Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/0053

 

С т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                                   М.Батсуурь

                                                   Х.Батсүрэн

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: С т  ХХК-ийн Ү-2203028922 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эл хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг М к ББСБ ХХК болон Ч х б ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0555 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 647 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0555 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 28 дугаар зүйлийн 28.5, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С т  ХХК-иас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан С т  ХХК-ийн Ү-2203028922 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эл хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг М к ББСБ ХХК болон Ч х б ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 647 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 дэх мөрөнд үл хөдлөх гэсний дараа эл гэснийг эд гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг буцаан олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... С т  ХХК нь Ү-2203028322 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Нарны зам гудамж 3, тоотод байрлалтай контор үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн өмчлөгч, эзэмшигч нь мөн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг М к ББСБ ХХК болон Ч х б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07-р сарын 07-ны өдрийн 3996\01СС-2016 тоот зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн хариуцагч нарын хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

4. Дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулах үед нэхэмжлэгчийн зүгээс бусдын шахалтаар гарын үсэг зурсан тул уг гэрээг бүртгүүлэхээ хойшлуулсан, цаашид бүртгүүлэхгүй талаар барьцаанд тавьсан зээлдэгчид мэдэгдсэн болно. Гэтэл уг гарын үсэг зурсан гэрээг ашиглан зээлдэгчийн зүгээс Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн газрын албанд бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн болно.

5. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь:

6. Нэхэмжлэгч нь дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ Ч х бны барьцаанд бүртгэж өгөх хүсэлт/мэдүүлэг/ буюу зөвшөөрлийг хариуцагч нарт хандан гаргаж байгаагүй, гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэл хийж, барьцаанд бүртгэсэн байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

7. Газрын тухай хуулийн 38 5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж: эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ийн 8.7-д Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээг өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж, мөн журмын 3.3-д Эрхийн гэрчилгээ барьцаалах болон эзэмшил газраа бусдад ашиглуулах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд энэ тухай албан бичгийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд, байхгүй бол энэ журмын 5 дугаар хавсралт Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэл-д бүртгэж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж маш тодорхой заасан байна.

8. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалах тохиолдолд тухайн шатны Засаг даргын зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэгээ хийж, мэдээллийн санд бүртгэх мэдээллийн сан байхгүй бол Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэлд бүртгэх журамтай байх бөгөөд үүнийг дагаж мөрдөх учиртай.

9. Гэтэл анхан шатны шүүхээс /хх-ийн 22-р талд/ ...Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь дүүргийн Засаг даргын саналыг авах үүрэггүй... Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үйлдэл хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

10. Учир нь дээр дурьдсан хууль журамд тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авна гэж маш тодорхой заасан байтал шүүхээс ямар хуулийн аль заалтыг үндэслэж ... Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь дүүргийн Засаг даргын зөвшөөрлийг авах үүрэггүй гэж тайлбарласнаа дүгнээгүй. Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 8.7-д дүүргийн Засаг дарга бус тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд гэж дурьдсан байтал шүүхээс буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авах үүрэггүй гэж тайлбарлаж байгаа боловч, шүүхээс эрх олгосон эсэх талаарх нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т ...хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т ...үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана... гэж заасныг зөрчсөн.

11. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг газар кадастрын мэдээллийн сан болон Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэлд хэзээ бүртгэсэн болон барьцаалсан тухай эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээг хийж өргөдөл гаргагчид хэзээ хүлээлгэн өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар, үзлэгийн явцад тогтоогдоогүй төдийгүй хариуцагч талаас өргөдлийн бүртгэлийн дэвтэр, хяналтын картыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

12. Нэхэмжлэгчийн зүгээс уг барьцааны бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэх дээр маргаж байгаа бөгөөд шүүхэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар ирүүлсэн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газрын 000318659 дугаартай гэрчилгээний арын нүүрэнд Ч х бны 2016.07.08 Г.Наранцацрал гэсэн тэмдэглэгээг хийсэн боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Ч х б ХХК-ийн нэхэмжлэлтэй М к ББСБ нарт холбогдох иргэний хэргийн материалд авагдсан маргаан бүхий газрын гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэгээ огт хийгдээгүй байдаг бөгөөд гэрчилгээний арын нүүрэнд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нотариатаар батлуулсан тэмдэг дарагдсан байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь хэн нэгний хүсэлт зөвшөөрөлгүйгээр 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хойш бүртгэл, тэмдэглэгээг хийсэн болох нь тодорхой ойлгомжтой байна. Харин үүнийг тодруулах үүднээс буюу гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэгээг хэзээ хийсэн, барьцааны бүртгэлийг хэзээ хэн хийсэн зэргийг тодруулахаар шүүхээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд үзлэг хийсэн боловч үзлэгээр энэ бүгд тогтоогдоогүй. Хөндлөнгийн 2-оос доошгүй гэрч оролцуулаагүй үзлэг хийсэн.

13. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт ...гэрээг улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ..., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 28.2-т ...гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах бичиг баримтыг хавсаргана... гэж, мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт ...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа мэдүүлэг гаргагч гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, мэдүүлэг гаргасан гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар газрын үсгээ зурна, хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна... гэж заасан ба барьцааг бүртгүүлэх талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагуудад хандаж хүсэлт, мэдүүлэг гаргаж байгаагүй.

14. Мөн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хэсэгт С т  ХХК-ийн захирал Ц.Баттүвшингийн нэр бичигдсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гарын үсгийн тайллыг Ц.Баттүвшингийн гарын үсгийн загвартай тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5487 дугаар дүгнэлтээр мэдүүлэгт зурагдсан нэр Ц.Баттүвшингийн гарын үсгийн загвартай тохирохгүй болохыг тогтоосон. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргаж байгаагүй, мэдүүлэгт гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шүүхээс шийдвэртээ шинжээчийн дүгнэлтийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

15. Мөн барьцааны гэрээнд заавал тусгахаар хууль тогтоомжоор шаардсан шаардлагыг тусгасан буюу хангасан эсэхийг шалгахгүйгээр хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэхийг хянан шалгах, хэрэв шаардлага хангаагүй байвал гэрээг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эсхүл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

16. Хууль тогтоомж зөрчиж нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Ч х бны барьцаанд бүртгэсэн хариуцагчийн энэ хууль бус үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг буюу ...Энэ хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно... гэснийг зөрчсөн.

17. Мөн Барьцааны гэрээний тохиролцоо хэсэгт нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь М к ББСБ ХХК болон Ч х бны аль алинтай нь баталгааны гэрээ байгуулаагүй мөн хуульд зааснаар баталгаа нь үндсэн үүргийг хангах нэмэгдэл үүрэг буюу шаардлага биш тул 3996/01СС-2016 тоот барьцааны гэрээнд дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагыг тусгаагүй гэж үзнэ. Хариуцагч нь уг хуулийн 281.2.2-т заасны дагуу хууль тогтоомжийн шаардлагад нийцээгүй хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг бүртгэхийг хойшлуулах, татгалзах ёстой байсан.

18. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Ч х бны барьцаанд бүртгэсэн хариуцагч нарын хууль бус үйлдлийг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

19. Шүүхээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заалтыг буруу тайлбарлэн хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй мөн хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно.

20. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0555 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 647 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

22. Нэхэмжлэгч С т  ХХК-иас С т  ХХК-ийн Ү-2203028922 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг М к ББСБ ХХК болон Ч х б ХХК нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

23. М к ББСБ ХХК-ийн захирал Б.Баярмаа нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ч х б ХХК-тай 3996/01/СС-2016 дугаартай зээлийн гэрээгээр 1.050.000.000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэн авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ч х б ХХК, М к ББСБ ХХК-ийн захирал Б.Баярмаа болон нэхэмжлэгч С т  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттүвшин нар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцон 3996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээ-г байгуулж, С т  ХХК-ийн дээр дурдсан контор, үйлчилгээний зориулалт бүхий 1260.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, үйлчилгээний зориулалттай 3649 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон М к ББСБ ХХК-ийн захирал Б.Баярмаагийн өмчлөлийн 88.9 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

24. Нэхэмжлэгчээс маргаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ Ч х б ХХК-ийн барьцаанд бүртгэж өгөх тухай хүсэлтийг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаагүй, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй барьцаанд бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,... Газрын тухай хууль болон Газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын холбогдох зүйл заалтыг зөрчсөн, барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй, гэрээнд заавал тусгах шаардлагыг хангаагүй байх тул хүчин төгөлдөр бус, газар эзэмших эрхийг барьцаалсан бүртгэлийг хийхдээ тухайн шатны Засаг даргыг зөвшөөрлийг аваагүй,... Улсын бүртгэлийн газар шаардлага хангаагүй бүртгэлийг татгалзаж, буцаах ёстой байсан... гэж тодорхойлжээ.

25. Нэг. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухайд: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно, 28 дугаар зүйлийн 28.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид ипотек гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах...-аар, 28.2-т Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана, 28.5-д Энэ хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болох-оор заажээ.

26. Дээрх хуулийн зохицуулалттай холбогдуулан хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хэдийгээр 11-728806 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Ц.Баттүвшин гарын үсэг зураагүй, уг мэдүүлгийг гаргаагүй байхад улсын бүртгэлд бүртгэсэн гэж маргадаг боловч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг хуульд зааснаар хоёр журмаар хийхээр байна. Энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан журмаар бүртгэсэн байна.

27. С т  ХХК-ийн захирал Ц.Баттүвшингийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 11-728822 дугаартай барьцаалбар, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11-755553 дугаартай барьцаалбарт Ц.Баттүвшин гарын үсэг зурсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд үүнийг үгүйсгэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5, 28.6-д заасан журмаар барьцааны хөрөнгийг бүртгүүлэх хүсэл зоригоо барьцаалбараар гэрчлэн нотолсон байна.

28. Түүнчлэн, нотариач П.Хын 2016 оны гэрээний бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч П.Хишигжаргалын мэдүүлэг болон дээр дурдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн 3996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэсэн талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

29. Мөн, нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр 3996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээг бүртгэснийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11-755553 дугаартай Ц.Баттүвшин гарын үсэг бүхий барьцаалбар болон бусад холбогдох баримтыг үндэслэн 3996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээний хавсралтын барьцаалбарын дугаар 3996/01/РА/01-2016 тоот байсныг 3996/01/СС-2016 болгон өөрчлөлт оруулсныг бүртгэсэн байна.

30. Өөрөөр хэлбэл, он цагийн дарааллын хувьд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлтэй маргаж байх боловч 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээний хавсралтын барьцаалбарт өөрчлөлт оруулсан байгаа нь нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээнээс хойш хүсэл зориг өөрчлөгдөж, уг гэрээг бүртгүүлэх хүсэлт гаргаж байгаагүй гэх маргаан үгүйсгэгдэж байна.

31. Иймд, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...барьцаанд бүртгэх хүсэлт, мэдүүлгийг хариуцагч байгууллагад хандаж гаргаагүй,... барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагыг тусгаагүй, эрх бүхий байгууллага шаардлага хангаагүй гэрээг бүртгэхээс татгалзах ёстой байсан... гэсэн гомдол няцаагдаж байна.

32. Хоёр. Газар эзэмших эрхийн бүртгэлийг бүртгэсэн тухайд: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх-ээр, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 3.1.3-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс өргөдөл гаргахаар зохицуулжээ.

33. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжаар С т  ХХК-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 3,649 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баттүвшин нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичгээр нь зээлийн барьцаанд бүртгэхийг зөвшөөрч байгаа тухай хүсэлт гаргасан байна.

34. Иймээс хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгч С т  ХХК-ийн албан бичиг болон холбогдох бусад бичиг баримтыг үндэслэн эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэгээ үйлдсэн нь дээрх хуульд нийцсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 647 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Ч.ТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                                        Ц.ЦОГТ