Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 224/МА2023/00006

 

М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг

У тзамын нэхэмжлэлтэй, А ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэртэй,

М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамын нэхэмжлэлтэй, АХХК-д холбогдох, вагоны зам ашиглалтын хөлс 19.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа /цахимаар/, хариуцагч Ө.Барсүрэн, түүний өмгөөлөгч О.Батсүх /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М-О хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамын нэхэмжлэлийн шаардлага: Вагоны зам ашиглалтын хөлс 19.000.000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ АХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь У тзам ХНН-ийн Ачааны вагон завсарын депод өөрийн өмчлөлийн 74000019 дугаартай битүү вагоныг тус депогоор засварлуулахаар амаар урьдчилан тохиролцсон бөгөөд засварын гэрээ бичгээр байгуулагдах хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20:06 минутад Ачааны вагон засварын депогийн замаас Зүүнхараа өртөөний замд тавигдсан тул Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12:30 цагт АХХК-ийн захирал Ө.Барсүрэнгийн 99098847 дугаартай утсаар холбогдон танай өмчлөлийн 74000019 дугаартай битүү вагон манай өртөөний замд тавигдсан, Ачааны вагон засварын депотой У тзам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ бичгээр байгуулагдан тус депогийн зам руу вагон тавигдах хүртэл зам ашигласны төлбөр хураамжийг У тзам ХНН-ийн тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу танай компани хариуцан бидэнд төлөх үүрэгтэй, тариф нь 1-3 хоног тутам 20,000 төгрөг, 4-5 хоног тутам 40,000 төгрөг, 6-7 хоног тутам 60,000 төгрөг, 8-с дээш хоногт хоног тутамд 80,000 төгрөг байдаг тухай мэдэгдсэн. Хариуцагч Ө.Барсүрэн нь манай компани тухайн төлбөрийг төлнө, манай өмгөөлөгч Батсүхэд давхар хэлээрэй гэсэн хариу өгсөн.

Улмаар АХХК нь манай нийгэмлэгтэй 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №ОГ/21/208 дугаартай У тзам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээг харилцан тохиролцон байгуулсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 21:06 цагт Зүүнхараа өртөөний замаас Ачааны вагон засварын депогийн зам руу дээрх вагон тавигдсан бөгөөд манай Ачааны вагон засварын депо нь АХХК-ийн эзэмшлийн 74000019 дугаартай битүү вагонд холбогдох засвар үйлчилгээг бүрэн хийж, засвараас гарч Зүүнхараа өртөөний замд тавигдсан тухай Ачааны вагон засварын депогийн орлогч дарга П.Мөнхжаргал нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10:16 цагт АХХК-ийн 99024496 дугаартай гар утсанд мессежээр, тус компанийн менежерт 89009601 дугаартай вайбер чатаар, мөн Зүүнхараа өртөөний тооцооны оператор, мэдээлэгч М.Дэлгэрмөрөн тус компанийн өмгөөлөгч Батсүхэд 99024496 утсаар, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр холбогдон санамж нээсэн талаар албан ёсоор тус тус мэдэгдэж, гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн.

Гэтэл АХХК нь ийнхүү мэдэгдсэнээс хойш гэрээний 2.2.9 заалтад заасныг үндэслэн 5 хоногийн дотор вагонаа татан авах үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл дээрх вагоныг манай замаас татаж авахгүй, гарсан зам ашиглалтын төлбөр тооцоог төлөхгүй байгаа болно. Дээрх №ОГ/21/208 дугаартай У тзам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээний   дагуу АХХК нь манай эзэмшлийн зам ашигласны төлбөр хураамжийг төлөх хууль эрх зүйн үндэслэлтэй.

3ахиалагч нь засвар хийх явцад гарах вагоны таталт, тавилт сэлгээний ажил, зам эзэлгээний хөлсөнд У тзамын даргын тушаалаар баталсан тээврийн Тарифын нэгдугээр мөрдлөгийг баримтлан төлбөр төлнө.

Засварласан вагоныг засвараас гарсан тухай мэдээллийг захиалагч талд мэдэгдсэнээс хойш хуанлийн 5 хоногийн дотор Зүүнхараа дахь ачааны вагоны засварын депогийн хашаанаас авах, зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардал нэмж төлүүлнэ гэж заасан. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №154 дүгээр тушаалын 5 тавдугаар хавсралтаар батлагдсан Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 23 дугаар зүйлийн 23.6.1-д байгууллага, аж ахуйн нэгж иргэдийн өртөө зөрлөгт ачилт буулгалтад вагоныг тавьж өгөх, татаж авахад санамжийг үйлдэж тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан байдаг.

Манай нийгэмлэгээс АХХК-д 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 6 удаагийн албан бичгээр зам ашиглалтын төлбөр төлүүлэх талаар шаардлага хүргүүлж, зам ашиглалтын төлбөр хэрхэн тооцож буй үндэслэл, төлбөрийг хэмжээг тодорхойлон мэдэгдэж байсан ба хамгийн сүүлд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №10/143 дугаартай албан бичиг хүргүүлэхэд хариу ирүүлээгүй. АХХК-ийн захирал Ө.Барсүрэнтэй манай ажилтан Б.Хулан түүний 99098847 утсаар холбогдон асуухад танай нийгэмлэг манай вагоныг тээвэрлэлтэд оролцуулах эсвэл өөрсдийн өмчлөлд вагоныг бүрмөсөн авах зэргээр зам ашиглалтаас үүссэн төлбөрөө авч болно гэсэн хариу өгсөн. Иймд дээрх заалтыг үндэслэн тарифын мөрдлөгөд заасан хэмжээгээр тооцоолоход 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар АХХК-ийн 74000019 дугаартай вагоны зам ашиглалтын төлбөр 19 сая төгрөг болсныг тус компаниас гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч “А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэнгийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. “Манай компани нь 74000019 дугаартай битүү вагоныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн өрөндөө тооцож Баян эрдэнэ трейд ХХК-аас 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлж авсан. Тухайн үед 74000019 дугаартай битүү вагон нь капитал засварт орохоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь УБТЗ ХНН-ийн ачааны вагон засварын депод байсан бөгөөд капитал засварт орж, техникийн дүгнэлт гарсны дараа ашиглах боломжтой байдаг.

Энэхүү капитал засварыг хийхдээ Төмөр замын удирдах газрын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч даргаас зөвшөөрөл авсны үндсэн дээр засвар хийдэг бөгөөд АХХК-ийн зүгээс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн вагоныг засварт оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг Төмөр замын удирдах газрын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан орлогч дарга Х.Амгаланд гаргасан боловч ямар нэгэн хариуг өгөхгүй байсаар 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүргэсэн. Энэ хугацаанд бидний зүгээс бичиг хэрэг хариуцсан ажилтантай удаа дараа холбогдож хариу ирүүлэхийг хүссэн боловч бичиг хэргийн ажилтан амралтаа авсан, дарга амралтаа авсан, таны бичиг хянагдаж байгаа гэсээр 6 сарын дараа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь У тзам ХНН-ийн депо засварт холбогдох зөвшөөрлөө олгосон байдаг. Дээрх 6 сарын хугацаа алдсан асуудалд манай компани огт буруугүй бөгөөд У тзам ХНН-ийн өөрсдийн ажлын уялдаа холбоо, хариуцлагагүй байдлаас болсон тул уг хугацаанд ногдох төлбөрийг бид хариуцан төлөх боломжгүй юм.

М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамтай манай АХХК зам ашиглалтын ямар нэгэн гэрээг байгуулаагүй, зам ашиглалтын хөлс, төлбөрийн талаар тохиролцсон зүйл байхгүй.

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №01721/208 дугаартай У тзам ХНН-ийн эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ нь зөвхөн вагон засварлуулах тухай асуудлыг зохицуулах бөгөөд энэхүү гэрээний төлбөр буюу вагон засварлуулсан ажлын хөлсийг бүрэн төлсөн болно. Иймд У тзам ХНН-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэрээр:

-Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч АХХК-аас вагоны зам ашигласны хөлс 15.140.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.860.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК-аас 233.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамд олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч “А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

АХХК нь М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамтай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ОГ/21/208 дугаартай засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулсан.

Уг гэрээний 1.1-т “энэхүү гэрээ нь У тзамын эзэмшлийн бус вагонуудад үечилсэн засварын ажил хийхтэй холбогдон гарах талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна” гэж зааснаар энэхүү гэрээгээр зөвхөн Вагоны засвар үйлчилгээ хийх асуудлыг зохицуулахаар талууд тохиролцсон.

М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамтай манай АХХК зам ашиглалтын ямар нэгэн гэрээг байгуулаагүй, зам ашиглалтын хөлс төлбөрийн талаар тохиролцсон зүйл байхгүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 6-т “...талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хариуцагч АХХК нь вагоныг замаас татаж авах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзам нь өөрийн өмчлөлийн зам ашиглалтын төлбөрийг хариуцагчаас шаардах эрх гэж үзлээ” гэсэн нь талуудын хооронд байгуулсан тохиролцоог шүүх дур мэдэн өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа хэлбэр юм.

Мөн АХХК болон М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ОГ/21/208 дугаартай засвар үйлчилгээ хийх гэрээний 5.2-т “Вагоныг засварлахаар засварын замд тавьж, ВУ-36 маягт бичигдэх хүртэлх хугацаанд зам ашигласны төлбөр тооцогдохгүй” гэж заасан бөгөөд У тМОХНН-ээс одоог хүртэл засварт оруулж дууссан ВУ-36 маягтыг өгөөгүй байгаа болно.

ВУ-36 маягт нь тус вагоныг засварт оруулан, ашиглах бүрэн боломжтойг илтгэдэг тул уг баримтыг үндэслэн АХХК нь вагоныг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Зам тээврийн яаманд хандан гэрчилгээ гаргуулсны дараа л хууль ёсны эзэмшигч болох эрх үүсэх юм.

Гэтэл нэхэмжлэгчийн ВУ-36 маягтыг өгөөгүйгээс шалтгаалан хууль ёсны эзэмшигч болж чадахгүй байгаа тул АХХК-ийг тус вагоны эзэмшигч гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэлгүй юм.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд ВУ-36 маягт бичигдэх хүртэлх хугацаанд ашигласны төлбөр тооцогдохгүй гэж маш тодорхой тохиролцсон байхад шүүх мэдэгдэл өгсөн огноогоор зам ашигласны төлбөр тооцогдох ёстой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс ВУ-36 маягт хэзээ үйлдэгдсэн талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг энэхүү үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхэд ямар ч дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчаас 15.140.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөр шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд болох АХХК-д хүргүүлж байсан гэх У тзамын Зүүнхараа өртөөний 2021 оны 12 дугаар  сарын 23-ны өдрийн 77/753 дугаартай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 77/03 дугаартай албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77/37 дугаартай албан бичигт “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өртөөний замд 217 цаг зогссон зам ашигласны төлбөр 500.000 төгрөг...” болсон талаар дурьджээ.

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан № ОГ/21/208 дугаартай “У тзам”-ын эзэмшлийн бус ачааны вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан байхад байгуулагдахаас өмнөх цаг хугацааны төлбөр нэхэмжилж байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэлээ.

Мөн төлбөрийн хэмжээний талаар талууд тухайлан тохиролцоогүй буюу зөвхөн У тзам ХНН-ын дотооддоо мөрддөг тариф болон тарифын өөрчлөлтийн байдлын талаар хариуцагч АХХК-д мэдэгдэж, танилцуулсан нэг ч баримтгүй байхад уг тарифыг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмлжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2 үндэслэлээр гомдол гаргасан. Нэгдүгээрт хэргийн бодит байдалд буруу дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл АХХК нь У тзам нийгэмлэгтэй 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр засвар үйлчилгээ хийх гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.1-т энэхүү гэрээ нь У тзамын эзэмшлийн бус вагонуудын дүйцсэн засварын ажил хийхтэй холбогдуулан талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулна гэж заасан. Энэ гэрээгээр вагон завсрын үйлчилгээг хийхээр тохиролцсон. Гэрээний агуулгыг талууд ингэж ойлгож байсан. АХХК нь зам ашиглалтын гэрээг байгуулаагүй. Энэ вагоныг АХХК нь Баялаг Эрдэнэ трейд ХХК-иас өрөндөө авахаар тохирсон байсан. Ийм учраас АХХК-ний эзэмшил, өмчлөлийн зүйл болоогүй, шилжүүлж аваагүй. Энэ компани нь Баялаг Эрдэнэ трейд ХХК-ний нэр дээр гэрчилгээтэй байгаа гэж бодож байна.

Засвараа өөрсдөө хийж гэрчилгээгээ авах шаардлага үүссэн учраас засвар хийж өрөндөө авъя гэж ярьсан. У тзамтай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр вагон засварын үйлчилгээний гэрээ байгуулж өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гэж байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т вагоны засварын зам тавьж ВУ-36 маягт бичигдэх хүртэл хугацаанд зам ашигласны төлбөр тооцохгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл тухайн ВУ-36 маягтыг нь үндэслэж вагоныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авснаар АХХК-ний эзэмшил, өмчлөлд ирэх ёстой. Бид нар энэ вагоныг нэг ч удаа ашиглаж үзээгүй. ВУ-36 маягтыг У тзам нь одоо хүртэл гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхээс уг вагоныг АХХК-ний өмчийнх, эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзсэн. Мөн өөрийн өмчлөлийн зам ашиглалтын төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж шийдсэн нь үндэслэлгүй байна.

ВУ-36 маягтыг өгөх хүртэл зам ашиглалтын төлбөр тооцогдохгүй гэж заачхаад одоо хүртэл гаргаж өгөөгүй. Тэгсэн атлаа зам ашигласны төлбөрийг нэхсэн. Эзэмшлийн вагон нь бусдын өмчлөлийн зам дээр байхад Баялаг эрдэнэ трейд ХХК нь төлбөрөө төлөх ёстой. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийг шаардаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг АХХК-д хүргүүлж байсан. Төмөр замын Зүүн хараа өртөөнөөс ирүүлсэн албан бичгүүд байгаа. Тэр өртөөнд мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зам ашигласны 500.000 төгрөг гарсан тухай дурдсан. Гэтэл 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацааны төлбөрийг нэхэмжилснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. У тзам нь дотооддоо мөрдөгддөг тарифын өөрчлөлтийн талаар АХХК-д танилцуулаагүй байхад үүнийг мэдэж байгаа мэт ойлгож гэрээний харилцаа үүсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэрээний талууд ямар эрх, үүрэг хүлээсэн гэдгээ мэдэх ёстой байдаг.Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

8. Хариуцагч “А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Эрдэнэ трейд ХХК-аас “А”ХХК руу шилжүүлэхийн тулд бичиг баримтын бүрдэлд шаардсан. ВУ-36 маягт нь тухайн төмөр замыг зассан, энэ төмөр замаар даац нуруу, дугуйг нь үзсэн гэсэн маягт байдаг. Тэр засварыг хийсний дараа “А”ХХК руу шилжих бичиг баримт дотор бүрдлүүд нь байгаа. Одоо хүртэл манайх руу шилжээгүй байдаг.

Баян-Эрдэнэ ХХК-иас вагоноо шилжүүлж авах, төмөр замаар явах эсэхийг мэдэх ёстой байсан. Машин худалдаж авсныхаа дараа авто тээврийн үзлэг, оношлогоонд оруулдаг шиг оруулсан. Би хүний өмчийн вагоныг дур мэдэж засвар үйлчилгээнд оруулах боломжгүй. Яг энэ вагоныг авах эсэхээ шийдээгүй байсан. Одоо хүртэл Баян-Эрдэнэ компанийн нэр дээр байдаг. Бид энэ вагоныг оношлогоо хийж төмөр замаар явах эсэх асуудлаар гэрээ хийсэн.

Засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг манайх төлнө гэж хэлсэн. Явах боломжгүй, хаягдал зүйл өгчихвөл яах вэ гэдэг асуудал байна. Энэ асуудлаас болж У тзамтай засварын гэрээ хийсэн. Харин зогсоолын гэрээ хийгдээгүй гэдгийг хэлмээр байна. Баян-Эрдэнэ ХХК-ийн захирал Чулуунбаатар гэдэг хүн байсан нас барсан. Би энэ хүнтэй төлбөрийн талаар утсаар ярилцаж байсан. Би төмөр замтай холбоотой асуудлыг мэдэхгүй, төлбөр нэхэгдэж байна гэхэд “бид нар өөрсдөө зохицуулна, та нар вагоноо авчих” гэж хэлсэн. Талийгаач нь тухайн үед бид нар асуудлыг шийднэ гэж ярьж байсан. Энэ вагоныг өрөндөө авахад өрнөөс өр үүсгэсэн. Засварын ажил гүйцэтгэхээр У тзамтай гэрээ байгуулсан. Зогсоолын асуудлыг Баян-Эрдэнэ трейд ХХК хариуцах ёстой байх гэж бодож байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь 3 үндэслэлийг гаргасан.

Нэгдүгээрт нь шүүх нь бодит байдалд буруу дүгнэлт хийсэн гэж үзсэн. Манай байгууллага нь У тзам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй ямар нэгэн зам ашиглалтын талаар гэрээ байгуулаагүй гэдэг. У тзам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь АХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний 1.1 дэх заалтад ийм зүйл тохироогүй гэж байна.

Гэрээг зөвхөн нэг заалтаар ойлгож болохгүй. Гэрээний агуулгыг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй.  Гэрээнд зам ашиглалтын төлбөр авах тухай гэрээний 5.2, 5.9, 5.5, 5.7 дахь заалтууд байдаг. Энэ гэрээнээс харахад вагон засварын гэрээ байгуулагдсан байдаг. Нөгөө талаасаа холимог төрлийн гэрээ буюу хэрэв вагоноо авахгүй манай зам дээр зогсоовол зам ашиглалтын төлбөр авах буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүснэ.

Өөрөөр хэлбэл ажил үйлчилгээний гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ хоёрыг хамтад нь багтааж байгуулсан холимог төрлийн гэрээ юм. Гэрээний 2.2.9-т засварласан вагоныг мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардлыг У тзамын тарифын нэгдүгээр мөрдлөгийн дагуу захиалагч нэмж төлөх үүрэгтэй.

Гэрээний 5.9-т засварласан вагоныг засвараас гарсан мэдээллийг захиалагч талд мэдэгдсэнээс хойш хуанлийн 5 хоногийн дотор Зүүн хараа өртөөний хашаанаас зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт сэлгээний зардлыг нэмж төлүүлнэ гэсэн заалтуудаар холимог төрлийн буюу ажил үйлчилгээ, эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан болох нь харагдаж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх буруу дүгнэлт хийсэн, засварын харилцааг зохицуулсан байна гэх татгалзал нь үндэслэлгүй байна. ВУ-36 маягтыг өнөөдөр хүртэл бид нарт өгөөгүй, хэргийн материалд ч байхгүй. Бид нар хууль ёсны эзэмшигч биш учраас вагоны мөнгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан.

ВУ-36 маягт гэж юу вэ гэхээр тухайн вагонд засвар хийсэн, төмөр замын хөдөлгөөнд оролцож болно гэх агуулгатай бичиг баримт юм. Энэ маягтыг вагон эзэмшигчид өгдөггүй. Өөрөөр хэлбэл АХХК-ний захирал Ө.Барсүрэн, түүний өмгөөлөгч нарт өгөхгүй. Энэ нь Зүүн хараа өртөөнд хүргэгддэг. Өөрөөр хэлбэл У тзам гэдэг нь цогц байгууллага юм. Нэг талаар төмөр замын тээвэрлэгч, нөгөө талаар вагон засварын байгууллага юм.

Вагон засварын байгууллага нь тээвэрлэгч нэгжтэй буюу зүүн хараа өртөөндөө энэ вагон нь тээвэрлэлтэд явуулахад галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны бүрэн хангах талаар өртөөнд мэдэгддэг. Бид нар үүнийг аваагүй учраас эзэмшигч болоогүй, гэрчилгээгээ авч чадаагүй гэж тайлбарласан. Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны А/154 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтаар төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам байдаг. Өөрөөр хэлбэл битүү вагон нь ямар тохиолдолд, ямар бичиг баримт бүрдүүлсэн нөхцөлд гэрчилгээ олгохыг тодорхой зохицуулсан. ВУ-36 маягт байгаа тохиолдолд гэрчилгээ олгоно.

Энэ гэрчилгээ нь байхгүй бол Зам тээврийн хөгжлийн яам, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс хөдлөх бүрэлдэхүүн буюу вагонд гэрчилгээ олгохгүй гэсэн зохицуулалт хууль журамд байхгүй. ВУ-36 маягт нь галт тэрэгний хөдөлгөөнд оролцож, тээвэрлэгчид эрх олгож байгаа баримт бичиг юм.

ВУ-36 маягт олгох ажиллагаа цахимаар олгогддог. Зүүн хараа өртөө рүү энэ маягтыг нэг товч дараад явуулдаг. Энэ нь вагон завсарласан нэгжээс тээвэрлэгч нэгж рүү цахимаар илгээдэг мэдэгдэл байдаг. Баян-Эрдэнэ трейд компани нь вагон засварын мөнгийг төлсөний дараа гэрчилгээ гарахаар танай компани руу шилжүүлнэ гэж тохиролцсон гэж тайлбарласан. Гэтэл ийм тохиролцсон зүйл хэргийн материалд байхгүй. Баян-Эрдэнэ компанийн зүгээс эзэмшигч болохыг нотолсон нэг ч материал хэргийн материалд байхгүй.

Гэрээг АХХК-ийн захирал Ө.Барсүрэн байгуулсан. Би энэ компанийн эзэмшигч, “манай энэ вагоныг засаад өг”, хариуд нь “би мөнгө” төлнө. Хэрвээ энэ вагон нь танай төмөр зам дээр зогсвол зам ашиглалтын мөнгийг төлнө гэсэн тохиролцоог Ө.Барсүрэн захирал хийсэн. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11 дүгээр албан бичиг АХХК-иас У тзамд ирсэн. Уг бичигт “Манайх энэ вагоныг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авсан, манай эзэмшлийн вагон” гэсэн бичиг ирсэн. 7400019 дугаарын вагон эзэмшигч  нь “А”ХХК байна. Вагоныг ашиглах, гэрээ байгуулах, албан бичиг гаргах болохоор эзэмшигч нь болчихдог.

Төлбөр төлөх болохоор биш болж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан. Манайх вагоныг засаж өгсөн. Хэн манайд вагон засаж өгнө үү гэх хүсэлт гаргана, тэр хүн манай хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд өмчлөгч эзэмшигчид тооцогдоно. Тийм учраас хариуцагчаар АХХК-ийг тогтоосон. Гэрчилгээ авах хүсэлт гаргах эсэх нь вагон эзэмшигчийн өөрийнх нь асуудал. У тзамаас болж гэрчилгээ авч чадаагүй гэсэн баримт хэргийн материалд байхгүй.

Хоёрдугаарт: Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй учраас анхан шатны шүүх гэрээ байгуулагдахаас өмнөх төлбөрийг манайхаас шаардаж хангаж шийдвэрлэсэн гэх тайлбарыг хийсэн. Байгуулсан гэрээнийхээ дагуу зам ашиглалтын төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Харин гэрээ байгуулахаас өмнөх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Анхан шатны шүүх нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ноос хойш төлбөрийг агуулгаар нь шийдвэрлэсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш сарын дараах төлбөрийг шүүх хангаж шийдвэрлэснийг шүүгч нар анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

У тзамын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3-т заасны дагуу өөрийнхөө үзүүлж буй үйлчилгээнийхээ тарифыг тогтоож авах эрх нь байдаг. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээвэр хөгжлийн яамны 154 дүгээр тушаалаар баталсан “төмөр замаар ачаа тээвэрлэх” журмын 23.6.1-т вагоны ачилт буулгалтад тавьж өгөх, ачаа татаж авахад санамжийг үйлдэж, тарифын мөрдлөгийн дагуу холбогдох төлбөр тооцоог бодож авна гэж заасан.

Энэ тарифыг У тзам нь өөрсдөө тогтоодоггүй, энэ нь хууль журмаар зохицуулагдсан байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зам тээврийн хөгжлийн яам гэдэг байгууллагуудаар хянуулсны үндсэн дээр  баталж олон нийтэд мэдээлдэг. Гэрээнд тарифын нэгдүгээр мөрдлөгийн дагуу яаж авах талаар тохиролцсон. Ийм учраас хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Нийт 7 удаагийн албан бичгээр тарифын талаар мэдэгдэж байсан. У тзам нь хэн нэгнээс мөнгө авах гэж байгаа биш, холбогдох байгууллагаас баталж өгсөн журам, Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасны энэхүү мөнгийг шаардаж байгаа. Анхан шатны шүүх нь зөв дүгнэлт гаргаж, шийдвэр гаргасан. Ийм учраас хариуцагчийн гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч “А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг “У тзам" нь хариуцагч  “А”ХХК-д холбогдуулан вагоны зам ашиглалтын хөлс 12.920.000 төгрөг анх нэхэмжилж,

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6.080.000 төгрөгөөр нэмэгдүүлж, зам ашиглалтын хөлс нийт 19.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна. 

4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд  2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 531 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч “АХХК”-аас вагоны зам ашигласны төлбөр 15.140.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.860.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж, хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

5.1. Нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзам,  хариуцагч “АХХК”-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “У тзам”-ын эзэмшлийн бус 74000019 дугаартай ачааны битүү вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулагдсан байна/ хэргийн 8-11 дүгээр тал/.

5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Уг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 74000019 дугаартай, битүү вагонд засвар үйлчилгээ хийсэн, хариуцагч нь уг засварын үнэ хөлсийг төлсөн байх ба талаар талууд маргаагүй, харин вагонд засвар үйлчилгээ хийж дууссаны дараа гэрээний нэг тал болох “А”ХХК нь уг засварлуулсан вагоноо Зүүнхараа өртөөний төмөр зам дээрээс татаж аваагүй тул төмөр зам ашигласны төлбөрийн талаар маргажээ.

5.3.Талуудын байгуулсан гэрээний 2.2.9-т.....засварласан вагоныг  мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дотор зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардлыг У тзамын тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу нэмж төлөх”-өөр, мөн гэрээний 5.9 дэх хэсэгт: “Засварласан вагоныг засвараас гарсан тухай мэдээллийг захиалагч талд мэдэгдсэнээс хойш хуанлийн 5 хоногийн дотор Зүүнхараа дахь ачааны вагоны засварын хашаанаас авах, зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардал нэмж төлөх”-өөр тус тус тохиролцсон байна.

5.4. Нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзам нь гэрээнд заасан үүргийн дагуу “АХХК”-д  74000019 дугаартай битүү вагонд холбогдох засвар үйлчилгээг хийж дууссан тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн албан бичгээр удаа дараа мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар, хариуцагч “Асанаа” ХХК нь уг мэдэгдлийн дагуу засварлагдсан вагоноо Зүүнхараа өртөөний төмөр зам дээрээс татаж аваагүй болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар тус тус нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж,  хариуцагч талыг гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 5 хоногийн дараа вагонаа татаж авах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны зам ашиглуулсны хөлсийг тарифын дагуу тооцож, нийт 15.140.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М-О-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 3.860.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

7. Хариуцагч АХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан : “ АХХК нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамтай зам ашиглалтын болон төлбөр тооцоо, хөлс төлөх талаар гэрээ байгуулаагүй, мөн Засвар үйлчилгээ хийх гэрээний 5.2-т: “ вагоныг засварын замд тавьж,  ВУ-36 маягт бичигдэх  хүртэлх хугацаанд зам ашигласны төлбөр тооцохгүй” гэж заасан ба УБ төмөр зам нь одоог хүртэл манай компанид ВУ-36 маягт өгөөгүй байхад зам ашигласны төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй.

“А”ХХК нь уг ачааны вагоныг “ Баян-Эрдэнэ трейд”  ХХК-аас өрөндөө  тооцож авахаар тохиролцож, вагоныг засварт оруулж, техникийн дүгнэлт гарсны дараа эзэмшилдээ авах байсан. Манай компани одоо хүртэл уг вагоны эзэмшигч болоогүй байгаа тул төлбөрийг хариуцах үндэслэлгүй ” гэх агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбарыг  хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7.1. Гэрээ гэдэг нь хоёр буюу хэд хэдэн этгээд тодорхой асуудлаар бие биедээ буюу гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх талаар харилцан тохиролцож хуулийн дагуу үйлдсэн бичиг баримтыг хэлнэ.

Хариуцагч АХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэн нь нэхэмжлэгч  Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У тзамтай  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 74000019 дугаартай вагонд засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул  талуудын аль аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан “У тзам”-ын эзэмшлийн бус ачааны вагонд засвах үйлчилгээ хийх гэрээний 5.9-т: “Засварласан вагоныг засвараас гарсан тухай мэдээллийг захиалагч  талд мэдэгдсэнээс хойш хуанлийн 5 хоногийн дотор вагоныг засварын хашаанаас авах ба зам чөлөөлж аваагүй тохиолдолд зам ашиглалт болон сэлгээний зардлыг нэмж төлөх”-өөр, гэрээний 2.2.9-т : “зам ашиглалт болон сэлгээний зардлыг У тзамын тарифын 1 дүгээр мөрдлөгийн дагуу нэмж төлөх”-өөр талууд тохиролцсон байх тул  хариуцагчийн “зам ашиглалтын төлбөр тооцоо, хөлс төлөх талаар гэрээ байгуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу засварлагдсан вагоныг замаас татаж авах, зам чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний дагуу зам ашигласны төлбөрийг гаргуулахаар шаардсан нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

7.2. Нэхэмжлэгч тал 74000019 дугаартай ачааны вагоныг өөрийн эзэмшлийн Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо-ийн замд тавьсан өдрөөр  буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс зам ашиглаж эхэлсэн хугацааг тооцож, хөлсийг нэхэмжилсэн байх боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн зам ашиглаж эхэлсэн хугацааг засвар үйлчилгээ хийж дууссан тухай захиалагч тал буюу АХХК-д  бичгээр мэдэгдсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоож, түүнээс хойшхи хугацааны зам ашиглалтын хөлсийг тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд гэрээний 5.2-т : “Вагоныг засварлахаар засварын замд тавьж, ВУ-36 маягт бичигдэх хүртэлх хугацааны ашигласны төлбөр тооцогдохгүй ” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэв. 

7.3. Хариуцагч тал “ засварлагдсан 74000019 дугаартай вагон  манай компанийн эзэмшлийн вагон биш учраас хөлс төлөх үүрэг хүлээхгүй” гэж маргаж   байгаа боловч уг вагонд засвар, үйлчилгээ хийх болон засвар үйлчилгээ хийж дууссаны дараа гэрээнд заасан хугацааны дотор вагоныг “У тзам”-ын эзэмшлийн замаас татаж аваагүй тохиолдолд зам ашигласны хөлс төлөх талаар тус тус тохиролцсон  2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ОГ/21/208 тоот гэрээг хариуцагч “А”ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ө.Барсүрэн нь нэхэмжлэгч талтай байгуулсан,  уг гэрээ хүчин төгөлдөр байх тул тус гэрээний дагуу зам ашигласны төлбөрийг  нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

8. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ .

9. Хариуцагч “А”ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.650 /хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун тавин / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 152/ШШ2022/00531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Барсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  “А”ХХК-ийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233650 /хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                        ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН