Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

                                           У.Энхбат, Д.Баянжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

ялтан У.Энхбат /онлайнаар/,

ялтан У.Энхбат, Д.Баянжаргал нарын өмгөөлөгч Ц.Мандал,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Энхбатын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201401020285 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хатагин овогт Уранчимэгийн Энхбат, 1987 оны 6 дугаар сарын 10-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30-01 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2801 дүгээр тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:ЖЯ87061076/;

2. Харчу овогт Даваагийн Баянжаргал, 1985 оны 7 дугаар сарын 20-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Эрүүл мэнд гудамжны 1-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕО85072078/;

 

1. У.Энхбат нь Э.Ариунбаяр, Д.Баянжаргал нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 1 дүгээр сарын 7-ны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис”-ын шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

мөн Э.Ариунбаяртай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 28-ны 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 30-А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж түүний куртик, гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. Д.Баянжаргал нь У.Энхбат, Э.Ариунбаяр нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 1 дүгээр сарын 7-ны 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис”-ын шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: У.Энхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Д.Баянжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Энхбатыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Д.Баянжаргалыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой, зөрчиж, догшин авирлан, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар У.Энхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Д.Баянжаргалыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар У.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасч, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Д.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасч, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар У.Энхбатад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар У.Энхбатад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Баянжаргалд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Энхбат, Д.Баянжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй, Д.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар У.Энхбатын цагдан хоригдсон 638 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Баянжаргалд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, У.Энхбатад авсан цагдан хорих, Д.Баянжаргалд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан У.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие  2014 оны 3 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ хүү Э.Мөнх-Анар, найз Баянжаргал нартай байж байхад ээж Уранчимэг “Хөх хотоос ирчихсэн Эрдэнэчимэг эгчийнд чинь байна, эхнэр, хүүхдэд чинь бэлэгтэй ирсэн, маргааш буцна ирээд ав” гэж утсаар ярьсан. Гэтэл гаднаас Ариунбаяр, Отгоо ах хоёр цагаан өнгийн 20-60 гэх улсын дугаартай, Приус-20 загварын машинтай ирсэн. Отгоо ахад учир явдлаа хэлээд ээжтэй уулзаж бэлэг сэлтээ авчихаад Отгоо ахын машинаар гэр лүү хүргүүлэхээр явж байтал Отгоо ах “тэр гоё савхитай залуу байна, очоод куртикийг нь авчихья” гэсэн. Тэгээд бид 3 машинаа зогсоолд тавьчихаад нөгөө залуу руу очсон. Тэр үед миний баруун хөл бэртэлтэй байсан болохоор 10-20 метрийн зайтай зогсож байсан. Тэр хоёр өөдөөс гүйгээд ирсэн, бид 3 машиндаа суугаад явсан. Гэтэл тэр хоёр утас, түрийвч, куртикийг нь авчихлаа гэсэн. Отгоо ах савхин куртикээ би авна гээд авсан, түрийвчинд 7.500 төгрөг байсныг Ариунбаяр утастайгаа цуг аваад Отгоо ах Ариунбаяр бид хоёрыг манай гэрт хүргэж өгөөд явсан. Гэтэл 2014 оны 3 дугаар сарын 29-ний өглөө цагдаа нар ирээд тодруулах юм байна гээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү очоод үзлэг хийхэд надаас гар утас гарч ирсэн. Цагдаа нар хаанаас авсан юу болсон талаар асуухаар нь Отгоо гэдэг ахаас авсан юм гэхэд Отгоог олж өг гээд Ариунбаярыг явуулсан. Би 2015 оны 1 дүгээр сарын 15-наас 20-ны хооронд хулгай хийж байгаад Отгоо ахтай Баянзүрх дүүрэг рүү очиход Отгоо ахыг өмнө нь цагдаагийн тусгайд ажилладаг байсан гээд явуулаад намайг цагдан хорисон. Ууганжаргал гэдэг байцаагч 2014 оны 3 дугаар сарын 28-ны шөнө болсон хэргийг Отгоо ах сэдэж үйлдсэн байхад ямар ч хамааралгүй намайг хамааралтай болгон ял оногдуулсанд гомдолтой байна. Энэ талаар мөрдөн байцаагч нарт удаа, дараа хэлсэн боловч авч үзэхгүй байна. Иймд би Отгоо ах болон Ариунбаяр нартай хэргээ үнэн зөвөөр шийдүүлмээр байна. Анх баригдсан талаар прокурор, мөрдөн байцаагч нар мэдэж байгаа. Би 2 жил цагдан хоригдож байх хугацаандаа прокурор Д.Ширэндэвт энэ талаар байнга хэлдэг байсан. Би өмгөөлөгчтэйгөө байцаалт өгье гэж хэлэхэд байцаалт аваагүй. Прокурор Д.Ширэндэв “Чи чимээгүй байж бай. Чамайг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулна. Шүүх хуралдаанд юу ч битгий дуугараарай” гэж хэлсэн. Би анхан шатны шүүх хуралдаанд халуураад юу ч хэлж чадахгүй байсан...” гэв.

Ялтан У.Энхбат, Д.Баянжаргал нарын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Энхбаттай уулзаад хэргийн талаар тодруулахад давж заалдах гомдолд нэр нь дурдагдсан Отгоо ах гээд байгаа Отгонжаргал гэгч зөвхөн энэ үйлдэлд биш, өөр олон үйлдэлд холбогдолтой. Үүнийг шалгуулахаар мөрдөн байцаагчид удаа, дараа мэдэгдсэн боловч огт анхаарч үзээгүй. Өмнө нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан гэх шалтгаанаар Цагдаагийн байгууллагын ажилтнууд шалгадаггүй, шалгахаас зайлсхийсэн гэсэн гомдол гаргасан. Мөн энэ хэргийн холбогдогч Э.Ариунбаярын хэрэг нь тусгаарлагдаж Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа учраас Отгонжаргалаас мэдүүлэг тайлбар авч энэ талаар тодруулах нь зүйтэй гэж У.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Автомашины дугаар, орон байрных нь талаар Отгонжаргал, Э.Ариунбаяр нар сайн мэддэг, эдгээр залуучуудыг зохион байгуулж, уруу татаж, хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэгт “3 залуу гэж андуурсан байна, 2 залуу байсан, 1 нь цаана зогсож байсан гэж бодож байна” гэдэг. Эдгээрийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. У.Энхбатын цагдан хоригдсон хоногийн тоо 1 сараар зөрсөн байна гэж хэлсэн...” гэв.

            Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...У.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн, танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн зүйл хэсгээр ял халдаасан. Тийм учраас анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар өмнөх шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд Отгоо гэж хүн гэмт хэрэг үйлдсэн гэж яригдаагүй. Отгоо гэж ямар хүний талаар яриад байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн  шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд У.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэргээс тусгаарласан Э.Ариунбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн...” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1580 дугаар прокурорын тогтоолоор /15-р хх-ийн 56/ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэг буюу “...яллагдагч Э.Ариунбаяр нь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтын шатнаас зориуд зайлсхийсэн...” гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 207 дугаар зүйлийн 207.1 дэх хэсэгт заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сэжигтэн, яллагдагчийн байхгүйд нэмж хийх шаардлагатай байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг прокурорын тогтоолоор сэргээн явуулна” гэснийг зөрчиж дээрх түдгэлзүүлэх үндэслэл арилсан эсэхийг заалгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1542 дугаар прокурорын тогтоолд /15-р хх-ийн 61/ “...яллагдагч У.Энхбат давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдохгүй ...” гэсэн   захирамжинд  заагдаагүй  үндэслэлээр  хэргийг сэргээсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчжээ.

Мөн У.Энхбат, Д.Баянжаргал нарт холбогдох хэргээс Э.Ариунбаярт холбогдох хэргийг тусгаарласан, Г.Эрдэнэбаатар, Л.Эрдэнэчимэг, Л.Бавуудорж нарт холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөртлөө яллагдагч У.Энхбат, Э.Ариунбаяр, Г.Эрдэнэбаатар, Л.Эрдэнэчимэг, Л.Бавуудорж, Д.Баянжаргал нарыг прокурорт шилжүүлэх тогтоол гаргаж, /15-р хх-ийн 63/  У.Энхбат, Д.Баянжаргал нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна.  

Ялтан У.Энхбат урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр суллагдсан байх бөгөөд “урьд энэ гэмт хэрэгт” ял шийтгүүлж байсан талаар улсын яллагч нь яллах дүгнэлтдээ оруулалгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид дүгнэлт өгөлгүй хэргийг шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Энхбат, Д.Баянжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчлүүдийг арилгуулж, яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу үйлдүүлэн, зөвтгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.Энхбат, Д.Баянжаргал нарт холбогдох эрүүгийн 201401020285 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол У.Энхбатад урьд авсан цагдан хорих, Д.Баянжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ