Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 50

 

 

Б.Чойнямд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Туяа,

Цагаатгагдсан этгээд Б.Чойнямын өмгөөлөгч Т.Баярцэцэг, Д.Хэрлэнчимэг,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор   Ж.Батхуягийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар улсын яллагчийн  эсэргүүцлээр, Б.Чойнямд холбогдох 201626030587 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр  сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ламганжав овогт Батмөнхийн Чойням, 1997 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 354 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,   /РД:ЙЕ97012639/,

Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж биед нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Чойнямд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Чоймямд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгож, Б.Чойнямыг цагаатгаж, хэрэгт хураагдсан иргэний бичиг, баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Чойням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Чойнямд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Батхуяг бичсэн эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй” байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тогтоолд “...гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримттай уялдуулж, хууль зүйн дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээдээс эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт” гэж заасан бөгөөд хохирогч Б.Тэгшжаргал нь Б.Чойнямыг “...гэрээсээ хөөж, түнийг хутгалан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан дахин бодитой довтолгоон хийж, хутгатай дайрч, халдсан гэмт үйлдлээ үргэлжлүүлснийг зогсоохын тулд Б.Чойням нь зөрүүлж хутгалан, халдагч этгээдэд хүнд гэмтэл учруулсныг гэмт хэрэг гэж тооцох боломжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, Б.Чойнямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнд ял завших боломжийг олгосон. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдана” гэж тайлбарласан. Гэтэл шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлтээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “аргагүй хамгаалалт”-ын талаар тодорхой заасан атал Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Б.Чойнямын үйлдлийг Иргэний хуулийг үндэслэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь ойлгомжгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хор, хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх байдал хоёрыг дүгнэхдээ хуулийг оновчтой хэрэглээгүй гэж үзэж байна.

Улсын Дээд Шүүхийн дээрх 21 тоот тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангана” гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогч Б.Тэгшжаргал нь Д.Алтантуяаг “надтай хамт хэвтүүлсэнгүй” гэсэн хувийн сэдлээр Б.Чойнямтай маргалдаж, улмаар түүнийг хутгалж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ үед Д.Чинзориг нь Б.Тэгшжаргал болон Б.Чойням нарын дундуур орж Б.Тэгшжаргалын хоёр гарыг барьснаар Б.Тэгшжаргалын хүсэл зоригоос гадуур түүний халдлага, довтолгоон зогсоогдсон байхад Б.Чойням нь “намайг хутгаллаа” гэх шалтгаанаар Б.Тэгшжаргалыг хутгалсан нь тогтоогдсон бөгөөд цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тусгагдсан байна. Гэтэл шүүхээс Б.Тэгшжаргалыг хутга гарган хутгалж, хутгалсныхаа дараа ч дахин бодитой довтолгоон хийж, үйлдлээ үргэлжлүүлэхийг зогсоохын тулд Б.Чойням зөрүүлж хутгалсан гэж нэг цаг хугацаанд үйлдэгдсэн үйлдэл мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Аргагүй хамгаалалт нь халдлага буюу довтолгооны үед биш харин өмнө нь эсхүл хойно буюу довтолгоонгүй үед хийгдсэн бол хууль ёсны шинжээ алддаг. Мөн Улсын Дээд Шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтыг зөв хэрэглэх тухай зөвлөмжид нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Түүнээс довтолгоон төгссөний дараа хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж болохгүй гэж тайлбарласан байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 21 дүгээр тогтоолд “хэрэг, маргааны талаар материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдана” тайлбарласан. Шүүх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгүүдийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын Дээд Шүүхийн аргагүй хамгаалалтын тухай зөвлөмжид “аргагүй хамгаалалт нь довтолгоо төгссөний дараа хийгдсэн бол аргагүй хамгаалалтын шинжээ алдана” гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн довтолгоо төгссөний дараа Б.Чойнямын үйлдэл хийгдсэн. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Тэгшжаргал, Б.Чойням нарыг гэрч Д.Чинзориг салгаж, Б.Тэгшжаргалын довтолгоо төгссөн байхад Б.Чойням, Д.Чинзоригийн араас даван хохирогчийг хутгалсан байдаг. Иймд үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийг журамлан хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн цагаатгах тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Хууль ёсны байх шаардлага гэдэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэлт хийсэн байх ёстой. Шүүх эрүүгийн хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт авагдсан бөгөөд эдгээр мэдүүлэг, нотлох баримтууд нь Б.Чойнямыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан болохыг тогтоогдсон баримт юм. Гэтэл шүүх цагаатгах тогтоолын дүгнэлтээ буруу хийсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна...” гэв.

Ялтан Б.Чойнямын өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Б.Чойнямын хувийн байдлын талаарх буюу өмнөх үйлдсэн хэрэг нь шат шатны шүүхээр хэлэлцэгдэн мөрдөн байцаалтад буцааж, ямар шийдвэр гаргасан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай, аргагүй хамгаалалт мөн эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн хоёр үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Б.Тэгшжаргалын үйлдэл зогсоогүй үргэлжилж байсан. Хувцаст хийсэн шинжилгээний дүгнэлтэд гурвалжин захтай цамцны цээжин хэсэг, зах манжлагийн хэсэг урагдалтай байсан талаар авагдсан. Үүнээс Б.Тэгшжаргал аюул бүхий довтолгоогоо үргэлжлүүлсэн нь харагдаж байна. Гэрч Д.Чинзориг эргээд Б.Чойням руу харах үед буюу барьж байсан гар нь суларсан үед Б.Тэгшжаргалын хоёр гар нь савчиж байсан байдаг. Хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлгүүдээс харахад тэдний бие биенээ хутгалж дууссаны дараа Д.Чинзориг хутгыг авсан байдаг. Б.Тэгшжаргалын мэдүүлгээс Б.Чойням “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд эргээд хутгалахдаа ямар нэг өс хонзон санасан байдлаар биш сандарсандаа хутгалчихаад айсан байдалтай чимээгүй, дуугарахгүй зогсож байсан нь харагддаг. Б.Тэгшжаргал “Д.Алтантуяа, Б.Чойням хоёрыг хэвтэж байхаар нь миний уур хүрсэн. Би энэ хүний хажуугаар орж хэвтэх ёстой байсан” гэж мэдүүлдэг бөгөөд тэрээр хэрэг маргааныг эхэлж өдүүлсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч прокурор хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой гэдгийг нотолж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Чойнямын өмгөөлөгч Д.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Б.Тэгшжаргалын довтолгоо төгссөний дараа Б.Чойням довтолгоо хийсэн гэсэн асуудал яригддаг. Гэрч Д.Чинзориг мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Тэгшжаргалын гарыг барьсан” гэж мэдүүлдэг боловч түүний мэдүүлгээс Б.Тэгшжаргалын гарыг барьсан байхад нь Б.Чойням “чи намайг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд Д.Чинзориг эргэж харсан нь харагддаг бөгөөд тэр үед хутгатай байгаа Б.Тэгшжаргал дахин довтолгоо хийсэн байдаг. Иймд Б.Чойнямд “энэ хүн намайг дахиад хутгалах нь”  гэсэн ойлголт төрсөн бөгөөд тэрээр “тийм учир би хутгалсан” гэж хэлдэг. Д.Чинзориг “Би Б.Тэгшжаргалын хоёр гараас барьсан байсан. Гэтэл Б.Чойням “намайг хутгалсан байна шүү дээ” гээд шархаараа оролдоод зогсож байхад нь би эргэж хальт харсан. Тэр үед Б.Тэгшжаргал гараа савлаад дайрсан гэж хэлдэг. Яг тэр үед л Б.Чойням, Б.Тэгшжаргалыг хутгалсан нөхцөл байдал мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой харагддаг. Тийм учир шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Б.Тэгшжаргал тэдгээр хүмүүсийг “зайлцгаа” гэж хэлсэн, хэвтэж байсан хүнтэй Д.Алтантуяаг хардсан зэрэг зүйлээс энэ хэрэг үүссэн гэж ярьдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж биед нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитой тогтоох талаар уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

Харин анхан шатны шүүхийн хэргийн талаарх хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй байна.

 

Б.Чойнямыг аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулинд заасан гэм хорыг учруулсан хэдий ч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдсэн нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалт нь нийгэмд аюултай халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед хийгдсэн байхыг шаарддаг.

Харин довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдэл, эсхүл дахин довтолгоо хийх боломжгүй болсон хойно нь довтолсон гэмт үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй бөгөөд халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ хамгаалж хийсэн үйлдлийн улмаас халдагч этгээдэд учирсан хохирлын хэмжээг үл харгалзан хамгаалагч этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг онцлогтой.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:

Б.Чойням “...Тэгэхээр нь босож очоод “чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ” гээд хальт зууралдсан чинь Шинээ ах салгасан. Тэгээд би нуруу руу халуу дүүгээд байхаар нь нуруугаа бариад үзсэн чинь цус гарчихсан байхаар нь “намайг хутгалчихсан байна шүү дээ” гэхэд Б.Тэгшжаргал дахиад хутга бариад гүйгээд ирэхээр нь би шүүгээн дээрээс хутга аваад Б.Тэгшжаргалыг хутгалчихсан...” /87-89/, “...Б.Тэгшжаргалыг хутгалахыг мэдээгүй. Д.Чинзориг ах бид хоёрыг салгахаар нь хартал намайг хутгалчихсан байсан...” /хх-187-188/ гэж хэрэг маргаан болох үед Б.Тэгшжаргалын довтолгооныг Д.Чинзориг таслан зогсоосон тухай мэдүүлсэн.

Түүнчлэн хохирогч Б.Тэгшжаргал “...Б.Чойням гэнэт босч ирэхээр нь өөдөөс нь тэврээд мөлхөө тавилга руу түлхэхдээ баруун гартаа байсан хутгаар Б.Чойнямын нурууг хутгалчихсан. Шинээ “яаж байгаа юм бэ” гээд миний гарыг бариад байж байтал Б.Чойням намайг дахиад хутгалах гээд байна гэж бодоод миний барьж байсан хутганы иж бүрдлийн томыг нь аваад миний зүүн талын хөхний доод хэсэгт нэг удаа хутгалсан...” /хх-33-35/, “...Шинээ намайг “боль” гээд салгаад байж байтал Б.Чойням ирээд хутгалчихсан...” /хх-85-86/, “...Шинээ гэх залуу нь Д.Чинзориг юм. Д.Чинзориг ах миний хоёр гараас бариад тавихгүй байсан. Гэхдээ би хутгалъя гэж анхнаасаа бодоогүй байсан. Дахин дайрах үедээ хутгатай гараа биш сул байсан гараараа Б.Чойнямыг цохихоор нэг л удаа далайсан...” /хх-185-186/ гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хутгалаад цонхоороо гараад гадаа зогсож байхад Б.Чойням “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Б.Чойнямыг хутгалах үед Д.Чинзориг ах нөгөө өрөөнд байсан...” /хх-245-249/ гэж, 

Гэрч Д.Чинзориг “Тэр хоёр намайг нэг харахад толгойгоо нийлүүлээд зогсчихсон юм яриад зогсож байсан. Гэнэт Б.Чойням “яаж байна аа, пизда минь” гэхээр нь очоод Б.Тэгшжаргалыг бариад авахад түүний гарт нь хутга байсан. Б.Чойнямын зүүн бөөр хэсэгт нь хутгалчихсан байсан. Б.Тэгшжаргал дахиад Б.Чойнямыг хутгалах гээд байхаар нь болиулаад байж байтал Б.Чойням шүүгээнээс хутга гаргаж ирээд Б.Тэгшжаргалын цээж хэсэг рүү хутгалчихсан...” /хх-43-45/, “...Би Б.Тэгшжаргал руу хараад зогсож байсан. Хутгатай гараа далайх гээд байхаар нь тэр гарыг нь лав бариад зогсож байтал Б.Тэгшжаргал нөгөө гараараа Б.Чойнямыг цохих гээд далайх үед дахиж хутгалах гээд байна гэж айсан юм уу, өөдөөс нь гялс хутгалчихсан. Б.Чойнямын хутгалсан явдал их хурдан болсон.” /хх-189-191/ гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Тэгшжаргалыг барихгүй л бол дахиад Б.Чойнямыг хутгалчих гээд байсан. Би Б.Тэгшжаралын хутгатай гараас нь бариад зогсож байх үед Б.Чойням “чи намайг хутгалчихсан байна шүү дээ” гээд байсан. Б.Чойням руу эргээд хальт харах үед Б.Тэгшжаргал хутгатай гараа савлаад Б.Чойням руу дайраад байсан...” /хх-245-249/ гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна мөрдөн байцаалт, шүүхийн шатанд зөрүүтэй өгсөн гэрчийн мэдүүлгийн аль хэсгийг ямар үндэслэлээр үнэлж шийдвэрлэснээ дурдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Б.Чойнямд холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж, тэдний мэдүүлгийн зөрүүг арилгах замаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулсны эцэст шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

            Иймд прокурор Ж.Батхуягийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, Б.Чойнямд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ж.Батхуягийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Чойнямд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Б.Чойнямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТСАЙХАН