхлэн одоог хүртэл 6 жил тасралгүй явуулж ирсэн. Дээр дурдсан тариалангийн газрыг эзэмшүүлэхээр Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 2010 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд Булган сонинд нээлттэй төсөл сонгон шалгаруулалт зарлаж төсөл сонгон шалгаруулалт явуулсан ба тухайн үед "Редгранат" ХХК-ийн нэрээр оролцож 2 сонгон шалгаруултанд ялалт байгуулж, Хишиг-Өндөр сумын Тамгын газартай гэрээ байгуулж 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Улмаар 2012 онд аймгаас тариалангийн компаниуд нь орон нутгийн татвар төлөгч байх ёстой гэсэн шаардлага тавьсанаар “Баярт тал агро” ХХК-ийг үүсгэн байгуулж, Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2012 оны 42 дугаар захирамжаар эрх шилжүүлэн авч үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байлаа.

        Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Засаг дарга А/141 тоот захирамж гаргаж, манай компанийн эзэмшиж байсан газрыг бүхэлд нь цуцалж, Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 94, 166, 2012 оны 42 дугаар захирамжуудыг хучингүй болгосон байна.

    Бид газар эзэмшүүлэх нээлттэй зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтанд оролцохдоо төрийн байгууллагын үйл ажиллагааг хянах, төсөл сонгон шалгаруулалт нь хууль ёсны дагуу зарлагдсан эсэх, хуулийн дагуу явагдаж байгааг нягтлан шалгах үүрэг хүлээгээгүй. Харин өөрсдөөс шалтгаалах хуулийн шаардлагыг биелүүлж төсөл сонгон шалгаруултанд оролцсон ба ялалт байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа сум орон нутгийн төрийн байгууллагын шийдвэр, хуулийн шаардлагыг биелүүлж байсан төдийгүй компанийн нийгмийн хариуцлагыг ухамсарлах үүднээс орон нутагт олон арга хэмжээг хэрэгжүулж ирсэн нэр хүндтэй компани юм.

       Аймгийн Засаг даргын А/141 тоот захирамж нь Аудитын байгууллагын дүгнэлтэнд үндэслэсэн байх ба Аудитын байгууллага нь иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн гэх боловч эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай компаниас нэг ч удаа тодруулж тайлбар аваагүй, сонсгол хийгээгүй юм. Түүгээр ч үл барам бид шийдвэрийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргаж зохих албаны шалгалт хийж өгөхийг хүссэн боловч татгалзсан хариуг аймгийн Засаг дарга амаар өгсөн билээ.

    Иймд манай компанийн эрх ашиг хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн дагуу Булган аймгийн Засаг даргын 2016 оны А/141 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

    Хариуцагч Булган аймгийн Засаг дарга /Д.Эрдэнэбат/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Аудитын газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр Хишиг-Өндөр сумын Засаг даргаас “Баярт тал агро” ХХК-нд газар тариалангийн зориулалтаар 2868,1 га газар эзэмшүүлж гаргасан шийдвэрүүд нь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан хэмжээнээс 1637 га-аар хэтрүүлэн олгосон, энэхүү газар олголтыг шийдвэрлэхдээ багийн иргэдийн нийтийн хурлын саналыг аваагүй, сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэгдэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, арга хэмжээ тооцож, хариу ирүүлэхийг аймгийн Засаг дарга сумын Засаг даргад үүрэг болгож даалгасан.

    Аймгийн Засаг даргаас Хишиг-Өндөр сумын Засаг даргад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоомж зөрчиж олгосон шийдвэрээ хүчингүй болгож ирүүлэхийг аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/143 тоот бичгээр мэдэгдсэн боповч Хишиг-Өндөр сумын Засаг даргаас 02 дугаар сарын  19-ний өдрийн  1/39 дүгээр албан бичгээр хүчингүй болгох үндэслэлгүй тухай ирүүлсэн.

    Иймд тухайн сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1300 га-аас хэтрүүлэн 1637 га газрын эзэмшүүлсэн үндэслэл болох хуралдааны тэмдэглэл, тогтоол холбогдох материалыг авахыг хүссэн боловч сумын Засаг даргын албан бичгээр ирүүлсэн матераил нь шаардлага хангахгүй буюу нэмж олгосон газрыг тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан гэх шийдвэр материал хавсаргаж ирүүлээгүй болно.

     Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар опгогдсон эрх хэмжээний дагуу А/41 тоот захирамж гарган Хишиг-Өндөр сумын Засаг даргын 166, 2010 оны 94, 2012 оны 42 дугаар захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгож, мөн захирамжийн хоёрдугаар заалтаар “Баярт тал агро” ХХК-ийн хууль ёсны эзэмшил бүхий 1300 га газрын эзэмших эрхийг олгож, хэтрүүлэн олгосон 1637 га газрыг хууль тогтоомжид заасан журмын дагуу дахин эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Хишиг-Өндөр Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болно” гэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга 2010 оны 166, 2011 оны 94, 2012 оны 42 дугаартай захирамжуудаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хэтрүүлэн газар олгосон. Булган аймгийн Засаг даргаас эдгээр захирамжууд хүчингүй болгож, дахин газар олголт хийх чиг үүрэг өгсөн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон байна. Энэ талаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй. Энэ газар нь тариалангийн зориулалттай газар гэдэг нь ойлгомжтой. Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2008 оны тогтоол хэрэгт авагдсан байгаа. Энэ тогтоол нь хуульд заасны дагуу тухайн ондоо буюу 2008 ондоо л хүчинтэй юм. Хэрэв газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1796 га-аар баталчихсан байсан бол өнөөдөр энэ маргаан үүсэхгүй байсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр 1300 га газар баталчихаад, 1637 га газраар илүү газар олгосон нь хууль бус, буруу юм. Газар эзэмшүүлэх сонгон шалгаруулалт юуг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

     Иймд Булган аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Хишиг-Өндөр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Баярт тал агро” ХХК-иас “Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

      Шүүх хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэг, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаж үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

     1. Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 тоот захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт нь нэр бүхий аж ахуй нэгжүүдэд газар эзэмших эрх олгохдоо сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд тусгасан 1300 га хэмжээг 1637 га-аар хэтрүүлэн олгосон болох нь аймгийн аудитын газрын хийсэн шалгалтаар тогтоогдсон гэж үзэн “Редгранат” ХХК-д газар эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 2010 оны 94, 166, “Баярт тал агро” ХХК-д “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2012 оны 42 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, тухайн маргаж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгох ажлыг зохион байгуулахыг Хишиг-Өндөр сумын Засаг даргад үүрэг болгожээ.

    Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр захирамжаар[2] төсөл сонгон шалгаруулалтаар ялсан “Редгранат” ХХК-д 1796 га газрыг тариалангийн зориулалтаар анх олгосон байх ба мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар захирамжаар[3] “Редгранат” ХХК-д “Баярт”, “Хавчуу” гэх газарт 1141 га газрыг эзэмшүүлжээ.

    Түүнчлэн Хишиг-Өндөр сумын Засаг даргаас 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 42 тоот захирамжаар[4] газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний[5] үндсэн дээр Улаанбаатар хотын “Редгранат” ХХК-ийн газар эзэмших эрхийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяалалтай “Баярт тал агро” ХХК-д шилжүүлж, тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 36 нэгж талбарт нийт 2868.1 га[6] газрыг “Баярт тал агро” ХХК-д эзэмшүүлж гэрээ, гэрчилгээг[7] тус тус олгож шийдвэрлэсэн нь маргаж буй захирамжид дурдсанаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

      Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг дарга “Баярт тал агро” ХХК-ийн тариалангийн зориулалтаар эзэмшиж буй 2868.1 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх үүрэг, 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг зохицуулсан хуулийн заалтуудтай нийцээгүй байх бөгөөд “доод шатны албан тушаалтан хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуй нэгжийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчиж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм.

      Газрын харилцааны талаар аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг 20 дугаар зүйлийн 20.2.3-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж, сумын Засаг даргын бүрэн эрхийг 21 дүгээр зүйлийн 21.4.1-д “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх”, 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж  тус тус заасан байна.

      Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сумын Засаг дарга нь тухайн жилд газрын харилцааны талаар авч хэрэгжүүлэх ажлаа урьдчилан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх замаар ерөнхий төлөвлөгөөнд тусгуулсан байх, үүнийгээ үндэслэн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, ийм төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах учиртай. Түүнчлэн Засаг дарга иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газар нь тусгагдсан эсэхийг шалгах нь тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг юм.

     Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 3/3 “Төлөвлөгөөг батлах тухай” хуралдааны тогтоолоор[8] 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх” талаар батлаагүй байна. Гэхдээ сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх хуралдааны тэмдэглэлд 2009 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн хуралдаанд Баянгол 362, Шарх 681, Өгөөмөр 783 хэмээн тусгагдсан [9], 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл[10], санал, шүүмжлэл[11], 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн газар зохион байгуулалтын мэдээлэл, нэмэлт төлөвлөгөө[12], газар зохион байгуулалтын биелэлт хэлэлцсэн хурлын тэмдэглэл[13] зэрэгт тус тус тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын байршил, талбай, хэмжээ зэргийг тус тус хэлэлцэж байсан байна.

      Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 4/05 дугаар “Төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” хуралдааны тогтоолоор[14] “газар тариаланд” 1300 га газрыг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07/05 дугаар[15] “Аймгийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” VII хуралдааны тогтоолд “Хишиг-Өндөр  сум: Хавчуу, Баярт, Өгөөмөр, Шарх” гэх газарт тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх талаар тус тус баталжээ.

    Иймээс маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас улмаас үүссэн хариуцлагыг нэхэмжлэгч хүлээх ёсгүй бөгөөд нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

    2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

       Хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт” нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд төлөвлөгдсөн байхаас үл хамааран тухайн шатны Засаг даргаас газар эзэмшүүлэхэд баримтлах зарчим бөгөөд хуульд заасан зориулалтаас өөрөөр эзэмшүүлэх бол гагцхүү дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшүүлэх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл энэ нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг бус, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас хамааралгүй байх тул газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй юм.

   Түүнчлэн Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна” гэсэн зохицуулалт нь тариалангийн газрыг дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх эрх олгоход ч хамааралтай юм.

    Хишиг-Өндөр сумын Засаг даргаас 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар “Төсөл сонгон шалгаруулах тухай” захирамжаар[16] тус сумын 3-р багийн “Баярт”, “Хавчуу”-д 1141 га газрыг үр тарианы зориулалтаар, мөн 2010 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 45 дугаар “Төсөл сонгон шалгаруулах тухай” захирамжаар [17] тус сумын  “Баянгол”, “Шарх”, “Өгөөмөр”-д 1826 га газрыг  үр тарианы зориулалтаар тус тус газар эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэж ажлын хэсэг байгуулсан[18] ба ялагчаар “Редгранат” ХХК шалгарсан болох нь төсөл с онгон шалгаруулалтын ялагчтай байгуулсан гэрээ[19], “төсөл сонгон сонгон шалгаруулалт, дуудлага  худалдааны нэг удаагийн үнэ”- д 19 471 300 /арван есөн сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөг төлсөн тухай баримт[20], төсөл сонгон шалгаруулах хуралдааны тэмдэглэл [21], төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлт[22] зэрэг баримтаар тогтоогдож байна.

        Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтын үнэ болох 14 242 800 /арван дөрвөн сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөг орон нутгийн төсөвт хуваарилагдсан болох нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 25  дугаар Тэргүүлэгчдийн тогтоол[23], тухайн орон нутгийн дансанд авсан тухай татварын байцаагчийн тодорхойлолт[24] зэргээр нотлогдож байна. Иймээс газар эзэмшигчийн хувьд хуульд заасан журмын дагуу “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах” зарчмын дагуу газар эзэмших эрх олж авсан байх тул газар эзэмшигчийн хувьд хууль ёсны хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэр гэж тооцогдоно.

     Гэтэл аймгийн аудитын газраас “Баярт тал агро” ХХК-д газар эзэмшүүлсэн байдалд шалгалт хийж, газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15 тоот[25] албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн хэдий боловч аймгийн Засаг дарга уг асуудлыг нарийн шалгаж тодруулалгүйгээр “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан шийдвэр болсон байна.

       Хариуцагч аймгийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэх боловч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, бусдын хуулиар олж авсан эрхийг хүндэтгэх учиртай.

      Мөн аймгийн Засаг даргаас уг аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо төсөл сонгон шалгаруулалтын үнийг төлсөн, газрын төлбөрөө төлж Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа, тухайн маргаан бүхий газарт хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг нарийн шалгаж тодруулаагүй,  хэрэв сумын Засаг даргын шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эрх зүйн урьдчилсан хамгаалалт хийж хохирлыг асуудлыг шийдвэрлэх үндэслэл бүхий дүгнэлтийн үндсэн дээр шийдвэрээ гаргах байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

     Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд  маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх ба захиргааны актыг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.1, 70.2.1, 70.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн  61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Баярт тал агро” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/141 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

    2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж  шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

    4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БҮРНЭЭ

 


[1] 1-р хавтас  хавтас хэргийн 8 дахь хуудас

[2] 1-р хавтас хэргийн 62-63 дахь хуудас

[3] 1-р хавтас хэргийн 64-65 дахь хуудас

[4] 1-р хавтас хэргийн 66-67 дэх хуудас

[5] 1-р хавтас хэргийн 68 дахь хуудас

[6] 1-р хавтас хэргийн 89-90 дэх хуудас

[7] 2-р хавтас хэргийн 20-94 дэх хуудас

[8] 1-р хавтас хэргийн 124-131, 145-159 дэх хуудсанд тус тус авагдсан

[9] 1-р хавтас хэргийн 115 дахь хуудас

[10] 1-р хавтас хэргийн 247-249 дэх хуудас

[11] 1-р хавтас хэргийн 226 дахь хуудас

[12] 1-р хавтас хэргийн 216 дахь хуудас

[13] 2-р хавтас хэргийн 14-16 дэх хуудас

[14] 1-р хавтас хэргийн 117 дахь хуудас

[15] 1-р хавтас хэргийн 37-38 дахь хуудас

[16] 2-р хавтас хэргийн 129 дэх  хуудас

[17] 1-р хавтас хэргийн 58 дахь хуудас

[18] 1-р хавтас хэргийн 160 дахь хуудас

[19] 2-р хавтас хэргийн 100-101 дэх хуудас

[20] 2-р хавтас хэргийн 131-133, 149 дахь хуудас

[21] 2-р хавтас хэргийн 125-127 дэх хуудас

[22] 2-р хавтас хэргийн 130 дахь хуудас

[23] 2-р хавтас хэргийн 4-5 дахь  хуудас

[24] 2-р хавтас хэргийн 102 дахь хуудас

[25] 1-р хавтас хэргийн 35 дахь хуудас