Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 628

 

О.Г, О.О нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч О.Огийн өмгөөлөгч М.Билгүтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 980 дугаар магадлалтай, О.Г, О.О нарт холбогдох 1906151002746 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Батзаяа, М.Билгүтэй нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ширээт овогт О.Г,

 2.Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ширээт овогт О.О нар нь Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Г, О.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г, О.О нараас тус бүр 53.900 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Дд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 500.000 төгрөгийн, шүүгдэгч О.Гт оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.О нь хохирогч Д.Дийг “шоолж инээлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар маргаан нь даамжирч шүүгдэгч Одонтуяа нь хохирогчийн лангууны араар орж хогийн шүүрээр цохиж, зууралдсан байдалтай байхад шүүгдэгч О.Г нь хохирогч руу дайрч лангуу мөргүүлэн хохирогчийн биө, эрүүл мэндэд хохирол учруулах биеийн хүчний давуу байдал, нөхцөл боломжийг бүрдүүлсэн энэ үйлдлийг гэмт хэрэг хийхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэхээр байна. Тодруулбал: шүүгдэгч О.О, О.Г нар нь хохирогч Д.Дий эрх чөлөөнд халдаж, түүнийг зодох үйлдлийг нэг цаг хугацаанд, нэг орон зайд, нэг эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад шүүгдэгч нарын хэн аль нь гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь О.Г нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүх хохирогч Д.Д болон тухайн үйл явдал болсон цаг хугацаанд байгаагүй гэрч А.Өгийн мэдүүлгийг үндэслэж О.Гийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж буруутгасан нь учир дутагдалтай дүгнэлт болсон. А.Өг үйл явдал болох цаг хугацаанд тэнд байсан эсэхийг хэн ч нотолж хэлээгүй, А.Өг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш 2 сар орчмын дараа гэрчээр асуусан зэргээс дүгнэхэд уг хэргийн талаар үнэн зөвөөр гэрчилж байгаа эсэхэд эргэлзээ үүсгэж байгаа болно. Нөгөө талаар уг хэрэгт О.О, О.Г, Т.Т, Ж.Н, С нар гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлгүүдэд О.Г нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй болох нь нотлогдож тогтоогддог атал шүүх хэт нэг талыг барьж дээрх гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт огт өгөөгүй. Уг гэрчүүд тухайн үйл явдал болсон цаг хугацаанд тухайн газарт А.Өг байсан талаар хэн ч гэрчилж мэдүүлээгүй байдаг. Мөн дуудлагаар очсон цагдаа буюу Т.Т нь маргаанд оролцсон гэх Д.Д, Б.М, О.О нарыг авч явж зохих арга хэмжээг авсан байдаг бөгөөд хэрэв харилцан зодоонд О.Г нь оролцсон бол мөн адил авч явж зохих арга хэмжээг авах байсан. Гэтэл авч яваагүй нь О.Г харилцан зодоонд оролцоогүй болохыг нотолдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу О.Г нь гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдож тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа байдлыг харгалзан үзэж О.Гийг гэм буруугүйд тооцох үндэслэлтэй болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 2020/ШЦТ/1062 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.06-ны өдрийн 2020/ДШМ/980 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, О.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Text Box: 'Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Огийн өмгөөлөгч М.Билгүтэй гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэргийг тогтоож хэргийг шийдвэрлэх байтал хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоо хийж харилцан зодолдож бие биендээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байтал С.Г, О.О нарыг бүлэглэн н.Ж.Ний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Яллах дүгнэлт нь О.Г, О.О нарын үйлдэл оролцоог тус тус тодорхой дүгнэж чадаагүй. Гэрч Т.Т нь намайг очиход 2 эмэгтэй хоорондоо муудсан байсан ба тэр хоёрыг хэлтэс рүү авч явсан. Тухайн үед н.Ж.Ний биед ил харагдах шарх байгаагүй. Харин О.О зүүн сарвуу хэсэгт ил харагдах шарх байсан гэж мэдүүлдэг. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10866 дугаар дүгнэлтэд “О.Огийн биед тухайн үед тархи доргилт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, сорви тогтоогдлоо... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлд зааснаар гэмтлийн хөнгөн тогтоогдлоо ... уг гэмтэл нь хэрэг болох тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн байдаг.

О.Огийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэлд хууль зүйн тайлбар хийхгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 798 дугаар захирамжид “...Өөрөөр хэлбэл хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх-30/, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10866 дугаартай О.Огийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шинжээчийн дүгнэлт /хх-31/, хохирогчийн мэдүүлэг /хх-8-9/, хохирогчийн өргөдөл /хх-7/, гэрчээр О.Огийн өгсөн мэдүүлэг /хх-18-19/, гэрчээр Т.Тын өгсөн мэдүүлэг /хх-20/... болон бичгийн бусад нотлох баримтуудаас шүүгдэгч О.Огийн биед учирсан гэмтэлд хохирогч Д.Дий үүрэг оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...гэмт хэрэг гарсан байдал, гэм хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэм буруу хэлбэр”, 1.4-т “яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, зэрэг нотолбол зохих байдлыг тогтооход шаардлагатай байна гэж үзэв. Иймд дээрх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзэв.” гэж заасан ба уг захирамжийн биелэлт хангагдаагүй байтал хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн гэрч Сийн мэдүүлэгт О нь тухайн хоёр охинтой маргалдаж байхад ойр орчимд нь таниас өөр хүн байсан уу гэхэд “байгаагүй” гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт мөн А.Ө мэдүүлэхдээ тухайн үед болсон үйл явдлыг харсан гэж ярьсан байхад дээрх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Гэрч А.Ө тухайн хэрэг учралын талаар “О нь маш хэрүүлч хүн их дарамталдаг, хэл амаар доромжилдог” гэж мэдүүлсэн нь Отай хувийн таарамжгүй харилцаатай гэж үзэхээс гадна түүний гэрчээр өгсөн мэдүүлэг нь ашиг сонирхлын зөрчилтэй, нотлох баримтын шаардлага хангах эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа юм. Мөн О.О, н.Ж.Н нарыг эрх бүхий албан тушаалтан Т.Т нь уг үйлдэлд буруутган Зөрчлийн тухай хуульд зааснаар 10.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэдгийг анхан шатны шүүх хуралдаанаар хохирогч болох н.Ж.Н, шүүгдэгч О.О нар шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан ба О.Огийн уг үйлдэл Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар шийтгэл оногдуулаад байгаа нь шударга ёсны зарчмыг зөрчөөд байна. Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 980 дугаар магадлал хэргийн бодит байдал, үйл баримттай нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн, 2 дахь хэсэгт оролцоог нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж заасны дагуу шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан ялгамжтай ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүгдэгч О.Огийн өмгөөлөгч М.Билгүтэй нарын гаргасан гомдлыг үндэслэн О.Г, О.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Г, О.О нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг-Ундраа төвд иргэн Д.Дийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Гт 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тэдний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч О.О, О.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх”-ээр өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч О.О, О.Г нар нь бүлэглэн хохирогч Д.Дтэй “шоолж инээлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдсон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд өмгөөлөгч Ц.Батзаяагийн “шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, О.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү”, өмгөөлөгч М.Билгүтэйн “шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1062 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 980 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүгдэгч О.Оийн өмгөөлөгч М.Билгүтэй нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                          

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН