Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2023/00049

 

 

      

        

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух М.Х-д холбогдох,   

 

“Эзэмшил газар болох Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр, Бураат улаан сай гэх хаваржааны зориулалттай газраас М.Х-ын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Ердос, нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, орчуулагч М.Нурасыл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Монгол Улсын иргэн Б.Н- би Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээртэй захирамжаар Н сумын Цагааннуур тосгоны “Бураат улаан сай” хэмээх газраас 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатай хаваржааны зориулалтаар эзэмшилдээ авч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

1.2. Уг хаваржаанд чулуун хашаа, модон байшин барьж сууж байсан. Уг хаваржааны газарт барьсан модон байшинг 2016 онд Н сумын иргэн А.Ө-д 1,200,000 төгрөгөөр худалдсан.

1.3. Харин эзэмшил газрыг А.Ө-д шилжүүлээгүй. Учир нь би цаашид уг хаваржаанд сууж шинээр байшин барих, мал маллах зорилготой байсан. Гэтэл А.Ө- нь миний эзэмшил газрыг 2020 онд тус тосгоны иргэн М.Х-д худалдсан гэж сонссон. Энэ үед Б.Н- би М.Х-тай уулзаж наадах газар чинь миний эзэмшилд байгаа, би газрыг А.Ө-д албан ёсоор шилжүүлээгүй, та уг хаваржаанд байшин, хашаа барьж болохгүй гэж анхааруулж байсан.

1.4. Гэтэл М.Х- нь миний эзэмшлийн хаваржаанд өвлийн сууцыг 2020 онд барьсан байна. Миний эзэмшлийн газарт хууль бусаар өвлийн сууц барьсан М.Х-д хаваржааг чөлөөлүүлэх тухай удаа дараа шаардлага тавихад тэрээр үл ойшоож, уг газрыг би А.Ө-аас худалдаж авсан гэж тайлбар гаргаж байна. Газар бол төрийн өмч. Тэр тусмаа бусдын эзэмшилдээ байгаа газрыг бусдад худалдах тухай хууль байхгүй. Өнөө хүртэл уг газрыг би хууль ёсоор эзэмшиж байгаа.

1.5 . Иймд Б.Н- миний Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Бураат улаан сай”-д хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газраас иргэн М.Х-ын 25.6 метрийн хувийн байшинг албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1.Хариуцагч М.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Б.Н-ын эзэмшил газраас иргэн М.Х-ын хувийн байшинг албадан нүүлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

2.2. Хариуцагч М.Х- нь хүнд өвчний учир хүний асрамжид байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй учир миний бие энэхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа.

2.3. М.Х- нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө-тай харилцан тохиролцож, түүний “Бураатын улаан сай” гэх газар байршилтай хаваржааг 3,5 сая төгрөгөөр хүү М-д зориулж худалдаж авсан байдаг. А.Ө- тухайн хаваржааг худалдахдаа Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х- нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн хаваржаа байгаа, өмнө нь Б.Н- гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н-ын нэр дээр бичигдсэн, ******* дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х-д өгч гарын үсэгтэй баримт бичиж өгсөн байна. Уг баримтад "Тодорхойлолт. Би А овогтой Ө- Улаан сай дахь хашаа, хороо, пүнзний хамт Х-ын М-д худалдсан нь үнэн. Мөнгийг бэлэн авсан гэж А.Ө-. 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж бичсэн ба тухайн үед бичиж өгсөн уг баримт, хамт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь М.Х-д одоо хүртэл хадгалагдаж байна.

2.4. М.Х- нь тухайн хаваржааг худалдаж авахаас өмнө тэнд байсан өвлийн байшинг А.Ө- буулгаж авч явсны дараа 2017 оны 12 дугаар сард Өлгий сумын иргэн Ө.Азимбайн гэрт сууж байхдаа Б.Н-ын эцэг Б-тай утсаар холбогдож танай Бураатад байгаа хаваржаа гэрчилгээтэй юу, тухайн хаваржааг бид худалдаж авмаар байна гэхэд Б- нь тухайн хаваржааг А.Ө-д худалдсан байгаа, та нар авах гээд байсан бол түрүүн ярихгүй яасан бэ гэж хариулсныг Ө.А сонсож суусан байдаг. М.Х- нь үүний дараа А.Ө-тай холбогдож тухайн хаваржааг худалдаж авахаар тохиролцсон байдаг.

2.5. М.Х- нь тухайн хаваржааг анх худалдаж авах үед тэнд нурсан чулуун хашаа, малын бууц байсан ба худалдаж авсны дараа чулуун хашааг сэргээн барьж, доод талд нь мал төлүүлэх чулуун хашаа нэмж барьж, 25.6 метрийн хэмжээтэй өвлийн байшин барьж 2018 оноос хойш одоо хүртэл хэрэгцээнд ашиглаж байна.

2.6. М.Х- нь Б.Н- шүүхэд хандсаны дараа А.Ө-тай очиж уулзаж ийм маргаан гарч байгаа талаар мэдэгдэхэд А.Ө- нь би Бураат дахь хашаа хороог худалдсан нь үнэн.Туслах хүнгүй өөрөө ганцаараа учир малаас гарч чадахгүй нотариатад очиж чадаагүй. Энэ хүнд янзалж өгөхийг хүсье, хуулийн байгууллага заавал шаардлагатай гэвэл боломжтой үед очно гэсэн утгатай гарын үсэгтэй баримтыг 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн байдаг. Ямар ч хүн эзэмших эрхийн гэрчилгээгүй хаваржааг худалдаж авдаггүй. Б.Н- нь тухайн хаваржааг А.Ө-д худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хамт өгсөн атлаа сүүлд нь нэр дээр шилжүүлэг хийгдээгүй байдлыг далимдуулж шүүхэд хандсан нөхцөл байдал харагдаж байна.

2.7. Б.Н-ын нэр дээр байгаа ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Ө- хаваржааг худалдахдаа М.Х-д өгсөн ба одоо эх хувиараа түүний гар дээр байна. Гэтэл Б.Н- нь тухайн гэрчилгээ өөрийн гар дээр байгаа мэтээр тайлбарлаж гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба эх хувь нь байхгүй байхад ямар аргаар нотариатаар гэрчлүүлсэн нь эргэлзээтэй байна. Иймд Б.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ын Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр Бураат улаан сай-д хаваржааны зориулалтаар эзэмшиж буй 500 м.кв газраас хариуцагч М.Х-ын 25.6 метрийн харьцаатай хувийн байшинг албадан нүүлгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Х-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч М.Х- нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Н сумын 1 дүгээр багийн иргэн А.Ө-тай харилцан тохиролцож, түүнээс “Бураатын улаан сай” гэх газар байршилтай өвөлжөөг 3,5 сая төгрөгөөр хүү М-д зориулж худалдаж авсан байдаг. А.Ө- тухайн өвөлжөөг худалдахдаа Н сумын Бахлаг 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/251 дугаартай албан бичгийг М.Х- нарт үзүүлж, өөрийн эзэмшлийн өвөлжөө байгаа, өмнө нь Б.Н- гэгчээс худалдаж авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа, дараа нь таны нэр дээр шилжүүлж өгөх болно гэж тайлбарлаж, Б.Н-ын нэр дээр бичигдсэн, ***** дугаартай, 2009 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг М.Х-д өгч гарын үсэгтэй баримт бичиж өгсөн байдаг. Уг баримтад “Тодорхойлолт.Би А овогтой Ө- Улаан сай дахь хашаа, хороо, пүнзний хамт Х-ын М-д худалдсан нь үнэн. Мөнгийг бэлэн авсан гэж А.Ө-.2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр” гэж бичсэн ба тухайн үед бичиж өгсөн баримт, хамт өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.2. Мөн нэхэмжлэгч Б.Н- нь тухайн маргаан бүхий хаваржааны газрыг өвлийн байшин, хашаа, хорооны хамт 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Ө-д худалдаж, түүнээс 1,2 сая төгрөг авч гарын үсэгтэй баримт үйлдсэн ба тухайн баримтад “2012-09-06-нд “Бураат дахь хашаа, хороо, байшинг А.Ө-д 1,200,000 төгрөгөөр худалдсан. Нэг сая хоёр зуун мянган төгрөгийг бэлэн авсан, авч өгөх зүйл байхгүй” гэж бичиж гарын үсэг зурсан байдаг. Тухайн гар баримт А.Ө-д хадгалагдаж байсныг мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.3. Нэхэмжлэгч Б.Н- нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд уг өвөлжөөний газарт барьсан модон байшинг 2016 онд Н сумын иргэн 1,200,000 төгрөгөөр худалдсан гэж тодорхой бичсэн ба анхан шатны шүүхийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр мөн 2016 онд зөвхөн байшинг худалдсан гэдэг байдлаар мэдүүлсэн.

Бодит байдал дээр 2016 онд биш 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр худалдсан, зөвхөн байшинг худалдаагүй, эзэмшил газар, хашаа, хорооны хамт худалдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Ө-д өгсөн нөхцөл байдал тогтоогддог. Хөдөө мал маллаж амьдарч байгаа малчин хүмүүс тухайн өвөлжөө, хаваржааны эргэн тойрны газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглахаар худалдаж авдаг болохоос эзэмшил газаргүй хөрөнгө худалдаж авдаггүй, энэ нь олон зуун жилээс уламжлагдаж ирсэн зүйл. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх болсон үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

4.4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Үзлэгээр Б.Н-ын маргаж байгаа хашааны хэмжээ нь 333.7 м.кв болох нь, хариуцагч М.Х-ын барьсан байшин нь түүнээс тодорхой зайтай газарт баригдсан, 25,6 м.кв хэмжээтэй болох нь тогтоогдсон.

4.5. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа газрын кадастрын зургийг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Н сумын газрын даамал нараас газрын кадастрын зургийг нотлох баримтаар гаргуулж авахаар хандахад эдгээр газар, албан тушаалтанд байхгүй болох нь тогтоогдсон.

Дараа нь анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтын дагуу маргаан бүхий газарт дахин үзлэг хийхэд хашаа хороо байгаа газрын хэмжээ 500 м.кв-аас их гарсан ба тухайн газарт М.Х-ын байшин орохгүй байгаа нь тогтоогдсон. Гэтэл Б.Н- нь миний байшин хашаа хорооны доод талд байсан, би тэндээс А.Ө-д худалдсан, миний эзэмшил газар байшин байгаа газар гэж маргаж, гэрч А.Ө-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасны дагуу түүнийг гэрчийн мэдүүлэг авахад Б.Н-ын байшин хашааны доод талд одоогийн М.Х-ын байшин барьсан газарт байсан гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх А.Ө-ы дээрх мэдүүлгийг үндэслэн М.Х-ын 25,6 м.кв талбайтай өвлийн байшин Б.Н-ын эзэмшил газарт баригдсан гэж дүгнэж, түүнийг албадан нүүлгэхээр шийдвэрлэсэн нь бодит байдал нийцэхгүй байна. Б.Н-ын эзэмшил газрын байршлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон кадастрын зургийг үндэслэн тогтоохоос биш нэхэмжлэгчийн аман тайлбараар тогтоох боломжгүй.

4.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Н- нь маргаан бүхий газрыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр А.Ө-д худалдсан нь тогтоогдсон. Анх өвөлжөөг худалдах үед газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Н- өөрийн гараар өгсөн гэдгийг А.Ө- гэрчилдэг ба хэрэгт үүнийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин худалдсан талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байхад зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээнд Б.Н-ын нэр бүртгэлтэй байгаа, худалдаж авсан хүмүүсийн нэр дээр шилжүүлэг хийгдээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.7. Мөн Б.Н- тухайн газар, өвөлжөөг худалдсанаас хойш 10 орчим жил өнгөрч байхад яагаад 2021 оны намраас тухайн эзэмшил газрын талаар маргаан үүсгэх болсон, тэрнээс өмнө яагаад эзэмшил газраа ашиглаагүй явж ирсэн нь тодорхойгүй байгаа.

Үүнээс үндэслэн Б.Н- нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдол гаргасан эсэх нь бас эргэлзээтэй.

4.8. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Тэгээд 2016 онд Н сум руу шилжсэн. Н суманд эхнэр маань ажилд орохоор нь тэнд хэдэн жил байсан. Улмаар 2019 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдахаар болоод нүүгээд ирсэн. 2010 онд Н суманд байдаг маргаан бүхий газарт байгаа хашаа, хороогоо шалгахаар очиход, манай байшингийн дээврийг хулгайлаад аваад явчихсан байдалтай байсан. Энэ талаар аавдаа хэлээд, хэрвээ эзэнгүй байсаар байхын бол миний хашаа, хороо, байшинг тоноод дуусгахаар байна. Тийм учраас зөвхөн байшингаа хүнд худалдах талаар асууж зөвлөсөн. Тэгэхэд аав маань  зөвхөн байшингаа зарчих, харин газраа өөрийн нэр дээр байлгаж байгаарай гэсний дагуу би зөвхөн байшингаа А.Ө- гэх хүн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдсан. Харин А.Ө- нь уг байшингаа тухай үедээ буулгаад аваад явсан.

5.2. Би анх барилгаа нураагаад аваарай гэж зөвхөн түлхүүрээ л өгсөн. Тухайн үед би өөрөө Өлгий сумын 12 дугаар багт байр түрээсэлж амьдардаг байсан. Тэгээд амьдарч байсан байшин маань үерт автагдсан учраас хашаа байшингийн гэрчилгээ маань үерт автагдаад явсан байх гэж бодсон. Гэхдээ миний гэрчилгээ тухайн байшингийн доор үлдсэн юм шиг байсан.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч М.Х-д холбогдуулж Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэрт “Бураат улаан сай” гэх хаваржааны зориулалттай газраас хариуцагчийн 25,6 м.кв талбайтай байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “2012 онд байшинг иргэн А.Ө-д 1.200.000 төгрөгөөр худалдахдаа газрыг худалдаагүй, газар одоог хүртэл миний хууль ёсны эзэмшил мөн” гэж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “газрыг байшин, хашаа хороотой нь хамт А.Ө-аас 2018 онд 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан” гэж тайлбарлажээ.

 

            8. Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

  • Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр захирамж, уг захирамжийг үндэслэж олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээгээр Б.Н-ад тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Бураат улаан сай” гэх газраас 500 м.кв газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлжээ /хэргийн 3-4 дэх тал, нэхэмжлэгч гаргаж өгсөн баримт/
  • Б.Н-ын 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн баримтад “Бураат дахь хашаа хороо, байшинг А.Ө-д 1.200.000 төгрөгөөр худалдлаа. Мөнгийг бэлнээр авлаа. Авлага, өглөг байхгүй” гэжээ /хэргийн 61 дэх тал/,
  • А.Ө-ы 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн баримтад “Миний бие Хызыл сай дахь хашаа хороог пүнзний хамт Х-ын Н-д худалдсан маань үнэн. Мөнгийг нь бэлнээр авсан” гэжээ /хэргийн 38 дахь тал/,
  • А.Ө-ы 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн баримтад “би Х-д Бураат дахь хашаа хороогоо худалдсан маань үнэн. Ганцаараа мал эзгүй учраас нотариат очиж чадахгүй байна” гэжээ /хэргийн 39 дэх тал/,
  • Гэрч А.Ө-ы 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн мэдүүлэгт “Би Н сумын Бураатын Улаан сай гэх газарт байршилтай өвөлшөөг 2012 оны 9 дүгээр сард Н- болон түүний эцэг Б- нараас 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Авлага, өглөг байхгүй гэж баримт хийсэн. Тэр баримт байгаа. Тухайн үед байшинг авбал 600.000 төгрөг, хашаа хороотой нь авбал 1.200.000 төгрөгөөр өгье гэж хэлээд би хамтад нь худалдаж авч байсан. 4-5 жил тэнд байж байгаад хүүхдүүд хичээл сургуульдаа явах болохоор тэнд байгаа байшингаа буулгаж аваад, хашаа хороог нь өөр хүнд зарсан. Би тухайн хашаа хороог авахдаа захад очоод Н-тай уулзсан ба тэрээр хар өнгийн жижиг машинтай байсан. Бид Н-ын гэрт очоод хашаа хорооны мөнгө төгрөгийг нь өгч, Н- эцэг хоёр нь баримтыг нь бичиж өгөөд газрын гэрчилгээг өгсөн. Н- өөрийнхөө гараар газрын гэрчилгээг өгсөн. Тухайн хашаа хороог Х-д зарахдаа /би/ гэрчилгээг нь хамт өгч байсан. Х- ч, би ч тухайн газрыг нэр дээрээ буулгаж аваагүй, гэхдээ бид хоёр мөнгөөрөө худалдаж авсан. ... тухайн хашаа хороог худалдаж авахдаа 6х4 харьцаатай модон байшин байсан, 200-300 толгой мал багтах чулуун хашаа хороо байсан. Би худалдсаны дараа Х- гэдэг хүн 5х5 харьцаатай байшин барьсан. Энэ зургийг харахад маргаад байгаа миний Х-д худалдсан газар, хашаа хороо мөн байна. Харин зураг дээр байгаа байшин Х-ын байшин, хашаа хороог би томсгож өрсөн” гэжээ /хэргийн 51-54 дэх тал/,
  • 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр /схем зургийн хамт/: “чулуугаар өрсөн малын задгай хашаа 333.7 м.кв талбайтай, малын задгай хашааны урд талд байрших хариуцагчийн өвлийн байшин 25.6 м.кв хэмжээтэй” гэх /хэргийн 67-69 дэх тал/,
  • Хэргийн 86 дугаар талд Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээний эх хувь авагдсан бөгөөд үүнийг хариуцагчаас гаргаж өгсөн,
  • Н сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тодорхойлолтод “... уг газрын кадастрын зураг болон хувийн хэрэг, холбогдох бичиг баримт сумын Засаг даргын Тамгын газрын архивд байхгүй...” гэх /хэргийн 145 дахь тал/,
  • 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд:  “...кадастрын зураг байхгүй учраас нэхэмжлэгч та анх олгосон газрыг зааж үзүүлнэ үү гэхэд Н- “М.Х-ын барьсан маргаан бүхий газрын оронд өмнө нь миний байшин байсан. Уг байшингийн хойд талд миний хуучин амбаар байсан. Одоо тухайн амбаар байхгүй. Тухайн үед газрыг амбаарын булангаас эхлэн хэмжээд эзэмшиж байсан” гэжээ. Шүүхийн үзлэгт оролцсон хариуцагч М.Х-ын эхнэр Р.Ө-ээс “... маргаан бүхий хаваржааг хариуцагч М.Х- нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А.Ө-аас 3,5 сая төгрөгөөр худалдаж авсан, тухайн газарт А.Ө-ы барьсан хуучин байшинг буулгаж 2020 онд шинээр байршлыг нь өөрчилж, байшин барьсан” талаар тусгажээ. Тэмдэглэлээр хариуцагчийн байшингийн хэмжээ 25.6 м.кв, чулуугаар өрсөн малын задгай хашааны хэмжээ 333.7 м.кв, А.Ө-ы хуучин байшингийн буурийг хэмжихэд 31.8 м.кв  байв /хэргийн 146-154 дэх тал/.

 

9. Нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэвэл, Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны шийдвэр, 2009 оны газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Б.Н-ад тус сумын нутаг дэвсгэрт “Бураат улаан сай” гэх газраас 500 м.кв талбайтай газрыг хаваржааны зориулалтаар 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд тэрээр уг газарт байгаа малын хашаа хороо, байшинг газар эзэмших эрхийн хамт 2012 оны 9 дүгээр сард иргэн А.Ө-д худалдсан нь Б.Н-ын үйлдсэн баримт, гэрч А.Ө-ы мэдүүлэг, түүний үйлдсэн баримт зэргээр  тогтоогджээ.

 

10. Тухайн үед нэхэмжлэгч Б.Н- нь дээрх газар эзэмших эрхээ хашаа хороо, байшингийн хамт А.Ө-д шилжүүлэхээр хэлцэл хийсэн эсэх талаар зохигч маргасан бөгөөд Б.Н-ын 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үйлдсэн баримт, А.Ө-ы 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн баримт, А.Ө-ы гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэж, Б.Н- болон А.Ө- нарын хооронд байгуулагдсан, мал аж ахуй эрхэлдэг эдгээр малчдын хаваржааны зориулалтаар хашаа хороо, байшин бүхий газрыг эзэмшилдээ шилжүүлэх, шилжүүлэн авах зориулалттай хэлцлийн хэрэгцээ, шаардлагыг  үндэслэж тайлбарлавал, нэхэмжлэгч Б.Н- нь 2012 онд өөрийн газар эзэмших эрхийг хашаа хороо, байшингийн хамт иргэн А.Ө-ы мэдэлд шилжүүлж, түүнд холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч, А.Ө-аас 1.200.000 төгрөг авсан буюу тэдгээрийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх болон хашаа хороо, байшингийн хамт худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

            11. Харин А.Ө- нь Б.Н-ын нэр дээр бүртгэлтэй дээрх газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр хуульд заасан журмаар шилжүүлж аваагүй, тухайн газарт 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл оршин сууж байгаад хариуцагч М.Х-д уг газрыг хашаа хороо, малын пүнзний хамт 3.500.000 төгрөгөөр худалдаж, холбогдох баримт бичгийг хүлээлгэж өгсөн нь түүний 2018 болон 2022 онд үйлдсэн баримтууд, гэрчээр өгсөн мэдүүлэг болон хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад баримтууд, газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн үйлдэл зэргээр тогтоогджээ.

 

            12. Тухайн газарт анх Б.Н-ын барьсан 6х4 харьцаатай байшинг газар эзэмших эрхийг хашаа хорооны хамт М.Х-д шилжүүлэх үед А.Ө- нь буулгаж аваад явсан бөгөөд түүний бууринаас 24.9 метрийн зайтай газарт хариуцагч М.Х- нь 25.6 м.кв талбайтай өвлийн сууц барьсан нь зохигчийн тайлбар, шүүхийн 2 удаагийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээгээр Б.Н-ад тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Бураат улаан сай” гэх газраас 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 500 м.кв газрын кадастрын зургийг талууд гаргаж өгөөгүй, эрх бүхий байгууллагад хадгалагдаагүй буюу байхгүй болох нь тогтоогджээ.

 

            13. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэж зөв сэргээн тогтоосон боловч Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж заасныг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгож “нэхэмжлэгч Б.Н- нь тухайн газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаа нь нотлогдсон бөгөөд түүний эзэмшил газарт М.Х- нь 25.6 м.кв талбайтай байшин барьсан нь тогтоогдсон”, “хариуцагч М.Х- нь Б.Н-ын нэр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Ө-ы үйлдсэн баримтуудын хамт шүүхэд гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн эрхийн гэрчилгээгээр тухайн газрыг эзэмших эрхийг үгүйсгэхгүй, тухайн үед А.Ө- болон хариуцагч М.Х-ын эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшиж байсныг зөвтгөхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Н-ыг “газрыг эзэмших, ашиглах эрхтэй болохоос захиран зарцуулах эрхгүй” гэж үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон “Б.Н- нь өөрийн газар эзэмших эрхийг 2012 онд А.Ө-д, А.Ө- нь 2018 онд М.Х-д шилжүүлсэн” бодит нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

 

            14. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд болох Н сумын Засаг даргын зөвшөөрөлтэйгөөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд тэрээр 2012 онд газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байсан “Бураат улаан сай” гэх газарт байршилтай 500 м.кв газрыг иргэн А.Ө-ы мэдэлд шилжүүлэхдээ тухайн газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр түүнд хууль ёсоор шилжүүлж өгөөгүй байна. Б.Н- нь тухайн газрыг эзэмшигчийн хувьд хуулиар олгогдсон дээрх эрхээ хэрэгжүүлээгүй атлаа А.Ө-аас 1.200.000 төгрөгийн хариу төлбөр авч, тухайн газрыг эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр түүнд газар эзэмших эрхийг шилжүүлэх хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд А.Ө- нь тухайн газрыг өөрийн мэдэлдээ авснаас хойш 6 жил эзэмшиж байгаад хариуцагч М.Х-д 2018 онд шилжүүлсэн, М.Х- нь 2018 оноос хойш тус газрыг хашаа хорооны хамт эзэмшиж, байшин барьсан байх ба энэ хугацаанд буюу 2012 оноос хойш нэхэмжлэгч Б.Н- нь газар эзэмших эрхээ зөрчигдсөн эсэх талаарх шаардлага гаргаж байгаагүй байна.

 

            15. Бодит байдалд нэхэмжлэгч Б.Н- нь эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газраа 2012 онд А.Ө-д хашаа хороо, байшингийн хамт 1.200.000 төгрөгөөр худалдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэж өгсөн, А.Ө- нь тус газрыг хашаа, хорооны хамт эзэмшиж байгаад 2018 онд М.Х-д 3.500.000 төгрөгөөр худалдаж, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгч, Б.Н-ын барьсан байшинг буулган авч явсан ба тус газарт М.Х- 2020 онд 25.6 м.кв байшин барьсныг “Б.Н- нь газар эзэмших эрхээ хуульд заасан журмаар А.Ө- болон М.Х- нарт шилжүүлж өгөөгүй” гэх шалтгаанаар, гагцхүү хэрэгт хариуцагч М.Х-аас гаргаж өгсөн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг үндэслэж албадан нүүлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

 

            16. Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Н-ын эзэмшлийн гэх, Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр захирамж, уг захирамжийг үндэслэж олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээ бүхий тус сумын нутаг дэвсгэрт байрлах “Бураат улаан сай” гэх газраас олгосон 500 м.кв газрын координат, кадастрын зураг бүхий бодит хэмжээ, байршил тогтоогдоогүй, үүний улмаас анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт хоёр удаа үзлэг хийхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газрын кадастрын зураг байхгүй учраас түүний эзэмшил газарт хариуцагч М.Х- 25.6 м.кв байшин барьсан нь бодитой нотлогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, 106.3 дахь хэсэгт “106.3.Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан урьдчилсан нөхцөлүүд нэхэмжлэгч Б.Н-ын хувьд хангагдаагүй гэж үзнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч нэхэмжлэгч Б.Н- нь өөрийн хууль ёсоор эзэмшдэг гэх “Бураат улаан сай” гэх газраас олгосон 500 м.кв газрын бодит байршил, кадастрын зураглал зэргийг нотлоогүйгээс хариуцагчийн өвлийн байшин нь түүний эзэмшил газарт орж баригдсан гэх нөхцөл байдал хэргээс бодитой тогтоогдоогүй болно.

 

            17. Тиймээс Газрын тухай хууль, Иргэний хуулийн дээр дурдсан холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Н-ын хариуцагч М.Х-д холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Бураат улаан сай” гэх хаваржааны зориулалттай газаас М.Х-ын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00092 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Н-ын хариуцагч М.Х-д холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Н сумын нутаг дэвсгэр “Бураат улаан сай” гэх хаваржааны зориулалттай газаас М.Х-ын 25,6 м.кв талбайтай хувийн байшинг албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакены давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт зэргийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакенд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК