Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/00851

 

 

 

 

 

 

 

 

2023 04 21 210/МА2023/00851

 

 

Н -ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/00655 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н -ын хариуцагч Ч ХХК -д холбогдуулан гаргасан банкны баталгааны үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Н нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээг гүйцэтгэгч Т ХХК -тай байгуулсан. Гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг төлөхөөр Ч ХХК -аас 580,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж, гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн бичгээр гаргасан шаардлагыг хүлээн авсан даруй үл маргалдах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээж, батлан даалт гаргасны дагуу Н -аас 580,000,000 төгрөгийн санхүүжилтыг гүйцэтгэгч Т ХХК -д олгосон. Гүйцэтгэгч Т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд заасан ажлыг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй тул мөнгөн төлбөрийг төлөхийг Ч ХХК -аас шаардсан боловч төлөөгүй тул 580,000,000 төгрөгийг Ч ХХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч Т ХХК -аас гэрээний дагуу шаардах оронд туслах үүрэг гүйцэтгэгч Ч ХХК -аас шаардаж байна. Манай байгууллага нь Н нь Т ХХК -д 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хугацаа нь дууссан. Үүнээс өмнө Т ХХК -аас манай байгууллагад мэдэгдэл, хүсэлт ирүүлсний дагуу нэг удаа сунгаж байсан. Уг баталгааны хугацаанд Н нь биднээс ямар нэг байдлаар төлбөр, мөнгөтэй холбоотой үүрэг гүйцэтгэхийг шаардаж байгаагүй. Мөн 2019 оноос хойш 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн хугацаанд манайд ямар нэг шаардлага гаргаж байгаагүй. Сүүлд 2022 оны 06 дугаар сард нэхэмжлэгч тал манайд шаардлага гаргаад мөн оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан хугацаа дуусгавар болсон бөгөөд баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дээрх тохиолдолд дуусгавар болсон гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.13.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н -ын хариуцагч Ч ХХК -д холбогдох 580,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Н нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Төрийн үйлчилгээний цогцолборын барилга түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлыг 928,878,708 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эхэлж 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч Т ХХК -тай гэрээ байгуулсан. Гэрээг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сунгаж 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах байсныг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болгон сунгасан. Мөн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээт ажлыг ашиглалтад оруулж, бүрэн дуусгахаар тохиролцон гэрээг дахин сунгасан. Гүйцэтгэгч байгууллага болох Т ХХК -д нийт 580,000,000 төгрөгийн санхүүжилтийг урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгосон. Гүйцэтгэгч Т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийн баталгаа гаргасан Ч ХХК -д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

4.1. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хурал хойшилсон. Мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаан товлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр шийдвэрлэх хүсэлтийг хүргүүлсэн. Өмнөх хуралдаанаар шүүгчийн захирамжийн дагуу шаардсан материал ирээгүй байсан, шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байх гэж үзсэн. Шүүхээс шаардсан баримтууд шүүхэд ирсэн талаар мэдэгдээгүй. Шүүхэд ирсэн баримтуудыг нэхэмжлэгч талд мэдэгдэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Шинээр ирүүлсэн нотлох баримтыг танилцуулж мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар Ч ХХК -аас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж анхан шатны шүүхээс хангасан. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч ХХК -аас 15 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн. 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгч талд нотлох баримтыг танилцуулах талаар утсаар ярьсан тэмдэглэлийг шүүх хуралдааны явцад танилцуулсан. Мөн тухайн тэмдэглэлд нотлох баримттай танилцах шаардлагагүй тул эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н нь хариуцагч Ч ХХК -д холбогдуулан банкны баталгааны үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/211 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар Төрийн үйлчилгээний цогцолборын барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо/-ыг 2018 онд 580,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх4-5/

3.1. Улмаар Н , Т ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр НХААГ-18/0014 дугаар төрийн үйлчилгээний цогцолборын барилгын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь төрийн үйлчилгээний цогцолборын барилгын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын зураг төсөв боловсруулах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эхэлж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусган магадлал хийлгэн хүлээлгэн өгөх, барилга угсралтын ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд 928,878,708 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба 2019 оны 08 дугар сарын 28-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд ажлын гэрээний хугацаа сунгалт гэх нэмэлт гэрээгээр дээрх гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгасан үйл баримт тогтоогдсон байна. /хх6-9, 10-11, 12-14/

4. Мөн энэхүү гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор Т ХХК нь Ч ХХК -тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд банкны баталгааны гэрээ болон иргэн Д.Оюунгэрэлтэй 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд байгуулж, уг гэрээгээр банк үүрэг гүйцэтгэгчийн бүрдүүлсэн баталгааны даалгаврын дагуу нийт 580,000,000 төгрөгийн баталгааг гаргахыг зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн Д.Оюунгэрэлийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамжны 53/3 байрны 01 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. /хх87-101/

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, банкны баталгааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1, 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

6. Дээрх гэрээний хүрээнд Н нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Т ХХК -ийн Голомт банкин дах 1405009410 тоот дансанд 580,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн үйлчилгээний цогцолборын барилгын ажлын санхүүжилт гэх утгаар шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлт №12/230 дугаар баримтаар тогтоогджээ. /хх-22/

7. Ажил гүйцэтгэгч Т ХХК нь төрийн үйлчилгээний цогцолборын барилгыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэсэн үндэслэлээр Н -аас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд Ч ХХК -д албан бичгээр ...банкны баталгаанд заасны дагуу Т ХХК -д олгосон 580,000,000 төгрөгийг буцаан Н -ын дансанд төвлөрүүлэх гэж дурдсан шаардлага хүргүүлсэн байна. /хх15-17/

7.1. Нэхэмжлэгч Н нь банкны баталгааны хугацаанд[As1]  буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны дотор шаардсан гэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

7.2. Хариуцагч Ч ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд гаргасан банкны баталгаа гэх баримтад ...Энэхүү баталгаа нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хүчинтэй. Баталгаа хүлээн авагч баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой гэж тусгасан байх ба банкны баталгааны гэрээний 1.3-т банкны баталгаа нь үндсэн гэрээнд заасан гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй байна. гэж заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т заасан үндэслэлээр баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт уг хуульд нийцжээ.

8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ч ХХК -д холбогдох банкны баталгааны үүрэгт 580,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг шинээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч шүүхээс шаардсан баримтууд шүүхэд ирсэн талаар мэдэгдээгүй, танилцаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хурлыг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн, уг хүсэлтэд шинээр ирүүлсэн нотлох баримттай танилцаагүй, танилцах боломжгүй талаар холбогдох нотлох баримт ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах нь зохигчийн хуульд заасан эрхийн асуудал юм. Иймд шүүхээс нэхэмжлэгч талын эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй байх ба түүний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [As1]Гэрээнд заасан хугацаагаа бичих үү?