| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 102/2016/01076/и |
| Дугаар | 001/ХТ2017/00723 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/00723
Хурдгрупп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01076 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар магадлал,
Нэхэмжлэгч : Хурдгрупп ХХК,
Хариуцагч : П.Баттөр,
Хариуцагч : Т.Мөнгөнтуул,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд : Л.Анхбаатар,
Нэхэмжлэлийн шаардлага: 2014.7.04-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, 2014.7.08-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай
Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзаяа, хариуцагч Т.Мөнгөнтуулын төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Бадрал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Болд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хянан шийдвэрлэгдэж, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Баттөрийг оролцуулахаар 2014.7.15-ны өдөр бичгээр итгэмжлэл олгосон. Гэтэл П.Баттөр нь өөрт эвлэрлийн гэрээ байгуулах эрх олгогдоогүй байхад Т.Мөнгөнтуултай 2014.7.04-ний өдөр Эвлэрлийн гэрээ, 2014.7.08-ны өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байрны 19 тоот орон сууцыг 9 дүгээр байрны 30 тоот орон сууцаар солихоор тохиролцож компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон. Эвлэрэх эрхийг олгосон боловч эвлэрлийн гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, бусдын өмчлөлийн орон сууцыг шинээр баригдаж буй орон сууцаар солих бүрэн эрхийг олгоогүй юм. Иймд уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж Иргэний хуулийн 56.1.8-т зааснаар төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн буюу төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн гэх үндэслэлээр дээрх хоёр гэрээг хүчингүй гэж үзэж байна. Мөн П.Баттөр, Т.Мөнгөнтуул нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулаагүй. Уг эвлэрлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй нь Иргэний хуулийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон эвлэрлийн гэрээний хэлбэрийг зөрчсөн гэх хэлбэрийг бүрдүүлж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой. Мөн эвлэрийн гэрээ байгуулахаас өмнө 2014.6.30-ны өдөр Л.Анхбаатарт худалдсан орон сууцыг Т.Мөнгөнтуулд өгөх тохиролцоо хийснээрээ гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эвлэрлийн гэрээ болсон. Иргэний хуулийн 64.2.2-ыт зааснаар Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах бусдад шилжүүлэх захиран зарцуулах эрх олгосон этгээдэд эрх баригч болон нягтлан бодогч нарын гарын үсэг зурсан байна гэх шаардлага байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Мөнгөнтуул шүүхэд тайлбартаа: Г.Мөнгөнтуул миний бие 2013 оны 7 дугаар сард Хурд групп ХХК-ийн Нарны хороолол хотхонд орон сууцны захиалга өгч, 2014 оны 01 дүгээр сард 9а байрны 1 дүгээр орц, 8 давхрын 30 тоот орон сууцанд орсон юм. Уг байранд анх захиалга өгөхөд нарны тусгал хаагдахааргүй, эрүүл аюулгуй орчинд амьдрах бүрэн боломжтой гэж үзэж авсан гэтэл өнөөдрийн байдлаар бүх цонхыг бүрэн хааж, нарны гэрэл тусах ямар ч боломжгүйд хүргээд байна. Холбогдох байгууллагад хандахад батлагдсан төлөвлөлтийг зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл барилгын ажил зогсохгүй байсан учир 2014.4.21-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Хурдгрупп ХХК нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 9 дүгээр байрны баруун урд талд баригдаж байгаа 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох 10 дугаар байрны 19 тоот 105.28 м.кв талбайтай, байгалийн гэрэл шууд нэвтрэх боломжтой 3 өрөө байрыг нэхэмжлэгч миний одоо амьдарч байгаа байраар солин, үнэ төлбөргүй миний өмчлөлд шилжүүлэн өгөх тухай саналыг тавьсаны дагуу компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль П.Баттөртэй 2014.7.08-ны өдөр эвлэрлийн гэрээ, 10 дугаар байрны 19 тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг тус тус байгуулсан. Гэтэл Хурд групп ХХК нь 2 дугаар ээлжийн орон сууцны барилгаа 2015.01.23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч гэрээгээр тохирсон орон сууцаа бидэнд өгөх үүргээ үл биелүүлсэн тул асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж 2015.9.02-ны өдөр 102/ШШ2015/05259 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн 1432 дугаар магадлал, Дээд шүүхийн 2015.12.22-ны өдрийн 1121 дүгээр тогтоолоор тус тус Т.Мөнгөнтуул миний өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч Хурд групп ХХК-д даалгаж шийдвэрлэсэн юм. Л.Анхбаатартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан гэдэг нь үндэслэлгүй. Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан. Уг лавлагаан дээр Хурд групп ХХК-ийн 10 дугаар байрны захиалагч нарын нэрсийн жагсаалтыг өгсөн байдаг. Уг жагсаалтанд Г.Мөнгөнтуулын нэр байгаа. Иймд Хурд групп ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Хурд групп ХХК-иас олгосон итгэмжлэл нь хуульд заасан хүчин төгөлдөр итгэмжлэл гэдэг нь тогтоогдсон тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Баттөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хурд групп ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу иргэн Т.Мөнгөнтуултай эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон бөгөөд эвлэрлийн гэрээнд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрх олгоогүй гэдгийг зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Анхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014.6.30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байрны 19 тоот 105.2 м.кв талбай бүхий орон сууцыг 241.983.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон Л.Анхбаатар нь орон сууц захиалгын гэрээг анх байгуулахдаа 108 сая төгрөгийг анх аваачиж өгсөн. Дараа нь 2015.3.20-ны өдөр 133.983.000 төгрөг бэлнээр өгч эзэмших, ашиглах эрхтэй хууль ёсны өмчлөгч болсон. Мөн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг захиалагч гаргаж өгнө гэж тохиролцсоны дагуу 2015.3.20-ны өдөр Л.Анхбаатар төлбөрөө төлж дуусгаснаараа хууль ёсны өмчлөгч болсон гэж үзэж байна. Өмнөх 2015.9.02-ны өдрийн 05259 тоот шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан. Гуравдагч этгээд Л.Анхбаатар нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байрны 19 тоот 105.2 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх шаардлага гаргасан боловч хүлээж аваагүй байсан. Иймд шүүхийн шийдвэр гаргахдаа гуравдагч этгээд Л.Анхбаатарын эрх ашгийг хөндөхгүйгээр шүүхийн шийдвэр гаргана уу гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01076 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан Хурд групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Баттөр, Т.Мөнгөнтуул нарт холбогдох иргэний хэргийн 2014.7.04-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Орон сууцны барилгыг захиалан бариулах 2014.7.08-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан Хурдгрупп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.368.670 төгрөг, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, П.Баттөр, Т.Мөнгөнтуул нараас 1.366.670 төгрөг гаргуулан Хурд групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2014.7.04-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, 2014.7.08-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг тогтоолгох тухай Хурдгрупп ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. 2014.7.24-ний өдрийн захирамжтай Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй, Хурдгрупп ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийг эвлэрэх эрх итгэмжлэлээр олгосон эсэх талаар дүгнэлт хийж, эвлэрэх эрх бүхий итгэмжлэлийг олгосон байх тул эвлэрэх эрхтэй байсан гэсэн дүгнэлт хийсэн. Харин Орон сууц барилгыг захиалан бариулах гэрээг байгуулах буюу компанийн эд хөрөнгийг бусдын эд хөрөнгөөр солих хэлцлийг бие даан байгуулах эрхтэй эсэх, эвлэрэх эрхийн хэмжээ хязгаар, агуулгын талаар огт дүгнэлт хийгээгүй болно. Иймд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү. 2. Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй хэрэгт П.Баттөрд итгэмжлэл 2014.5.01-ний өдөр, эвлэрэх эрх бүхий итгэмжлэлийг 2014.7.15-ны өдөр тус тус олгосон. Хавтаст хэрэгт авагдсан П.Баттөрд олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн харилцаанаас өөр эрхзүйн харилцаанд үйлчлэх боломжгүй. Гэтэл хариуцагч П.Баттөр нь Т.Мөнгөнтуултай Иргэний хуулийн 343.1-т заасны дагуу нэрлэгдсэн Ажил гүйцэтгэх гэрээг дур мэдэн байгуулсан. Хурдгрупп ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-т заасны дагуу хүсэл зорилгыг илэрхийлээгүй болох нь итгэмжлэлээр нотлогдож байна. Иргэний хуулийн 64.2.2-т заасны дагуу “...нягтлан бодогч давхар гарын үсэг зурах ёстой...” гэсэн тул Иргэний хуулийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцогдохоор байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2014.6.30-ны өдрийн Н10-19 тоот Орон сууц барилгыг захиалан бариулах тухай гэрээ байгуулж, 10 байрны 19-тоот 3 өрөө байрыг нийт 241.983.000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцыг эзэмшиж, ашиглаж байхад тус байрыг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч компани яагаад маргаж буй орон сууцыг худалдан борлуулсан талаарх тайлбарыг өгөөгүйг гуравдагч этгээдийн зүгээс мэдэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүх миний бие даасан шаардлагыг хүлээн авахгүй, боломжгүй хэмээн өнгөц дүгнэлт хийсэн. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1-т заасны дагуу орон сууцны маргаан болж байгааг мэдсэн даруйдаа шаардлага гаргасан байхад шүүгч 183/ШШ2016/03353 захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ
ХЯНАВАЛ:
Хурдгрупп ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нэг талаас Хурдгрупп ХХК-ийг төлөөлөн П.Баттөр, нөгөө талаас Т.Мөнгөнтуул нар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан байна. /хх 1-2, 6-9/
Хариуцагч Т.Мөнгөнтуул нэхэмжлэлийг бүхэлд нь харин П.Баттөр 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээтэй холбоотой шаардлагыг тус тус эс зөвшөөрч, маргажээ. /хх 18/
Анхан шатны шүүх Хурдгрупп ХХК-ийн нэхэмжлэлээс “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, Хурдгрупп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дугаар тогтоолд П.Баттөр нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хэлцэлийг бие даан байгуулах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй... хариуцагч нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрхгүй... гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж байгааг шүүх анхаараагүй...” гэжээ.
Гуравдагч этгээд гомдолдоо “...Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй хэрэг шийдвэрлэгдэж байх үед Л.Анхбаатар орон сууц худалдан авах гэрээ байгуулчихсан орон сууцыг эзэмшиж байсан хэдий ч маргааны талаар мэдээгүй байсан... гуравдагч этгээдийн шаардлагыг шүүх хүлээн аваагүй нь буруу...” гэсэн байна.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг дараахи үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлын талаар дүгнэлт хийхэд зохигчдын хооронд энэ хэргээс өмнө үүссэн иргэний маргааны талаар дурдах шаардлагатай гэж үзлээ.
Т.Мөнгөнтуул нь Хурдгрупп ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 онд шийдвэрлэж байжээ. Тодруулбал, Т.Мөнгөнтуул “...Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний 4.7-д заасны дагуу орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлэх, Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол хотхоны 10-р байр 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох...” гэсэн нэхэмжлэлийг Хурдгрупп ХХК-д холбогдуулан гаргасныг шүүх 2015 онд шийдвэрлэсэн байна.
Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй уг хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад Хурдгрупп ХХК нь “...Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээнд гарын үсэг зурах болон гэрээ байгуулах эрхийг П.Баттөрд олгоогүй байхад гэрээ байгуулсан...” /хх 81/ гэж мэтгэлцсэн бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт өгсөн байна.
Тухайлбал, давж заалдах шатны шүүх “...гэрээнд ...төлөөлж П.Баттөр гарын үсэг зурсан... П.Баттөр нь Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй хэрэгт Хурдгрупп ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан... орон сууц захиалан бариулах гэрээгээр талууд эвлэрлийн гэрээний зүйлийг тодруулсан... Хурдгрупп ХХК-иас П.Баттөрд олгосон эрх хэмжээний хүрээнд ...гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...” /хх 82/ гэж, хяналтын шатны шүүх “...Хурдгрупп ХХК-иас ...П.Баттөрд олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх ба компанийн нэрийн өмнөөс ...эвлэрэх эрх олгосон байх бөгөөд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж эвлэрснийг үндэслэлгүй гэх тайлбараа нотлоогүй...” /хх 88/ гэсэн дүгнэлт хийж байжээ.
Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол хотхоны 10-р байр 19 тоот орон сууцыг Т.Мөнгөнтуулын өмчлөлд шилжүүлэхийг Хурдгрупп ХХК-д даалгасан Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/05259 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1432 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дугаар тогтоол /хх71-81/ хүчин төгөлдөр хүчин төгөлдөр байна.
2. Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/05259 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1432 дугаар магадлал, хяналтын шатны 2015 оны 1121 дугаар тогтоол гарснаас хойш Хурдгрупп ХХК нь П.Баттөр, Т.Мөнгөнтуул нарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардсан.
Баянгол,Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/05259 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1432 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дугаар тогтоолд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн, Хурдгрупп ХХК-ийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг даалгасан, хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэлд заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасныг шүүх үнэлж, үндэслэлгүй болохыг тогтоожээ.
Маргааны зүйл болсон гэрээтэй холбоотой нөхцөл байдлын талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 120 дугаар зүйлийг зөрчөөгүй, шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
П.Баттөр Хурдгрупп ХХК-ийг төлөөлөх эрхгүй байхдаа эсхүл эрх хэмжээгээ хэтрүүлэн нэхэмжлэлийн үндэслэл болон хоёр гэрээг байгуулсан гэх нөхцөл байдал хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн гомдлыг хангах боломжгүй.
3. Л.Анхбаатар Хурдгрупп ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 102/ШЗ2016/11211 дугаар захирамж гаргаж, түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ. /хх 48, 54/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Анхбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бие даасан шаардлага гаргасан боловч шүүх хүлээн аваагүй байна./хх 161, 197/
“...Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол хотхоны 10-р байр 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох...” тухай бие даасан шаардлага нь зохигчдын маргааны зүйлтэй холбоогүй тул шүүх Л.Анхбаатарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.
“Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороолол хотхоны 10-р байр 19 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийг Л.Анхбаатар шүүхэд гаргахад энэ тогтоол саад болохгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхино.
4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн зохих хэсэг, заалтыг баримтлаагүйгээс гадна хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...56.1...” гэснийг “...56.1.8, 65 дугаар зүйлийн 65.1...” гэж өөрчлөн, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 1.368.670 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ