Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 51

 

 

Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Н.Мөнхцэцэг,

Хохирогч Г.Очирхүү,

Ялтан Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, О.Баярбаясгалан,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Отгонбаярт холбогдох 201626021452 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр  сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Хошуут овогт Баатарсүрэнгийн Отгонбаяр, 1981 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамжны 352 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШБ81110968/,

Б.Отгонбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хамт явсан найз эмэгтэй “А.Лхагвадуламын өгзөгнөөс нь барьж, дарж уналаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Очирхүүгийн нүүрэн тус газарт нь пивоны шилээр цохиж, биед нь “хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Отгонбаярыг пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаярыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаярт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Б.Отгонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Ялтан Б.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарсан тухайн өдөр найз А.Лхагвадуламын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” нэртэй бааранд бүжиглэж байтал А.Лхагвадулам гэнэт нэг залууг түлхсэн. Гэтэл хохирогч болох Г.Очирхүү, А.Лхагвадуламын дээрээс дараад унасан. Би Г.Очирхүүгийн араас татахад хажуу тийш унаад босож ирэхдээ намайг “ална шүү” гээд гараа далайн дайрахаар нь айхдаа гартаа байсан шилтэй шар айргаараа түүний толгой руу цохьсон. Тухайн үед Г.Очирхүү өөрийгөө хянах чадваргүй согтуу байдалтай байсан. Баарны хамгаалагч ирээд биднийг салгасан. А.Лхагвадулам, Г.Очирхүүг миний өгзөгнөөс барьж авахаар нь түлхтэл араас татаад дараад уначихлаа гэсэн. Үйл явдлын бодит үнэн энэ билээ. Хийсэн үйлдэл минь буруу хэдий ч олон нийтийн газар найзыг минь эвгүй байдалд оруулж, намайг айлган сүрдүүлсний улмаас ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Г.Очирхүүгийн толгойн орой хэсэг рүү цохиж шил хагарсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд Г.Очирхүүгийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух болон баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдсон нь эргэлзээ бүхий байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “толгой руу цохьсон шил хагарч шилний хагархай хацар, хамрыг зүссэн” гэж мэдүүлсэн. Шинжээчийн “нүүрний хэсэг дэх үүсэх гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн” гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна.

            Мөн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэлд Г.Очирхүүгийн өөрийнх нь үгээр бичигдсэн байсан гэснийг тэмдэглэлд тусгав гэснийг ойлгохгүй байна. Хэргийн гол гэрч А.Лхагвадуламыг оролцуулалгүй, хэтэрхий нэг тал буюу буруутгах талыг барьж, эмэгтэй хүний нэр төрд халдан доромжилж, дээрэнгүй хандсан зүй бус үйлдлийг ялимгүй зүйлээр шалтаглан санаатай танхайрсан гэж үзсэнд гомдолтой байна. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, болчимгүй үйлдлээс болж, анх удаа гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг хянаж үзэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Ялтан Б.Отгонбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн зүйлчлэл хэрэгт авагдсан хэргийн нөхцөл байдлын талаарх мэдүүлэг, бусад нотлох баримттай тохирохгүй байна. Б.Отгонбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.Очирхүү манай найзын өгзөгнөөс базаад, дээрээс дарж унасан. Тэгээд босохгүй байхаар нь араас нь татаж босгоход намайг цохих гээд гар далайн “ална шүү” гээд дайрахаар нь айж сандарсандаа барьж байсан пивоныхоо шилээр нэг удаа цохьсон...”, гэрч А.Лхагвадуламын “...бүжгийн талбай дээр урд урдаасаа хараад бүжиглээд байж байтал ард зогсож байсан залуу миний өгзөгнөөс базаад байхаар нь эргэж хараад арагш нь түлхтэл намайг тэврээд дээрээс дараад унасан...” гэх мэдүүлгүүд, мөн камерын бичлэгт үзлэг хийсэн “...Г.Очирхүүг зөвхөн зодуулж байгаа хэсгийг хуулбарлан авч үзлэг хийв...” гэсэн тэмдэглэл зэргээс харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх процессын хэм хэмжээг зөрчсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэлд хандсан хандлага, гэм буруу, хэргийн зүйлчлэлийг оновчтой тодорхойлж өгөөгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Отгонбаярын үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрсан гэж үзэж зүйлчилсэн байна. Танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ  бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрдэг билээ. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тогтоолд “хохирогчийн зүй бус үйл ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, биед нь гэмтэл учруулсан нь нийгмийн хэв журмыг зөрчөөгүй бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ” гэж тайлбарласан байна. Дээрх байдлаас үзвэл хохирогч эхэлж А.Лхагвадуламын өгзөгнөөс базаж, дээрээс нь дарж унаснаар Г.Очирхүү, Б.Отгонбаяр нарын хооронд маргаан үүсч, улмаар цохих гэж дайрсан, хохирогчийн зүй бус үйлдэл байгаа нь харагдаж байна. Иймд хэргийн зүйлчлэл тохирохгүй байгаа тул Б.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Отгонбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Энэ гэмт хэргийг улсын яллагчийн зүгээс “үл ялих зүйлээр шалтаглан” гэж оруулж ирсэн. Анхан шатны шүүх “бусдыг илтэд үл хүндэтгэж, догшин авирлан пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрсан” гэж үзсэн. Энэ нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээс үзэхэд А.Лхагвадулам нь тухайн үед байсан, нөхцөл байдлыг мэдэх гэрч бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортойгоор “Б.Отгонбаяр бид хоёрыг бүжиглэж байхад Г.Очирхүү ирээд өгзөгнөөс базаад, араас тэвэрч хоёр ч удаа унагаасан” гэж мэдүүлдэг. Энэ үйл явдлыг Б.Отгонбаяр таслан зогсоох гэж очиход Г.Очирхүү хэл амаар доромжилсон. Үүнийг гэрч А.Лхагвадулам мөн хэлдэг. Энэ нь тухайн хэрэг гарахаас өмнө маргаан үүссэн байх гэж үзэж байна. Г.Очирхүү нь Б.Отгонбаяртай зүй бус харьцсан тодорхой сэдэлттэй. Энэ нь хэрэгт авагдсан А.Лхагвадуламын тогтвортой мэдүүлгүүдээр нотлогддог. Камерын бичлэгийн үзлэгийг хийхдээ зөвхөн хохирогчийг байлцуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд үзлэг хийхдээ хохирогч, гэрч, сэжигтэн яллагдагчийг байлцуулж болно гэж заасан ч яагаад ялтны талыг оролцуулаагүй, гарын үсгийг нь зуруулаагүй вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Зөвхөн хоёр хөндлөнгийн гэрчийн мэдүүлэгт л гарын үсгийг нь зуруулсан байдаг. Олон нийтийн газар, эмэгтэй хүний өгзөгнөөс барьж, дарж унасан гэж үзвэл энэ нь нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны эсрэг үйлдэл болж байна. Үүнийг харсан Б.Отгонбаяр таслан зогсоохыг оролдсон. Гэтэл А.Лхагвадулам гэх гэрчийн мэдүүлгийг няцаасан баримт нь зөвхөн хохирогчийн мэдүүлэг. Хохирогч “миний дээрээс унасан”, “хөлөнд тээглээд унасан” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Мөн “би тухайн үед нэлээд согтуу байсан” гэж мэдүүлсэн. Иймд хохирогчийн мэдүүлэгт үндэслэхэд эргэлзээ бүхий байна. Шүүх гэрч А.Лхагвадулам, хохирогч Г.Очирхүү нарын мэдүүлгийн алийг нь үнэн зөв гэж үзэх вэ гэдэгт дүгнэлт хийлгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдсөн. Тухайн гэмт хэрэг гарсан сэдэлт нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харилцаа, хохирогч Б.Отгонбаяртай зүй бус харьцсан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэв.

Хохирогч Г.Очирхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч А.Лхагвадулам бид хоёрын маргаанаас болж, Б.Отгонбаяр гэх эмэгтэй ял шийтгэл эдэлж байна. Иймд түүнд шүүхээс оногдуулсан хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Б.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг,  шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан байцаалт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэ талаар шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хохирогч Г.Очирхүүгийн мэдүүлэг тогтвортой байгаа эсэхийг шалгаж, тухайн хэрэг болсон газрын камерын бичлэгт үзлэг хийсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлд нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагааны тухай заасан. Камерын бичлэгт үзлэг хийхэд хохирогч Г.Очирхүүг оролцуулсан атлаа Б.Отгонбаярыг оролцуулаагүй шалтгаан нь тухайн хэргийг шалгаж байх явцад Б.Отгонбаяр нь байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж, хөдөө орон нутагт явах, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан  байхдаа дуудсан цагт ирдэггүй байсан учир оролцоогүй. Энэ байдлаа “хохирлын мөнгөө төлөх гэсэн” гэж тайлбарласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар камерын бичлэгийг гэмт хэрэг гарсан бодит байдлыг тодруулах зорилгоор авсан. Өмгөөлөгч нарын гаргасан гомдол тайлбарт дурдагдаж буй “өгзөгнөөс базаж авсан” гэх асуудал тухайн нөхцөл байдлыг шууд бичсэн камерын бичлэгээс харагддаггүй. Энэ нь хохирогч Г.Очирхүү “хөлөн дээр гишгээд унасан. Би босгох гэж араас нь тонгойсон” гэх тогтвортой өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог. Гэрч А.Лхагвадуламын мэдүүлгийг үндэслэлтэй эсэхийг шалгах ажиллагаа буюу камерын бичлэгт үзлэг хийхэд түүний мэдүүлэгт зарим дурдагдсан асуудал тогтоогдохгүй үгүйсгэгддэг. Гэрч А.Лхагвадулам “нэг залуу миний өгзөгнөөс базаад байхаар нь би эргэж хараад арагш нь түлхтэл намайг араас тэврээд, дээрээс дараад унасан. Тэр залуу Б.Отгонбаяраар оролдож, өгзөгийг нь базаж авсан зүйл байхгүй. Тэнд бүжиглэж байсан хүмүүс харсан байх. Гэхдээ энэ үйл явдал хоромхон зуур болсон асуудал шүү дээ” гэж мэдүүлсэн. Иймд А.Лхагвадулам өгзөг базаж авлаа гэх асуудлыг Б.Отгонбаярт хэлж, тэрээр найзыгаа өмгөөлж, хамгаалсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Танхайн гэмт хэргийн сэдэлт нь гэнэт үүссэн шинжтэй эмх замбараагүй, ичгүүр сонжуургүйгээр өөрийн догшин зан авираар олон нийтийг илтэд үл хүндэтгэн үйлдсэн үйлдэл байдаг. Энэ нь Б.Отгонбаярын үйлдлээс хангалттай харагддаг. Хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн, үүссэн маргааны улмаас өөрийн үйлдлийн үр дагаварыг мэдэж үйлдсэн, хүссэн үр дагавартаа хүрсэн гэх зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, мэдүүлгүүдээс харагддаггүй. Б.Отгонбаярын үйлдэл танхайрах шинжийг бүрэн агуулсан. Камерын бичлэгээс Б.Отгонбаяр нь нэг удаа цохиж аваад үргэлжлүүлээд өшиглөөд байгаа нь харагддаг. Энэ нь үйлдлээ төгс үйлдэж байгаагийн хэлбэр байсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлж оногдуулсан нь үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Отгонбаярт холбогдох хэргийг давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн “шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байна.

Прокурорын яллах дүгнэлтээр Б.Отгонбаярыг 2016 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Осеаn” нэртэй бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хамт явсан найз эмэгтэй “А.Лхагвадуламын өгзөгнөөс нь барьж, дарж уналаа” гэх ялимгүй зүйлээр шалтаглан Г.Очирхүүгийн нүүрэн тус газарт нь пивоны шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан хэмээн тухайн гэмт хэргийн гарсан байдал, сэдэлт, гэм буруугийн талаар тодорхой бус дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байхад анхан шатны шүүх зөвтгөлгүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.” гэж заасныг зөрчиж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний үндсэн шинж болох зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт үйлдлийг яллах дүгнэлтдээ бүрэн тусгаагүй байхад яллах дүгнэлтээс хальж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй нь шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлжээ.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулж, зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул ялтан Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын яллах дүгнэлт дахин үйлдүүлэхээр мөн дүүргийн шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Отгонбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧИД                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                            Н.БАТСАЙХАН