Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00903

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00903

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00695 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

3 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон эд хөрөнгө хураах тогтоолын дагуу битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь Чингэлтэй дүүрэг, 5-дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байр, ** тоот хаягт байрлах 40 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг Д-, Г- нарын хамт хамтран өмчилдөг.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00610 дугаартай захирамжаар Д-аас зээлийн гэрээний үүрэгт 67,467,493 төгрөг гаргуулж, Б ХХК-д олгох, дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад уг орон сууцыг битүүмжилж, хураасан. Эд хөрөнгө хураах ажиллагаанд хуульд зааснаар хөндлөнгийн гэрч нарыг оролцуулаагүй. Мөн шийдвэр гүйцэтгэгч хураах гэж байгаа объектод очихгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тасалгаанд хураах тогтоолыг үйлдэж, хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зуруулсан байдаг.

Хураах тогтоолын өнгөн хувь дээр 2 өөр огноо тавигдсан, огноог нь засварласан нь нотлогддог.

Иймд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын дагуу битүүмжилж, хураасан дээрх 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан бөгөөд хөндлөнгийн 2 гэрч, төлбөр төлөгч Д- нарыг байлцуулж хураах ажиллагааг явуулсан. Хураах тогтоол дээр эд хөрөнгө битүүмжилсэн өдөр, тогтоолын дугаарыг бичдэг бөгөөд тогтоолыг харж бичиж байхдаа бичвэрийн алдаа гаргасан бөгөөд, тухайн өдрийн тэмдэглэл, төлбөр төлөгчөөс үнийн санал авсан өдөртэй давхцаж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны ** тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21300201/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Эд хөрөнгө хураах ажиллагаанд 2-оос доошгүй гэрч заавал оролцуулах ёстойг хуульд тодорхой заасан байдаг. Бодит байдал дээр төлбөр төлөгчийн хувийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө хураах ажиллагааг эд хөрөнгө байрлах газарт явуулалгүйгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр шийдвэр гүйцэтгэгчийн албан өрөөнд тогтоол үйлдсэн. Энэ үйл баримтыг шүүх үнэлж үзээгүйд гомдолтой байна.

Мөн хөрөнгө хураах тогтоолын огноо засвартай байгаа нь илт байхад шүүх түүнийг хүчин төгөлдөр гэж тооцсон нь үндэслэлгүй. Хөрөнгө хураах ажиллагаанд оролцсон гэх 2 гэрчийг тогтоолд заасан хаягаар шүүхэд дуудсан боловч харамсалтай нь заасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул гэрчээр оролцуулах боломжгүй болсон.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учир тухайн үед хөрөнгө хураах ажиллагаанд оролцоогүй бөгөөд өөрийн зүгээс гэрч асуулгахаас өөр нотлох баримт гаргах боломжгүй байсан, өөр нотлох баримт гаргах боломжгүй байхад шүүх өөр бусад баримтаар нотлоогүй хэмээн дүгнэсэн. Өөр нотлох баримт бүрдүүлэх боломж нэхэмжлэгчид байхгүй байсныг шүүх зөв үнэлээгүй.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 5-дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байр, ** тоот хаягт байрлах 40 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолын дагуу битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 610 дугаар захирамжаар хариуцагч Д-аас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 67,467,493 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 5-дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байр, ** тоот хаягт байрлах 40 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн /хх 4-7/,

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,

төлбөр төлөгч Д-, хамтран өмчлөгч М-, Г-, А- нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны ** тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 тоот тогтоолоор хураан авсан /хх 29-31, 36-40/.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 тоот, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 тоот тогтоолуудын дагуу явагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4 дэх хэсэгт нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагаа хууль зөрчсөн, хураан авах ажиллагаа бодитоор хийгдээгүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Эд хөрөнгө хураах ажиллагааг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн хоёр гэрч, төлбөр төлөгч Д- нарыг оролцуулан явуулж холбогдох тэмдэглэлийг үйлдсэн байна.

Эд хөрөнгө хураах тогтоолын огноо, дугаарыг засварласан нь техникийн шинжтэй алдаа байх ба энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

5. Харин анхан шатны шүүх хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүсээгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Иймд дээрх алдааг залруулж, бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг шийдвэрлэхэд баримтлах нарийвчилсан зохицуулалт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 122.1-д гэснийг 122.5 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ