Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00209

 

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2дарь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С.Н д холбогдох эрүүгийн 201506000280 дугаартай, 163/2018/0182/Э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх Монгол улсын хуулиар суллагдсан, Ш овогт С.Н  

Холбогдсон хэргийн талаар: С.Н нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр тээл” Баянхангайн “Улаанхад” гэх нэртэй газарт оршин суух иргэн Б.Г өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 4150000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н гийн өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд А , Жамсран бид гурав Эрдэнэт хотод уулзаж нэг шил архи уусан. Архи ууж байхдаа Төв аймгийн Заамар суманд алт сайн гарч байна гэж байна, гуравуулаа яваад ирэх үү? гэж ярилцаад А ын аавынх нь портер машинтай явахаар болсон. Маргааш өглөө нь уулзаад бинзен, тосоо хүнээс мөнгө зээлж аваад, жаахан идэж уух зүйлээ боож аваад явсан. Заамар сумын наана гүүрэн дээр очиход цагдаа зогсчихсон оруулахгүй гээд хөөж туугаад байсан. Тэгээд тэр өдрөө тэндээ хоносон. Маргааш өглөө нь буцахаар болсон. Буцах замдаа Б.Г  гэх айд очъё, би тэр айлын өвөлжөө барихад туслаж байсан. Мөнгө авах ёстой, мөнгөө авч хүнээс зээлсэн мөнгөө өгье гээд аваад явсан. Тэгээд Гантулгынд очиход гэр бүлээрээ байхгүй байсан. Дүүгийнд нь очиход бүгд Эрдэнэт хот руу явчихсан гэж хэлсэн. Цай уугаад ганц шил архи хувааж уугаад сууж байтал хохирогч Гантулгын дүү нь “манайд нэг хөл нь хугарсан бяруу байгаа. Үүнийг авч яваад манай гуанз ажиллуулдаг дүүд хүргээд өгчих, өвс ч идэж чадахгүй, өвлийг давж чадахгүй байх” гэж хэлэхээр нь “за тэгье” гээд ачаад явсан. Замдаа явж байхад Гантулгын өвөлжөө таарсан. Уг өвөлжөөн дээр очиж зогсоод амбарынх цоожийг хөшиж онгойлгоод мотор, усны ноцос, 25 кг-ын ууттай хоёр шуудай ааруул, дээл гэх мэт зүйлийг авч цаашаагаа явсан. Замдаа машин эвдрээд 2-3 удаа зогссон. Явсаар байтал маргааш өглөө нь 8-9 цагийн үед Эрдэнэт хотод байдаг Жамсрангийн гэрийн гадаа очсон. Ааруул, дээл хоёрыг хүнтэй уулзаж ярилцаж байгаад 400000 төгрөгөөр зарж борлуулсан гэв.

201506000280 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.Г өгсөн: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр тээл” гэх газарт оршин суудаг юм. Манайх 2015 оны намар өвөлжөөнөөсөө 20 гаран километрын зайтай намаржсан. 2015 оны 09 дүгээр сарын эхээр өвөлжөөн дээрээ хөрзөн буулгах гэж очсон чинь өвөлжөөний хажууд байх mighty маркийн машины төмөр амбаар буюу цагаан өнгийн контейнорын төмөр цагаан цоожийг нь эвдлээд хажууд нь хаясан байдалтай байхаар нь орж үзсэн. Гэрийн эрээн авдарын жижиг цоожийг эвдээд тэр дотор байсан торго, аяга тавагнаас аваагүй, хурганы арьсан дотортой 2 ширхэг ногоон өнгийн дээл, авдарны хажууд байсан нэг шуудай 50 кг-ын чихэртэй ааруул, 10 ширхэг шуудай хэвэг, улаан өнгийн цахилгаан моторт хөрөө, усны нассос зэргийг авсан байсан. Машины мөрийг үзэхэд манай өвөлжөөний хажуу талд тулж зогссон мөр байсан. Алга болсон эд зүйлсээ араас нь сураглаад Гансүх дүүгийн гэрт очсон чинь 2015 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт мал маллаж байсан Сонин овогт С.Н  танихгүй 3 залуутай хамт “Пронтер” маркийн авто машинтай ирээд Орхон аймаг орно гэжхээр нь 1 тооны үхэр ачуулаад явуулсан талаар хэлсэн. Манай өвөлжөөний ойр хавиар айл байхгүй машин нээх их яваад байдаггүй болохоор С.Н тэй хамт ирсэн хүмүүсийг сэжиглэсэн. Би Орхон аймагт байдаг төрсөн дүү Очироо руу залгаад амбаарт хулгай орсон талаар хэлэхэд С.Н г “Пронтер” маркийн машинтай хэдэн хүмүүстэй ирээд нэг үхэр ачаад явсан талаар хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа манай дүү Очироо “Пронтер” маркийн машинтай А ыг  бариад авахад хулгай хийсэн талаараа хэлсэн гэж ярьсан. 2 ширхэг хурган дотортой дээлийг нэг ширхэгийг нь 1000000 төгрөгөөр үнэлж нийт 2000000 төгрөг, 50 ширхэг элдсэн хурганы арьсны нэг ширхэгийг 15000 төгрөгөөр үнэлж нийт 750000 төгрөг, 50 кг чихэртэй ааруулын нэг кг-ыг  15000 төгрөгөөр үнэлж нийт 750000 төгрөг, хятад улсад үйлдвэрлэсэн, улаан өнгийн цахилгаан моторыг 500000 төрөг, нассосыг 100000 төгрөг, 10 шуудай хивэгийг 120000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлсээ төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

Гэрч Б.Гансүхийн өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 28-ны 11 цагийн орчим манай ах Гантулгын гэрт мал маллаж байсан С.Н , танил А  нар нь ногоон ачааны “Пронтер” маркийн машинтай өөрсдөөсөө гадна 2 танихгүй залуутай хамт манай гэрт ирсэн. Хаашаа явж байгаа талаар асуухад Заамар сумаас С.Н г эхнэртэй нь уулзуулаад Орхон аймаг явж байна гэж хэлсэн. Эдгээр хүмүүс нь манайд ирэхдээ нилээн халамцуу байсан. Би нэг литр хүрэхгүй монгол архи гаргаж өгсөн. С.Н , А , нэг танихгүй залуу нар монгол архинаас уугаад нөгөө залуу нь машиндаа суугаад байсан. Би С.Н г “Орхон аймаг орох гэж байгаа юм чинь манай эгч Чимэгээгийн гэрт үхэр буулгаад өгчихээрэй” гэж хэлээд улаан зүсмийн хөл нь гэмтсэн бярууг ачуулсан. Манай гэрээс 12 цагийн орчим Булган аймгаар дамжаад Орхон аймаг орно гэж хэлээд явсан. Тэгээд хаашаа явсан талаар мэдэхгүй, С.Н г хаана байдаг талаар мэдэхгүй. Хаа сайгүй л явдаг хүн шдээ, тогтсон гэр орон байхгүй. Би ахынхаа алдсан хурганы арьс, цахилгаан мотор, нассос, дээл, хэвэг зэргийг нь бүгдийг нь харж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Б.Очирын өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын эхээр шиг санаж байна. Миний төрсөн ах Гансүх над руу яриад Б.Г  ахын байшинд хулгай орсныг хэлсэн. Тэгээд ямар хүн хулгай хийснийг асуухад манай нутгийн залуу С.Н , А  нар нь хамт машинтай ирээд явсан гэсэн. Тэгэхээр нь А той таараад гэрийг нь заалгаад гэрт нь очоод А оос цахилгаан мотор, нассос зэргийг аваад цагдаад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Гэрч Б.Долгорын өгсөн: Би Гантулгын төрсөн эгч юм. 2015 оны 08 дугаар сарын сүүлээр Гансүх над руу хөл нь гэмтсэн улаан зүсмийн 3 настай үхрийг С.Н  гэх хүн машинтай ирэхээр нь ачуулаад Орхон аймаг руу явуулсан талаар хэлсэн. Тэгээд Гансүхийн явуулсан гэсэн үхэр надад ирээгүй байхгүй болсон. Яагаад үхэр байхгүй байгаа талаар хөдөө байдаг Б.Г ас сонсоход С.Н г замаараа өвөлжөөнөөс эд зүйл хулгайлаад алга болсон талаар хэлсэн. 2015 оны зун Гантулгын гэрт С.Н г байхад харж байсан. Сайн танихгүй. 2017 оны 08 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг “Дарь эх”-д явж байхаар нь таараад “чамайг С.Н  гэдэг үү” гэхэд “мөн” гэж байсан. Тэгээд байхгүй болсон. Тэрнээс хойш дахин таараагүй. С.Н  нь нэг тооны үхэрний үнийг хохирогч Б.Г д барагдуулж өгөх ёстой гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/,

Гэрч Ч.А ын өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 27-28-ны өдөр шиг санаж байна. С.Н , Жамсран бид гурав өглөөний 10 цагийн үед таараад нэг шил 0,75 литрийн “Ерөөл” нэртэй архийг хувааж уусан. С.Н  нь Төв аймгийн Заамар сумын Соов багт алт гарч байна. Алтны шороо зөөх машин байвал алтанд хэдүүлээ явж болох юм байна гэж хэлсэн. Маргааш өглөөний 09 цагт Финкийн тэнд уулзахаар болоод болзсон, би аавынхаа **-**СБА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй Жамсран бид хоёр очсон. Дэлгүүрээс гурван шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архи, хоол хүнсний зүйл аваад урагшаагаа Мэргэнээр даваад Соов баг руу явсан. Замдаа ганц нэг шил архи уусаар байгаад орой гэгээ тасарч байхад Соов баг руу орсон. Хүмүүсээс цагдаа нар алт руу оруулахгүй байгаа гэдгийг дуулсан. С.Н  дэлгүүр рүү яваад 2 шил архитай ирсэн. Архи ууж хоночихоод маргааш өглөө нь архи уугаад сууж байхад С.Н  мал маллаж байсан. Б.Г  гэх айлын гэрт очьё гээд зам заагаад явсан. Гэрт нь очиход Б.Г  байхгүй байсан ба дүү Сүхээ гэх айлынд очиход тэр айл ундааны савтай 2 сав монгол архи гаргаж ирээд өгөхөөр нь С.Н  бид хоёр хувааж уусан. Жамсран машин барьж байсан болохоор архинаас уугаагүй. Сүхээ гэх залуу нь хөл нь хугархай бярууг аваад Орхон аймагт хүргээд өгчих гээд машинд бярууг ачсан. Би Сүхээгээс нэг хонь гуйж авсан ба С.Н д нэг хонь, нэг хургыг Сүхээ зүгээр өгсөн. Бид нар Булган аймаг талаар явна гэж байгаад мап ачсан болохоор дунд замаар буцаж явахаар болоод явсан. Замдаа би өвөлжөөгөөр орсон талаар мэдээгүй, учир нь би архи уугаад тасарсан байсан. Харанхуйд зүйлийн хөндий дөхөөд явж байхад машин саатахаар нь тэндээ хоноод маргааш өглөө нь эрт Орхон аймаг орсон. Жамсрангийн гэрийн гадаа ирэхэд С.Н  үхэр, хонь, хурга, 2 шуудайтай зүйлийг буулгаад цагаан өнгийн ачааны машин олж ирээд ачаад аваад явсан. Машин дээр улаан өнгөтэй усны нассос, улаан өнгөтэй тог гаргадаг мотор зэрэг байсан. Жамсрангаас “хэний эд зүйл юм бэ” гэхэд “С.Н гийн эд зүйл юмаа, цаадах чинь ирж авна” гэж хэлэхээр нь ачаад гэртээ ирсэн. Жамсран бид хоёрыг манай гэрт унтаж байхад С.Н  над руу утасдаад “хашааныхаа урд талд гараад ир” гэхээр нь гараад очсон. Тэгэхэд “баяраллаа” гэж хэлээд явж өгсний хөлс гэж 20000 төгрөг өгсөн ба хоёр шил 0,75 литрийн "Ерөөл" нэртэй архи аваад хувааж ууж байхад 10000 төгрөг нэхсэн чинь “дараа өгье” гэж хэлсэн. С.Н г надад мөнгө өгөхгүй болохоор нь би уурлаад бид хоёр зодолдсон. Тэндээсээ С.Н , Жамсран бид гурав салсан. Хоёр хоногийн дараа Очироо гэх залуу ирээд хулгайлж авсан мотор, нассос байна гэхээр нь гаргаж өгсөн. Тэгээд Жамсран бид хоёр цагдаад баригдаад явсан ба дахин С.Н тэй уулзаагүй. С.Н г олон удаа мэдэх хүмүүсээс хайсан боловч олдохгүй байсан.  Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор хэн ямар зорилгоор хулгай хийснийг мэдэхгүй. Би хулгай хийхэд оролцоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/,

Гэрч Ч.Жамсрангийн өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шиг санаж байна. Өглөө А ын гэрээс гараад явж байхад худаг дээр С.Н тэй таарсан. Бид гурав 0,75 литрийн нэг шил “Ерөөл” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд бид гурав Төв аймаг руу алтанд явахаар болж маргааш өглөө нь Төв аймаг руу явсан. Төв аймагт очоод хүмүүсээс цагдаа нар алт руу оруулахгүй байгаа гэдгийг дуулсан. С.Н  дэлгүүр рүү яваад 2 шил архитай ирсэн. Тэндээ архи ууж хоночихоод маргааш өглөө нь архи уугаад сууж байхад С.Н  мал маллаж байсан. Б.Г  гэх айлын гэрт очьё гэж хэлж зам заагаад явсан. ...Сүхээ гэдэг айлд очиход Сүхээ гэх залуу “хөл нь хугарсан улаан зүсмийн бярууг ачаад явчих” гэхээр ачаад явсан. Мөн С.Н  тэр айлаас хонь авсан. С.Н г Гантулгын өвөлжөөн дээр очъё гээд байхаар нь очсон. С.Н  наанаа хүлээж бай гэж хэлээд вагончик  дээр түрүүлж очин хаалгыг нь онгойлгоод дуудахаар нь очиход машины хажуу талд улаан өнгийн мотор, усны нассос тавьсан. Тэгэхээр нь би мотор, усны нассос зэргийг нь С.Н тэй хамт өргөлцөж машинд тавихад С.Н  вагончик руу орж хоёр тал шуудайтай зүйл авчираад машин дээр тавьсан. С.Н г ууттай зүйлийг задалчих гэхээр нь задлахад хурган дотортой дээл байсан ба хэдэн ширхэг байсан ямар өнгөтэйг нь анзаараагүй. ...С.Н  А  бид хоёрыг дуудахаар нь гараад 3 шил архи хувааж уусан. С.Н  А од 20000 төгрөг өгсөн. Надад 10000 төгрөг таксинд суугаарай гэж өгсөн. А од яах гэж мөнгө өгсөнийг мэдэхгүй. С.Н , А  хоёр мөнгөнөөс болж маргалдаад цохилцоод байхаар нь салгатал С.Н  зугтсан. Тэрнээс хойш С.Н тээ уулзаагүй байж байгаад цагдаад баригдсан. Би хулгай хийж байгаа гэж мэдээгүй. С.Н  өөрөө миний юм байгаа юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 100 тал/,

  1. Цахилгаан үүсгүүр /мотор/-1 ширхэг 450000 төгрөг,
  2. Усны нассос- 1 ширхэг 100000 төгрөг,
  3. Хурган дотортой дээл- 2 ширхэг 2000000 төгрөг,
  4. Хурганы арьс- 50 ширхэг 1000000 төгрөг,
  5. Ааруул- 50 кг 500000 төгрөг,
  6. Хивэг- 10 шуудай 100000 төгрөг, нийт 4150000 төгрөгийн хохирол учирсан

болохыг тогтоосон 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Эд зүйлийн зах зээлийн үнэлгээ, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-93 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газарт хийсэн тэмдэглэл /хх-5-6 тал/, эд зүйл хураан авах болон хүлээлгэн өгсөн тогтоол, тэмдэглэл /хх-11-13 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-71-72 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх баримтууд /хх-76, 115-156, 190-198 тал/, яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-160-162 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-242 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

       Шүүгдэгч С.Н нь 2015 оны 08 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Өвөр тээл” гэх газарт нутаглах Б.Г өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтэрч 4150000 төгрөгний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч захиран зарцуулсан үйлдлээрээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Г , гэрч  Б.Гансүх, Б.Очир, Б.Долгор, Ч.А , Ч.Жамсран нарын мэдүүлгүүд, шинжээчийн 4150000 төгрөгний хохирол учирсан болохыг тогтоосон эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

      Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч, нарын мэдүүлэг нь шүүгдэгч С.Н н мэдүүлгийн эх сурвалжийг нотлож байх бөгөөд хоорондоо зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий дээрх шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

      Шүүгдэгч С.Н н дээрхи үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас нийт 4150000 төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 450000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүр /мотор/, 100000 төгрөгийн үнэ бүхий усны нассосыг тус тус биет байдлаар нь буцаан олгосон байх тул бусад эд зүйлийн үнэ 3600000 төгрөг төлөгдөөгүй байна.

      Түүнчлэн шүүгдэгч С.Н н  Орхон аймгийн Баян-Өндөр суманд хүргүүлэхээр итгэмжлэн өгсөн  “хөл нь хугарсан шүдлэн үхрийг” завшсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд хохирогч гэм хорын хохиролд “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 18/36 дугаартай дүгнэлтийн дагуу 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь зүйтэй байна. 

        Иймд шүүгдэгч С.Н гээс нийт 4100000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г д олгох нь зүйтэй байх ба шүүгдэгч хохирлын дүн дээр маргаагүй,  хохирлыг төлөхөө илэрхийлжээ.

Шүүгдэгч С.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт шүүгдэгч С.Н нь 32 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** СВА улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн зүйл болох нь нотлогдож байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

      1. Шүүгдэгч Ш овогт С.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Н г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Н гээс 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг  гаргуулж хохирогч Б.Г  олгосугай.  

      6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг дурьдаж,  **-** СВА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож,  түүнийг өмчлөгч эзэмшигчид нь үлдээсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД