Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 0022

 

 

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч

биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

 

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Булган сумын иргэн Д.Ганчимэгээс Булган аймгийн Могод сумын ИТХ-д холбогдуулан гаргасан “Д.Ганчимэг намайг томилуулахаар хүргүүлсэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганчимэг миний бие нь Булган аймгийн Могод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоон дээр томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбараас нийтэд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  Булганы мэдээ сонин болон төрийн албаны зөвлөлийн цахим санд тавигдсаны дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг ханган бүртгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтанд орж нэгээр гарсан.

      Энэ сонгон шалгаруулалтыг Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот тогтоолоороо баталгаажуулж, миний нэрийг  Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албанд тушаалд нэр дэвшүүлсэн боловч тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Халтар нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй,  орон нутгийн нөөцөөс хүн авч ажиллуулна гэх мэтээр тайлбар өгч, томилохоос татгалзсан учраас би 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явц дуусаж,  шүүх хурал 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагт товлогдсон бөгөөд шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагч тал шүүгчээс өмгөөлөгч авахаар хүсэлт гарган, тухай өдрийн шүүх хурлыг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт хийхээр хойшлуулсны дараа Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай” 05 тоот тогтоолыг гаргуулсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс утасдахад  наад сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах тогтоол гарсан байх,  наад хуралд чинь би очих шаардлагагүй болсон гэж утсаар яриад  шүүх хуралд ирээгүй тул би  нэхэмжлэлээ арга буюу татаж, дээд шатны нь байгууллага Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандсан боловч Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь журамд заасны дагуу миний өргөдлийг хянан шийдвэрлээгүй тул Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн тухай” 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах, Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахыг Могод сумын ИТХуралд даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж,

      Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох шаардлагыг нь хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 тоот “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гаргасан.

      Иймд Булган аймгийн Могод сумын ИТХ-д холбогдуулан “Булган аймгийн Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Ганчимэг намайг томилуулахаар хүргүүлсэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.”

     Нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоолоор шийдвэрлэсэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцсон шийдвэр, миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тухайн албан тушаалд томилж шийдвэрлэсэн тул би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүйгээр тохиролцов гэжээ.

     Хариуцагч Могод сумын ИТХ-ын дарга Н.Халтар  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Н.Халтар би тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцсэн Д.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоолоор сонгон шалгаруулалтын дүн нь хүчинтэйд тооцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг албан тушаалд томилсон тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Д.Ганчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч Могод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр тогтоолор Д.Ганчимэгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Могод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон болох нь хариуцагч Могод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул түүний татгалзлыг баталж, Д.Ганчимэгийн  Булган аймгийн Могод сумын ИТХ-д холбогдуулан гаргасан “Д.Ганчимэг намайг томилуулахаар хүргүүлсэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0018/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...нөхөн төлүүлнэ”, 47.6-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг 50 хувиар хөнгөлнө”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцаан олгоно” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Могод сумын ИТХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг тус тус гаргуулахаар байх боловч нэхэмжлэгч Д.Ганчимэг нь хариуцагчаас тэмдэгтийн хураамж гаргуулан авахаас татгалзсан, Д.Ганчимэг нь энэ хэрэгт /өөр хэргээс тусгаарласан учир/ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Хариуцагч Могод сумын ИТХ-ын дарга Н.Халтар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ганчимэг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Д.Ганчимэг намайг томилуулахаар хүргүүлсэн Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн шийдвэрийг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахгүй байгаа Могод сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын буруутай үйл ажиллагааг тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0018/3  дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн хариуцагч Булган аймгийн Могод сумын ИТХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулахгүй гэснийг тус тус дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагчид хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА