Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00819

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00819

 

 

“А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00460 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ТББ-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж 2,302,827,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Пэрэнлэйжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жавхлан, Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, Б.Бэлгүтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь “Б”ТББ-тай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Б” ТББ-ын эзэмшлийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 600 м.кв газар дээр Монголын Залуучууд Тауэр конторын барилга барих төсөл хэрэгжүүлж, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр барилгаа өмчлөн авахаар хамтран ажиллах тухай 01 дугаар гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу барилга барих нийт төсвийг 24,200,000,000 төгрөг байхаар тооцон тохиролцож, барилга барихад зарцуулагдах бүх зардлын 70 хувийг “А” ХХК, үлдсэн 30 хувийг “Б” ТББ санхүүжүүлэхээр тохиролцсон.

Үүний дагуу “А” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой компаниудтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 1,092,827,132 төгрөгийн зардлуудыг гаргасан.

Гэтэл “Б” ТББ-аас манай компанитай байгуулсан гэрээгээ ямар ч үндэслэлгүйгээр, гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 01/189 тоот албан бичгээр хамтран ажиллах гэрээг цуцалж байгаа тухай манай компанид мэдэгдсэн.

Иймд хамтран ажиллах гэрээний 3.12-т зааснаар “Б” ТББ-аас шалтгаалан төсөл зогсох саатах цуцлах бол үүнээс үүдэн гарсан зардал, /хөрөнгө оруулалт, төсөвт өртөг, зураг төсөл, лиценз эрх, зээлийн хүү, алданги/ ирээдүйд олох ёстой байсан орлого зэргийг буруутай талаас нэхэмжилнэ, 11.1-т хамтын ажиллагааны үр дүн, алдагдал, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг буруутай тал хариуцна гэж тус тус заасны дагуу манай компанийн хувьд бодит гарсан зардал болох 1,092,827,132 төгрөгийг, гэрээний 11.2-т гэрээний талууд энэхүү гэрээгээр тогтоосон аливаа үүргийг зөрчвөл энэ гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг буруугүй талдаа төлнө гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн болох 24,200,000,000 төгрөгийн 5 хувьтай тэнцэх торгууль 1,210,000,000 төгрөгийн хамт нийт 2,302,827,132 төгрөгийг “Б” ТББ-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн зүгээс конторын барилгын төсөл хэрэгжүүлэх үүднээс 14 компанитай гэрээ байгуулж, 1,092,827,132 төгрөгийн зардал гаргасан гэж уг төлбөрийг нэхэмжилж байгаа ч энэ зардал нь бодит бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал, “О” ХХК-тай байгуулсан “Барилгын материал ханган нийлүүлэх гэрээ”ний дагуу авсан 129 тн арматурыг “Б” ТББ-ын төв байрны зүүн талд орших 600 м.кв талбай бүхий газар дээр барилга барих төслийг хэрэгжүүлэхдээ бүрэн суулгаагүй.

Түүнчлэн  төсөл  “Б” ТББ-аас шалтгаалан зогсоогүй болно. Тодруулбал,  барилга байгууламж шинээр барихад холбогдох эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг аваагүй байхдаа барилгын ажил эхэлсэн, гэрээнд заасан хугацаанд ажлаа эхлэх бөгөөд мэдэгдэл нь гэрээний 10.3-т заасны дагуу бичгэн хэлбэрээр хүргэгдэх ёстой. Гэтэл Компанийн зүгээс “Б” ТББ-д бичгэн хэлбэрээр гэрээнд заасан ажлаа эхлэх болсон талаар мэдэгдэл хүргүүлэлгүйгээр төслийн ажлаа эхэлсэн байна. Үүний учир “Б” ТББ-ны зүгээс Компанийн хууль болон гэрээнд заасан зөрчилтэй нь холбогдуулан гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд “Б” ТББ-аас шалтгаалсан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу Компанийн хууль болон гэрээг зөрчсөн дээрх үйлдлээс болж “Б” ТББ нь гэрээг цуцалсан тул төслийг хэрэгжүүлэхэд гаргасан зардлыг төлөх үндэслэлгүй байна.

2.2. Хамтран ажиллах гэрээний 11.2-т зааснаар гэрээний талууд энэхүү гэрээгээр тогтоосон аливаа үүргийг зөрчвөл энэ гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг буруугүй талдаа төлнө гэж заасан бөгөөд Б нь  гэрээний 3.6,  5.1.2-т заасан  үүргүүдийг  ямар нэгэн хэлбэрээр зөрчөөгүй.  Гэрээний 11.2-т заасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүсэх торгуулийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

“Б” ТББ-ын өнөөдрийн байгаа барилга нь Монголын залуучуудын эвлэлийн ажилчид өөрсдийнхөө цалин, хүч хөдөлмөрөө зарцуулж барьсан түүхэн барилга байгаа. Тухайн үед улсын төсөв, дэмжлэг огт аваагүй. Мөн дараа нь маш том хэмжээний ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн барьсан. Энэ нь үе үеийн залуучуудын өмч гэж ойлгодог. Гэвч энэхүү өмчид халдаж Монгол залуучуудын холбооны эзэмшлийн газар дээр барьсан ногоон байгууламж болон залуус танхим нэртэй хурлын заал, 2 автомашины гарааш зэргийг Залуучууд тауэр конторын барилгыг барих гэрээний хүрээнд нураасан байдаг. Гэвч 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тухайн ерөнхийлөгч энэхүү гэрээг баталсан. Бидний зүгээс анхнаасаа энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Залуучуудын холбооны өмч хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна. Залуучуудын холбооны ямар нэгэн өмчийг худалдан борлуулахтай холбоотой шийдвэрийг үндэсний залуучуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Гэтэл ерөнхийлөгч нь дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын баримттайг нь хүлээн зөвшөөрөөд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ТББ-аас нийт 562,285,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, үлдсэн 1,740,542,132 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,672,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,969,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13:30 минутад товлосон байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жавхлан нь мөн өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэхээр товлогдсон Э.Хын нэхэмжлэлтэй, “У” ХХК-д холбогдох хэрэгт гуравдагч этгээд “Р” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоор болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хамт шүүхэд хүргүүлж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хуульд заасны дагуу гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмгөөлөгчийг оролцуулж, төлөөлөгчийн эзгүйд хуралдааныг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг ба өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон талаар холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүхийн зүгээс хязгаарлаж, өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, хуралдааныг үргэлжлүүлсэн нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн ноцтой зөрчил болсон.

 Иймд дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх боломж нөхцлийг хангаагүй шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь бүрэн дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд нь хуульд нийцсэн байдлаар шүүхэд гаргаж өгсөн байдаг ч шүүх эдгээр баримтууд гэрээг бүрэн дүгнэж үзээгүй.

Шүүх гэрээг буруу тайлбарласан өөрөөр хэлбэл гэрээний хариуцлага, гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах арга буюу торгуулийг буруу тайлбарлаж, гэрээний стандарт нөхцөл гэж үзсэн нь үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах буюу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж буруу тодорхойлж гомдлоо гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний нэг төрөл учраас 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд барилгын ажлын бодит гүйцэтгэл болон төсөвт шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн бодит гүйцэтгэлийг тооцохдоо санхүүгийн баримтуудыг бодит үнэнд нийцсэн гэх агуулгаар гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт тухайн нотлох баримтад эргэлзээ төрвөл шинжээч томилуулах хүсэлт гаргах нь хэргийн оролцогчийн хүсэл байдгийг хуульчилсан.

5.2. Гэрээний эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийг илт хууль бусаар тайлбарласан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь гэрээнд талуудын хэн аль нь барилгын ажлын даалгавар, зураг төсөлгүй, барилгын ажлыг гүйцэтгэх зөвшөөрөл авсан баримтгүйгээр аль нэг талыг буруутгах боломжгүй юм. Иймд энэ үндэслэлээр шүүх гэрээний хариуцлагыг шийдвэрлэх байсан гэх гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ТББ-д холбогдуулан гэрээнээс татгалзаж 2,302,827,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жавхлан нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд мөн өдөр товлогдсон Э.Хын нэхэмжлэлтэй “У” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэжээ.

 

3.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2023/02533 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь аль шүүх хуралдаанд оролцохоо шийдэх боломжтой тул шүүх хуралдаан давхацсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3.12-т заасан хэргийн оролцогч нь эрх зүйн туслалцаа авах, хэргийн бодит байдлыг тогтоолгоход туслалцаа авах, мөн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхцсан гэх хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй байна. Түүнээс гадна анхан шатны шүүх өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж буй бол хэргийн оролцогчид өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжоор хангах учиртай.  

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болох эрх зүйн туслалцаа авах, хэргийн бодит байдлыг тогтоолгоход өмгөөлөгчөөс туслалцаа авах эрх тус тус  зөрчигдсөн байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул материаллаг эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,867,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА