Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 616

 

А.К-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Нарантуяа, хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 949 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1026 дугаар магадлалтай, А.К-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ял шийтгүүлж байгаагүй, У овогт А-н К-.

А.К- нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16,182,484 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж А.К-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн эсэргүүцэлдээ “...Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.К- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь тогтоогдсон боловч шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Өмнө Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжинд нэмэлт шинжилгээ хийлгэх талаар дурдсан бөгөөд нэмэлт шинжилгээ хийлгэх боломжгүй талаар шинжээчийн 234 дугаартай дүгнэлт болон тус байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хэрэгт хавсаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тохиолдлыг хуульчилж өгсөн бөгөөд уг заалтад дээрх нөхцөл байдал тусгагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж заасан тул шүүх хохирлыг тогтоогдсон хэмжээнд өөрчлөн шийдвэрлэх бүрэн эрхтэй буюу А.К-ы дансны хуулгаар нотлогдсон хохирлын хэмжээнд хэргийн хохирлыг өөрчлөн шийдвэрлэх эрхтэй юм.

Мөн шүүхийн цагаатгах тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар мөн яллагдагч А.К-ы мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тусгасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зөвхөн яллагдагч А.К-ы мэдүүлэг бус хохирогч Э.Уламбаяр, хохирлын мөнгө, эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрч Г.Оюунцэцэг, гэрч Ж.Дуламжав, яллагдагч А.К-ы дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.К- нь “**” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. “**” эмийн сангийн санхүүгийн анхан шатны баримтууд дутуу байсан бөгөөд хохирлыг баримтаар тогтоогдсон хэмжээнд тооцож шийдвэрлэх боломжтой талаар бичигдсэн эсэргүүцлийг дэмжиж байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Нарантуяа хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон. А.К- нь 2017 оны 07 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч нутаг буцсан. Тухайн эмийн сангийн агуулах, борлуулалтыг А.К- дангаар хариуцдаггүй байсан болохыг анхаарах нь зүйтэй. Барааны төлбөрийг А.К-д өгч байсан тухай гэрчүүд мэдүүлсэн хэдий ч тухайн төлбөрөө компанид тушаасан эсвэл тушаагаагүй эсэх нь нотлогдоогүй.

А.К-ыг гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг гэмт буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд цагаатгах тогтоол болон магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн хэлсэн саналдаа “** эмийн сан нь А.К-ыг борлуулалтын менежерээр ажиллуулсан тушаал, шийдвэр, хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. 16,182,484 төгрөгийн хохирлыг А.К-ы оролцоотой тооллогын комисс тооцож гаргасан. А.К- нь хохирлын дүнг хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулна гэсэн боловч барагдуулаагүйн улмаас манай байгууллагын зүгээс цагдаагийн байгууллагад хандсан.

Анхан шатны шүүх аудитын дүгнэлтэд тулгуурлан шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн салбар эмийн сангуудад зарсан барааны төлбөрийг шүүгдэгч өөрийн 5114252239 тоот дансаар авч байсан баримт хэрэгт авагдсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.К-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.К-ыг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16,182,484 төгрөгийг хувьдаа завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс А.К-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр үйл баримтыг дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, хэрэгт цуглуулсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн нотолбол зохих байдлыг нотолж ирүүлээгүй болохыг зөв тодорхойлж, А.К-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрүүд нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Тодруулбал, анхан шатны шүүх А.К-д холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд өмнө нь шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан ажиллагааг хийлгүй, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, шүүхээс шилжүүлсэн хэргийг задалж өөр хооронд нь дугаарлалт, байрыг нь сольсон, түүнчлэн, нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдолтой эсэх нь тодорхой бус баримтуудыг давхардуулан хэрэгт хийсэн, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.1, 16.2, 16.6, 16.15 дугаар зүйлүүдийг тус тус санаатайгаар зөрчсөн, шүүхийн шийдвэрийг хувь хүн, байгууллага заавал биелүүлэх шаардлагыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй зэрэг нөхцөл байдлыг цогц байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүрэлдүүлэгч үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

А.К-ыг бусдын эд хөрөнгө завшсан үйлдэлд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргасан аудитын дүгнэлтийн эх сурвалж болсон холбогдох бичмэл баримтууд нь нягтлан бодох анхан шатны бүртгэлийн шаардлагыг хангаагүй, бүрэн бус байгаа тул уг хэргийн хувьд эдийн засгийн шинжилгээ хийх боломжгүйг дурдсан шинжээчийн дүгнэлт хэргийн материалд авагдсан, нотлох баримтын шаардлагад нийцээгүй бичиг баримт хавсаргасан, үүнээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байдал болон хэргийн хохирол нотлогдоогүй байгаа зэргийг дурдан нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах  шийдвэрийг шүүгч гаргаж байжээ.

Гэтэл эх сурвалж нь тодорхойгүй, хэн ямар зорилгоор үйлдсэн болох нь ойлгомжгүй тооцооллын хүснэгтүүд, эх хувь бус хувилагч төхөөрөмж ашиглаж хуулбарласан, балархай, тайлж унших боломжгүй, үнэн зөв эсэхийг зохих ёсоор баталгаажуулаагүй, эдгээр шинжээрээ нотлох баримтын шаардлагыг хангахгүй 80 гаруй хуудас бичмэл баримтанд ямар нэгэн үнэлэлт өгөлгүй, дахин хуулбарлаж хэргийн материалд давхардуулан хавсаргаж, шүүгчийн захирамжийн заалтыг огт биелүүлэлгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж буй баримтат мэдээлэл нь нэг талаас тухайн хэрэг маргааны хувьд нотолбол зохих зүйлд хамааралтай, ач холбогдол бүхий байх, нөгөөтэйгүүр хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан буюу хүлээн зөвшөөрөгдөхүйц байх, түүнчлэн үнэн бодит байдлыг илэрхийлсэн байх шинж чанаруудын аль алиныг нь хангасан тохиолдолд нотлох баримтаар тооцогдох бөгөөд мөрдөгч, прокурор гагцхүү уг шаардлагад нийцсэн эсэхийг өөрөө хянаж үнэлсний үндсэн дээр аль нэгэн баримтат мэдээллийг эрүүгийн хэргийн материалд хавсаргах эсэхийг шийдвэрлэх ёстой.

Тодруулбал, дараах нийлмэл шинж чанарыг агуулсан бичмэл баримт нотолгооны ач холбогдолтойд тооцогддог. Үүнд: Нэгдүгээрт, хэдийгээр ач холбогдол бүхий мэдээлэл агуулж байж болох ч нэрээ нууцалсан, эсхүл ямар нэг гарын үсэггүй бичмэл баримт нотолгооны эх сурвалж болдоггүй учир агуулагдаж байгаа мэдээллийн эх сурвалж нь тодорхой бөгөөд шалгаж болохуйц бичмэл баримт байх. Хоёрдугаарт, албан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан болон хувь хүний зүгээс гаргаж байгаа бол тухайн мэдээллийг эрх бүхий хүн баталгаажуулсан, эсхүл хувь хүний мэдэж байгаа асуудлын хүрээнд үйлдэгдсэн бичмэл баримт байх, Гуравдугаарт, тухайн бичмэл баримтанд илэрхийлэгдсэн нөхцөл байдал, үйл баримтын тухай мэдээлэл нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байх шинжүүд хамаардаг.

Түүнчлэн энэхүү шаардлага нь хэргийн бусад оролцогчийн зүгээс гаргаж өгч буй эд зүйл, бичмэл баримтыг хэрэгт хавсаргах эсэхийг шийдвэрлэхэд нэгэн адил тавигдах бөгөөд нотлох баримтаар тооцогдохгүй баримтат мэдээллийг хэрэгт хавсаргахгүй байх шийдвэрийг гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай.

Үүний зэрэгцээ, тодорхой үйлдэл, үйл ажиллагаа дахь гэмт хэргийн ул мөр, шинжийг агуулсан, хэрэгт нотолгооны ач холбогдол бүхий хэсгийг хуульд заасан журмын дагуу мөрдөгчийн тэмдэглэл, магадлагаа үйлдэн хэсэгчлэн бэхжүүлж ажиллах, эсхүл тусгай мэдлэгийн хүрээнд хийгдэх шинжээчийн тусламжтайгаар тодруулах замаар мөрдөн шалгах ажиллагааны оновчтой, үр дүнтэй, шуурхай байдлийг хангаж болдог. Харин гэмт хэрэгт буруутгагдсан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын санхүү, бизнесийн бүхий л үйл ажиллагааны мэдээ тайлан, баримт, банкны гүйлгээ, утсан ярианы жагсаалтын хуулбар зэрэг олон зуун хуудас тухайн хэрэг маргааны хувьд нотолгооны ач холбогдолгүй зүйлсийг хэрэгт тусгадаг, хэргийн материалын хуудас, хэмжээг нэмэгдүүлэхийг чухалчилдаг түгээмэл алдаа, эдгээрийг цуглуулахын тул цаг хугацаа алдсан, үргүй зардал үүсгэсэн ажиллагаа явуулах нь эцэстээ мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр нөлөөнд сөргөөр нөлөөлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, хууль ёсны байх шинжид харшилдаг.

А.К-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримтын цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны хууль ёсны байдлыг хангах үүргээ мөрдөгч хэрэгжүүлээгүй, дээр дурдсан зөрчил гаргаж, алдаатай ажиллагаа явуулж, хуулийн шаардлага хангаагүй баримтат мэдээллээр хавтас хэргийг бүрдүүлсэн тул хэдийгээр шүүгдэгч буруутай үйлдэл хийснээ хүлээн мэдүүлсэн байх боловч түүний үйлдлийн улмаас учирсан бодит хохирол хэр хэмжээ, үйлдлийн шинжийг нотолж  чадаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх шаардлагыг зөрчих зэргээр энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдсан байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад мэдээлэлд тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцох, эдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, түүнчлэн А.К-ыг гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байгааг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.        

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн “...гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, шүүх А.К-д холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн тул шийдвэрүүдийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 949 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1026 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР   

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН