Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1062

 

 

 

 

 

 

 

 

 

   2020         06          04                                       2020/ШЦТ/1062

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Д.Дөлгөөн,

шүүгдэгч О.Г., түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,

шүүгдэгч О.О., түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт О.ын Г., Ш. овогт О.ын О. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 05100 2746 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1976 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Амгалан” цогцолборт багш ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Ш. овогт О.ын Г..

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 38, эмэгтэй, дээд боловсролтой, “Баялаг-Ундраа” худалдааны төвд лангуу ажиллуулдаг, хэрэг хариуцах чадвартай, Ш. овогт О.ын О..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О., О.Г. нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвд иргэн Д.Дөлгөөнийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г. мэдүүлэхдээ: “Би Монгол Улсын алдарт эх, Боловсролын тэргүүний ажилтан. Энд ингээд гүтгэгдээд зогсч байгаадаа харамсч байна. Энэ хүүхдүүдийг би мэднэ. Би өдөр шөнө шиг цалин горилж худалдагч хийдэггүй. Би дүүгийнхээ дуудлагаар хааяа өдрийн од шиг очдог. Тэгэхэд ерөнхийдөө ийм байдалтай байдаг. Намайг бол байнга хөгшин авгай гэдэг. Тэр битгий хэл энэний бөгсийг нь  хар даа гээд инээж байсан хүүхдүүд. Би бүр гайхаж байсан, ямар сонин юм бэ, та нар чинь одоо ээж, аавгүй юм уу, эгч нь одоо яачихсан юм бол гэдэг. Үнэхээр ёс зүйгүй гэж бодож байгаа. Би ч гэсэн мянга мянган шавь нарыг төрүүлсэн байдаг. Би бол худлаа ярихыг үнэхээр цээрлэж байгаа. Надад лангууных нь ард үсэрч ороод, ноцолдоод байх ёс суртахуун ч байхгүй, бие бялдар ч байхгүй. Би энд гүтгэгдэж байгаадаа туйлын харамсч байгаа. Тэр цаган дээр байдаг охин тухайн өдөр ирээ ч үгүй. Аягүй орой ирдэг охин. Хэзээ хойно юу болов гээд буцалсан ус гуйгаад явж байсан гэдэг. Би бас муу ч, сайн ч ардын багш. Хүнийг нүдээр нь хараад танина гэдэг шиг өглөө болгон тэрүүгээр кофе, бэлэн гоймон ханхлуулаад, шоудсанаа яриад тас тас хөхрөөд байж байдаг. Хаана байсан шүүр юм бол доо. Би лав өчнөөн удаа эднийд байхдаа тэр шүүрийг олж хараагүй. Тэгээд тэрний ард тэнд байгаад байх зай талбай үнэхээр байхгүй. Гэхдээ яагаад намайг тэнд татан оролцуулаад байгаа нь энэ охины босс гээд Даштунгалаг гээд авгайн хувийн өс хонзон гэж бодож байгаа. Яагаад ингээд бүхэл бүтэн ээж шигээ хүнийг гүтгээд байгаа нь туйлын харамсалтай байна. Би нэр төрөө сэргээлгэнэ гэж бодож байгаа. Эд нар чинь бие бялдар сайтай байгаа. Над шиг хүнд тэгээд гэзэгдүүлээд зогсохгүй. Яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ? Би үнэхээр харамсч байгаа. Өмнө нь шоудаж байхдаа янз бүрийн бяцралтыг гаргасан юм уу, би мэдэхгүй. Үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Оролцоогүй гэдгээ үнэнээр нь хэлж байна. Би одоо лангууны араар гүйгээд ороод байх 18-тай охин биш шүү дээ.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О. мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Д.Дөлгөөн, Маралмаа нар нь намайг хэл амаар доромжилж, инээлдэж, шоолж байсан. Тэгэхээр нь би “яагаад намайг яриад байгаа юм бэ?” гэхэд Д.Дөлгөөн нь “авгай минь, чамайг ярьсан хүн нэг ч алга, явж сургуульд сур” гэж намайг доромжилсон. Тэгээд бид хэд очоод маргаан үүсгэсэн. Үүсгэх явцад бид нар гар, хөлөөрөө цохилцсон юм бол болсон. Ингээд цагдаа ирээд болсон явдлыг асуугаад, бид гурвыг авч яваад, хэсэг дээр очсон. Тухайн үйл явдал болж байх явцад гаднаас Саранчимэг гээд гэрч орж ирсэн. Манай эгч бол байнга суудаггүй л дээ. Би тухайн үед хүнгүй болчихоод суугаад өгөөч гээд О.Г.ийг авчраад Д.Дөлгөөний эсрэг талын лангуун дээр суулгасан юм. Манай тэр лангууны хаалга нээгддэггүй, дугуй нь гацаатай байдаг учраас хэзээ хойно Саранчимэгээр лангууныхаа хаалгыг нээлгэж, гарч ирээд, бичлэг хийсэн байдаг. Тэр бичлэгийг тухайн өдөр очсон Төмөрбаатар гэдэг цагдаа хэсэг дээрээ авчраад, та хэд хэн хэндээ айхтар гэмтэл учруулаагүй, олон нийтийн газар хэрүүл шуугиан гаргасан учраас та хэдийг бүгдийг нь торголоо шүү гээд Д.Дөлгөөн, Маралмаа, бид гурвыг явуулсан юм. Зүв зүгээр зогсч байгаад энэ хоёр охин надад зодуулаагүй. Аль 08 дугаар сарын 21-ний хэрэг дээр 10 сарын 04-ний өдөр Өнөрхүү гээд найзыгаа авчраад гэрчээр оруулсан байдаг. Тэр охин бол огт байгаагүй. Үүн дээр гомдолтой байгаа. Өнөрхүүгийн мэдүүлэгт шалны мод бариад зодоод байсан гэдэг. Манайд тийм шалны мод байдаггүй. Бид нар өөрсдөө 1000, 1000 төгрөг нийлүүлээд сүүлийн үеийн шал угаах юм авсан, тэрүүгээрээ угаадаг. Өнөрхүү нь надад угаасаа дургүй, ёс суртахууны доголдолтой охин байдаг. Хувийн байдлын хувьд прокурор намайг судлаад дүгнэсэн. Гэтэл энэ хүмүүсээ дүгнэсэн үү, юу хийж явдаг талаар нь судалж үзсэн юм уу? Гэхдээ надад бол тэр хамаагүй л дээ. Гэхдээ л иймэрхүү хүмүүсийн үгээр намайг ийм юманд хийгээд, хам хэрэгтэн болгож унагаах сонирхол Д.Дөлгөөн болон цаад эзэнд нь байгаа. Энэ бол цэвэр өс хонзонгийн сэдэлттэй юм яваад байгаа юм. Намайг гэм буруугүйг минь нотлох гээд байгаа  нотлох баримтыг минь прокурор үнэлэхгүй байгаад гомдолтой байгаа. Миний биед адилхан гэмтэл учирчихаад байхад нотлох баримтын хэмжээнд авч үздэггүй. Би хүсэлтүүд гаргахад миний хүсэлтийг хангасан хэдий ч ямар ч ажиллагаа хийгдээгүй. Содбилэг байцаагчид хэлэхэд “мэдэхгүй ээ, хийгээд байх шаардлага байхгүй” гэсэн хариуг өгсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Дөлгөөн мэдүүлэхдээ: “Тэр өдөр лангууны худалдагч нь 7 хоног хөдөө явна гэсэн тул намайг суугаад өгөөч гэсэн. Тэгээд би найзтайгаа очиж суусан. Найзтайгаа очиж суугаад 2 дахь өдөр нь бид хоёр юм яриад сууж байсан чинь О.О. нь “бид хоёрыг ярьж инээлээ, битгий инээгээд бай, давраад байгаарай” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь “эгч ээ, энэ дотор инээж болохгүй юм уу?” гэсэн чинь “инээх үгүйг чинь би шийднэ, та хоёр гудамжны золбин юмнууд ирчихээд бид хоёрыг дандаа доромжилж инээлээ, шооллоо” гэж бид хоёрыг загнасан. Тэгэхэд нь би “та миний ээж шиг, эгч шиг настай хүн байж, таныг хүндлээд би юу ч хэлмээргүй байна, битгий ингээд хэрүүл хий” гэсэн чинь “чи намайг настай гээд дарамтлаад, дээрэлхээд байгаа юм уу?” гээд шууд орж ирээд шүүрээрээ цохисон. Тэгээд эгч нь “наад охин чинь 7 буудалд гэр хороололд амьдардаг, аавгүй юм чинь өмөөрч, хамгаалах хүн байхгүй, чамайг зодсон ч гэсэн хэн ч өмөөрөхгүй” гээд хоёулаа орж ирээд зодсон. Би гэр бүлээрээ сургалтынхаа мөнгийг төлүүлдэг болохоор зуны 3 сард хэрэглээнийхээ мөнгийг тэр лангуун дээр сууж олдог байсан. Тэгсэн чинь “чиний насан дээр би ийм худалдагч хийж яваагүй. Арчаагүй царайлчихаад мөнгөгүй болохоор чи энд худалдагч хийгээд явж байгаа. Чамайг шүүх, цагдаа дуудсан ч хэн ч өмгөөлөх, хамгаалах хүн байхгүй” гэж хэлээд эгч нь яг тэр лангуунаасаа гарч ирээд, намайг шүүрээрээ цохиж байхад үсдээд, лангуу мөргүүлсэн. Лангуу мөргүүлээд миний баруун духны энд хавдчихсан байсан. Маргааш нь босоод ирсэн чинь толгой эргээд, дотор муухай оргиод, нүд харанхуйлаад шинж тэмдгүүд илэрсэн. Тархиндаа гэмтэл авсан байж магадгүй гээд Гэмтлийн эмнэлэг орж, томографикийн шинжилгээ хийлгэхэд тархины доргилтоос үүссэн хавагналтай гэж гарсан. Тархины хавагналт нь тэр үедээ эмчилгээ хийлгээд болчих ч гэсэн жилийн дараа ямар нэгэн байдлаар унаж татах зэрэг сөрөг үр дагаврууд илэрч магадгүй. Би зүв зүгээр байж байгаад энэ хоёр хүмүүст дарамтлуулж, дээрэлхүүлж, зодуулсан. Одоо ч гэсэн хохиролтой байгаа. Маш их гомдолтой байна. Аавгүй, ээжгүй, мөнгөтэй, мөнгөгүй бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг гэж ойлгодог. Тэгэхээр хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. 128.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Д.Дөлгөөний хохирогчоор өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15:00 цагийн үед би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 200 дугаар лангуун дээрээ найзтайгаа юм яриад, инээлдээд байж байхад эсрэг талын лангууны эгч О.О. “та хоёр юундаа инээлдээд байгаа юм, энд инээж болохгүй, инээх үгүйг чинь би заана, энэ хэсэг миний эзэмшлийнх” гэхээр нь манай найз Маралмаа “инээж болдоггүүй юм уу, эгч ээ?” гэсэн чинь тэр эгч муудалцах гээд байхаар нь “битгий ярь, наад хоёр чинь угаасаа ингэдэг юм” гэсэн чинь “битгий давраад байгаарай, дуугүй байгаарай та 2” гэхээр нь “би таныг ээж шигээ настай ахмад хүн гэж бодоод хүндлээд дуугардаггүй, тэгэхэд та дандаа ингэж давардаг” гэхэд “чи намайг настай гээд доромжлоод байгаа юм уу?” гээд шүүр аваад урд хэсгээр нь толгой руу цохиод лангуу руу орж ирээд тэр шүүрээрээ дахиад цохихоор нь найз Маралмаа шүүрийг нь араас нь булааж авсан чинь цаанаас нь эгч нь гэх О.Г. гэж хүн орж ирээд намайг үсдээд лангуу мөргүүлсэн, тэгээд бас гар хөл маажсан, тэгж байхад нь О.О. эгч намайг давхар цохиж байсан, тэгээд О.О.ийн нөхөр орж ирж, тэр хоёрыг болиулж авч явсан. Тэгээд цагдаад хандаж байна.” гэх мэдүүлэг /8-9/,

- Д.Дөлгөөнийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

- Хохирогч Д.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Чи намайг настай гээд доромжлоод байгаа юм уу гээд лангууны урд талд байсан шүүрээр миний толгой руу нэг удаа цохиж, лангуу руу орж ирээд дахин шүүрээр 4 удаа цохисон. Тэгэхэд манай найз Маралмаа О.О.ийн шүүрийг булааж авах үед хажууд байсан О.Г. нь орж ирж лангуу мөргүүлээд гар хөл маажсан. Тэгэхэд О.Г. нь намайг үсдэж байхад О.О. нь дээрээс нуруу руу цохиж байх үед О.О.ийн нөхөр гэх залуу орж ирээд аваад гарсан. О.О. нь “битгий давраад байгаарай” гэсэн. Тэгэхэд “би таныг хүндлээд юм хэлдэггүй байсан” гэхэд хариуд нь “намайг чи хөгшин гэж доромжлоод байна уу?” гэж хэлээд шал шүүрдэж байсан шүүрээрээ толгой руу 4 удаа цохисон. Тэгэхэд хажууд Маралмаа нь О.О.гийн шүүрийг булааж авах үед хажуу талын лангуунаас О.Г. эгч орж ирээд намайг үсдэж, лангуу толгойгоор мөргүүлж гар хөл маажсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 143/,

- Гэрч Б.Маралмаагийн өгсөн: “Та бид хоёрыг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд гартаа барьж байсан шүүрээр манай найз Д.Дөлгөөний толгойн зүүн хэсэг рүү нь олон удаа цохиж эхэлсэн. Би салгах гэхэд “чи дуугүй бай, энэ найзтайгаа адилхан” гэхээр нь би шүүрийг нь булааж авах үед хажуу талын лангуунаас дахин нэг эгч ирж, Д.Дөлгөөнийг үсдэж доош дарж, хоёулаа нийлж зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- О.О.гийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр өөрийн лангуу дээрээ зогсч байхад 200 дугаар лангуун дээр сууж байсан Д.Дөлгөөн гэх охин нэг эмэгтэй найзтайгаа ирчихээд манай эгчийн үг яриаг давтаж яриад шоолоод инээгээд байсан. Энэ үйл явдал удаа дараа болсон болохоор нь би ойр орчимд нь хог шүүрдээд явж байхад тухайн хоёр охин манай эгч О.Г.ийг сийндүүлчихлээ гэж хэлэхээр нь би тухайн хоёр охинд уурлаж, та хоёр яагаад удаа дараа хэлсэн үг давтаж, инээгээд доромжлоод байгаа юм гэхэд Д.Дөлгөөн нь “авгай минь чамайг ярьсан хүн алга, сургуульд суугаач, захын хар авгай минь” гэж хэл амаар доромжилсон. Тэгэхэд хажуу талаас манай эгчийг мөн чам шиг багш байдаггүй, чи явж сургуульд суугаач, зайлаач, авгай минь гэхэд Д.Дөлгөөний хажууд нь зогсч байсан найз охин нь үсний тэжээлийн савтай тос шидэх үед би зүүн гараараа хамгаалсан. Тэгэхэд миний зүүн гарын хурууны үе хавдсан . Тэгээд би шүүр барьж байсан тул шүүртэй гарыг Д.Дөлгөөн маажсан. Тэгэхэд Д.Дөлгөөний найз лангуун дээрээс гарч ирээд хэл амаар доромжилж байгаад өөрсдөө салсан. Д.Дөлгөөн нь намайг “чи намайг ямрыг хараарай, хуулиа мэддэггүй хар авгай, чи явж сургуульд суугаач ээ, чамайг ёстой хачин болгоно” гэх мэтээр дарамталсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- О.Г.ийн гэрчээр өгсөн: “Манай төрсөн дүү О.О. нь “Баялаг-Ундраа” худалдааны төв дээр гоо сайхны бараа зардаг. Тухайн өдөр би очиж тусалж байхад хажуу талын 200 дугаартай лангуун дээр хоёр танихгүй охин авгай, хөгшин авгай, халтар авгай гэх мэтээр хэл амаар доромжилж, шүлсээ хаяж байсан. Би хажуу талын лангуу луу харж байгаад тухайн хоёр охин “та нар болиоч ээ” гэхэд хоёр охин нь намайг “чи муу юу юм, халтар авгай, чам шиг багш гэж юу байдаг юм” гэж салаавч гаргаж, хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гар утаснаасаа бичлэг хийж авсан. Тэгээд тухайн үйл явдал намжсан”. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- Гэрч Т.Төмөрбаатарын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарантуул” олон улсын худалдааны төвийн эргүүлийн цагдаагаар 1 жил ажиллаж байсан. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би эргүүлийн цагдаагаар ажиллаж байхад “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 200 дугаар лангуун дээр хажуу талын эгч намайг шүүрээр зодоод байна гэх дуудлага ирсэн. Тэгэхээр нь би тухайн дуудлаган дээр очиход 18-22 насны 2 эмэгтэй, эсрэг талын лангуун дээр мөн нэг эмэгтэй нар байсан. Тэгэхээр нь би тухайн 3 эмэгтэйд юу болсон талаар асуухад олон нийтийн газар хоорондоо маргалдаад байсан болохоор цагдаагийн хэсэг рүү авч ирсэн. Тэгээд тухайн эмэгтэйтэй уулзахад Д.Дөлгөөн гэх нүдний шилтэй охин надад “энэ эгч намайг гадуур хонож явдаг, аавгүй юм чинь зодсон ч яадаг юм гэсэн” гэж хэлсэн. Д.Дөлгөөний хажууд байсан найз охин гэх Маралмаа гэх охин “энэ эгч бид хоёрыг лангуун дотроо яриад байж байхад ирж хэрүүл хийж, Д.Дөлгөөнийг зодсон” гэж хэлсэн. Харин 35 орчим насны О.О. гэх эмэгтэй надад энэ Д.Дөлгөөн гэх охин өдөр болгон өөр охин дагуулж ирээд хэл амаар доромжлоод байна, мөн хажуу талын найз нь тос авч шидсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тухайн 3 эмэгтэйд хууль сануулаад гаргасан. Тэгээд эвлэрээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч Ж.Наранбаатарын өгсөн: “Би эхнэр О.О.гийн хамт “Баялаг-Ундраа” худалдааны төв дээр гоо сайхны лангуу ажиллуулдаг. Тухайн өдөр Солонгос улсаас бараа ирсэн байсан. Манай эхнэрийн төрсөн эгч О.Г. тухайн үед манай лангуун дээр худалдагч хийдэг байсан. Тэгэхэд Д.Дөлгөөн гэх охин бид нарыг хэл яриа дагаж дуурайгаад шоолоод, инээлдээд байсан. Тэгэхээр нь манай эхнэр тухайн 2 охинд хандан яагаад хүний хэлсэн үг дагаж хэлээд байгаа юм гэж хэлэхэд харилцан хэрэлдэж байгаад салсан. Тэгэхээр  нь би эхнэртээ яагаад хэрэлдээд байгаа юм, наад хоёр охинтойгоор битгий хэрэлдээд бай гээд болиулсан. Мөн тухайн хоёр охинд хандан, та хоёр битгий дарвалзаад бай, эвтэйхэн байгаарай гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Гэрч Э.Саранчимэгийн өгсөн: “Тухайн өдөр би өөрийн 184 дүгээр лангуун дээр байж байгаад шампунь солих гээд О.О.гийн лангуун дээр очих үед байхгүй байсан ба О.О. нь 200 дугаар лангууны өмнө зогссон 200 дугаартай лангуун дээр худалдагч хийж байсан 2 охинтой орилолдоод хэрүүл хийж байсан. Тэгэхэд газар нэг тэжээлийн тос, шампунь хоёр унасан, шампунийн хүзүү нь хугарсан харагдаж байсан. Тухайн хоёр зүйлийг О.О. луу хүн авч шидсэн үгүйг би мэдэхгүй байна. Тэгээд хажуу талын лангуунд сууж байсан О.Г. эгч лангууны хаалга онгойлгоод өг гэхэд нь би онгойлгох үед гар утсаараа бичлэг хийгээд үлдсэн. Тэгээд би яваад өгсөн. Орой О.О.гийн зүүн гар нь хөхрөөд хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- Гэрч А.Өнөрхүүгийн өгсөн: “Тухайн өдөр хажуу талын лангуун дээр эмэгтэй хүмүүс орилолдох чимээ гарахаар  нь 200 дугаар лангууны чигт очиход О.Г. нь 200 дугаар лангуун дотор ороод Дөлгөөнийг үснээс нь зулгаагаад хойшоо дарсан, хажууд нь О.О. мөн лангуун дотор хогийн шүүр барьсан зогсч байсан ба энэ үед О.О.гийн нөхөр нь О.О., О.Г. нарыг лангуунаас татаж гаргасан. Тэгэхэд О.Г. хажуу талын лангуу руугаа ороод гар утсаараа Д.Дөлгөөн болон түүний найз охин нарыг янхнууд, биеэ үнэлж амьдардаг, зарц барлагууд гэх мэтээр хэл амаар доромжлоод бичлэг хийж байсан. Тухайн үед О.О.г лангуунаас нөхөр нь гаргах үед лангуун дээр өрөөтэй байсан савтай тэжээлийн тоснууд О.гийн гар дээр нь унаж, нэг тос нь газар хагарсан байсан. Миний харснаар Д.Дөлгөөнийг лангуун дотор шалан дээр унаад О.Г. үснээс нь зулгааж хойшоо татсан байдалтай байсан. Харин Д.Дөлгөөн нь О.О., О.Г. нарыг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10866 тоот:

“1. О.О.гийн биед тухайн үед тархи доргилт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 31/,

- Д.Дөлгөөний хохирогчоор өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 200 дугаар лангуун дээр найз Маралмаатай байхад эсрэг талын лангууны О.О. нь бид хоёрыг “та хоёр юундаа инээлдээд байгаа юм, энд инээж болохгүй, инээх үгүйг чинь би мэднэ, энэ миний эзэмшлийн газар” гэх мэтээр өндөр дуугаар хэлэхээр нь найз Маралаа “инээж болдоггүй юм уу?” гэхэд О.О. хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би найз Маралмаад “битгий маргалд, наад хоёр эмэгтэй чинь байнга ингэдэг юм” гэхэд О.О. нь “битгий давраад байгаарай” гэсэн. Тэгэхэд би “таныг хүндлээд юм хэлдэггүй байсан” гэхэд хариуд нь “намайг чи хөгшин гэж доромжлоод байна уу?” гэж хэлээд шал шүүрдэж байсан шүүрээрээ толгой руу 4 удаа цохисон. Тэгэхэд хажууд Маралмаа нь О.О.гийн шүүрийг булааж авах үед хажуу талын лангуунаас О.Г. эгч орж ирээд намайг үсдэж, лангуу толгойгоор мөргүүлж, гар хөл маажсан. Тэгэхэд О.Г. нь намайг үсдэж байхад О.О. нуруу луу цохиж байх үед О.О.гийн нөхөр гэх залуу орж ирээд О.О., О.Г. нарыг аваад гарсан. Тэгээд үргэлжлүүлэн хэл амаар доромжилсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 143/,

- Гэрч Т.Төмөрбаатарын өгсөн: “Би одоо тухайн үйл явдлын талаар санахгүй байна. Учир нь байнга зодооны асуудал болж байдаг болохоор олон дуудлаганд очиж байгаа тул санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 145/,

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 149/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

О.Г., О.О. нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” төвд иргэн Д.Дөлгөөнийг лангуу мөргүүлэх, хогийн шүүрээр цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Д.Дөлгөөний “...О.О. нь “битгий давраад байгаарай” гэсэн. Тэгэхэд би “таныг хүндлээд юм хэлдэггүй байсан” гэхэд хариуд нь “намайг чи хөгшин гэж доромжлоод байна уу?” гэж хэлээд шал шүүрдэж байсан шүүрээрээ толгой руу 4 удаа цохисон. Тэгэхэд хажууд Маралмаа нь О.О.гийн шүүрийг булааж авах үед хажуу талын лангуунаас О.Г. эгч орж ирээд намайг үсдэж, лангуу толгойгоор мөргүүлж, гар хөл маажсан. Тэгэхэд О.Г. нь намайг үсдэж байхад О.О. нуруу луу цохиж байх үед О.О.гийн нөхөр гэх залуу орж ирээд О.О., О.Г. нарыг аваад гарсан.” гэх  мэдүүлэг, гэрч Б.Маралмаа “...Та бид хоёрыг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм гэхэд гартаа барьж байсан шүүрээр манай найз Д.Дөлгөөний толгойн зүүн хэсэг рүү нь олон удаа цохиж эхэлсэн. Би салгах гэхэд “чи дуугүй бай, энэ найзтайгаа адилхан” гэхээр нь би шүүрийг нь булааж авах үед хажуу талын лангуунаас дахин нэг эгч ирж, Д.Дөлгөөнийг үсдэж доош дарж, хоёулаа нийлж зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

гэрч А.Өнөрхүү “ Тухайн өдөр хажуу талын лангуун дээр эмэгтэй хүмүүс орилолдох чимээ гарахаар  нь 200 дугаар лангууны чигт очиход О.Г. нь 200 дугаар лангуун дотор ороод Дөлгөөнийг үснээс нь зулгаагаад хойшоо дарсан, хажууд нь О.О. мөн лангуун дотор хогийн шүүр барьсан зогсч байсан ба энэ үед О.О.гийн нөхөр нь О.О., О.Г. нарыг лангуунаас татаж гаргасан. Тэгэхэд О.Г. хажуу талын лангуу руугаа ороод гар утсаараа Д.Дөлгөөн болон түүний найз охин нарыг янхнууд, биеэ үнэлж амьдардаг, зарц барлагууд гэх мэтээр хэл амаар доромжлоод бичлэг хийж байсан. Тухайн үед О.О.г лангуунаас нөхөр нь гаргах үед лангуун дээр өрөөтэй байсан савтай тэжээлийн тоснууд О.гийн гар дээр нь унаж, нэг тос нь газар хагарсан байсан. Миний харснаар Д.Дөлгөөнийг лангуун дотор шалан дээр унаад О.Г. үснээс нь зулгааж хойшоо татсан байдалтай байсан. Харин Д.Дөлгөөн нь О.О., О.Г. нарыг цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10204 тоот дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Г., О.О. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Г., О.О. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч О.О.гийн өмгөөлөгчөөс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10866 тоот дүгнэлтээр О.О.д хөнгөн зэргийн гэмтэл учирсан боловч 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 02 дугаартай прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол гарсан байна .

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугуйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай нь нотлогдсон байна.

Хохирогчид баримтаар 107.846 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Г., О.О. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тус тус харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш. овогт О.ын Г., Ш. овогт О.ын О. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, О.Г.т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нараас О.Г., О.О. нараас тус тус 53.900 төгрөгийг гаргуулан хохирогч Түнжингийнхэн овогт Даваадоржийн Дөлгөөн /РД:НТ98060401/-д олгосугай. 

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА