Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 14

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                               Ц.Гэрэлбаатар

         Шүүгдэгч                                               С.Н

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                          П.Ган-Очир

         Хохирогч                                                Б.Г

         Нарийн бичгийн дарга                          С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолтой  С.Н-д холбогдох 201506000280 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Н -н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .... Ш овогт С.Н.

 Шүүгдэгч С.Н нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн... гэх нэртэй газарт оршин суух иргэн Б.Г-н өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 4150000 /дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 209  дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Н-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д  оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Н-гээс 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гантулга олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг дурьдаж, **-** СВА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, түүнийг өмчлөгч эзэмшигчид нь үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах  буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдолдоо: С.Н би ... 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Г-д очиход гэр бүлээрээ байхгүй байсан учир буцаж явахдаа Б.Г-н дүү Б.Г-д орж архи ууж байгаад буцаж явах замд хохирогчийн өвөлжөөний ойролцоо машин эвдэрсэн учир амбаараас хулгай хийж мотор, насос эд зүйл авсан юм. Тухайн үед их согтуу учир энэ үйлдлийг хийсэн. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Тухайн үед маш их согтуу байсан, мөн хохиролыг 100 хувь төлж хохиролгүй болгож өгнө. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн С.Н-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч С.Н нь 2015 оны 8 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар . . .  гэх газарт нутаглах Б.Г-н өвөлжөөний амбаарт нэвтрэн орж, амбаарт нь байсан 450 000 төгрөгийн үнэлгээтэй цахилгаан үүсгүүр мотор, 100 000 төгрөгийн үнэтэй усны насос, 2 000 000 төгрөгийн үнэтэй хурган дотортой дээл 2 ширхэг, 1000000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хурганы арьс, 500 000 төгрөгийн үнэлгээтэй 50 кг ааруул, 100 000 төгрөгийн үнэтэй 10 шуудай хивэг, нийт 4 150 000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, эрүүгийн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний гэм буруугийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд хүргүүлэхээр итгэмжлэн өгсөн Б.Г-н хөл нь хугарсан шүдлэн үхрийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5.д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байх ба шүүгдэгч С.Н нь хохирлыг төлөөгүй, хохирогч үхрийн үнэ 500 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байх тул энэ хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх нь зүйтэй гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд шүүгдэгч С.Нэ-с үхрийн үнэ 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г-д олгохоор,  шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт ... дахь гэснийг дарь гэж, тодорхойлох хэсэгт ...амбаарын гэхийг ...амбарынх... гэж дээр... гэхийг гэжхээр... гэх зэргээр үг үсгийн алдаатай бичигдсэн байгааг тус тус зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Н-д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл түүний гэм буруугийн байдалд тохирсон хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн ...Би тухайн үед маш их согтуу байсан. Хохирлыг зуун хувь төлж хохиролгүй болгож өгнө. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь  заалтын Б.Г гэсний дараа ...  үхрийн үнэ 500 000 төгрөг гаргуулж Б.Г-д  олгосугай гэж,

шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 2дарь гэснийг 2 дахь гэж, тодорхойлох хэсэгт амбарынх гэснийг амбаарын гэж, гэжхээр гэснийг гэж дээр гэж тус тус өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй....

2. Шүүгдэгч С.Н н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     М.ХҮРЭЛБААТАР                           

                ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА                                                      

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН