Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2019/0014/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Батжаргал, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                       Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                Г.Батбаяр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч                          Г.Очирбат,

Хохирогч                                                               Г.Цолмонбат,

Хохирогч нарын өмгөөлөгч                                 А.Туул           

Иргэдийн төлөөлөгч                                            Г.Цэцэгдэлгэр,

Шүүгдэгч                                                               О., Н. нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Н нарт холбогдох 1839005090240 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эко Могул” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 74б байр 69 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл үгүй, О /РД:/

 

Монгол улсын иргэн,  1988 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Төмөр инверс” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 19 дүгээр гудамж 679 тоотод оршин суух хаягтай, урьд 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөгдсөн гэх Н /РД: /

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О, Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Заан ширээгийн өвөр” гэх газар оршин суух Д.Гэрэлмаагийн гэрт Г.Цолмонбатад тусгайлан бэлтгэсэн хайч, мяндсан уяа, хар реминэн уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Очирбатын өмчлөлийн “Ногоон дарь эх” шармал өнгийн бурханыг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-20 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 32 тал/,

 

Хохирогч Г.Очирбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө Хэнтий аймгийн Дадал сумын гэртээ байж байтал 06 цаг 40 минутын үед манай төрсөн дүү Цолмонбат миний гар утас руу залгаад “Ахаа дүү нь дээрэмдүүлчихлээ ” гэж хэлэхээр нь би өөрийн Тоёота Патрол маркийн 01-88 УНБ улсын дугаартай автомашинтай сумынхаа хоёр цагдааг аваад Хэнтий аймгийн Дадал сумын төвөөс баруун урд зүгт 26 км зайд байрлах Заан ширээгийн өвөр гэх газар байдаг хөдөө гэрлүүгээ очсон. Намайг хөдөө гэрт очиход манай дүү Цолмонбатын зүүн шанаа нь битүү хавдсан. Хамраас нь цус гарсан байдалтай. Гэр дотор байсан эрээн өнгийн модон авдарыг юу ч үгүй ухсан байдалтай байсан. Тэгээд би хоёр цагдаагаа дагуулаад гэрийн гадаа байсан машины мөрийг дагаж явж байгаад тухайн машины мөрийг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төв рүү оруулаад алдсан. Тэгээд бид нар Жаргалтхаан сум хүртэл хайгаад олоогүй. ...Бид нарыг очиход манай дүү хүлээсээ тайлсан байсан. Хүлээсээ тайлаад над руу утсаар холбогдсон байсан. ...манай гэрийн авдар дотор байсан “Ногоон дарь эх” нэртэй өндөр нь 8 см, өргөн нь 7 см алтан бурхныг аваад явсан байсан. ...Манай дүү Цолмонбат хөдөө гэртээ ээж Гэрэлмаатай хамт амьдардаг Тухайн үед манай ээж Гэрэлмаа сумын төвд ажил гараад ирсэн байсан. Тэгээд манай дүү хөдөө гэртээ ганцаараа үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/,

 

Хохирогч Г.Цолмонбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дадал сумын Заан ширээ гэх газар ээж Гэрэлмаагийн хамт амьдардаг юм. Манай ээж Гэрэлмаа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай эгчийн хүүхдийг суман дээр цэцэрлэгт оруулна гээд манай ах Эрдэнэбат ээж дүү хоёрыг машинтайгаа ирж аваад явсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 16-ны үүрээр 06 цагийн орчимд гэртээ унтаж байхад гэрийн гадаа том машины чимээ гарахаар нь орноосоо босоод гэрийнхээ хаалганы завсраар харсан чинь гэрийн урд талд хар өнгийн жижиг оврийн жип машин ирээд зогсохоор нь би гэрийнхээ хаалганы дотор талын түгжээг онгойлгочихоод буцаад орондоо ороод хэвтэхэд нэг хүн хаалгаар шагайгаад Дадал орох зам аль вэ гэж асуухаар нь зүүн хойшоо байгаа гэж хэлсэн чинь нөгөө хүн баярлалаа гээд хаалга хаачихаад цаашаа явах шиг болсон. Тэгэхээр нь би санаанд оролгүй нөгөө машинтай хүмүүсийг яваад өгч байгаа байлгүй гэж бодоод буцаад унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрсэн чинь нүүрэндээ цагаан өнгийн масктай хоёр залуу нүүрэн дээр тулаад хараад зогсож байхаар нь сандараад юун хүмүүс вэ гээд өндийсөн чинь нөгөө хоёр хүн зүүн гарыг маань мушгиад, миний толгойг доош нь тонгойлгоод өвдөгөөрөө миний толгойн дээр дараад хоёр гарыг маань ард хүлж байхаар нь юун улсууд вэ гэж хэлсэн чинь нөгөө хоёр хүний нэг нь өчигдөр орой явж байсан залуу мөн гэж хэлэхээр нь яасын гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр хүн намайг малын хулгайч гэж хэлээд хоёр хөлийг маань гартай маань холбож уяад нэг нь миний толгой, нуруун дээр өвдөглөөд дараад байж байсан. Тэгсэн гэрийн баруун хойно нэг нь юм ухаж байхаар нь би хальт толгойгоо хажуу тийш нь болгоод харахад нэг залуу нь гүнгэрваа бурхныг маань хойд орон дээр тавиад юм түжигнүүлээд байсан. Тэгсэн миний дээрээс дарж байсан залуу нь үхсэнээ хараад байгаа юм гээд толгойны ар хэсэг рүү хоёр, гурван удаа цохихоор нь би доошоо тонгойход зүүн шанаа руу хүчтэй цохьсон. Тэгсэнээ нөгөө хоёр залуу гэнэт гэрийн хаалга онгорхой орхиод гараад гүйх шиг болсон. Тэгэхээр нь би өвдгөн дээрээ өндийгөөд хаалгаар харсан чинь нөгөө хоёр залуу машинтайгаа хөдлөөд аргалын цаагуур орж байсан.Тэгээд би хөлнийхөө уяаг гараараа тайлчихаад хоёр хүчтэй татсан чинь гар уясан уяа нь сулрахаар нь гараа мултлаад шууд утасруугаа гүйгээд утсаар ярих гээд утсаа автал утасны антенийг тас хайчилчихсан байхаар нь антенийхаа зэс утсыг гаргаад антенаа холбоод шууд Очирбат ах руу залгаад дээрэмдчихлээ гэж хэлсэн. Тэгсэн Очирбат яасан гэнээ гэхээр нь хоёр залуу уяаж орхиод бурхныг маань аваад явчихлаа гэж хэлсэн...Гөрсөн мяндас, хооронд нь холбосон хар өнгийн ремэнин уягаар уясан. Антений утсыг хайчаар тасалсан байсан. Хайч нь утасны хажууд байсан. Хайч нь манай гэрт байдаг хайч биш тэр хүмүүс хайчтай орж ирээд антений утсыг тасалсан байх....манай гэрийн баруун хойд талын авдран дээр гүнгэрваан дотор байсан шармал бурхныг авсан байсан....Толгойн ар хэсэг рүү цохиулаад дагз хэсэг хавдсан. Толгой өвдөж байгаа. Зүүн шанаа хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

 

Хохирогч Г.Цолмонбатын мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Тэр 2 хүн миний гарыг шуугаар нь хүлсэн юм, тэгээд би хүлээсээ сулруулах гээд уяаг нь шуугаараа татаж чангааж байхдаа 2 гарынхаа шууны арьсыг зулгалсан, мөн зүүн шанаа болон дагз руу цохисон болохоор тэр хэсэгтээ хавдаж хөндүүр болсон байсан... ...Мөнгө төгрөг зээлж байгаагүй, урьд нь уулзаж ч байгаагүй. О.г нь урьд нь сонсож л байсан. ...Энэ хайч болон уяаг би өмнө харж байгаагүй, манай гэрт лав урьд байгаагүй... Яг тэр хэрэг болох үед бол би царай зүсийг нь сайн харж чадаагүй, хальт л харсан. Тэгээд мөн байгаа байдлыг нь харж авсан. Тэр бурхан авсан нь арай жоохон махлагдуу гэмээр залуу байсан. Тэгээд сая надаас уучлалт гуйхаар ирэхэд нь харахад О. нь тэр авдар сав ухаад бурхан авч гарсан нь мөн байсан, харин миний дээрээс дарсан залуу нь туранхай өндөр шөвгөр царайтай Н. нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

 

Гэрч Д.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өглөө 8 цагийн орчим өөрийн төрсөн хүү, охин бэрээ аваад өөрийн төрсөн хүү болох Эрдэнэбатын автомашинтай хөдөө гэр лүү явсан. Дадал сумын 1 дүгээр баг Заан ширээ гэх газар хөдөө гэртээ очиход төрсөн хүү Цолмонбатын зүүн шанаа ар дагз нь хавдсан нэлээн айсан байдалтай байсан. Миний төрсөн хүү болох Очирбат нь өглөө 07 цагийн орчимд гэртээ байж  байхад төрсөн дүү болох Цолмонбат нь хөдөө гэрийн утаснаас Очирбаттай утсаар ярихдаа 2 хүн масктай орж ирээд зодож уяагаар хүлж, дээрэмдэж гүнгэрваа дотор байсан ногоон дарь эх алтан бурханыг аваад хар өнгийн автомашинтай зүүн хойшоо зугтсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

 

Гэрч Д.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтанд дахин өгсөн : “...2 гарынх нь шуу зулгарсан байсан, бодвол хүлэхдээ юм уу эсвэл манай хүү хүлээгээ тайлахдаа гараа гарынхаа шууг зулгалсан байх. Мөн зүүн шанаа болон дагз нь хавдчихсан байсан, өөрөө их хөндүүр байна гэж ярьж байсан. ...Тийм юм гэж огт байхгүй, Манай хүү Цолмонбат О.гээс мөнгө зээлэх битгий хэл уулзаж ч байгаагүй... ...хэргийн газрын үзлэгээр хураагдсан хайч, уяа зэргийг би харж байгаагүй ээ... манай гэрт ийм эд зүйл огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 тал/,

 

Гэрч Г.Баярцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хэргийн талаар сонссон. Алдагдсан ногоон дарь эх бурханы хувьд бол 5 дахь үе дээрээ явж байгаа, бидний дээд 5 дахь үед 1870-аад оны үед хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогоор бол Хэнтий аймгийн Батноров сумын хойд талаар нутаглаж байсан Гомбо мээрэн гэдэг хүн байсан юм, энэ хүнээс түүний хүү Гомбын Сүнчин, түүний дараа Сүнчингийн Нэргүй, түүний дараа Нэргүй Гэрэлмаа буюу Очирбатын ээжид өвлөгдөж ирсэн. Одоо бол Гэрэлмаагийн Очирбатад ирээд байна. Бидний хувьд Гомбо мээрэн гэдэг хүнд энэ бурхан байсан гэдгийг нь мэдэж байгаа, энэ хүнээс дээшээ ямар хүнд байсан, ямар эх сурвалжаас гаралтай гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ур хийцийнх нь хувьд бол сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бурханыг бол манай удмынхан бүгдээрээ тахиж шүтдэг юм, яг ямар металаар хийсэн гэдгийг мэдэхгүй, өвөг дээдсээс ирэхдээ шүтэж явах ёстой алтан бурхан чинь шүү гэж заасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Гэрч Ц.Өлзийбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө яг 07 цагт Очирбат нь өөрийн биеэр кабон дээр ирж “Манай дүүг хар машинтай залуучуд дээрэмдээд зугтаасан байсан” гэж мэдээлсэн.  Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын 7056102 дугаарын утсанд мэдээлэл өгсөн. Тэгээд сумын цагдаа ахлах ахлагч Ханхүүг аваад сумын засаг даргын машинтай нь Очирбатын хамт хэрэг үйлдэгдсэн гэх газар буюу Дадал сумын баруун урагшаа 27 км-ийн зайтай газар байх Дадал сумын Онон багийн нутаг Заан ширээгийн өвөр гэх газар нутаглаж байсан Очирбатын гэрт очсон. Гэрт нь 07 цаг 40 минутын үед очсон.....Гэрт очиход Очирбатын дүү Цолмонбат нь хотныхоо зүүн талд үхрээ гаргаж байсан. Анх уулзахад зүүн шанаа хавдсан харагдаж байсан. Энэ нь нүдэнд илтэд мэдэгдэж байсан. Тэгээд болсон асуудлын талаар тодруулахад “Хүн байна уу гээд нэг хүн хаалгаар нэг шөвгөр царайтай залуу шагайгаад Дадал сумын төв хаана вэ гэж асуусан. Тэгэхээр нь би хаалгаар нь шагайгаад зүүн хойшоо энэ замаар явна гэж хэлчихээд орондоо орсон. Тэгээд би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь миний дээр маск зүүсэн хоёр залуу зогсож байсан. Тэгээд шууд нэг нь миний шанаа руу цохиод нөгөө нэг залуу нь миний дээр дараад суусан. Харин нөгөө нэг  залуу нь авдар сав ухаад бурхан авсан. Миний хоёр гарыг ард нь хүлчихээд гараад явсан. Хаалга онгорхой үлдсэн араас нь харахад цонх нь тойроод гялгар, хар өнгийн жийп машин хөдлөөд зүүн тийшээ явсан. Би тэр хүмүүсийг гарсан хойно татаж чангааж байгаад уяагаа тайлаад утсаар ярих гэтэл манай суурин утасны кабелийг тасалчихсан байсан....гэж надад хэлсэн... Гэрт нь ороход гэрийн баруун урд талд 2 талынх нь бариул хар болон хөх өнгөтэй төмөр үйлийн хайч, цагаан мяндсан уяа, хар реминэн уяа газар харагдаж байсан. Мөн гэрийн баруун хойд талд байх модон авдрын таг онгорхой доторх эд зүйлийг нь гаргасан. Гэрийн хойд орон дээр бурханы шилэн гүнгэрваа онгорхой байж байсан... Тэгээд Цолмонбатын гарыг харахад 2 гарынх нь шуу улайж зулгарсан байсан... Яг гэрийнх нь гадаа өвстэй байсан болохоор явсан мөр нь бүдэгхэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 тал/,

 

Гэрч Р.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 10 минутын үед бие засах гээд гэрээс зүүн талд байрлах нойлд орох гээд явж байтал хар өнгийн автомашин зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй явж байсан. Тухайн машин тоос татуулаад явж байсан. Би бодохдоо Гэрэлмаа, Одхүү Батаа, Пүрвээгээ гэх айлууд руу явж байгаа юм болов уу гэж бодсон... Хар өнгийн автомашин нь 30-40 минутын дараа ирсэн замаараа буцаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,

 

Г.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дадал сумын 1 дүгээр багийн нутаг Заан ширээ гэх газар очиход Цолмонбатын хоёр гар нь улайж зулгарсан. Зүүн шанаа ар дагз нь хавдсан нэлээн айсан байдалтай байсан. Гэрийн хойд талын авдран дотор байсан эд зүйлийг гаргаж тавиад гүнгэрваа дотор байсан ногоон дарь эх алтан бурхныг аваад гүнгэрвээ бурхны гадна талын хайрцгийг орхисон байдалтай байсан. Миний төрсөн ах болох Очирбат нь өглөө 07 цагийн орчим гэртээ байж байхад төрсөн дүү болох Цолмонбат нь хөдөө гэрийн утаснаас Очирбаттай утсаар ярихад хоёр хүн масктай орж ирээд зодож уяагаар хүлж дээрэмдэж гүнгэрваа дотор байсан ногоон дарь эх алтан бурхныг аваад хар өнгийн автомашинтай зүүн хойшоо зугтсан талаар хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 457 дугаартай шинээчийн: “...Г.Цолмонбатын биед зүүн гарын бугуй, зүүн эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 87 тал/,

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт /хх-ийн 91 тал/ зэрэг болно.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа шүүгдэгч О., Н. нарыг бүлэглэн тусгайлан бэлтгэсэн хайч, мяндсан уяа, хар реминэн уяа зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Цолмонбатаас бурхныг хүч хэрэглэн авсан хэмээн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгээр зүйлчилж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хайч, уяа зэргийг тусгайлан бэлтгэсэн, зэвсгийн чанартай хэрэглэсэн зэрэг байдал тогтоогдохгүй байна. Хайч нь тухайн айл буюу Г.Цолмонбатын хонь ноосолдог хайч бөгөөд уг хайчийг зэвсгийн чанартай хэрэглэн Г.Цолмонбат руу довтолсон, довтлохоор заналхийлсэн байдал шүүгдэгч нарын үйлдэлд байхгүй, харин жи-мобайлын суурин утсаар холбоо барьж тусламж дуудах нөхцлийг үгүй хийх зорилгоор холбогч кабелийн утсыг таслахад ашигласан байдал харагдана. Мөн уяануудыг Г.Цолмонбатын гар хөлийг уяж түүний зүгээс ирэх эсэргүүцлийг зогсооход ашигласан байдалтай болохоос түүний эсрэг ороолгох, гуядаж ташуурдах, хоолойг боож амьсгалыг түгжих гэх мэтээр зэвсгийн чанартай хэрэглэсэнбайдал үгүй. Иймд зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч О., Н. нарыг бүлэглэн Г.Цолмонбатад хүч хэрэглэн бурхныг авсан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О., Н. нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг “Заан ширээгийн өвөр” гэх газар орших суух Д.Гэрэлмаагийн гэрт Г.Цолмонбатад хүч хэрэглэн Г.Очирбатын өмчлөлийн шармал “Ногоон дарь эх” бурхныг дээрэмдсэн болох нь хохирогч Г.Цолмонбат, Г.Очирбат нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Цолмонбатын шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг, гэрч Д.Гэрэлмаа, гэрч Ц.Өлзийбат, гэрч Г.Батцэцэг нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан арга замаар цуглуулж бэхжүүлсэн хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ болон тэдгээрийн өмгөөлөгч өмгөөлөл явуулахдаа шүүгдэгч О., Н. нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй. Н. огт хамааралгүй, гэрийн гадаа машины хажууд байсан, гэрт юу болж буй талаар мэдэхгүй байсан. О. нь хохирогч Г.Цолмонбатаас урьдын өр  болох 100000 төгрөгөө авахаар гэрт ганцаараа орж ярилцаад үл ойлголцож хүч хэрэглэхгүйгээр бурхныг нь авч гарсан үйлдэл хийсэн төдий тул О.г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэлэхгүйгээр, хууль бусаар авсан гэж үзвэл зохистой гэх боловч хэрэгт авагдсан хохирогч Г.Цолмонбат, Г.Очирбат нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Гэрэлмаа, гэрч Ц.Өлзийбат, гэрч Г.Батцэцэг нарын мэдүүлэг, хохирогч Г.Цолмонбатын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр няцаагдаж байх тул шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд гаргаж өгсөн хохирогч Г.Цолмонбат, Г.Очирбат нарын бичиж өгсөн гэх комьпютероор шивсэн 2 хуудас баримт нь хохирогч Г.Цолмонбат, Г.Очирбат нарын өөрсдийн сайн дурын хүсэл сонирхлоор бичиж өгсөн хүсэлт биш болох нь хохирогч Г.Цолмонбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “эдгээр бичгийг О., Н. нарын зүгээс бичээд ирсэн байсан, ... харуй бүрий байсан ... би уншиж танилцалгүй гарын үсгээ зурсан. Түүнээс биш ах бид хоёр ингэж бичсэн зүйл байхгүй. ... би 5 дугаар анги өдрөөр, 9 дүгээр ангийг оройгоор төгссөн, их удаан үсэглэж уншиж байж ойлгодог...” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч өмгөөллийн үгэндээ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэн шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн хуульд заасан доод хэмжээнээс доош татаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч О, Н нарын үйлдэлд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон мөн шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийг дуусах хүртэлх үеүдэд гэм буруугийн тал дээр маргаантай байсан тул хорих ялыг хуульд заасан доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлэн оногдуулах журмыг хэрэглэх нь “эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

Шүүгдэгч О, Н нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 02-59 УНП  улсын дугаартай “Волксваген Тоурэг” маркийн машин нь О. “ХААН” банк нарын хооронд байгуулсан фидуцын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч О.гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр “ХААН” банкны өмчлөлийн зүйл байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов уг машиныг хураах, эсхүл уг машины үнэ болох 25 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх талаар санал хэлээгүй тул шүүгдэгч нарт хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр уг машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч “ХААН” банкинд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч О, Н нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О, Н нарт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч О, Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.г 03 /гурав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Н.ыг 03 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О., Н. нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр хайч 1 ширхэг, 30 см урттай тасархай кабель 1 ширхэг, цагаан өнгөтэй сүлжмэл мяндсан уяа 1 ширхэг, хар өнгийн уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

 

6. Энэ хэрэгт 02-59 УНП  улсын дугаартай “Волксваген Тоурэг” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч “ХААН” банкинд шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

 

                                ШҮҮГЧ                                               Л.БАТЖАРГАЛ

                              

 ШҮҮГЧ                                               Х.САНЖИДМАА