Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 14

 

 

     2023          04           25                                    206/МА2023/00014

 

 

 

 *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2023/00117 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг 2/24 айл 13 тоотод оршин суух, ******* *******овогт ******* Бүжинлхамын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багт байрлах “Төрийн банк” ХХК-ийн Ховд салбарт холбогдох,

 

“Төрийн банкны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганболд, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1“Миний бие ******* нь 4 сараас 14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие орон сууцны ипотекийн зээлтэй одоогоор зээлээ аав ээжийнхээ дэмжлэгээр төлж амьдарч байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн ЗГ-110000281091 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г байгуулан 5 жилийн хугацаатай цалингийн зээлийг миний хань *******ийн цалинг нь барьцаалан авсан юм. Гэнэтийн золгүй өвчний улмаас хань минь нас барсан. Миний бие ханийгаа өнгөрснөөс хойш нялх хүүхэдтэй тул уг зээлийг мөн л аав ээжийнхээ дэмжлэгээр төлж ирсэн боловч одоо цаашид ингэж байхад хүндрэлтэй нялх хүүхэдтэй, ханийн минь цалингийн орлого байхгүй болсон тул 2 зээл төлөх боломжгүй байна. ЗГ-110000281091 дугаартай Цалингийн зээлийн гэрээний биелэгдэх боломж миний ханийн цалин байсан, энэхүү цалин нь одоо орж ирэхгүй тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" гэж заасан үүрэг дуусгавар болох бусад үндэслэлд хамаарч байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн ЗГ-110000281091 дугаартай Барьцаат зээлийн гэрээ Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Хариуцагч Төрийн банкны Ховд салбарын төлөөлөгч А.Батмөнх шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Иргэн ******* нь *******ийн Төрийн банкны Ховд салбартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ-110000281091 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-нд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг хүлээнэ. Учир нь зээлийн гэрээний 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.7 дах хэсэгт “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ” гэж, тус хуулийн 20.8 дах хэсэгт “Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул хууль эрх зүйн хувьд чөлөөлөх, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2023/00117 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1-д зааснаар Төрийн банкны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 (Гурван сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун далан есөн төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийгтөлөх үүргээс хамтран зээлдэгч *******ыг чөлөөлж,

           3. 2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Төрийн банкны Ховд салбар, зээлдэгч *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн ЗГ-110000281091 дугаартай барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдаж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банкны Ховд салбараас 35,100 (Гучин таван мянга нэг зуу) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 451.1-т заасны дагуу "Зээлийн гэрээ" байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж тогтоосон боловч ийнхүү тогтоож шийдвэрлэснээс өөр хэлбэрээр хэргийг шийдвэрлэсэн буюу 3,551,579.34 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж, 242.3 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж, 242.11 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд бороор заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж, 242.13 дах хэсэгт "Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна" гэж тус тус заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь зээлийн гэрээний Үүргийг төлөх үүрэгтэй байхад шүүх чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

4.2 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 240.12- т заасны дагуу нас барсан зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хуулийн 451.1, 242.1-т заасантай нийцэхгүй байна. Тодруулбал, зээлийн гэрээ нь ирээдүйд олох орлогыг барьцаалсан бөгөөд Үндсэн зээлдэгч нас барж, барьцааны зүйл байхгүй болсон боловч зээлдэгч болон хамтран зээлдэгч Иргэний хуулийн 242.1-т заасны дагуу барьцааны зүйл байгаа, эсэхээс үл хамаарч төлөх үүргийг хүлээхээр, үндсэн үүрэг гүйцэтгэгч нас барж төлөх боломжгүй болох тохиолдолд Иргэний хуулийн 242.13-т заасны дагуу нас барсан үүрэг гүйцэтгэгчийн үүрэг бусад үүрэг гүйцэтгэгчид шилжиж барьцаа хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран төлөх үүргийг хүлээхээр байхад шүүх нь хуулийн дээрх заалтыг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2023/00117 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс иргэний хэргийн анхан шатны шүүх хүүгээс чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь үндсэн зээлдэгч ******* нас барснаар цалин хөлс авах үндсэн эрх нь хаагдаж цалингийн зээл төлөх боломжгүй байдалд хүрсэн. Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сард Иргэний хуулийн 240 дугаар зүйл 240.1.2-д ...үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан.. бол гэсэн заалтын дагуу Төрийн банканд зээлийн гэрээний хүүг төлөх боломжгүй болсон эрсдэлд орсон талаараа албан хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу ирүүлээгүй, тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, Төрийн банк нь зээлдэгч нас барсан, хамтран хариуцагч төлбөрийн чадваргүй болсон гэдгийг мэдсээр байж зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, дуусгавар болгох арга хэмжээг аваагүй нь үүргээ биелүүлээгүй гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь үндэслэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн харин түүний хүүгээс чөлөөлүүлэхийг хүссэн. Төрийн банкны төлөөлөгч н.Батмөнх нь анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “...тухайн асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд банкны зүгээс татгалзах зүйлгүй” гэж хариулсан мөртлөө шүүхийн шийдвэр гаргахад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймээс анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

        ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмөнхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкны Ховд салбартай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгуулах тухай  шаардлагыг  шүүхэд  гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банкны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөрийг шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрөөр зогсоолгох, мөн уг гэрээний хүүгийн төлбөр 3.434.454.56 төгрөгөөс чөлөөлүүлэхийг хүсч  шаардлагаа ихэсгэж нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  Төрийн банкны Ховд салбартай *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгуулах тухай  шаардлагаасаа татгалзаж, 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөрийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрөөр зогсоолгох, Төрийн банкны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөр 3,434,454.56 төгрөгөөс чөлөөлүүлэх шаардлагыг нэгтгэж, дээрх гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхээр шаардлагаа тодруулжээ.

3.Нэхэмжлэгч нь шүүхэд “******* миний бие  нь 4 сараас 14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө орон сууцны ипотекийн зээлтэй одоогоор зээлээ аав ээжийнхээ дэмжлэгээр төлж амьдарч байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г байгуулан 5 жилийн хугацаатай цалингийн зээлийг миний хань  цалингаа  барьцаалан авсан юм. Гэнэтийн золгүй өвчний улмаас хань минь нас барсан, ингээд зээлээ төлөх боломжгүй болсон тухайгаа Төрийн банканд тайлбарлан, зээлийн хүүгээс чөлөөлж өгөхийг хүсч хүсэлт гаргаж байсан. Ипотекийн болон цалингийн зээлийг төлөхөд сард авдаг цалин хүрэлцэхгүй байх тул  Төрийн банкны  2020 оны 03 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу шүүх хуралдаан хүртэл бодогдсон зээлийн хүүгийн  3,394,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787 төгрөг, нийт 3,551,579 төгрөг төлөхөөс чөлөөлж өгнө үү?” гэж  тайлбарлан шаардлагаа нотлохоор *******ийн нас барсны гэрчилгээ, түүний зээлийг төлж байсан үеийн дансны хуулга зэрэг баримтуудыг  гаргаж өгчээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч  нь “...Иргэн ******* нь *******ийн Төрийн банкны Ховд салбартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-нд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг хүлээнэ. Учир нь зээлийн гэрээний 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан *******ын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн банкны ХХК-ийн Ховд салбарт  гаргасан хүсэлт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ,зээлийн эргэн төлөлтийн хуваарь,барьцааны эд зүйлсийн жагсаалт, газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, мөн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудыг татгалзлалаа нотлохоор шүүхэд ирүүлжээ.

Хэргийн оролцогч нар нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн,    шүүхэд  гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

5.Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Төрийн банкны Ховд салбараас зээлдэгч *******,  ******* нар нь 2018 оны 12 сарын 10-ны өдөр  барьцаат зээлийн гэрээ байгуулан  39,577,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан бөгөөд үндсэн зээлдэгчээр *******, хамтран зээлдэгчээр *******  нар гарын үсэг зурсан байна. Талууд гэрээгээр   зээлдэгчийн ирээдүйд олох орлого буюу цалинг барьцаалсан ба зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу сар бүр олох орлого болох цалингаас төлөхөөр тохиролцжээ. 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай   гэрээгээр зээлдэгч нар нь ипотекийн зээлд хамрагдахын тулд цалингийн зээлийн төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна.Уг зээлийг үндсэн зээлдэгч нь  зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан бөгөөд үндсэн зээлдэгч ******* 2021  оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байна.

6.Хамтран зээлдэгч  ******* нь 2021 оны 09 сарын 20-ны өдөр  зээлийн хүүг зогсоож өгөхийг хүсэж Төрийн банкны Ховд салбарт хүсэлт гаргасан байх ба түүний  хүсэлтийг Төрийн банкны Ховд салбар хэрхэн  яаж  шийдвэрлэсэн  талаар хамтран зээлдэгчид  хариу өгөөгүй байна.   Уг цалингийн зээлийн эргэн  төлөлт 2021 оны 10 сараас хойш  хуваарийн дагуу төлөгдөөгүй үйл баримт тогтоогдсон байна. Хамтран зээлдэгч  нь зээлдүүлэгчээс шүүхэд ирүүлсэн үндсэн зээлдэгч *******ийн зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тооцоологдсон үндсэн зээлийн үлдэгдэл 16.765.758.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үндсэн зээлийн хүү,нэмэгдүүлсэн хүү 3,551,579 төгрөг төлөхөөс чөлөөлүүлж шийдвэрлэж  өгөхийг шүүхээс хүсчээ.

7.Анхан шатны шүүх маргааныг  нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч “хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээж, зээлийн гэрээний үүргийг төлөх үүрэгтэй.” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

8. Цалингийн зээл нь талийгаачийн хувийн байдалтай зайлшгүй холбоотой бөгөөд хамтран зээлдэгч нь 2022 онд сард 981,742 төгрөгийн, 2023 оноос сард 1,100,000 төгрөгийн орлого /цалин/ олдог болсон бөгөөд Төрийн банкнаас авсан ипотекийн зээлд сард 467,022 төгрөг, цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд 853,759 төгрөг, нийт 1,320,781 төгрөгийн зээл төлөхөд цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагчийн хувьд сарын орлого нь хүрэлцэхгүй байгаа гэсэн үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэл бүхий болоогүй байна.

Хэдийгээр цалингийн зээл нь үндсэн зээлдэгчийн  /талийгаачийн/ хувийн байдалтай салшгүй холбоотой боловч хамтран зээлдэгч ******* нь үндсэн зээлдэгч *******тэй хамтран зээл авах хүсэл зориг, хэрэгцээ бодит шаардлага байсан бөгөөд гэрээний үр дүнг хүлээн зөвшөөрч хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн  нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

9.Иймд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд  зааснаар үндсэн зээлдэгч ******* нас барсан нь  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс хамтран зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй байх тул  нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний  хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэх заалтай нийцнэ” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах зүйтэй байна.

Хариуцагч талын гомдлын хангаж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.755 төгрөгийг зохих данснаас гаргуулж Төрийн банкинд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2023/00117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Иргэний  хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Төрийн банкны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.755 төгрөгийг зохих данснаас гаргуулж Төрийн банкинд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                    ШҮҮГЧ                                        Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА