Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0565

 

“Баярт тал агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баттүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Баярт тал агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Баярт тал агро” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгох тухай” А/141 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Булган аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар би Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

“Баярт тал агро” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Аймгийн Засаг даргад холбогдох, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх дараах алдааг гаргалаа.

1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ баримталсан нь зөв боловч дүгнэхдээ буруу дүгнэсэн байна.Учир нь сумын Засаг дарга нь тухайн шатныхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өргөн мэдүүлж, батлагдсан хэмжээгээр нь бусдад эзэмшүүлэх эрхтэй болохыг нь хуульчилсан байна.

Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3/3 тогтоолоор 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд тариалангийн газрыг батлаагүй байна. Гэтэл шүүх “иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тэмдэглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, төсөл сонгон шалгаруулахаар хэлэлцэж байсан зэргээс үзэхэд хэлэлцэж байсан” байна гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болжээ.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”  гэсэн бөгөөд ийм тогтоол гараагүй байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/05 дугаар тогтоолд “сумын 3 дугаар хуралдаанаар хэлэлцэж,  3 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах нэмэгдлүүдийг оруулсугай. а/ газар тариаланд 1300 га” гэжээ.

Үүнээс үзэхэд 3 дугаар хуралдааны 3 дугаар тогтоол нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тариалангийн газар гэж оруулаагүй болох нь нотлогдож байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07/05 дугаар тогтоолоор дээрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг баталгаажуулсан байна. Газрын нэрийг зааж өгсөн нь үнэн боловч 1300 га хэмжээндээ байгаа болно.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/141 дугаар захирамж нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэж, буруутгаж байгаа хэрэг огт биш бөгөөд сумын Засаг даргын захирамжууд нь хууль зөрчсөн байгаа учраас хүчингүй болгосон хэрэг юм. Харин уг захирамжийн 2 дугаар заалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээгээр нь дахин олгож, шийдвэрээ зөвтгөхийг сумын Засаг даргад үүрэг болгосон болно.

2. Мөн анхан шатны шүүх 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, “33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн заалт байх тул маргаж буй асуудалд хамааралгүй заалт байна.

Төсөл сонгон шалгаруулах газар нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байх ёстой атал 1862 га газар огт тусгагдаагүй байхад төсөл сонгон шалгаруулалт зарлан явуулсан байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалтаар бүх хэлбэрээр газар олгоход хамаарна гэж үзэж байна. Түүнээс шүүгчийн үзэж байгаа шиг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан эсэхээс үл хамааран төсөл сонгон шалгаруулж болно гэсэн утга биш юм.

Мөн Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж зааснаас үзэхэд 2008 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь тухайн жилдээ хүчинтэй бичиг баримт юм.

Төсөл сонгон шалгаруулалт бол 2 удаа явагдсан, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн мөнгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд манай тал энэ талаар маргаан үүсгээгүй болно. Харин энэхүү төсөл сонгон шалгаруулалтад орж буй газар нь газар зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа учир газар эзэмшүүлэх тухай захирамжуудыг нь хүчингүй болгох үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч “Баярт тал агро” ХХК нь шударга эзэмшигч гэж үзэж болох талтай буюу төрийн эрх бүхий байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцон гэрээ байгуулах эрх авсан баримт нь байгаа нь манай талын тавьж буй шаардлагад хамааралгүй асуудал юм.

3. Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг баримтлан гэсэн нь үндэслэл муутай байна. Дээрх 2 зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний асуудлыг хуульчилсан бөгөөд аймгийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээний асуудлыг хөндөөгүй зөвхөн сумын Засаг даргын захирамжуудыг л хүчингүй болгосон байна.

4. Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 94, 66, 2012 оны 42 дугаар захирамжууд нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг зөрчсөн, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг аваагүй тул өөрөөр нь хүчингүй болгуулах санал тавьсан боловч хүчингүй болгоогүй тул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний А/141 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй зөвхөн хүчингүй болгох талаар хуульд тусгагдсан байх тул аудитийн газраас хүсэлтдээ дурдсан шиг 1637 га-д холбогдох шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байсан болно. Ингээд нийт дүнгээр нь хүчингүй болгоод харин 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө нийцүүлэн дахин олголт хийж захирамжаа зөвтгөн хэрэгжүүлэх үүргийг сумын Засаг даргад өгсөн. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэлгүй аж ахуйн нэгжид чирэгдэл учруулж байна.

5.Засаг даргын Тамгын газар нь Аудитийн албан бичгийн дагуу хянан шалгаад зохих шалгалтууд хийж, бичиг баримт нэмж шаардан гаргуулсан бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарчмын дагуу аудитийн байгууллагын шалгасан дүнг хүлээн зөвшөөрч шийдэх, шалгалтыг давхардуулахгүй байх зорилтын хүрээнд шийдвэрлэсэн.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж, хэргийг буруу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, “Баярт тал агро” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Булган аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/141 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт нь “нэр бүхий аж ахуй нэгжүүдэд газар эзэмших эрх олгохдоо сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд тусгасан 1300 га хэмжээг 1637 га-аар хэтрүүлэн олгосон болох нь аймгийн Аудитын газрын хийсэн шалгалтаар тогтоогдсон” гэж үзэн “Редгранат” ХХК-д “Газар эзэмшүүлэх тухай” сумын Засаг даргын 2010 оны 94, 166, “Баярт тал агро” ХХК-д “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2012 оны 42 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, тухайн маргаж буй газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгох ажлыг зохион байгуулахыг Хишиг-Өндөр сумын Засаг даргад үүрэг болгожээ.

Аймгийн Засаг захирамжийн дагуу хүчингүй болж буй Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар ялсан “Редгранат” ХХК-д 1796 га газрыг тариалангийн зориулалтаар,  мөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар захирамжаар тус сумын Баярт, Хавчуу гэх газарт 1141 га газрыг нэмж эзэмшүүлсэн, харин 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар захирамжаар Улаанбаатар хотын “Редгранат” ХХК-ийн газар эзэмших эрхийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяалалтай “Баярт тал агро” ХХК-д шилжүүлж, тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 36 нэгж талбарт нийт 2868.1 га газрыг “Баярт тал агро” ХХК-д эзэмшүүлж гэрээ, гэрчилгээг тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх дээрх газар эзэмшүүлсэн болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудийн талаар “маргаж буй захирамжид дурдсанаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй” байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг дарга “Баярт тал агро” ХХК-ийн тариалангийн зориулалтаар эзэмшиж буй 2868.1 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх үүрэг, 39, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг зохицуулсан хуулийн заалтуудтай нийцээгүй байна. Хэдийгээр доод шатны албан тушаалтан хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тухайн захиргааны актыг хүчингүй болгох эрх аймгийн Засаг даргад олгогдсон боловч энэхүү эрхээ иргэн, аж ахуй нэгжийн хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх, ашиг сонирхлыг зөрчихөөс зайлсхийх ёстой.

Нөгөө талаар маргаан бүхий захиргааны акт нь “сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд тусгасан 1300 га хэмжээг 1637 га-аар хэтрүүлэн олгосон” гэсэн үндэслэлээр гарсан байна. Иймд Хишиг-Өндөр сумын 2010 оны газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн байдалд зайлшгүй дүгнэлт хийх ёстой.

Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх хуралдааны тэмдэглэлд ...2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд Баянгол 362, Шарх 681, Өгөөмөр 783 хэмээн тусгагдсан, 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, санал, шүүмжлэл, 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн газар зохион байгуулалтын мэдээлэл, нэмэлт төлөвлөгөө, газар зохион байгуулалтын биелэлт хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэгт тус тус тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын байршил, талбай, хэмжээ зэргийг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Дээрх асуудлаа хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн боловч хэлбэржүүлэн гаргаагүй байдал тогтоогдож байна.

Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 4/05 дугаар “Төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” хуралдааны тогтоолоор газар тариаланд 1300 га газрыг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07/05 дугаар “Аймгийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” VII хуралдааны тогтоолд Хишиг-Өндөрсум: Хавчуу, Баярт, Өгөөмөр, Шарх гэх газарт тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлэх талаар тус тус баталжээ.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд  захиргааны актын гол үндэслэл болсон “сумын газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд тусгасан 1300 га хэмжээг 1637 га-аар хэтрүүлэн олгосон” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

“Редгранат” ХХК анх газар эзэмших эрх олж авахдаа Газрын тухай хуульд заасан журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож, төсөл сонгон сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны нэг удаагийн үнэ-д 19 471 300 /арван есөн сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөг төлсөн зэрэг нь баримтаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:         

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР