Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0955/з |
Дугаар | 001/ХТ2021/0087 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2021/0087
Н.Т-ын нэхэмжлэлтэй,
Монгол Улсын дээд шүүхийн
Ерөнхий шүүгчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0599 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 644 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Н.Т-ыг оролцуулж,
Нэхэмжлэгч Н.Т-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0599 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6.-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Т-аас Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 644 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь захиргааны чиглэлээр акт гаргахдаа иргэний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж, өөрт нь хуулиар олгоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулиар олгогдсон бүрэн эрхэд шүүхийн захиргааны байгууллагын бүтэц орон тоог тогтоох бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус актыг зөвхөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ шударгаар биелүүлж байсан Дотоод аудитын албаны дарга Н.Т-ыг ажлаас чөлөөлөх ганцхан зорилгоор маргаан бүхий захиргааны актыг гаргасан.
4. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийн энэхүү заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэр, магадлал гаргасан.
5. Давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгч Н.Т нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Б/29 дүгээр тушаалтай маргаагүй атал тус тушаалын үндэслэл болсон ...Ерөнхий шүүгчийн ... захирамжийг ... илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөөргүй байх тул ...” гэж дүгнэсэн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний хөдөлмөрлөх эрхийг үл хэрэгсэж шийдвэрлэсэн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой ажил, албан тушаалын талаар зохицуулалт агуулсан эрх зүйн шууд үр дагаварыг бий болгосон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн агуулгыг буруу тайлбарлан дүгнэжээ. Учир нь маргаан бүхий Ерөнхий шүүгчийн захирамжаар Улсын дээд шүүхийн Тамгын газрын Дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоог хасаж, “... албан тушаалын орон тоо нь хасагдсан Н.Т-тай холбогдох тооцоог хийж, ажлыг нь зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг...” даалгаж шийдвэрлэсэн байдаг.
6. Мөн энэхүү маргааныг өмнө нь захиргааны хэрэг үүсгэхээс татгалзсан анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3462 дугаар захирамжийг нэхэмжлэгч миний гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож байсан. Энэхүү 513 дугаар тогтоолд “... нэхэмжлэгчид үр дагавар үүсгээгүй, түүнд хамааралгүй шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн байдаг. Түүний дараа анхан шатны шүүхэд хэргийг дахин хянан шийдвэрлэсэн.
7. Давж заалдах шатны шүүхээс “... Н.Т нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын Б/29 дүгээр тушаалтай маргаагүй атал ... Ерөнхий шүүгчийн захирамжийг ... илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан...” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг бүхэлд нь буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болох субьектив эрхийг үгүйсгэсэн буруу дүгнэлт юм. Тамгын газрын даргын тушаалтай маргаагүй байх нь захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүи юм.
8. Учир нь Тамгын газрын даргын тушаал нь Ерөнхий шүүгчийн захирамжийн яг дараагийн өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 27-нд (маргааш нь) гарч агуулга, зорилго цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актын шууд үргэлжлэл болсон хоорондоо салшгүй холбоотой, зөвхөн Дотоод аудитын албаны даргыг ажлаас чөлөөлөх ганцхан зорилготой захиргааны акт байсан.
9. Шүүхийн захиргааны тухай хуулиар Улсын дээд шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоог батлах эрхийг гагцхүү Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэхүү бүрэн эрхийн эсрэг Төсвийн тухай хуулийг сөргүүлэн тавьж “ ...Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалт нь ... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дараа батлагдсан байх тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь эрх зүйн тусгай эрхийн болон хууль хэрэглээний онолтой зөрчилдөхөөс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
10. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын шаардлагад дурдсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс огт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан.
11. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
12. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс Дотоод аудитын албаны даргын орон тоог хасах өөрөөр хэлбэл иргэний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ямар ч нотолгоо баримтыг гаргаж өгөөгүй. Маргаан бүхий захиргааны акт нь ямар нөхцөл байдал, шаардлага, хуульд заасан үндэслэлээр гарсан эсэх талаар нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан үйл баримт, нотолгоог шүүхээр хэлэлцээгүй, дүгнэлт өгөөгүй.
13. Энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд тодорхой гаргаж өгсөн баримт нотолгоо, тайлбар, үйл баримтад шүүх огт дүгнэлт өгөөгүй байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоох талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаагүй байдаг.
14. Иймд, Захиргааны хэргийн шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 644 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
15. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
16. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх заалтаар “Улсын дээд шүүхийн Тамгын газрын зарим хэлтэс, албаны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх, төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх зорилгоор Дотоод аудитын албыг Ерөнхий шүүгчийн ажлын албанд нэгтгэж, чиг үүргийг нь шилжүүлэн гүйцэтгүүлж, Дотоод аудитын албаны даргын орон тоог хасаж”, 2 дахь заалтаар “... өөрчлөлт орсонтой холбогдуулж, ... зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тамгын газрын дарга ... -д даалгаж”, 3 дахь заалтаар “захирамж гарсантай холбогдуулж, Дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоо нь хасагдсан Н.Т-т ай холбогдох тооцоог хийж, ажлыг нь зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг ... даалгаж” тус тус шийдвэрлэсэн, үүний дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар “... Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Т-ыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн, нэхэмжлэгч Н.Т-аас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжийг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан, ... уг захирамжаар нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус, ... өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ... миний субьектив эрх зөрчигдсөн” гэх зэргээр тодорхойлжээ.
17. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Шүүхийн захиргааны тухай хууль (2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсон)-ийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “... /Шүүхийн ерөнхий зөвлөл нь/ шүүхийн захиргааны ажилтны орон тоог тогтоох”-оор, 20 дугаар зүйлийн 20.3-т “шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батлах”-аар тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын 4, 5 дугаар хавсралтаар Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог батахдаа 5 дугаар хавсралтын 49-д “Дотоод аудитын албаны дарга - 1” орон тоог баталсан, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн маргаан бүхий 2018 оны 149 дүгээр захирамж гарах үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх тогтоол хүчин төгөлдөр байсан, талууд энэ үйл баримттай маргаагүй байна.
18. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.10-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн /ерөнхийлөн захирагч байх/’-аар, 14.2.12-т /төсвийн ерөнхийлөн захирагч нь/ эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”-оор тус тус заасан, тухайн тохиолдолд, Улсын дээд шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч буюу Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийн зохион байгуулалтын бүтцийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох эрхтэй гэж үзнэ, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн “... Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь захиргааны чиглэлээр акт гаргахдаа өөрт нь хуулиар олгоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулиар олгогдсон бүтэц орон тоог тогтоох бүрэн эрхэд халдсан”, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
19. Иймд, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д тус тус заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй, энэ үндэслэлээр “149 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
20. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий захиргааны актыг зөвхөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ шударгаар биелүүлж байсан Дотоод аудитын албаны дарга Н.Т-ыг ажлаас чөлөөлөх ганцхан зорилгоор гаргасан, ... шүүх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ... /орон тоо хасах/ бодит шаардлага, ... үндэслэл байгаагүй” гэх боловч маргаан бүхий захирамжаар “Дотоод аудитын албыг Ерөнхий шүүгчийн ажлын албанд нэгтгэж, чиг үүргийг нь шилжүүлэн гүйцэтгүүлж, Дотоод аудитын албаны даргын орон тоог хасаж” шийдвэрлэхдээ Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т заасан “үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх, төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх зорилго”-доо нийцсэн эсэх, бодит нөхцөлд тохирсон эсэх, уг шаардлагыг хангаагүй талаарх дүгнэлт нь маргаан бүхий актыг шүүх “хүчингүй болгох” хууль зүйн үндэслэл болно, харин “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэл болохгүй.
21. Харин, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “/Тамгын газрын дарга нь/ шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх”-өөр заасан байхад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтаар “... Дотоод аудитын албаны даргын албан тушаалын орон тоо нь хасагдсан Н.Т-т ай холбогдох тооцоог хийж, ажлыг нь зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг ... /Тамгын газарт/ даалгаж” шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, шүүхүүд энэ талаар дүгнэлт хийгээгүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжийг бүхэлд нь “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзлээ.
22. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгч Н.Т-ын “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх хяналтын журмаар гаргасан гомдол, хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 599 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 644 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Т-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ