Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/00097

 

 

Б.Түмэнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,            

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 500 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Түмэнбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК-д холбогдох,

Нүүрсний үнэ 1.080.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хотын Язгууртан хорооллын шинээр баригдаж байгаа 5 давхар барилгын уурын зууханд 15 тонн нүүрс, 2015 оны 02 сарын 12-ны өдөр 10 тонн нүүрс нийт 25 тонн нүүрс буюу 1.750.000 төгрөгийн нүүрс буулгасан юм. Уг төлбөр тооцоог 2015 оны цагаан сарын өмнө хийж бүрэн барагдуулна гэсэн боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал Хосбаяр нь 670.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн 1.080.000 төгрөгийг төлөөгүй юм. Иймд “Талын язгууртан Монгол” ХХК-иас 1.080.000 төгрөгийг, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.500 төгрөг, мөн шүүхийн шатанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэг гэрээ байгуулж худалдан авалт огт хийгээгүй болно. Б.Түмэнбаяр шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар “Хэрлэн талст” ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ажлыг нь дүгнээд энэ компанийн захирал Н.Ганбаатарын гаргасан хүсэлтээр “Хэрлэн талст” ХХК-д хийсэн ажлын хөлс болох 670.000 төгрөгийг иргэн Б.Түмэнбаярын дансанд шилжүүлсэн болно. Харин Б.Түмэнбаяртай нүүрс худалдан авах тухай гэрээ байгуулаагүй, хэзээ, хаана ямар хэмжээний нүүрсийг манай компанид хүлээлгэн өгсөн баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Түмэнбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Талын язгууртан Монгол” ХХК-иас нүүрсний үлдэгдэл төлбөрт 1.080.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Түмэнбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 970 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 180000941 тоот дансанд оруулахаар, хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК-иас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 30.470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлжээ.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие 2015 оны 02 дугаар сарын 10-нд “Талын язгууртан Монгол" ХХК-ийн Чингис хотын Язгууртан хорооллын шинээр баригдаж байгаа 5 давхар барилгын уурын зууханд 15 тонн нүүрс, 2015 оны 02 дугаар  сарын 12-нд 10 тонн нүүрс, нийт 25 тонн нүүрс буюу 1 тонн нүүрсээ 70.000 төгрөгт бодож, нийт 1.750.000 төгрөгийн нүүрс буулгасан. Тухайн үед “Талын язгууртан Монгол” ХХК нь “Хэрлэн талст” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан буюу “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нь миний найз болох Амгаланбаатар гэх хүнээр дамжуулан “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хотын Язгууртан хороололд 25.000 тонн нүүрс буулгаж өгөөч нүүрсээ авч ирсэн хойно чинь мөнгийг нь бэлэн өгнө гэж хэлүүлсэн байсан. Тэр хүсэлтийн дагуу “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатартай өөрийн биеэр очиж уулзах үед надад “Талын язгууртан Монгол” ХХК нь миний “Хэрлэн талст” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм, намайг тус зарагдаагүй байгаа 60 айлын орон сууцны халаалт, ус болон бусад урсгал зардлыг хариуцаж ажилла гэж хамтран ажиллах гэрээ байгуулсан гээд надад гэрээгээ харуулж байсан. Тухайн үед Н.Ганбаатар нь нүүрс зээлээр авах тухайгаа хэлээгүй нүүрсээ аваад ирсэн хойно чинь мөнгийг чинь “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал Хосбаяраас аваад өгнө гэж хэлж байсан. Тэгээд миний бие тус хамтран ажиллах гэрээг харах үед “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нь тус зарагдаагүй байгаа 60 айлын орон сууцны халаалт болон ус бусад урсгал зардлуудыг хариуцаж ажиллах буюу уг “Талын язгууртан Монгол” ХХК-ийг бүрэн төлөөлж нүүрсийг худалдан авах эрх нь Н.Ганбаатарт тус хамтран ажиллах гэрээгээрээ олгогдсон байсан учраас яг тухайн цаг хугацаанд “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал Хосбаяртай уулзаагүй 25 тонн нүүрсээ буулгасан. Гэтэл нүүрс буулгах үед “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нь захирал Хосбаяр хотод явж байна. Мөнгийг чинь 2015 оны 02 дугаар сарын 12-нд, дутуу 10 тонн нүүрсээ буулгах үед чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд миний бие тохирсон хугацаандаа буюу 2015 оны 02 дугаар сарын 12-нд дутуу 10 тонн нүүрсээ буулгах үед бас л захирал Хосбаяр мөнгөө хийхгүй байна. Маргааш бараг мөнгө орж ирэх байх гээд намайг буцаасан.

Тухайн үед “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нь зээлээр нүүрс буулгуулах гэсэн чинь хүн буулгаж өгөхгүй байна. Байр маань галгүй болоод хөлдөх гээд байна. Одоо гадаа 2 шуудай нүүрстэй үлдсэн байна гэж хэлж байсан. Тэгээд нүүрс буунгуут нь мөнгийг чинь захирлаас аваад өгнө гэхэд нь тус болох үүднээс урьдчилгаа авахгүй нүүрсийг нь буулгаж өгсөн. Нүүрс буулгаснаас хойш мөнгөө нэхэж очиход буюу захирал Хосбаяртай утсаар ярихад нүүрсний мөнгийг чинь өнөө, маргааш өгнө гэсээр байгаад 2015 оны 7 дугаар сар хүргэсэн тэгээд арга ядаад Хэнтий аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Тэгээд “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал Хосбаяртай уулзаад эвлэрлийн гэрээ байгуулсан тухайн үед миний мөнгийг 2 хуваагаад өгнө гэж Хосбаяр нь тохиролцсон. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаан дээр болон уг нэхэмжлэлийг шүүхэд өгөхийн өмнө Хосбаяр нь мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсээр байгаад 2016 оны 07 дугаар сарыг хүргэсэн. Одоо үлдсэн 1.080.000 төгрөгийг “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хотын Язгууртан хорооллын захирал Хосбаяр нь өгөөгүй байгаа юм. Гэтэл Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх нь хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК нь нэхэмжлэгч Б.Түмэнбаяртай нүүрс нийлүүлэх гэрээ хийгээгүй, ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлагаа баримтаар нотлоогүй байна гэж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд шүүх нь хэрэглэвэл зохих хууулийг хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Хэдийгээр миний бие “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хотын Язгууртан хорооллын захирал Хосбаяртай нүүрс худалдах худалдан авах гэрээ бичгээр хийгээгүй ч гэсэн аман хэлцлийг хийж “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хотын Язгууртан хороололд 25 тонн нүүрс буулгасан. Захирал Хосбаяр нь 25 тонн нүүрсийг буусан гэдгийг мэдэж байсан, Хосбаярын над руу утсаар яриад мөнгийг чинь өнөө маргааш өгнө гэж хэлж байсан тайлбар болон 670.000 төгрөг надад төлсөн байдал зэргээс харагдаж байна. Мөн дээрхи байдал нь гэрч Н.Ганбаатарын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа юм. Тухайн үед “Талын язгууртан Монгол” ХХК нь “Хэрлэн талст” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан буюу “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нь “Талын язгууртан Монгол” ХХК-ийг төлөөлж надаас нүүрс худалдаж авах эрх нь нээлттэй байгаа нь уг хамтран ажиллах гэрээнээс харагдаж байсан учраас Хосбаяр захиралтай нь зээлийн гэрээ байгуулахгүйгээр “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хотын Язгууртан хорооллын гадаа буюу “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатарт нүүрсийг нь хүлээлгэн өгсөн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Түмэнбаяр нь худалдсан нүүрсний үнэ 1.080.000 төгрөгийг “Талын язгууртан Монгол” ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргажээ.       

Нэхэмжлэгчээс нүүрс худалдаж аваагүй гэх хариуцагчийн татгалзал гэрчийн мэдүүлэг, хамтран ажиллах гэрээ, нэхэмжлэгчид 670.000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар  үгүйсгэгдсэн болохыг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК-тай хамтран орон сууц халаалтын үйл ажиллагааг эрхэлж байсан “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Ганбаатар “...нэхэмжлэгч Б.Түмэнбаяраас 2015 оны 02 дугаар сарын 10, 12-ны өдөр нийт 25 тн нүүрс авсан, нүүрсний үнэ 1.750.000 төгрөг, уг үнийг төлөөгүй” талаар гэрчийн мэдүүлэг өгчээ. /хх-34, 13, 71/

Хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа явуулж байсан нэг тал нь нэхэмжлэгчээс нүүрс худалдан авсныг зөвшөөрч, нөгөө тал нь зөвшөөрөөгүй байх ба  “Талын язгууртан Монгол” ХХК татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гаргасан талуудын тайлбар иргэний хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байдаг тул Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, “Хэрлэн талст” ХХК-ийн тодорхойлолт маргааны үйл баримтад хамааралгүй болно. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд “Талын язгууртан Монгол” ХХК оролцоогүй байх ба түүнээс нэхэмжлэгч Б.Түмэнбаярт шилжүүлсэн мөнгийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай хамааралтай гэж үзэхгүй. Харин “Талын язгууртан Монгол” ХХК-иас нэхэмжлэгч Б.Түмэнбаярт шилжүүлсэн 670.000 төгрөгийг нэхэмжлэгч нь нүүрсний үнэ гэж тайлбарласан бол хариуцагч нь “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Ганбаатарын хүсэлтээр түүний ажлын хөлсөнд өгөх байсан мөнгийг шилжүүлсэн гэж маргасан боловч хариуцагч татгалзлаа нотлоогүй, уг мөнгийг хүлээн авсан нэхэмжлэгч нь нүүрсний үнэ гэж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл үүргийг зөвхөн нэг үүрэг гүйцэтгэгч болох “Талын язгууртан Монгол” ХХК-иас шаардсаныг бүрэн хангах боломжгүй гэж үзнэ.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасан байна. Хуулийн энэ зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн үүргийг тодорхойлбол нүүрсний үнэ 1.750.000 төгрөгөөс 890.000 төгрөгийн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч тус тусдаа хариуцна. 

Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүсдэг бөгөөд үүрэг үүссэн эсэх талаар хамтран үүрэг гүйцэтгэгч нар хоорондоо маргасан дээрх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг хангуулах нь илүү зохистой байжээ.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс худалдах худалдан авах гэрээний үүргийг нэг үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь шаардсаныг бүрэн хангах боломжгүй тул хариуцагчийн ногдох үүрэг 890.000 төгрөг, үүнээс 670.000 төгрөгийг төлсөн тул хасч, үлдэх 220.000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан агуулгыг зөрчихгүй гэж үзэв. Харин нэхэмжлэгч нь үлдэх үүргийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д нийцээгүй байна. Талууд гэрээний зүйлийн үнийг тохирч, уг үнийг төлөхдөө хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлж байгаа явдал нь төлбөр төлөх журмыг тохирсон агуулга юм. Харин худалдан авсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлж байгаа учраас хүү тооцсон, ийнхүү хүү тооцсноор үнэ нэмэгдэх нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинж байна. Гэрээний талууд худалдсан нүүрсний үнийг харилцан тохирсон, үнийг хэсэгчлэн төлсөн ч эд хөрөнгийн үнэ өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа нь зээлээр худалдах худалдан авах гэрээ биш харин худалдах худалдан авах гэрээ болно. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар  зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 500 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК-иас 220.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Түмэнбаярт олгож, нэхэмжлэлээс  860.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгосугай” гэж,

2 дах заалтад “...30.740...” гэснийг “7.250” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 28.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА