Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 500

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00435/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын  1 дүгээр баг, Л-57-01 тоотод оршин суух, Ашбагад овогт Буджавын Түмэнбаяр (РД: СЖ 75092817)-ын нэхэмжлэлтэй
            Хариуцагч: Хэнтий аймгийн Чингис хотод үйл ажиллагаа явуулах,  “Талын язгууртан Монгол” ХХК-нд холбогдох
            “Нийлүүлсэн нүүрсний үнэ 1 080 000  /нэг сая наян мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг, хариуцагч Талын язгууртан Монгол ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Б.Түмэнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Буджав овогтой Түмэнбаяр миний бие нь 2015 оны 02 дугаар сарын 10-нд “Талын язгууртан Монгол” ХХК-ны Чингис хотын Язгууртан хорооллын  шинээр баригдаж байгаа            5 давхар барилгын уурын зууханд 15 тонн нүүрс, 2015 оны 02 дугаар сарын 12-нд 10 тонн нүүрс нийт 25 тонн нүүрс буюу 1 750 000 төгрөгийн нүүрс буулгасан юм. Уг төлбөр тооцоог 2015 оны цагаан сарын өмнө хийж бүрэн барагдуулна гэсэн боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Уг нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан уг ажиллагааны явцад 670 000 төгрөгийг “Талын язгууртан Монгол” ХХК-ний захирал Хосбаяр нь төлж барагдуулсан 1 080 000 төгрөгийг төлж  барагдуулаагүй. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  30 000 төгрөг, мөн шүүхийн шатанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг тус тус нэмээд нийт 1 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид түүний нэхэмжилсэн 1 080 000 төгрөгийг төлөх үүрэг байхгүй, ямар нэг гэрээ байгуулж худалдан авалт огт хийгээгүй болно.
Харин үүний өмнө Б.Түмэнбаяр шүүхэд нэхэмжлэл гаргаж эвлэрүүлэн зуучлалаар маргааныг хэлэлцүүлэх явцад манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Хэрлэн Талст” ХХК-ийн гэрээний дагуу хийсэн ажлыг нь дүгнээд энэ компанийн захирал Н.Ганбаатарын гаргасан хүсэлтээр “Хэрлэн талст” ХХК-нд хийсэн ажлын хөлс болгож төлөх ёстой гэж үзсэн      670 000 төгрөгийг иргэн Б.Түмэнбаярын дансанд шилжүүлсэн болно.
Харин Б.Түмэнбаяраас нүүрс худалдан авах тухай гэрээ байгуулаагүй, хэзээ, хаана ямар хэмжээний нүүрсийг манай компанид хүлээлгэн өгсөн баримт байхгүй, манай компанийн эрх бүхий төлөөлөгч болон Т.Хосбаяр миний бие бүгд мэдэхгүй тул түүний гаргасан нэхэмлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ. (хх-ийн 37 тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Чингис хот дахь Язгууртан хороололд манай нөхөр В.Түмэнбаяр нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хова маркийн 71-18 ХЭА улсын дугаартай машинаар 15 тонн нүүрс буулгасан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Маяти маркийн 29-71 ХЭА улсын дугаартай машинаар 10 тонн нүүрс тус тус буулгасан. Нийт 25 тонн нүүрс буулгасан. Тонн нь 70 000 төгрөгийн үнэтэй. 25 тонн нүүрсний үнэ нийт 1750000 төгрөг болсон. 1750000 төгрөгөөс эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны шатанд 670000 төгрөгийг авсан. 1080000 төгрөг дутуу үлдсэн. 1080000 төгрөг дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөлс 29500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг нэмээд нийт 1068000 төгрөгийг “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал Хосбаяраас нэхэмжилж байна. Мөн Н.Ганбаатар гэдэг хүн нүүрс хүлээн авахдаа өөрийн компанийн тамгыг дарсан. “Талын язгууртан Монгол” ХХК нь “Хэрлэн талст” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан учир “Талын язгууртан Монгол” ХХК-ийг төлөөлж “Хэрлэн талст” ХХК-ийн дарга Н.Ганбаатар гэдэг хүн гарын үсэг зурж В.Түмэнбаяраас нүүрс авсан. “Талын язгууртан Монгол” ХХК нь хамтран ажиллах гэрээ байгуулахдаа халаалтын бүх л ажлыг “Хэрлэн талст” ХХК-иар хариуцуулахаар тохироод тайлан тооцоогоо гаргаж ирэхээр нь мөнгийг нь тухайн сарынхаа 25-ны өдрийн дотор гаргаж өгөхөөр гэрээ байгуулсан байдаг гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Түмэнбаяр Чандаганы нүүрс буулгасан гэдэг. Тухайн үед Чандаганы нүүрс        1 тонн нь 70000 төгрөг байгаагүй. Портер нь 70000 төгрөг байсан. Нэг портерт 1.5 тонн нүүрс, сайн ачвал 2 тонн нүүрс ордог. “Бэрх уул” ХХК-иас Чандаганы нүүрс авсан гэх баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гурилын үйлдвэрт пүүлсэн гэж байна. Яагаад заавал гурилын үйлдвэрт очиж пүүлсэн гэдэг нь тодорхойгүй байна. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад 680000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 670000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Н.Ганбаатартай хийсэн гэрээнд 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 2000000 төгрөг өгнө гэсэн заалт байдаг. 1250000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Н.Ганбаатарт бэлнээр өгсөн. Гэрээнд зааснаар Н.Ганбаатар нь галч нарын цалинг даах ёстой байсан. Галч нарын цалинг “Талын язгууртан Монгол” ХХК-иас тухайн үед өгсөн. Н.Ганбаатар нүүрсээ буулгаж чадахгүй болоод надад хэлдэг. Би өөрөө хүнээс нүүрс олж буулгадаг байсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Н.Ганбаатар энэ ажлыг хийхээ болих талаар мэдэгдсэн. Энэ хугацаанд бид нар өөрсдөө мөнгөөрөө нүүрсээ буулгаж байсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй “Хэрлэн талст” ХХК-тай хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн паданаас харахад В.Түмэнбаяр нь “Хэрлэн талст” ХХК-д нүүрс буулгасан байдаг. Иймд “Хэрлэн талст” ХХК-иас нүүрсний үнийг нэхэмжлэх нь зүйтэй юм. “Хэрлэн талст” ХХК дараа нь “Талын язгууртан Монгол” ХХК-тай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Гэрч Н.Ганбаатар нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ : Би Хэрлэн талст ХХК-ийн захирлаар ажилладаг. 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Хэрлэн талст” ХХК “Талын язгууртан Монгол” ХХК-ийн уурын зуухны ажиллагааг бүрэн хариуцахаар тохирч хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хүйтний эрч чангарсан байсан тул 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр В.Түмэнбаярыг таньдаг хүнээр нь яриулж Хова маркийн машинаар 15 тонн нүүрс буулгуулсан. Мөн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 тонн нүүрс Маяти маркийн машинаар 10 тонн нүүрс буулгуулсан. Нийт 1750000 төгрөгийн нүүрс В.Түмэнбаяраас авсан. 1750000 төгрөгийг төлөөгүй. “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал Хосбаяр надад 1400000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл авч байсан Портер машинаар зарим үед шуудайгаар авч байсан нүүрсний мөнгөнд өгсөн. В.Түмэнбаярт нэг ч төгрөг өгөөгүй байж байгаад сүүлд 680000 төгрөг өгсөн сураг байсан. В.Түмэнбаяраас нүүрс авсан нь үнэн. Энэ асуудлыг менежер Б.Халиунаа өөрөө ч мэдэж байгаа. Хосбаяртай ярилцаж тохиролцохдоо өвлийн ид хүйтэн, хүйтний эрч чангарсан үед халаалтын зардал ихсэж сард 5000000 төгрөгт ч хүрч магадгүй тул тухай тухайн үед нь энэ зардлын асуудлыг шийдээд явна гэж тохирсон. Тиймээс төлөх ёстой гэж үзэж байна. Энэ талаар падан нь байгаа.“Талын язгууртан Монгол” ХХК “Хэрлэн талст” ХХК-тай асуудалтай байгаа бол дараа нь энэ асуудлаа шийдвэрлэж болох юм гэв.

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Буджавын Түмэнбаяр нь “Талын язгууртан Монгол” ХХК-аас нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөрт 1 080 000 /нэг сая наян мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараас үзэхэд “Талын язгууртан Монгол” ХХК нь Хэнтий аймгийн төв Чингис хотын 3 дугаар багт Язгууртан хорооллын  60 айлын орон сууцыг барьсан бөгөөд 2015.02.01-ний өдөр “Хэрлэн талст”  ХХК-нийн захирал Н. Ганбаатартай уг орон сууцны барилгын худалдан авагчдад халаалт, халуун хүйтэн, цэвэр усаар хангах, бохир усыг татаж зайлуулах, цахилгаан болон СӨХ үйлчилгээний асуудал дээр хамтран ажиллах гэрээ /хх-ийн 3-6 тал/-г байгуулсан байна.
Хамтран ажиллах гэрээний дагуу “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нь 2015.02.01-ний өдрөөс 2015.03.01-ний өдрийг хүртэлх хугацаанд “Талын язгууртан Монгол” ХХК-ийн захирал болон менежер зэрэг удирдах албан тушаалын хүмүүсийн зөвшөөрснөөр, бэлэн болон бэлэн бусаар /тухайлбал Хамтран ажиллах гэрээгээ бусдад үзүүлэн зээлдэх зэргээр/ Язгууртан хорооллын 60 айлын орон сууцыг халаалтаар хангахын тулд “Талын язгууртан Монгол” ХХК-ийн уурын зууханд аж ахуй нэгж, хувь иргэдээс нүүрс худалдан авч хэрэглэж байжээ.
Энэ үед буюу 2015.02.10-наас 12-ны өдрүүдэд “Хэрлэн талст” ХХК-ийн захирал                 Н.Ганбаатар нь “Талын язгууртан Монгол” ХХК-ийн уурын зуухыг халаах зорилгоор иргэн           Б.Түмэнбаяраас 2 удаа нийт 25 тонн нүүрсийг зээлээр худалдан авч хэрэглэсэн байна.
Хэдийгээр тэд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж нүүрсийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч шаардлагатай нүүрсийг нэхэмжлэгч  Б.Түмэнбаяр нь “Талын язгууртан Монгол” ХХК-ийн уурын зууханд буулгаж өгсөн. Уг буулгасан нүүрс нь өвлийн хүйтэн цагт “Талын язгууртан Монгол” ХХК-ийн Язгууртан хорооллын 60 айлын орон сууцны халаалтанд бүхэлдээ хэрэглэгдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба үүнийг хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун үгүйсгэж няцаахгүй байх ба энэ нүүрсүүд ямар тохиролцоогоор өөрийн компанийнх нь уурын зууханд буусан болохыг мэдэж байсан байна.

Иймд нэхэмжлэгч Б.Түмэнбаяр болон хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК-ийн удирдлагуудын зөвшөөрснөөр “Хэрлэн талст” ХХК-ийн захирал Н.Ганбаатар нарын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан: эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Б.Түмэнбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч “Талын язгууртан Монгол” ХХК-аас түүний уурын зууханд нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөрт 1 080 000 /нэг сая наян мянган/ төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч                 Б.Түмэнбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн мөнгийг улсын орлого болгож дээрх хэмжээний мөнгийг хариуцагч компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Түмэнбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Талын язгууртан Монгол ХХК-аас нүүрсний үлдэгдэл төлбөрт 1 080 000 /нэг сая наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Түмэнбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29 500 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 970 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 180000941 тоот дансанд оруулж, хариуцагч Талын язгууртан Монгол ХХК-иаснөхөн төлүүлэх шүүхийн зардалд 30 470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР