Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан дугаар шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Батболор, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,

           улсын яллагч Д.Мөнхцэцэг,

            хохирогч Б.Тэгшжаргал,

шүүгдэгч Б.Чойням, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг /ҮД:1-298/,

гэрч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ламганжав овогт Батмөнхийн Чойнямд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030587 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 26-нд Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Ж14-354 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ламганжав овогт Батмөнхийн Чойням /РД:ЙЕ97012639/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод иргэн Б.Тэгшжаргалтай “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүгдэгч Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод иргэн Б.Тэгшжаргалтай “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Тэгшжаргалын мэдүүлэг /1хх-ийн 33-35, 185-186/, гэрч Д.Чинзоригийн мэдүүлэг /1хх-ийн 43-45, 189-190/, гэрч Д.Алтанхуягийн мэдүүлэг /1хх-ийн 46-47, 184-185/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5120/-ын дүгнэлт /1хх-ийн 58/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№2661/-ын дүгнэлт /1хх-ийн 65-66/, яллагдагч Б.Чойнямын мэдүүлэг /1хх-ийн 87-89/ гэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгчийг яллах болон цагаатгах баримтуудыг хэрэгт хангалттай цуглуулж чадсан байх ба харин улсын яллагчаас яллагдагч Ч.Чойнямд холбогдуулан дээрх баримтуудаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох хангалттай баримт болж чадахгүй байна. 

Яллах дүгнэлтэд дурдагдсан баримтууд нь шүүгдэгчийн гэм буруу, өөрөөр хэлбэл хохирогч Б.Тэгшжаргалыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийн шууд нотолгоо болж чадахгүй байгаагаас гадна тухайн агшинд болсон гэмт үйлдлийг нүдээр харсан гэрч нарын мэдүүлэг яллах биш харин цагаатгах талын баримтуудаар хэрэгт авагдсан байхад прокуророос гэрч нарын мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Улсын яллагчаас дээр дурдагдсан яллах баримтуудаар шүүгдэгч Б.Чойнямыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “…бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан...” гэм буруу нь тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн боловч хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

             1. Шүүгдэгч Б.Чойнямын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 20-702 тоот Б.Тэгшжаргалын гэрт Тэгшжаргал, Алтантуяа, Чинзориг бид дөрөв архи уусан. Тэгээд архиа уучихаад унтацгаая гээд байж байтал Тэгшжаргал бие засчихаад ирье гээд гарсан. Тэгээд бид нарыг унтахаар хэвтэж байтал Тэгшжаргал орж ирээд “зайлцгаа пизда нар, манай гэрээс зайлцгаа” гээд хэвтэж байхад өшиглөөд байхаар би босож ирээд “чи одоо яагаад байгаа юм бэ” гэхэд манай гэрээс зайл гэсэн. Тэгээд Тэгшжаргал намайг түлхээд бид хоёр зууралдаад салсан. Тэгээд Тэгшжаргалыг Чинзориг ах салгаад байж байтал миний нуруугаар нойтон оргиод байхаар нь үзсэн чинь миний зүүн талын бөөр хэсэгт хутгалчихсан байсан. Тэгээд би “Тэгшжаргалаа чи намайг хутгалсан байна ш дээ” гэхэд Тэгшжаргал “чамайг алсан ч яадаг юм бэ, пизда минь ална” гээд дахиад хутга бариад далайгаад над руу дайрсан. Тэгээд Тэгшжаргал над руу ойртоод ирэхээр нь сандраад хойшоо нэг алхаад хажуу талаасаа нэг юм аваад түлхээд хойшилсон. Гэтэл миний авсан зүйл хутга байж таараад Тэгшжаргалын цээжний зүүн талд нь хутгалсан байсан...Тэгшжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Намайг хэвтэж байхад Тэгшжаргал орж ирсэн. Манай хамаатны, ээжийн ахын охин миний хажуу талаар орж ирээд Тэгшжаргал намайг оролдоод байна, чи миний хажуу талаар унтаад өгөөрэй гэж гуйсан. Тэгэхээр нь би хажуу талаар нь ороод хэвтэж байтал Тэгшжаргал орж ирээд “манай гэрээс зайлцгаа, чи миний хайртай охины хажууд хэвтлээ” гээд шууд өшиглөсөн. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд намайг түлхсэн. Тэгээд Тэгшжаргал бид хоёр зууралдаад Чинзориг ах салгасан. Тэгээд тэгж зууралдаж байгаад салаад би өөрийгөө хутгалуулснаа мэдээд “Тэгшжаргалаа чи намайг хутгалсан байна ш дээ” гэхэд Тэгшжаргал “чамайг алсан ч яадаг юм бэ, пизда минь ална” гээд хутгаа бариад дахиад над руу дайрсан. Тэгэхээр нь би сандраад хажуу талаас юм аваад түлхсэн. Гэтэл хутга байж таараад Тэгшжаргалын цээжний зүүн талд нь хутгалсан байсан...Хохирогч Тэгшжаргал эхлээд намайг миний зүүн бөөрний хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/          

            2. Хохирогч Б.Тэгшжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоот манай гэрт Чойням, Чинзориг, Алтантуяа бид дөрөв архи уусан. Тэгээд би найзаараа 21 дүгээр хороололд байдаг эхнэр хүүхэд дээрээ очиж авч ирэх гээд найз руу залгасан байсан. Тэгээд манай хашааны гадаа манай найз ирсэн. Тэгээд би гэртээ ороод Чойням, Чинзориг, Алтантуяа нарыг гэрээсээ хөөсөн. Тэгээд Чинзориг чи яахаараа гэрээсээ хөөдөг юм бэ гээд босоод ирсэн. Чинзориг нь надаас ах болохоор нь айгаад ширээн дээр байсан жижиг хутгыг аваад сууж байсан. Тэгээд Чойнямыг босоод ирэхээр нь яах гээд байгаа юм бэ гээд түлхээд унагасан чинь Чойнямыг хутгалсан байсан. Би тухайн үед Чойнямыг хутгалснаа мэдээгүй. Тэгээд би Чойнямыг хутгалсныхаа дараа “чамайг алсан ч яадаг юм бэ” гээд Чойням руу дайрахад Чойням намайг хутгалсан...Би Чойнямыг гэрээсээ зайл гэж хөөсөн...Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн. Би өмнө нь шүүхээр орж байгаагүй болохоор өөрөө ял шийтгэл авчих байх гэж айгаад “би Чойням руу дайраагүй” гэж мэдүүлэг өгч байсан. Би Чойням руу дайрсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Гэрч Д.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Тэгшжаргал Чойнямыг хутгалчихаад дахиад Чойням руу дайрах үед Чойням Тэгшжаргалыг хутгалсан...Урт хугацаа байгаагүй. Богинохон хугацаанд болсон...Би Тэгшжаргал, Чойням хоёрын дунд нь зогсож байсан. Бид гурав хоорондоо ойрхон зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Хохирогч Б.Тэгшжаргалын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгээд би байшингийнхаа цонхон дээр очоод хөөе би харьмаар байна та нар гар л даа гэсэн чинь тэр 3 хэвтчихсэн байж байсан. Тэгэхээр нь би байшингийнхаа цонхоор гэр рүүгээ ороод пиздаанууд зайлцгаа гэсэн чинь Шинээ /Д.Чинзориг/ уурлаад байхаар нь би гэрийнхээ гал тогооны тавиур дээр байсан 3 ногоон өнгийн иштэй ком хутганы жижиг хутгыг нь баруун гартаа бариад зогсож байсан...Би сайн санахгүй байна. Маш хурдан болоод өнгөрсөн зүйл...Мөн дахин дайрах үедээ хутгатай гараараа биш нөгөө сул байсан гараараа Чойнямыг цохихоор нэг л далайсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-35, 40-41, 185-186/

            5. Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр хоёр намайг нэг харахад толгойгоо нийлүүлээд зогсчихсон юм яриад зогсож байсан. Тэгсэн чинь гэнэт Чойням яаж байнаа пизда минь гэхээр нь би очиод Тэгшжаргалыг бариад авсан чинь Тэгшжаргалын гарт нь хутга байж байсан. Чойнямын зүүн талын бөөр хэсэгт нь хутгалчихсан цус их гарч байсан. Тэгээд би Тэгшжаргалыг дахиад Чойнямыг хутгалах гээд байхаар нь очоод болиулаад байж байсан чинь Чойням шүүгээнээс нь хутга гаргаж ирээд Тэгшжаргалын цээж хэсэг рүү нь хутгалчихсан...Би Тэгшжаргал руу хараад хоёр гарнаас нь бариад Чойням руу нуруугаа харуулсан байдалтай зогсож байсан...Би Тэгшжаргалыг барихгүй бол дахиж Чойнямыг хутгалчих гээд байсан юм...Би Чойням руу эргээд хальтхан харах үед Тэгшжаргал хутгатай гараа савлаад Чойням руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-45, 189-191/

            6. Гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Архиа дуусгаад Тэгшжаргалынд цонхоор нь давж орсон тэгээд би дөнгөж сэрээд байж байсан чинь Чойням Тэгшжаргал намайг хутгалчихлаа гэсэн тэгсэн чинь Чойням Тэгшжаргалыг хаанаас ч юм 1 хутга аваад хутгалсан энэ асуудал нүд ирмэхийн зуур болсон болохоор очиж амжаагүй Шинээ /Д.Чинзориг/ гээд ах салгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47/

            7. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /5119/-ын дүгнэлт:

                        -Чойнямын биед бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь хурц, ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Уг гэмтлийг өөрөө үүсгэх боломж муутай. /1хх-ийн 60/ 

            8. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /5120/-ын дүгнэлт:

                        -Б.Тэгшжаргал-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна /1хх-ийн 58/ 

            9. Шүүгдэгч Б.Чойнямын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгшжаргал ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд алга болсноо бид 3-ыг яг унтах гэж байсан чинь гэнэт ирээд ална шүү гарцгаа зайлцгаа гээд байсан. Тэгэхээр нь би чиний хүн алдаг юу юм бэ гээд босоод ороод ирсэн чинь Тэгшжаргал гартаа барьсан байсан хутгатай гараараа бид хоёр барьцалдаад намайг тэврээд унагаасан юм. Тэгээд би босоод ирсэн чинь нуруу халуун дүүгээд байсан юм. Тэгээд гараараа үзсэн чинь цус гарчихсан байсан тэгэхээр нь би Тэгшжаргалд хөгшөөн чи намайг хутгалчихлаа шдээ гэсэн чинь надруу дахиад хутгаа бариад ойртохоор нь би шүүгээн дээрээс хутга аваад Тэгшжаргалыг хутгалчихсан юм...Хутгатай гараараа нэг л удаа далайсан. Тэрэнд нь би цочоод дахиад хутгалах гэж байна гэж айгаад шүүгээн дээр ил байсан хутга аваад өөдөөс нь дүрчихсэн...Эхлээд нэг хутгалсан, дахин хутга бариад далайгаад байхаар нь хутгалах гэж байна гэж айсандаа л хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37-39, 187-188/

            10. Шүүгдэгч Б.Чойнямын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгшжаргал орж ирээд зайл писдаануудаа гарцгаа гээд гартаа жижиг хутга барьчихаад орилоод байсан. Тэгэхээр нь босож очоод...хальт зууралдсан чинь Шинээ /Д.Чинзориг/ ах салгасан. Тэгээд би нурууруу халуу дүүгээд байхаар нь нуруугаа бариад үзсэн чинь цус гарчихсан байхаар нь би чи намайг хутгалчихсан байна шдээ гэсэн чинь Тэгшжаргал дахиад над руу хутга бариад гүйгээд ирэхээр нь би шүүгээн дээрээс хутга аваад Тэгшжаргалыг хутгалчихсан юм...Тэгшжаргал намайг эхлээд хутгалаад над руу дахиад хутгаа бариад ирэхээр нь би биеэ хамгаалаад хутгалчихсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 87-89/ гэх зэрэг нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүгдэгчийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг хөдөлбөргүй баримтуудаар, хангалттай нотлон тогтоож чадаагүй байна гэж шүүх үзлээ. 

            Дээр дурдагдсан цагаатгах нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

             Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирохгүй байна.

            Харин шүүгдэгч Б.Чойнямын үйлдэл нь аргагүй хамгаалалт байх хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байх тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Учир нь шүүгдэгч Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод иргэн Б.Тэгшжаргалтай “гэрээсээ хөөлөө” гэх зүйлээс болж маргалдах явцад хохирогч Б.Тэгшжаргал түүний зүүн бөөр хэсэгт нь хутгалж, Б.Тэгшжаргалыг гэрч Чинзориг салгахад нь “Тэгшжаргалаа чи намайг хутгалсан байна ш дээ” гэж хэлэхэд хохирогч Б.Тэгшжаргал “чамайг алсан ч яадаг юм бэ, пизда минь ална” хэмээн дахин хутга барьж дайрахад нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хохирогч Б.Тэгшжаргалыг хутгалж аргагүй хамгаалалт хийсэн болох нь:

            шүүгдэгч Б.Чойнямын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор, сэжигтнээр өгсөн ”...Тэгшжаргал орж ирээд “манай гэрээс зайлцгаа, чи миний хайртай охины хажууд хэвтлээ” гээд шууд өшиглөсөн. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ” гэхэд намайг түлхсэн. Тэгээд Тэгшжаргал бид хоёр зууралдаад Чинзориг ах салгасан. Тэгээд тэгж зууралдаж байгаад салаад би өөрийгөө хутгалуулснаа мэдээд “Тэгшжаргалаа чи намайг хутгалсан байна ш дээ” гэхэд Тэгшжаргал “чамайг алсан ч яадаг юм бэ, пизда минь ална” гээд хутгаа бариад дахиад над руу дайрсан. Тэгэхээр нь би сандраад хажуу талаас юм аваад түлхсэн. Гэтэл хутга байж таараад Тэгшжаргалын цээжний зүүн талд нь хутгалсан байсан...би босоод ирсэн чинь нуруу халуун дүүгээд байсан юм. Тэгээд гараараа үзсэн чинь цус гарчихсан байсан тэгэхээр нь би Тэгшжаргалд хөгшөөн чи намайг хутгалчихлаа шдээ гэсэн чинь надруу дахиад хутгаа бариад ойртохоор нь би шүүгээн дээрээс хутга аваад Тэгшжаргалыг хутгалчихсан юм...Хутгатай гараараа нэг л удаа далайсан...дахин хутга бариад далайгаад байхаар нь хутгалах гэж байна гэж айсандаа л хутгалчихсан…Тэгшжаргал орж ирээд зайл пиздаануудаа гарцгаа гээд гартаа жижиг хутга барьчихаад орилоод байсан...Тэгээд би нурууруу халуу дүүгээд байхаар нь нуруугаа бариад үзсэн чинь цус гарчихсан байхаар нь би чи намайг хутгалчихсан байна ш дээ гэсэн чинь Тэгшжаргал дахиад над руу хутга бариад гүйгээд ирэхээр нь би шүүгээн дээрээс хутга аваад Тэгшжаргалыг хутгалчихсан юм...Тэгшжаргал намайг эхлээд хутгалаад над руу дахиад хутгаа бариад ирэхээр нь би биеэ хамгаалаад хутгалчихсан юм...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-ийн 37-39, 82-83, 87-89, 94-95, 187-188, 196/

            хохирогч Б.Тэгшжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн. Би өмнө нь шүүхээр орж байгаагүй болохоор өөрөө ял шийтгэл авчих байх гэж айгаад “би Чойням руу дайраагүй” гэж мэдүүлэг өгч байсан. Би Чойням руу дайрсан нь үнэн...Тэгээд би Чойнямыг хутгалсныхаа дараа “чамайг алсан ч яадаг юм бэ” гээд Чойням руу дайрахад Чойням намайг хутгалсан...Би Чойнямыг гэрээсээ зайл гэж хөөсөн...Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн...Би Чойням руу дайрсан нь үнэн...Маш хурдан болоод өнгөрсөн зүйл...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-ийн 33-35, 40-41, 185-186, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2хх-ийн 81-92/

            гэрч Д.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Тэгшжаргал Чойнямыг хутгалчихаад дахиад Чойням руу дайрах үед Чойням Тэгшжаргалыг хутгалсан...Урт хугацаа байгаагүй. Богинохон хугацаанд болсон...Тэгшжаргалын гарт нь хутга байж байсан. Чойнямын зүүн талын бөөр хэсэгт нь хутгалчихсан цус их гарч байсан. Тэгээд би Тэгшжаргалыг дахиад Чойнямыг хутгалах гээд байхаар нь очоод болиулаад байж байсан...Би Тэгшжаргалыг барихгүй бол дахиж Чойнямыг хутгалчих гээд байсан юм...Би Чойням руу эргээд хальтхан харах үед Тэгшжаргал хутгатай гараа савлаад Чойням руу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-ийн 43-45, 189-191/

            гэрч Д.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Чойням Тэгшжаргал намайг хутгалчихлаа гэсэн тэгсэн чинь Чойням Тэгшжаргалыг хаанаас ч юм 1 хутга аваад хутгалсан энэ асуудал нүд ирмэхийн зуур болсон болохоор очиж амжаагүй Шинээ /Д.Чинзориг/ гээд ах салгасан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46-47/

            шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5119/-ын “...Чойнямын биед бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь хурц, ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...Уг гэмтлийг өөрөө үүсгэх боломж муутай...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 60/ 

            шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /№5120/-ын “...Б.Тэгшжаргал-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна..” гэсэн дүгнэлт /1хх-ийн 58/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Б.Тэгшжаргалын оршин суудаг гэх Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн 20-702 тоотод шүүгдэгч Б.Чойням, хохирогч Б.Тэгшжаргал, гэрч Д.Алтантуяа, Д.Чинзориг нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Б.Тэгшжаргал нь шүүдэгч Б.Чойням, гэрч Д.Алтантуяа, Д.Чинзориг нарт хандан тэднийг манай гэрээс гар гэж хэлэн Б.Чойнямыг өшиглөхөд шүүгдэгч Б.Чойням “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлэн хоорондоо маргалдан Б.Чойням, Б.Тэгшжаргал нар барьцалдаж аван зууралдаад салахад хохирогч Б.Тэгшжаргал шүүгдэгч Б.Чойнямын зүүн бөөрөн тус газарт нь нэг удаа хутгалсан нөхцөл байдал нэгэнт тогтоогджээ.

            Улмаар шүүгдэгч Б.Чойням өөрийгөө хутгалуулснаа мэдмэгцээ “чи намайг хутгалчихсан байна ш дээ” гэж хэлэхэд хохирогч Б.Тэгшжаргал “чамайг дахиад хутгалчихсан ч яадаг юм бэ” гэж хэлэн тухайн маргааныг салгаж байсан гэрч Д.Чинзоригийн мөрөн дээгүүр хутгатай гараараа савчиж түүн рүү дайрахад Б.Чойням түүнээс айж ухрахдаа шүүгээн дээр байсан хутгыг аван хохирогчийн цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал мөн тогтоогдлоо.

            2015 оны Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна.

            Үүнээс үзэхэд хохирогч Б.Тэгшжаргалын Б.Чойнямыг хутгалсан, “чамайг дахиад хутгалчихсан ч яадаг юм бэ” гэж хэлэн дахин дайрч байгаа үйлдлийг довтолгоон хийгдсэн, мөн дахин довтолгоон хийх нь тодорхой болсон буюу довтолгооныг үргэлжлүүлсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүгдэгч Б.Чойнямын хувьд өөрийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл байдал бий болсныг мэдмэгцээ өөрийгөө хамгаалах зорилгоор Б.Тэгшжаргалыг хутгалсныг өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд шүүх нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул Б.Чойнямд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

Хохирогч Б.Тэгшжаргал нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдийн шүүх хуралдаанд “...Миний шүүхийн хэлэлцүүлэгт одоо өгч байгаа мэдүүлэг үнэн. Би өмнө нь шүүхээр орж байгаагүй болохоор өөрөө ял шийтгэл авчих байх гэж айгаад “би Чойням руу дайраагүй” гэж мэдүүлэг өгч байсан. Би Чойням руу дайрсан нь үнэн...” гэж мэдүүлсэн, яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцдог бөгөөд шүүгдэгч Б.Чойнямын 8 удаагийн, мөн хууль сануулж авсан гэрч Д.Чинзоригийн 4 удаагийн, Д.Алтантуяагийн 2 удаагийн “шүүгдэгч өөрийгөө хамгаалан аргагүй байдалд хийсэн үйлдлийн” талаар удаа дараа тогтвортой мэдүүлж байгаа мэдүүлгүүд нь дээр дурдагдсан цагаатгах нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул ийнхүү шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болохыг тэмдэглэе.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хивсний өөдөс 1 ширхэг, мөн цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон болон цагаан алагласан өнгөтэй хутга 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ламганжав овогт Батмөнхийн Чойнямд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Б.Чойнямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Б.Чойнямд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон хивсний өөдөс 1 ширхэг, мөн цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон болон цагаан алагласан өнгөтэй хутга 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Чойнямд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ   

                         

ШҮҮГЧИД                                                     Б.БАТБОЛОР

 

                                                                                    Д.АЛТАНЖИГҮҮР