Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн,

шүүгдэгч А.К, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Кд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03283 2423  дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн А.К, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороолол 90-78 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар:

Шүүгдэгч А.К нь 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрмэн” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16.182.484 төгрөгөөр хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.К шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2010 оны 10 дугаар сараас эхлээд ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа няравын ажлаар ажиллаж байгаад гадаадаас оруулж ирсэн эмийг хариуцаж менежерийн ажил эрхэлдэг болсон. Тухайн бараагаа салбарууд болон компаниудад борлуулдаг байсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сараас ажлаасаа гарсан. Хохирогчид учирсан нийт хохирлоос 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн нь шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Яллах дүгнэлтийг дэмжиж оролцож байна” гэв.

              Хохирогч Э.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Аллаз овогтой К гэх эмэгтэй 2010 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр манай байгууллагын борлуулалтын менежерээр ажилд байсан юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Манай байгууллагын тухайд албан ёсоор Герман улсаас хүүхдийн бараа оруулж тэр эм бараагаа сүлжээ дэлгүүрүүд болон эмийн сангуудаар байршуулан борлуулаад, борлуулагдсан хэмжээгээр нь мөнгөө авдаг байсан ба энэ ажлыг К хариуцан хийдэг байсан. Тэгээд манай байгууллагад шинээр ажилд орсон хүн нь хариуцагч байгууллагууд дээр очиж тооцоо нийлж, зарагдсан барааны мөнгөө авах гэтэл уг байгууллагууд нь Кд өгсөн гэж хэлсэн байсан. Ингээд Кы асуудлыг мэдэж, бүх харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж үзэхэд К нь харилцагч байгууллага дээр зарагдсан барааны мөнгө тооцоог өөрийн дансаар болон бэлэн мөнгөний орлого үйлдэж авчихаад түүнийгээ байгууллагад тушаахгүйгээр хувьдаа завшсан үйлдэл гаргасан байна. Урьдчилсан байдлаар манай байгууллагад 16.182.484 төгрөгний хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

              “...Анх 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 65 хуудас баримт нь энэ хэрэгтэй хамааралтай буюу манай байгууллага дээр байсан баримт буюу хөндлөнгийн аудит хийгдсэн баримт байгаа юм. Хөндлөнгийн аудит хийгдэж дүгнэлт гаргахдаа зарим баримтыг нэмж бүрдүүлэх шаардлагатай байна гэж  дүгнэлт гарсан байсан юм. Ингээд эдийн засгийн шинжилгээ хийгдэж аудитын дүгнэлтийг үнэн зөв үндэслэлтэй эсэхийг нь шинжилгээнд хүргүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй гэх хариу гаргасан юм. Үүний улмаас манай байгуулага нь хариуцагч байгууллагуудаас тухайн үед тооцоо нийлсэн акт болон Кд мөнгө өгч байсан тухайн баримтуудыг боломжит байдлаар нь цуглуулан шинжилгээнд зориулж 81 хуудас баримтыг дахин гаргаж өгсөн юм. Дээрх 81 хуудас баримт нь бүгд эх хувь биш хуулбар хувь болон эх хувь баримтууд холилдож орсон байгаа юм. Ер нь бол К нь манай байгууллагатай харилцагч байгуулагуудад бараа бүтээгдэхүүн өгч зарагдсан барааны мөнгийг нь хувьдаа авч завшсан үйлдэл нь одоогоос 6-7 жилийн өмнөөс эхэлсэн байсан учир энэ талаар баримтыг эх хувиар гаргах боломжгүй юм. Тэгэхээр Кы манай байгууллагад учруулсан хохирол буюу 16.181.484 төгрөгийг харилцагч байгууллагаас хувьдаа авахдаа зарим нэг байгууллага дээр ямар нэгэн нотолгоо үлдээгээгүй, албан ёсны санхүүгийн баримт үйлдээгүй байсан. Учир нь одоо эх хувь баримт гаргах боломжгүй байна. Кыг хувьдаа мөнгө авч манай байгууллагад хохирол учруулсан гэдгийг сүүлд харилцагч байгууллагуудтай уулзаж тооцоо нийлж акт үйлдэн баталгаажуулсан байгаа юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138/,

              Гэрч Б.Отгонбямба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...К ажлаа хүлээлгэж өгөөд явсан хойно харилцагч байгууллагуудын захиалж авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хийж үзэхэд нэр бүхий 10 гаруй байгууллагаас авах 16.182.480 төгрөгний авлага гарч ирсэн ба тухайн байгуулагаас бараа бүтээгдэхүүний мөнгийг авъя гэхээр танай борлуулалтын менежер Кд өгчихсөн гээд байсан юм. Тэгээд Ктай утсаар ярьж болсон асуудлын талаар хэлэхэд дээрх мөнгийн К өөрөө аваад хувьдаа хэрэглээд дуусгасан гэдгээ хүлээн зөвшөөрч буцааж төлнө гэсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 139/,

              Гэрч Г.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд 2000 онд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байрны үйлчилгээний төвд байрлалтай “Маго” нэртэй хувийн эмийн сан 2015 онд “Хүрмэн” эмийн сантай тохиролцож тэдний эмийн сангийн Герман улсаас оруулж ирдэг хүүхдийн соск, угж зэрэг бараа бүтээгдэхүүнийг авч худалдаж байсан. Тухайн үед “Хүрмэн” эмийн сангийн борлуулалтын ажилтан буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч К гэх эмэгтэй ирж манай эмийн санд бараа бүтээгдэхүүн өгөөд, өгсөн бараа бүтээгдэхүүний мөнгийг бэлнээр аваад явдаг байсан юм. Тухайн үед албан ёсны кассын баримт үйлдэхгүйгээр “Хүрмэн” эмийн сангийн ажилтан өөрийнх нь авч ирсэн баримт дээр тооцоогүй гэх баримт хийж гарын үсэг зурдаг байсан юм. Албан ёсны баримт манай байгууллага дээр үлдээгүй учир яг хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн авч, хэдэн төгрөг өгч байсан талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 140/,

              Гэрч Ж.Дуламжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...К нь манай байгууллагын захиалгын дагуу бараа бүтээгдэхүүн авч ирж өгчихөөд манай байгууллагын мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан юм. Манай байгууллага худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг Кд өгдөг байсан ба энэ тухай тооцоо нийлсэн акт үйлддэг юм. Энэ тооцоо нийлсэн актыг манай байгууллагаас гаргахгүй. К өөрөө “Хүрмэн” эмийн сангийн тооцооны актыг авч ирээд надаар гарын үсэг зуруулдаг байсан. Ихэнхдээ “Хүрмэн” эмийн сангийн 502480807501 тоот данс руу шилжүүлдэг байсан ба зарим тохиолдолд К өөрөө бэлнээр авдаг байсан юм. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 247.800 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 546.450 төгрөгийг тус тус Кд бэлнээр өгч байсан. Түүнээс бусад мөнгийг нь дансаар өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141/,

              Гэрч А.К мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2013 оноос эхлэн 2017 оны хавар 4 сар хүртэл хугацаанд байгууллагын баруу бүтээгдэхүүнийг салбар эмийн сангуудад хүргэж өгчихөөд зарагдсан барааныхаа төлбөр тооцоог авахдаа би өөрийн хувийн 5114252239 тоот данс болон бэлнээр авдаг байсан ба заримдаа бараа бүтээгдэхүүний мөнгийг байгууллагын дансанд тушаахгүйгээр хувьдаа хэрэглэж байсан юм. “Хүрмэн” эмийн сангийн удирдлагууд намайг хувьдаа мөнгө авч хэрэглэж байгааг мэдээд төлбөр тооцооны материал бүрдүүлж үзэхэд 16.182.484 төгрөгний тооцоо дутсан байсан ба дээрх мөнгийг хувьдаа хэрэглэж үрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уг мөнгийг буцаан төлнө гэдгээ хэлсэн юм. Тэгээд уг мөнгийг төлөх гээд сая 2019 оны 7 сард 3.000.000 төгрөгийг буцаан өгсөн байгаа, одоо үлдэгдэл 13.182.484 төгрөгийг нь 2019 оны 11 сарын сүүл гэхэд төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

              Яллагдагч А.К мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2013 оноос эхлэн 2017 оны хавар 4 сар хүртэл хугацаанд байгууллагын бараа бүтээгдэхүүнийг салбар эмийн сангуудад хүргэж өгчихөөд зарагдсан барааныхаа төлбөр тооцоог авахдаа би өөрийн хувийн 5114222239 тоот Хаан банкны дансаар болон бэлнээр авдаг байсан. Ингэж авсан мөнгөө байгууллагын дансанд тушаахгүйгээр хувьдаа хэрэглэж байсан юм. Би хэзээ, аль байгууллагаас хэдэн төгрөг авч хувьдаа хэрэглэж байснаа одоо санахгүй байна. Тэгээд сүүлд “Хүрмэн” эмийн сангийн удирдлагууд намайг хувьдаа мөнгө авч хэрэглэж байгааг мэдээд төлбөр тооцооны материал бүрдүүлж үзэхэд 16.182.484 төгрөгний тооцоо дутсан байсан ба би дээрх мөнгийн хувьдаа хэрэглэж үрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уг мөнгийг буцаан төлнө гэдгээ хэлсэн юм. Тэгээд уг мөнгийг төлөх зорилгоор 2019 оны 7 дугаар сард 3.000.000 төгрөгийг “Хүрмэн” эмийн санд өгсөн байгаа юм. Одоо үлдэгдэл мөнгийг нь энэ 11 сард багтааж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 120/,

              Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 234 дугаартай дүгнэлт:

  1. Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч аудитор Б.Бурмаа гэх хүний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “Аудиторын холбогдох гэрээт ажлын тайлан” гэх 3 хуудас дүгнэлтийн үнэн зөв үндэслэлтэй эсэхийг шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна. Учир нь “Хүрмэн” ХХК нь шинжилгээнд аудитын дүгнэлтэнд тусгагдсан дээрхи 13 нэр бүхий харилцагч эмийн сангуудад олгосон хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг зурж баталгаажсан анхан шатны зарлагын баримтуудыг ирүүлээгүй, мөн дээрх комданиудаас бэлнээр болно бэлэн бусаад төлөгдсөн мөнгийг тулгаж шалгах “Хүрмэн” ХХК-ний бэлэн мөнгөний кассын тайлан болон харилцах дансны хуулгуудыг ирүүлээгүй, аудитын дүгнэлтэнд агуулахын тооллогоор дутагдал 2.805.630.00 төгрөгийн дутагдал баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн боловч нотлох санхүүгийн анхан шатны болон дэмжих баримт болох борлуулалтын менежер Кы агуулахын бүртгэл, эд хариуцагчийн тайлан, мөн 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр агуулах хүлээлцэж тооллого хийсэн тооллогын комиссын болон ажил хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэг зурж, баталгаажуулсан тооллогын бүртгэл, тооцоо бодсон акт, харицагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт зэргийг ирүүлээгүй байгаа болно. Шинжилгээнд ирүүлсэн баримт нь харилцагч байгууллагын авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг программаас хэвлэн нягтлан бодогч нь гарын үсэг зурж санхүүгийн тамга дарж ирүүлсэн, эдгээр гүйлгээг нотлох анхан шатны баримтуудыг ирүүлээгүй мөн нэхэмжлэхийн хуулбар хувийг шинжилгээнд ирүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-т “шинжилгээ хийхэд шардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх”, 10.4.2-т “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул эдийн засгийн шинжилгээгээр аудитор Б.Бурмаагийн гаргасан гэрээт ажлын тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. Энэ нь Монгол Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж адил гүйлгээ гаргасныг нотолж бүрлүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 12 дугаар зүйл хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ, 12.2.1 жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, 12.2.2 эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, 13 дугаар зүйл 13.5-д анхан шатны баримт түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг, дарснаар уг баримт нь хүчин төгөлдөр болно, 13.6-д анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 13.7-д анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус компани нь мөрдөж ажиллаагүй байна.
  2. Асуулт 1-т дэлгэрэнгүй хариулсан болно.
  3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 147-149/,

              аудиторын холбогдох гэрээт ажлын тайлан /хх-ийн 142/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 147/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 145/, дахин шинжээч томилуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 151/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 152/, “Урлан фарм” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 167/, “Хүрмэн” ХХК-ний захирлын тушаал /хх-иийн 17/, хохирлын мөнгө, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 21/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

              Прокуророос шүүгдэгч А.Кыг 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрмэн” эмийн санд борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа байгууллагын орлого 16.182.484 төгрөгөөр хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба дараах нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульд заасан хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

              Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад дараах хууль зөрчсөн ноцтой баримтууд илэрсэн болно.

Тус шүүх хэргийг анх Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019.12.23-ны өдрийн 1/8784 дугаартай албан бичгээр хэрэг 1 хавтас 205 хуудас бүхий 1714 дугаартай яллах дүгнэлттэй яллагдагч А.Кд холбогдох хэргийг 2019.12.25-ны өдөр хүлээн авч 2020.01.14-ний өдөр шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж дараах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байжээ. /Шүүхэд хэрэг 2020.03.26-ны өдөр дахин ирэхэд 1 хавтас 243 хуудас болсон/

Тухайлбал: Хавтаст хэргийн 123 дугаар талд 2019.12.04-ний өдрийн Аудиторын холбогдох гэрээт ажлын тайлан авагдсан байх ба нэр бүхий 14 аж ахуйн нэгжид нийт 16.182.454.02 төгрөгийн зөрчилтэй байна гээд тайлбар хэсэгтээ 3-н аж ахуйн нэгжээс бусдыг нь нотлох баримт нэмж бүрдүүлэх,

Мөн хавтаст хэргийн 128 дугаар талд 2019.12.13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 234 дугаартай дүгнэлтэд: “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.1-т  “шинжилгээ хийхэд шаардагдах тоо хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх”, 10.4.2-т “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул эдийн засгийн шинжилгээгээр аудитор Б.Бурмаагийн гаргасан гэрээт ажлын тайланг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна. Энэ нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.2.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6, 13.7-д заасныг тус компани мөрдөж ажиллаагүй байна” гэжээ.

Дээрх байдлаас үзэхэд Аудиторын холбогдох гэрээт ажлын тайлан нь холбогдох хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5-д заасан нотолбол зохих байдлыг нотолж ирүүлээгүй байна” гэж шүүх дүгнэсэн атал хэргийг дахин шүүхэд шилжүүлэхдээ шүүгчийн захирамжид дурьдсан ажиллагааг огт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийг шүүх 2020.01.14-ний өдрийн 193 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэхэд өмнө гарсан байсан буюу хэргийн 128 дугаар талд байсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 дугаартай гурван хуудас бүхий шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэргийн 147-с 149 дүгээр талд аваачиж үджээ.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/356 тоот Ерөнхий шүүгчийн албан бичгээр прокурорт хэргийг хүргүүлэхдээ “Хэрэг хавтсаар 1, хуудсаар 218” гэж дугаарлаж байсан атал хэрэг дахин шүүхэд ирэхдээ уг албан бичиг нь хэргийн 133 дугаар тал болон өөрчлөгдсөн байна. Энэ нь Баянзүрх дүүргийн Прокурорын газар хэргийг хүлээн авсны дараа хавтаст хэргийн үдээсийг тайлж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн наана, цаана оруулж үдсэн гэж үзэхээр байна.

Мөн хавтаст хэргийн 155-аас 235 дугаар тал хүртэл хэн, хэзээ, хаанаас, юуг нотолж байгаа нь үл мэдэгдэх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хуулбарлаж хийсэн үү, аль эсвэл хэргийн урьд байсан эсэх нь үл мэдэгдэх баримтуудыг хийсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг огт хангаагүйгээр үл барам санаатайгаар зөрчсөн, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хэрэгт цуглуулсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тус тус хангаагүй харин зөрчиж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч А.К нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би арав орчим сая төгрөгийн дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, 8.3-д “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж хуульд заажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Кы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бусад нотлох баримтаар нотлож тогтоож ирүүлээгүй байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 дугаартай гурван хуудас бүхий шинжээчийн дүгнэлтэд “...Монгол Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт” гэж адил гүйлгээ гаргасныг нотолж бүрлүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 12 дугаар зүйл хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ, 12.2.1 жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, 12.2.2 эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед, 13 дугаар зүйл 13.5-д анхан шатны баримт түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг, дарснаар уг баримт нь хүчин төгөлдөр болно, 13.6-д анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 13.7-д анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус компани нь мөрдөж ажиллаагүй байна.” гэжээ. Энэ нь хохирсон гэх “Хүрмэн” эмийн сан нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг биелүүлдэггүй ажилладаг болох нь тогтоогдож байна.

Иймд прокуророос шүүгдэч А.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 444 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлож тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль бус нотлох баримтаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй байх тул түүнийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

Шүүх А.Кы үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж А.Кд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Кыг цагаатгасугай.

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.К нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

3. А.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Кд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР