Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2023/00009

 

Д.Д, Ц.О нарын нэхэмжлэлтэй,

Н.Э, М.Т нарт холбогдох

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэртэй,

Д.Д, Ц.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Э, М.Т нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 117.600.000 төгрөг, хохирол 26.044.000 төгрөг, нийт 143.644.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 297.637.251 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Монгол нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 117.600.000 төгрөг, хохирол 26.044.000 төгрөг, нийт 143.644.000 төгрөг гаргуулах.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ Н.Э, М.Т нар нь өөрийн өмчлөлийн Сарнай рестораны барилгын 2 давхрын 12x22 метр хэмжээ бүхий 270 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр, 1 дүгээр давхарт байрлах 10 метр хэмжээтэй 60 м.кв гал тогооны хэсэг /гэрчилгээний дугаар Ү-1520003243/-ийг бидэнд худалдахаар тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Бид уг обьектыг хүлээн авч гэрээний дагуу сар бүр 10.000.000 төгрөг төлж, мөн уг обьектын ус, цахилгаан, халуун ус, үйлчилгээний бусад бүхий л төлбөрийг төлж, гэрээний үүргээ биелүүлж байх үед 2021 оны 3 дугаар сард Н.Э, М.Т нар уг обьектыг банкны барьцаанд тавьж гэрээний үүргээ ноцтой зөрчиж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн.

Мөн коронавирусын цар тахал гарч давагдашгүй хүчин зүйлийн улмаас манай үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас зогсоосон зэрэг шалтгааны улмаас төлбөр төлөх хугацаа хойшлогдсон. Ингээд бид 2022 оны 1 дүгээр сараас  эхлэн ажиллаж байтал Н.Э нар манай ажлыг зогсоож,  үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Гэрээнээс татгалзах, цуцлах нөхцлийг бүрдүүлсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон. 2 тал гэрээнээс татгалзан цуцалж, обьектыг буцаан хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нар биднээс гэрээний дагуу авсан мөнгөө буцаан төлөхгүй байна.

Иймд бид гэрээний 5.1-т заасан эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзан цуцалж,  төлсөн төлбөр, учирсан хохирлоо барагдуулахыг хүсэж байна. Бид гэрээний 10.1-т заасны дагуу худалдагч талд мэдэгдэл өгсөн, гэрээгээр өгсөн авснаа буцаахаар тохирсон болно. Иргэний хуулийн 261.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана. Мөн хуулийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирол,  төлбөрөө нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.б-д заасны дагуу Н.Э, М.Т нараас гэрээний дагуу худалдаж авахаар тохирсон обьектын үнэд төлсөн 117.600.000 төгрөг, хохиролд 26.044.000 төгрөг, нийт 143.644.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: 

 Хариуцагч Н.Э, М.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д тайлбартаа: “  Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нэхэмжлэгч нар гэрээнд заасны дагуу 24 сарын хугацаанд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Гэрээнээс харахад сар бүр 10,000,000 төгрөг төлөхөөр тохирсон , үүнийг 24 сарын хугацаагаар бодоход 240,000,000 төгрөг болж байна. Үлдсэн мөнгийг бөөнөөр нь төлөөд энэ объектыг өөрийн мэдэлд шилжүүлж авч болох байсан. Гэтэл 117,600,000 төгрөг төлөөд үүнээс хойш төлөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 15-нд гэрээний хугацаа дууссанаас  хойш нэхэмжлэгч нар гэрээг сунгах санал гаргаагүй. 2021 оны 12 дугаар сард Н.Э нь нэхэмжлэгч нартай уулзаж,  төлбөрөө төлөх талаар хэлж ярилцсан байгаа.

Нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Иргэний хэрэгт зохигч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй байдаг.

Гэрээг цуцалсан шалтгааныг ковидоос болсон гэж үзэж байна уу, үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьчихсан байснаас болсон гэж үзсэн үү, энэ нь тодорхойгүй байна. Ковид цар тахлын улмаас Увс аймагт худалдаа үйлчилгээ явуулахыг 100 хувь хориглосон 56 хоног байсан. Үүнээс бусад хугацаанд хязгаарлалттай үйл ажиллагаа эрхэлж байсан. Бид нар ковидын нөхцөл байдлын улмаас орлого олоогүй гэж хэлсэн байна. Гэтэл хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 28-нд Эрчим хүчний яамны газрын захирал, хүмүүсийнхээ хамт хоол идээд явсан гэсэн баримт байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд татварын албаны 2020 оны тодорхойлолт байгаа. Татварын нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэхэд 37,964,489 төгрөгийн баримт байдаг. 10 хувиар бодоход 379,000,000 төгрөгийн орлого олсон. Огт орлого олоогүй гэж үзэх боломжгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагдсан Голомт банкны баримтад зөвхөн пос машины гүйлгээ гэхэд 2019 оны 7 дугаар сарын 05-аас  2022 оны 7 дугаар сарын 22-ны хооронд шалгаж үзэхэд 313,000,000 төгрөг орж гарсан гүйлгээ байдаг. Үүнээс гадна бэлнээр хийж байгаа зөндөө орлого байгаа. 1-р хавтаст хэргийн 194 дүгээр хуудаст авагдсан Ц.О гэсэн нэртэй төрийн банкны дансанд 90,835,675 төгрөгийн орлого, Голомт банкны дансанд 99,000,000 төгрөгийн орлого орсон байна. Энэ орлогуудыг үзэхээр Сарнай орлого гээд хийчихсэн байдаг.

Зохигч талууд нь зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэдэгт хэн ч маргахгүй байгаа. Мөн гэрээг цуцалсан асуудал дээр маргаангүй. Харин маргаж байгаа ганц зүйл бол гэрээг цуцалснаас үүдэж гарсан гэм хорын асуудал байдаг. Яагаад гэрээг цуцлах болсон бэ гэвэл гэрээний хугацаа 2021 онд дуусчихсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг сунгах, цар тахлын нөхцөл байдал, төлбөрөө хэрхэн хийх талаар нэхэмжлэгч талаас ирүүлсэн баримт байхгүй.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн баримтыг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өгсөн байдаг. Үүнээс өмнө болохгүй байсан бол яагаад буцаагаад өгчихөж болоогүй юм. Хэрвээ буцааж өгсөн бол төлбөрөө нэхэмжлэхгүй, өөр хүнд түрээслэх юм уу, өөрөө ажиллуулах байсан. Энэ объект нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нарын эзэмшилд байсан учраас ийм хэмжээний орлого олох байснаа нэхэмжлээд байгаа. 2019 онд батлагдаж гарсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль байдаг. Энэ хуульд Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны асуудлуудыг шийдсэн. Үүнийг олж харах нь зүйтэй байх.

Гэрээний 1.6-т төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагчид эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан. Зээлээр худалдах худалдан авах гэрээний нэг онцлог нь гэрээ байгуулснаар эрх нь худалдан авагч талд очдоггүй. Төлбөрийг бүрэн төлж дууссанаар эрх нь шилждэг. 2022 оны 3 дугаар сарын 25-нд энэхүү объектыг бүхэлд нь Н.Эт хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нарын мэдэлд 2019 оны 6 дугаар сарын 15-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүртэл Сарнай ресторан байсан. Энэ хугацаанд ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тийм учраас өөрсдөө гэрээнээсээ татгалзсан, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжилж байгаа 117,000,000 төгрөгийг Н.Э авсан нь үнэн боловч буцаан төлөх боломжгүй. Харин 26,044,000 төгрөгийн хувьд нэхэмжлэлдээ хохирол гэж бичсэн боловч нотолсон ямар нэгэн бичиг баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд 143,644,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол 283.054.297 төгрөг, НӨАТ-ын өр 9.379.388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5.203.566 төгрөг, нийт 297.637.251 төгрөг гаргуулах тухай.

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэг талаас Н.Э, М.Т нар нөгөө талаас Д.Д, Ц.О нар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр Сарнай рестораны барилгын 2-р давхрын 270 кв метр талбайг 324,000,000 төгрөг, 1-р давхрын 60 кв метр талбайг 60,000,000 төгрөг буюу нийт 384,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, тухайн объект дотор байсан рестораны бүх тоног төхөөрөмжийн хамт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн.

Энэхүү гэрээгээр Д.Д, Ц.О нар нь зөвхөн обьект аваагүй бөгөөд рестораны бэлэн бизнесийг ямар ч урьдчилгаа төлбөргүй авсан, өөрөөр хэлбэл Н.Э, М.Т нар нь гэр бүлийнхээ  16 жилийн туршлага бүхий нийтийн хоолны бизнесээ тоног төхөөрөмж, ажиллах хүч, нэр хүндийн хамт шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл нийт 24 сар бөгөөд сар бүр 10,000,000 төгрөг төлнө, гэрээний хугацаа дуусахад үлдэгдэл төлбөрийг бөөн төлж барагдуулснаар эзэмших эрх шилжинэ гэж тохирсон.

Нэхэмжлэгч нар эхний үед төлбөр төлж байсан боловч удалгүй төлбөрөө төлөхөө зогсоосон. Сарнай ресторанаас олсон орлогоо төлбөр төлөхөд биш өөр бизнестээ зарцуулсан гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссан боловч худалдагч талаас гэрээгээ цуцлах санал гаргаагүй, харин гэрээгээ дүгнэх төлбөр төлөх талаар ярихад Д.Д нь Тариа сайн хурааж байна, бүх мөнгөө бөөн өгнө гэж хэлсэн боловч мөнгөө өгөөгүй. Энэ оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцалж обьект хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн 32 сарын хугацаанд объектод ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, ус алдуулсан, өнгө үзэмж муутгасан, мөн бизнесийн нэр хүндийг унагаасан тул цаашид энэ бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болсон.

Д.Д, Ц.О нар нь нэхэмжлэлдээ Н.Э, М.Т нар нь обьектыг банкны барьцаанд тавьсан, короновирус гарснаас болж төлбөр төлөх  нь хойшлогдсон гэжээ.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.6-д: Төлбөр бүрэн төлж дууссанаар худалдан авагч талд эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх үүснэ гэж заасан бөгөөд гэрээ болон хуулиар төлбөр бүрэн төлж дуусмагц эрхийн зөрчилгүй баримт бичгийг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг. Харин үүнээс өмнө өөрийн өмчийг барьцаалах эрх нь худалдагч талд байна.

Корона вирус гарч эдийн засагт хүндрэл учирсан нь үнэн. Өнгөрсөн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын А/62 тоот захирамж гарч анхны хязгаарлалт хийснээс хойш цар тахалтай холбоотой 39 захирамж гарсан байна. Эдгээр захирамжаар рестораныг нийт 83 хоног бүрэн хаасан, бусад үед хязгаарлалттай ажиллаж  байсан. Аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/120 тоот захирамжаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдөр хүртэл хаасан боловч 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр А/139 тоот захирамжаар нээсэн 9 хоног, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны А/865 захирамжаар 13 хоног, 2021 оны 3 дугаар сарын 26-ны А/157 захирамжаар 56 хоног, 2021 оны 5 дугаар сарын 28-ны А/293 захирамжаар 5 хоног хаасан байна.

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 2 жил 8 сар 5 хоног Сарнай рестораныг Д.Д, Ц.О нар ашиглаж байжээ. Үүнээс захирамжаар хаагдсан 83 хоногийг 95 хоног болгож өсгөж хасахад 29 сар үлдэж байна. Голомт банк дахь Н.Э, М.Т нарын эзэмшлийн дансны 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийн хуулгаас харахад Сарнай ресторанаас орсон орлого 1 сард 18,330,0207 төгрөг, 2 сард 10,577,6647 төгрөг, 3 сард 20,558,6607 төгрөг, 4 сард 22,209,433 төгрөг, 5 сард 25,934,153 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10,046,4937 төгрөг орсон байна. Эхний 5 сарын дундаж 19,520,986 төгрөг. Үүнийг 29 сараар үржүүлэхэд 566,108,594 төгрөгийн орлого олох байжээ.

Цар тахлын үеийн эдийн засгийн байдлыг харгалзан үзээд олох ёстой байсан орлогыг 50 хувь бууруулж тооцон 283,054,297 төгрөгийг Иргэний хуулийн 264.2-д заасны дагуу нэхэмжилж байна. Мөн Сарнай рестораныг ажиллуулж байх үедээ үүсгэсэн НӨАТ-ийн өр 9,379,388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5,203,566 төгрөг, нийт 297,637,251 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.

7. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүлийн 205.1-т зааснаар хариуцагч Н.Э, М.Т нараас 117,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохирол 26,044,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 283,054,297 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Э, М.Т нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,582,954 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э, М.Т нараас 745,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д, Ц.О нарт олгох, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,646,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас 1,573,221 төгрөг гаргуулж хариуцагч Н.Э, М.Т нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгч Ц.О давж заалдсан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/0065 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу шийдвэрийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг, 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч бидний хооронд 2019 оны 7 дугаар сарын 05-ны байгуулагдсан зээлээр худалдах , худалдан авах гэрээний 6.2-р заалт нь тухайн объект нь ямар нэг эрхийн маргаангүй болохыг баталсан байдаг. Хэрвээ энэ баталгааг зөрчвөл худалдан авагч буюу бидэнд учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тохирсон. Мөн гэрээний 6.6-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг төлж барагдуулахаар тохирсон. Гэтэл Н.Э, М.Т нар нь уг объектыг гэрээний 8.1-т зааснаар бидэнд бичгээр болон огт мэдэгдэлгүй Голомт бакны барьцаанд 2019, 2020, 2021 онуудад тавьж нийт 650.000.000 төгрөгийн зээл авсан байдаг.

Иймд худалдагч тал гэрээгээ зөрчиж гэрээнээс татгалзсан. Бид энэхүү зөрчлийг мэдээд, худалдагч тал энэхүү зөрчлийг арилгасан нөхцөлд төлбөрөө төлөхөд бэлэн байсан.

Гэвч худалдагч тал үүргээ биелүүлээгүй нь буруутай байхаас гадна 2022 оны 01 дүгээр сард Сарнай рестораныг хаагаарай, манайх хаалга үүдийг эвдээд ч боловч эд хөрөнгөө авна гэж дарамталсаар байж байраа хүлээж авсан. Тиймээс гэрээний 6.1-т зааснаар нэхэмжлэгч талд учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй. Гэрээний 9.1-т зааснаар дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас ажиллаагүй тул төлбөрийн хугацааг сунгаж болох бөгөөд учирсан хохирлыг хариуцахгүй гэж заасан байна. Гэвч бид цар тахлын үед 57.000.000 төгрөг төлсөн. Н.Э, М.Т нар нь дээрх объектыг банкны барьцаанд тавьж эрхийн доголдолтой болгож, худалдсан объект дээр эрхийн маргаан бодитой үүсгэсэн тул энэхүү зөрчлийг арилгах хүртэл төлбөр төлөхгүй байх эрхтэй.

Дэлхий нийтэд болон Монгол улсад ковид хэмээх цар тахал  гарсантай холбогдуулан бүх нийтийн орох, гаргах хөдөлгөөн, сургууль, цэцэрлэг, үйл ажиллагаа, явуулж байгаабүх албан байгууллага, зах дэлгүүр, ресторан, цаны газруудыг хязгаарлаж эхэлсэн учраас ресторанд орох хүнгүй болж, орох орлого  доголдож эхэлсэн. Уг ресторанг хүлээн авснаас хойш 2020 оны 1 дүгээр сар хүртэл, ямар нэг доголдолгүй хэвийн үйл ажиллагаа явуулж байсан.

Бид Н.Э, М.Т нарт төлөх ёстой төлбөрөө төлж явсан. Хэдийгээр цар тахал гарч хөл хорио хаа сайгүй тавьж, гадна гудамж эл хуль, ресторанд орох хүн байхгүй үед ч бид хэрэглээний зардал цахилгаан халаалт, ус, хог, ариутгал, ажилчдын цалингаа цаг тухай бүрт нь харъяа бүх байгууллагад төлж явсан баримт байдаг. Мөн Н.Э нь бидэнтэй уулзаж хүн багатай завтай байгаа дээрээ дээврээ буудаад өнгө зүсийг нь засья гэсэн боловч өөрөө ямар нэг оролцоогүйгээр 100 хувь биднээр Голомт банк болон Сарнай ресторан байрлаж буй 12:22 метр харьцаатай 270м2 2 давхар объектын дээврийг будуулсан. Иймээс бүх баримт нотолгоо нь байхад хэрэглээний хохирол болох 26.044.000 төгрөгийг шүүх гаргуулаагүйд гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/62 тоот захирамжаар ресторан, цайны газрууд өдөр бүр 20 цаг хүртэл, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийг 15 цаг хүртэл, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/120 тоот захирамжаар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 20 хоног рестораны үйл ажиллагааг түр хаасан,

Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/83 тоот захирамжийн хавсралт, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/157 тоот захирамжаар рестораны үйл ажиллагааг түр зогсоосон. Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/182 тоот захирамж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/250 тоот захирамжаар зөвхөн хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрсөн, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/276 тоот захирамжаар ресторан цайны газруудыг өдөр бүр 10-16 цагийн хооронд 50 хувийн дүргэлттэй ажиллахаар,

            2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/293 тоот захирамж, мөн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/297 тоот захирамжийн 4-р заалтаар цагийн хуваарийг 10-17 цаг  хүртэл 50% дүүргэлттэй ажиллахаар, согтууруулах ундааг зарж борлуулах, үйлчлэх цагийг 15 цаг хүртэл хугацаагар тус тус тогтоосон.

           Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/392 тоот хавсралтын 11-т зааснаар үйл ажиллагааг түр зогсоосон, зөвхөн хүргэлтээр,

            Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/509 тоот захирамжийн 1-р заалтаар 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал заалаар үйлчлэхгүй, зөвхөн хүргэлтээр, Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/539 тоот захирамжийн 1-р заалтаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 30%-ийн дүүргэлттэй, хариуцлагын хатуу гэрээгээр 20 цаг хүртэл, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийг 15 цаг хүртэл гэсэн нийт 39 хязгаарлалтын захирамж гарснаар Сарнай рестораны үйл ажиллагааг зогсоож, ажиллах цагийг бонгиносгож, 30%-50%-ийн дүүргэлттэй эсвэл зөвхөн хүргэлтээр хоол гаргах,  согтууруулах ундааны зүйл, түүгээр үйлчлэх цагийг өдөр бүр 15 цаг хүртэл тогтоосон, мөн сар бүрийн 01-ний өдөр, 7 хоног бүрийн баасан гарагт худалдахгүй гэсэн дүрмийг дагаж мөрдөж ажиллаж байсан.

Ковид цар тахлын үед ашиг олох биш хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд ажиллах боломж гарах бүрт ажиллаж олсон орлого нь бараа материал, халаалт, ус цахилгаан, ажилчдын цалин тавиад хүрэлцэхгүй байсан ч Н.Э, М.Т нарт төлбөрөө төлж байсан. Мөн дээрх ковидын үеийн нөхцөл байдал зөвхөн Сарнай ресторанд төдийгүй, Сарнай буудал, аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудад адилхан нөлөөлж ашиг орлогогүй болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийн 283.054.297 төгрөгийг биднээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

9. Нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Ц.Монгол нар давж заалдсан гомдол /тус тусдаа  бичсэн байх боловч утга агуулгын хувьд адил байх тул нэгтгэж бичсэн/-доо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/0065 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу шийдвэрийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг, 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд :

9.1.Шийдвэрийн 2 дугаар заалтаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 -т заасныг баримтлан нэхэмжлэгч Д. Дамдинсүрэн, Ц. Оюун нараас 283.054.297 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Харин “гэм хорын хохирол” гэж төлбөр гаргуулах бус, худалдсан объектыг худалдагч талд гаргуулан олгохоор шийдвэрт зааж “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйлийг талуудад буцаахаар заах байсан гэж үзэхээр байна. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч нь Иргэний хуулийн 225 зүйлийн 225.1-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотдох баримтаар тогтоогдож байна.

9.2. Нэхэмжлэгч нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Хариуцагч 2020 оны 5 дугаар сарын 22-нд Голомт банкинд гэрээний зүйл болох обьектыг барьцаалж 200 сая төгрөгийн зээл авсан хугацаанд ч төлбөрөө төлж байсан байдаг. Гэтэл хариуцагч буюу худалдагч Н.Э, М.Т нар гэрээгээр худалдсан обьектыг 2021 оны 3 дугаар сард Голомт банкнаас 250 сая төгрөгийн зээл авахдаа уг зээлээр худалдсан байсан Сарнай рестораны байрыг зээлийн барьцаанд тавьсан байсныг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч энэхүү санаатай үйлдлээрээ гэрээг ноцтой зөрчиж, гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

9.3. Хариуцагч зээлээр худалдах худалдан авах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулахаас өмнө  2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 200 сая төгрөгийн барьцаанд Сарнай рестораны байрыг тавьсан, эрхийн доголдолтой байсныг нуун дарагдуулж худалдан авагчийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсныг шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтаас бид олж мэплээ. Гэрээний 6.2-т “Объект нь ямар нэг эрхийн маргаангүй болохыг худалдагч тал батапж байна” гэж заасан гэрээг хууран мэхлэх замаар хийсний нотолгоо мөн.

9.4. Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 6.2-р заалтад “Объект нь ямар нэгэн эрхийн маргаангүй болохыг худалдагч тал баталж байна. Байрны өмчлөлийн талаар ямар нэг маргаан гарсан тохиолдолд худалдагч нь уг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд бүхий л хууль зүйн хариуцлагыг хүлээж, худалдан авагчид учирсан хохиролыг нөхөн төлнө” гэсэн гэрээний үүргээ ч мөн ноцтой зөрчсөн байна.

            9.5. Гэрээний 8.1 дүгээр заалтаар талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ шилжүүлэх нөхцлийг тохирч “Нөгөө талаас бичгээр албан ёсны зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж залгамжлуулахыг талуудад хориглоно” гэж үүрэг хүлээсэн байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид зээлээр худалдсан Сарнай рестораны байрыг Голомт банкинд барьцаалж, энэ Зээлийн гэрээнийхээ заалт, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчин их хэмжээний зээл авсан нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөнийг нотолж байх ба гэрээний 6.6-т зааснаар худалдагч буюу хариуцагч та хохирлыг барагдуулах үүрэг үүссэн. Харин энэ нь нэхэмжлэгч тал ямар нэг хохирол хариуцах үндэслэлгүй болохыг нотолж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 –т ”Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 9.6. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа өөрт учирсан гэх хохирлыг илтэд санаатайгаар өсгөн худлаа тооцоолсон, шүүхэд зочид буудлын орлогыг давхар тооцоолон худал, үндэслэлгүй тооцоо гаргаж өгсөн гэж үзэхээр байна. Орлого олж байсан гэх тооцоондоо Зочид буудлынхаа орлогыг оруулан тооцсоноо шүүхээс нуусан, шүүхийг үл хүндэтгэсэн бөгөөд ийнхүү үний дүнг хийсвэрээр өсгөж, түүнийхээ хагасыг гаргуулна гэж нэхэмжилсэн. Гэтэл өөр нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх сөрөг нэхэмжлэийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл ч байхгүй гэж үзэхээр байна.. Хариуцагч тал дээрх байдлаар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байхад шүүх сөрө нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

   9.7. Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд буюу үндэслэх хэсгийн 7.1-т “ ...хариуцагч нар нь 2002 оны 3 дугаар сард гэрээний үүргийг ноцтой зөрчиж худалдан авч буй обьектийг бид нарт мэдэгдэлгүйгээр банкны барьцаанд тавьсан үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр худалдан авагч тал гэрээнээс татгалзжээ” гэж шүүх үндэслэлээ гаргасан.

Гэтэл ийм үндэслэлийг хийсэн мөртлөө гэрээний үүргээ зөрчөөгүй нэхэмжлэгчдээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан гэм хорын хохирол болон олох ёстой байсан орлого гэж 283.054.297 төгрөг гаргуулах болсон үндэслэлээ шийдвэрт огт заагаагүй тул шийдвэрийн энэ хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

 9.8. Нэхэмжлэгч нь, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн тул гэрээнээс татгалзсан, хариуцагчийн буруутай үйлдэл, гэрээний үүргээ зөрчсөнөөс зээлээр худалдсан обьект нь банкны барьцаанд тавигдаж эрхийн доголдолтой болсон. Голомт банкинд худалдагчид гомдлын шаардлага гаргах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 252 дугаар зүйлд худалдах эд хөрөнгийн эрхиын доголдлын талаар хуульчилсан бөгөөд хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан. Иргэний хуулийн 256 дугаар зүйлд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах харилцаа хуульчилсан бөгөөд хуулийн 256 дугаар зүйлийн 256 ,1-т “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгчээс учирсан хохирол гэж 283.054.297 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, бөгөөд харин хариуцагчаас худалдан авагч болон нэхэмжлэгч талд учирсан хохирлын 26.044.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

 9.9. Зээлээр худалдах худалдан авах гэрээний хугацаанд бүх нийтийг хамарсан халдварт Ковидын цар тахал дэгдэж давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болсон, шийдвэрт үүнийг тодорхой зааж дүгнэлт хийсэн. Энэ хугацаанд үйлдвэр үйлчилгээний байгууллагууд хорио цээрийн улмаас зохих ёсоор ажиллаагүй, орлого олох боломж байхгүй байсан. Хариуцагч зээлээр худалдсан обьектийг банкны барьцаанд тавьж 200 сая, 250 сая төгрөг удаа дараа авч эргэлтэнд оруулсан байдлыг ч мөн тооцох ёстой. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлд дурьдсан хохирлыг бүхэлд нь нотлогдсон гэж үзсэн нь илтэд үндэслэлгүй. Хэрвээ шүүх 2 талын хохирлыг бодитой тогтоох шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон тогтоох учиртай байсан. Давагдашгүй хүчин зүйл бий болсон байх үеийн орлого, алдагдлыг тусгай мэдлэг бүхий этгээд л тодорхойлох боломжтой бөгөөд шүүх хэн нэгний үндэслэлгүй нэхэмжилсэн олон зуун сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг батгай нотлохгүйгээр хангасан нь шударга ёсонд нийцэхгүй байна.

9.10. Хавтаст хэргийн 212 -р талд байгаа Ипотекийн гэрээний хоёрдугаар хэсгийн Барьцааны нөхцөл гэсэн хүснэгтийн 7-д “Өөр этгээдийн барьцааны эрх байгаа эсэх” гэсэн заалтанд хариуцагч “үгүй” гэж Голомт банкинд худал мэдээлэл өгч, маргаан бүхий Сарнай рестораны байрыг зээлээр худалдсан бодит байдлыг нуун дарагдуулсан байна. Гэрээний 4.1.4-д “Барьцаалагчийн эрх барьцаалбараар гэрчлэгдсэн бөгөөд Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн бол Барьцаалагч барьцааны зуйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур хангуулах” эрхтэй болохыг заасан байна. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гэрээнд талууд тодорхой тохиролцсон байна.

 9.11. Хавтаст хэргийн 200-р талд авагдсан 2021.03.31-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч 250 сая төгрөгийг 36 сарын хугацаатай буюу 2024.03.31 хүртэл хугацаатай авчээ. Тэгвэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2021.06.15-нд дуусахаар байсан. Иймд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй илт байвал гэрээнээс татгалзахыг Иргэний хуулийн 225 дугаар зүнлийн 225.5-д тодорхой заасан байна.

Иймд дээрх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэрийн зарим хэсгийн буюу шийдвэрийн 1дүгээр заалтын 2 дахь хэсэг,  2, 3 дугаар заалтыг хүчингүй болгуулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахыг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

 10. Нэхэмжлэгч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Сарнай рестораныг худалдах, худалдан авах гэрээ хийхдээ Голомт банкны барьцаанд байсан эсэхийг мэдээгүй. Сүүлд Голомт банкны лавлагаагаар 3 удаа барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Би ажиллаж байсан хугацаандаа төлбөрөө төлж байсан. Ковидын үед бүх байгууллагын үйл ажиллагааг хаачихсан, Сарнай ресторан, буудал хоёр үйлчилгээ адилхан байсан. Ямар үндэслэлээр 300 гаруй сая төгрөгийн өрөнд орсноо ойлгохгүй байна. Тухайн үед буудал, ресторан хоёрыг яг адилхан хааж, нээж байсан. Энэ хүмүүсээс нууж хаагаад орлого олсон зүйл байхгүй. Бид нар Улаанбаатар хотод амьдарч байхад “та 2 энэ рестораныг авчих, та нар чадна” гээд өөрсдөө өгсөн. Миний энэ хий хоосон алдсан цаг хугацааг Н.Э, М.Т нар юугаар ч нөхөхгүй. Харин хариуцагч нар нь өвчтэй зовлонтой гэдгээрээ шалтагласан. Сарнай рестораныг ажиллуулж байсан хүний хувьд илүү орлого олж, түүнийгээ нууж хаасан зүйл байхгүй.

Н.Э, М.Т нар нь Сарнай ресторанаа бүрэн буцаагаад авсан, надад нэг ч ширхэг тоосго авсан зүйл байхгүй. Харин би өнгө зүсийг нэмж, нэгэн зэрэг 100 хүн хүлээж авах чадалтай болгож, аяга тавгаар хангасан. Тухайн объектыг хүлээлгэж өгөхөд эдгээр авсан зүйлээ үлдээсэн. Тийм учраас үнэн зөвийг нь тунгаан шүүж өгнө үү “ гэв.

11. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Давж заалдах гомдлыг илтгэгч шүүгч дэлгэрэнгүй танилцуулсан учраас товчхон саналаа хэлнэ. Нэхэмжлэгч талтай зээлээр худалдах худалдан авах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр  байгуулахаас өмнө тухайн объектоо банкны барьцаанд тавьчихсан байсан нь лавлагаагаар нотлогдож байгаа. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1-т зааснаар хууль зөрчсөн, хуулийн хэм хэмжээг хангаагүй хэлцэл гэж үзэж байна.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан үнийн дүн үндэслэлгүй байна. Мөн зочид буудлын төлбөр тооцоог давхардуулж худлаа мэдээлэл гаргасан байсан. Уг тооцоог шинжээч томилж шийдэх учраас давж заалдах шатны шүүхээс хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцаах хууль зүйн үндэслэл байгааг анхаарч үзнэ үү. Гэрээгээр эрхийн доголдолтой эд хөрөнгө өгч хуурснаас гадна, банкинд 2020 оны 5 дугаар сарын 22, 2021 оны 3 дугаар сард дахин барьцаанд тавихдаа мөн худлаа мэдээлэл өгснийг нь давж заалдах гомдолдоо бичсэн. Анхан шатны шүүхээс гэм хорын хохирол гэж гаргуулсан нь үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “ Өмгөөлөгч Ц.Монгол болон нэхэмжлэгч Д.Д нар нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Харин 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ц.О давж заалдах гомдол гаргахдаа 2 дугаар сарын 27-ны өдрөөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Хамтраад нэг гомдол гаргасан бол нэг тэмдэгтийн хураамж төлнө гэж ойлгож байна. Оролцогч нар нь тус тусдаа гомдол гаргасан учраас улсын тэмдэгтийн хураамжийг тус тусдаа төлөх ёстой гэж ойлгож байна. Ц.Монгол өмгөөлөгч болон Д.Дгийн хувьд гаргасан гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй учраас энэ хоёрын гомдлыг хүлээж авах эсэх дээр анхаарна уу.

Нэхэмжлэгч  нар болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь гурвуулаа утга агуулгын хувьд адилхан байсан. Нэхэмжлэгч тал нь эрхийн доголдлыг буруу ойлгож, тайлбарлаж хэлээд байна гэж үзэж байна. Яагаад гэвэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх хийхдээ Сарнай рестораныг Н.Э, М.Т нараас өөр хүн эзэмшиж байсан бол тэр хүнээс нь зөвшөөрөл авах буюу өмчлөх эрхийг хангах байсан. Тухайн үед Н.Э, М.Т нарын өмчлөлд бүрэн байсан учраас өөрийн өмч хөрөнгийг Д.Д, Ц.О нарт зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Банкинд зээлийн барьцаанд тавьж байгаа нь эрхийн доголдол биш. Энэ гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулагдсан. 2019 оны 6 дугаар сарын 14-нд худалдан авагч талд шилжүүлсэн. Гэрээний дагуу сарын 10 сая төгрөг буюу нийт 240 сая төгрөгийг төлөөд үлдсэн 118.800.000 төгрөгийг 24 сарын хугацаа дууссаны дараа бөөнөөр төлөөд худалдаж авч байгаа гэрээний зүйл болох Сарнай рестораны 270 мкв талбайг Ц.О, Д.Д нарт шилжүүлж өгөх байсан. Тухайн объектыг шилжүүлэхэд ямар нэгэн саад учруулахуйц өмчлөх эрхийн доголдолтой байгаад шилжүүлж болохгүй байгаа бол эрхийн доголдлын асуудал гарна. Хэрэв тухайн үед эрхийн доголдол үүссэн байсан бол Н.Э, М.Т нар нь барьцаанаас чөлөөлөөд шилжүүлчих ёстой байсан. Тэгэхээр энэ гэрээ нь бүрэн гүйцэд хэрэгжиж дуусаагүй, төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй учраас банкны барьцаанд байгаа, эрхийн доголдолтой байна гэж үзэх боломжгүй. Голомт банкинд барьцаанд тавихад өөр этгээдийн барьцаанд байсан гэдэг нь худлаа. Яагаад гэвэл хоёрдогч, гуравдагч этгээдийн барьцаанд байгаагүй.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор ипотекийн барьцааны зүйлийн асуудлыг шийдэхдээ хүн өмч хөрөнгөө хэдэн ч удаа барьцаалж болно гэдгийг зохицуулсан. Мөн энэ тогтоолоор дараагийн хүнд барьцаалахдаа яах вэ гэдэг асуудлыг шийдсэн учраас маргах зүйл байхгүй гэж бодож байна.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг хэт өндөр, үнийн дүнг хэт хөөргөсөн, мөн Сарнай ресторан, зочид буудал хоёрын орлогыг нь ялгаж салгахгүйгээр, хооронд нь нэмж өндөр үнийн дүн нэхэмжилж байна гэж хэлсэн. Хэрэв хэт өндөр байна гэж үзэж байгаа бол нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж, манай талаас гаргасан нотлох баримтыг хуурамч гэж үзвэл нотлох баримтаас хасуулах хүсэлтээ гаргах бүрэн эрхтэй. Гэрээний улмаас яагаад ийм их хэмжээний мөнгөөр хохирсон гэж үзэж байгаа юм бэ гэж асууж байна. Хэрвээ зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй бол хариуцагч нар нь Сарнай ресторанаа өөр хүнд барьцаалах, түрээслэх гэх мэт өөрийн хөрөнгөө ашиглаад ашиг орлого олох боломжтой байсан. Гэтэл зээлээр худалдах худалдан авах гэрээний 24 сарын хугацаа, гэрээний хугацаа хэтрүүлсэн 9 сар, нийт 33 сарын хугацаанд энэ хүмүүс өөрийн өмч хөрөнгөө үр ашигтай ашиглаж, зарцуулах эрх нь хаагдсан. Тийм учраас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Манай талаас тухайн рестораныг 33 сар ашигласан  хугацааны элэгдэл хорогдлыг засаж сайжруулах төлбөрийг нэхэмжлээгүй. 2022 оны 3 дугаар сарын 25-аас хойш өнөөдөр хүртэл ашиглагдахгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О, Д.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Монгол нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.О, Д.Д нар хариуцагч Н.Э, М.Т нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн төлбөрт төлсөн 117.600.000 төгрөг, хохирол 26.044.000 төгрөг, нийт 143.644.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “ рестораны зориулалттай объектыг зээлээр худалдан авахаар тохиролцож, үүргээ гүйцэтгэж байх үед  худалдагч тал гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлах нөхцөл үүссэн. 2 тал гэрээнээс татгалзан цуцалж, манайх обьекыг буцаан хүлээлгэж өгсөн боловч хариуцагч нар биднээс гэрээний дагуу авсан мөнгөө буцаан төлөхгүй байна. Мөн гэрээ биелээгүйгээс бидэнд 26,044,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан бол хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ “ нэхэмжлэгч нар гэрээнд заасны дагуу 24 сарын хугацаанд төлөх ёстой төлбөрөө төлөөгүй. Гэрээнд заасан хугацааны дотор 240.000.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг бөөнөөр нь төлөөд уг объектыг өөртөө шилжүүлж авах байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. 117.600.000 төгрөг төлөөд үүнээс хойш төлөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 15-нд гэрээний хугацаа дууссанаас  хойш нэхэмжлэгч нар гэрээг сунгах санал гаргаагүй. Хариуцагч талаас нэхэмжлэгч нартай уулзаж, төлбөрөө төлөх талаар хэлж ярилцсан боловч үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ” гэж маргажээ.  

3. Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.О, Д.Д нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцалсан тул рестораны үйл ажиллагаанаас олох байсан орлогоо тооцож, цар тахлын үеийн эдийн засгийн байдлыг харгалзан үзээд олох ёстой байсан орлогыг 50 хувь бууруулж,  283,054,297 төгрөг, мөн нэхэмжлэгч тал Сарнай рестораныг ажиллуулж байх үедээ үүсгэсэн НӨАТ-ийн өр 9,379,388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5,203,566 төгрөг, нийт 297,637,251 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч тал сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.  

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “ ..аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үнийн төлбөрт шилжүүлсэн 117.600.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол гэх 26.044.000 төгрөгийн шаардлагыг  нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлээс олох байсан орлого гэх 283,054,297 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 14,582,954 төгрөгийн шаардлагыг НӨАТ-ын өр,  халаалтын төлбөр нь олох байсан орлогод хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

 5. Нэхэмжлэгч  Ц.О, Д.Д нар хариуцагч М.Т, Н.Э нарын өмчлөлийн Сарнай рестораны барилгын 2 давхарт байрлалтай, 12x22 метр буюу 264 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байр, мөн барилгын 1 дүгээр давхарт байрлах 6х10 метр буюу 60м.кв хэмжээтэй  гал тогооны хэсэг бүхий талбайг худалдан авахаар харилцан тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлохдоо, 2 давхарт байрлалтай 12x22 метр буюу 264 м.кв талбайтай объектын 1 мкв талбайг 1.200.000 төгрөгөөр үнэлж, нийт 316,800,000 төгрөг,  гал тогооны хэсэг болох 60мкв талбайн 1 м.кв талбайг 700.000 төгрөгөөр үнэлж, нийт  42.000.000 төгрөгөөр, гэрээний хугацаа 24 сар бөгөөд гэрээний хугацаанд худалдан авагч тал сар бүр 10.000.000 төгрөг төлж, гэрээний хугацаа дуусах үед үлдэгдэл төлбөрийг бөөнд нь төлөхөөр тус тус тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ ” нэртэй гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, мөн өдрөө ноториатчаар гэрчлүүлжээ/ 1-р хх-ийн 8-9 дэх тал/. 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүй буюу Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

6.1. Иргэний хуулийн хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд уг гэрээгээр худалдан авагч тал үнийг төлөхөөс өмнө худалдагч тал эд хөрөнгийг шилжүүлэхээр,

худалдан авагч нь авч буй эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн төлөхөөр, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцож хийгддэг, ингэхдээ үнийг нэг дор биш тодорхой хугацааны дотор төлөх тул нэмж хүү төлөхөөр талууд тохирох, ингэж тохиролцсоноор   гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх /анх авах/ үеийн үнээс нэмэгдсэн байдгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай.

Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа бүрэн төлөхөөр, эсхүл тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцож болох бөгөөд ийнхүү үнийг дараа, эсхүл хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн анхны үнэ нэмэгддэггүйгээрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан гэрээнээс ялгагдана.

6.2. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах нөхцлийн нэг нь  төлбөл зохих хүүгийн хэмжээ байхаар Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 263.2.3-т заасан бөгөөд зохигчид  2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн, мөн эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны турш хэсэгчлэн төлөхөөр гэрээнд заасан  байх боловч ийнхүү хэсэгчлэн төлснөөр үнэ нэмэгдэх / хүү тооцох/ нөхцлийг тусгаагүй байх тул зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулаагүй гэж үзнэ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

7. Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл болох худалдах эд хөрөнгийн байрлал, талбай, хэмжээг тодорхой зааж, гэрээний үнийг тохиролцсон байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, гэрээний гол нөхцлийг тохиролцсоноор гэрээ хүчин төгөлдөр болох мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

8. Энэхүү гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэлд тавигдах хуулийн шаардлагад нийцсэн байхыг шаардана.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, ноториатчаар гэрчлүүлсэн байхыг шаардах бөгөөд талууд худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зурж, мөн өдрөө ноториатчаар гэрчлүүлсэн байх тул хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчинтөгөлдөр гэрээ  байна.  

9. Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн үнийн төлбөрт тодорхой хугацааны туршид нийт 117.600.000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч тал “гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар  гэрээндээ тусгасан ба уг хугацаанд худалдан авагч тал гэрээгээр тохирсон үнийг төлөөгүй тул гэрээнээс татгалзсан гэж,  

харин нэхэмжлэгч тал “ Н.Э нь  2021 оны 12 дугаар сараас эхлэн манайх ресторанаа та нарт зарахаа больсон, өөр хүн өндөр үнээр авахаар болсон гэж хэлж, гэрээгээ цуцалж, объектоо буцааж авахыг шаардсан, мөн худалдагч нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч талд мэдэгдэхгүйгээр банкны зээлийн барьцаанд тавьж, гэрээг ноцтой зөрчсөн гэж тус тус тайлбарласан байх ба эдгээр шалтгаанаар гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл үүсч, гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч талд хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт  тогтоогдсон байна.

Талууд үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар  шилжүүлсэн зүйлсээ харилцан буцаах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсанаар гэрээний харилцаа анх байгуулсан үеэс дуусгавар болж, талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах буюу анхны байдалд нь оруулах үр дагавар үүсэх тул хариуцагч М.Т, Н.Э нараас гэрээний үнийн төлбөрт шилжүүлэн авсан 117.600.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй. 

10. Нэхэмжлэгч Ц.О, Д.Д нарын хохиролд 26.044.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол гэх боловч юунд зарцуулсан зардал болох, эсхүл гэрээ биелснээс зайлшгүй орох байсан орлогын аль нь болохыг тодорхойлж, холбогдох нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

11. Анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого гэх үндэслэлээр 283.054.297 төгрөгийг нэхэмжлэгч Ц.О, Д.Д нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцээгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт  хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэв.

Худалдах, худалдан авах гэрээний талууд үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг арилгахдаа гэм хорыг арилгах нийтлэг журмыг баримтлах талаар Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан тул  Иргэний хуулийн 227-230 дугаар зүйлд заасан үүргийн нийтлэг журмыг баримтлана.  

Хоёр талын гэрээнд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зохицуулсан ба мөн зүйлийн 227.1-т “ гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн зүйлийн 227.3-т : үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор, бодитой гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийн олох ёстой байсан ашиг орлогыг зайлшгүй орох байсан орлого гэж үзэх  нь дээрхи хуулийн агуулгад нийцэх бөгөөд энэхүү орлого нь гэрээний үүрэг зөрчигдөхөөс өмнө үүрэг гүйцэтгүүлэгчийн эд хөрөнгөд байгаагүй, зөвхөн гэрээний үүрэг  биелснээр орж ирэх байсан  орлого / эд хөрөнгө...гэх мэт/ байхыг ойлгоно.

Хариуцагч тал гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөө рестораны зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан бол 283.054.297 төгрөгийн орлого олох байсан гэж нэхэмжилснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан гэрээ биелснээс зайлшгүй орох байсан орлого буюу гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нар эд хөрөнгийн үнэ төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн бол уг үүргийн гүйцэтгэл орж ирсэнтэй  уялдаатайгаар хариуцагч нар /шинээр/ ашиг орлого олох байсан, гэтэл гэрээний үүрэг биелүүлээгүйгээс уг ашиг орлогоо алдсан, хохирсон гэж үзвэл хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэх эрхийг дээрх хуулиар олгосон байна. Энэ тохиолдолд гэрээ биелснээс орлого олох байсан бодит боломж, олох байсан орлогын хэмжээг нотолсны үндсэн дээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар  хохиролд тооцон гаргуулах боломжтой байна.   

Гэтэл хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу олох байсан гэж тодорхойлсон орлого нь гэрээ биелснээс зайлшгүй орох байсан орлого буюу хохиролд хамаарахгүй тул 283.054.297/хоёр зуун наян гурван сая тавин дөрвөн мянга хоёр зуун ерөн долоо/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

12. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу нэхэмжлэгч нарын  Сарнай рестораныг ажиллуулж байх үедээ үүсгэсэн НӨАТ-ийн өр 9.379.388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5.203.566 төгрөг, нийт 14.582.954 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч ийнхүү хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлах нь зүйтэй байна.

12.1. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас нийт 297.637.251/ хоёр зуун ерөн долоон сая зургаан зуун гучин долоо мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг нэхэмжлэхдээ рестораны үйл ажиллагаанаас олох байсан орлого 283.054.297 төгрөг, мөн НӨАТ-ийн өр 9.379.388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5.203.566 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тус тус тодорхойлсон байна.

1-р хавтаст хэргийн 118, 133 дугаар талд татварын албанаас ирүүлсэн, “Улаансарнай” ХХК /татвар төлөгчийн регистрийн дугаар 4000978/-ийн 2020 онд 8.688.602 төгрөг, 2022 онд 9.379.388 төгрөгийн татварын өр үүссэн тухай тодорхойлолтууд авагдсан байх ба хариуцагч тал  “Улаансарнай” ХХК-ийн 2022 оны татварын өр төлбөр гэх 9.379,388 төгрөгийг нэхэмжлэгч талаас бүхэлд нь гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.  

“Улаансарнай” ХХК-ийн татварын өр гэх 9.379,388 төгрөгнөөс Сарнай ресторан буюу зоогийн газрын үйл ажиллагааны борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөр хичнээн төгрөг болох, түүнчлэн Сарнай ресторан нэхэмжлэгч нарын эзэмшилд байх хугацаанд үүссэн татварын өр хичнээн төгрөг болох, уг татварын өр төлбөрийг Улаансарнай ХХК татварын албанд төлсөн эсэхийг тус тус нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй.

Хариуцагч тал нэмэгдсэн өртгийн албан татварын өр гаргуулах шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нотолж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

12.2. Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг  эзэмшилдээ байлгах хугацааны халаалт, цахилгаан, усан хангамж зэрэг ашиглалтын зардлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлтэй боловч хариуцагч тал халаалтын зардалд 5.203.566 төгрөг гаргуулах шаардлагаа нотолж чадаагүй байна.

1-р хх-ийн 114 дүгээр талд Увс Дулааны Станц ХХК-аас гаргасан, Сарнай рестораны халаалтын тооцоо 2019 онд 1,982,600 төгрөг,  2020 онд 5,203,566 төгрөг, 2022 онд 7,891,966 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баримт / он, сар, өдөр тодорхойгүй/-ууд авагдсан байх ба эдгээр баримтууд нь  он, сар, өдөр тодорхойгүй тул нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хичнээн төгрөгийн өр төлбөр байсан эсэх, Дулааны станц ХХК нь Улаансарнай ХХК болон Сарнай ресторанаас дулааны өр нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлээс нэмэгдсэн өртгийн албан татварын өр 9.379.388 төгрөг, халаалтын төлбөрийн үлдэгдэл 5.203.566 төгрөг, нийт 14.582.954 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

14. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох олох байсан орлого  283.054.297 төгрөг гаргуулах шаардлагыг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.573.221/ нэг сая таван зуун далан гурван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагч Н.Э, М.Т нарт олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.703.441 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээ буюу 283.054.297 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.573.221 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхжмжлэгч Ц.Од олгож, үлдэх 130.220 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 152/ШШ2023/00065 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг гэж,

2 дугаар заалтыг: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Э, М.Т нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 297.637.251/ хоёр зуун ерөн долоон сая зургаан зуун гучин долоо мянга хоёр зуун тавин нэг / төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж,

3 дугаар заалтын: ...нэхэмжлэгч Д.Д, Ц.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.573.221 / нэг сая таван зуун далан гурван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөг гаргуулж, хариуцагч Н.Э, М.Т нарт олгосугай гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.703.441/ нэг сая долоон зуун гурван мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөгөөс 1.573.221 / нэг сая таван зуун далан гурван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгож, үлдэх 130.220 / нэг зуун гучин мянга хоёр зуун хорь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН  

                         ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН