Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2023/00055

 

Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Ж овогт Ш-ын М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал /С.А/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай “Ш.М-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон.

1.2. Ш.М- нь сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилогдсон цагаас хойш өдий хүртэл эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

1.3. Гэтэл тус сургуулийн захирал С.А- нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дугаартай тушаалаар тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажлаас ямар ч үндэслэлгүй, ямар ч шалтгаангүй, хууль бусаар чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн 2022 оны Б\19 дугаартай тушаал нь бодит байдалд нийцэхгүй, сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй байна. Ажил олгогчийн уг захирамжид дурдсан үндэслэлүүд нь бодит байдалд нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

1.4. Иймд Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дугаартай Ш.М-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.

2.2. Гэтэл Ш.М- Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгууллагын эд хөрөнгө /компьютерын хард диск г.м/-ийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан, хичээлийн хуваарийг зөв гаргаж чадаагүйн улмаас математикийн үндсэн багш А.Х-т цагийн багшийн цалин олгож зөрчил гаргасан.

2.3. Мөн холбогдох хууль журамд зааснаар бага, дунд боловсролын сургуулийн сургалтын менежер нь хичээлийн жилийн бүтэц, цагийг төлөвлөх ёстой бөгөөд энэ тохиолдолд Ш.М- 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц, цагийг зөв төлөвлөж чадаагүйгээс болж тус сургуулийн бүх багш нар болон суралцагчдын эрх зөрчигдсөн. Тухайлбал, 4 цаг судлах ёстой байсан хичээлийг ийм алдаа гаргаснаас болж 2 цаг судлах болсон байдаг.

2.4. Миний бие багш нарын зөвлөгөөний хуралдаанаар энэхүү зөрчлийг арилгахыг сургалтын менежер Ш.М-эд үүрэг болгосон боловч биелүүлээгүй. Тухайн үед Ш.М-эд эрэгтэй дотуур байрны багшийн ажлыг санал болгосон боловч татгалзсан. Иймд сургалтын менежер Ш.М-ын гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохируулж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахаар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00215 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш-ын М-ыг тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1.Хариуцагч би өмгөөлөгч аваагүй байсан тул хэрэгтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгч чадаагүй байсан. Шүүх хуралдааныг хойшлуулсан боловч уг хугацаандаа өмгөөлөгч сонгон авах боломжгүй байсан. А сумаас ирж байгаад тээврийн хэрэгсэл маань эвдэрч шүүх хуралдаанд 30 минут хожимдож ирэхэд шүүх хуралдааныг миний эзгүйд хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс хариуцагч миний эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ Ш.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн хэлснээр нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Ш.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ бичихдээ гаргасан зөрчлийн талаар өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн байх тул түүний зөрчил нотлогдсон гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал маань хуульд нийцсэн юм.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагч талаас өмгөөлөгч авна, нотлох баримт гаргаж өгнө гэсэн шалтгаануудаар шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй. Мөн тэрээр давж заалдах гомдолдоо “Ш.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ бичихдээ гаргасан зөрчлийн талаар өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн байх тул түүний зөрчил нотлогдсон гэж үзэж байна” гэж бичсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч бичсэн зүйл байхгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж авсны дараа арай гэж тайлбар гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн дотоод журам байхгүй. Иймээс анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.    

 

7. Нэхэмжлэгч Ш.М- нь Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай “Ш.М-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдол гаргасныг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            8. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А- нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.8, 78.1.9, 43.2.10, Хөдөлмөрийн гэрээний 2.3.3, 2.3.4, 2.3.7, 2.3.9, 2.3.13, 2.3.20, 2.3.22, 2.3.25, 3.3, байгууллагын дотоод журмын 6.1, 6.2, 6.5, 6.6, 6.7, 6.8, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн:  

-Ш.М- нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчиж байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан,

-Хичээлийн хуваарийг зөв гаргаж чадаагүйн улмаас математикийн үндсэн багш А.Х-т цагийн багшийн цалин олгогдсон зөрчил гаргасан,

-Бага, дунд боловсролын сургуулийн сургалтын менежер нь хичээлийн жилийн бүтэц, цагийг төлөвлөх ёстой бөгөөд Ш.М- нь 2022-2023 оны хичээлийн жилийн бүтэц, цагийг зөв төлөвлөж чадаагүйгээс болж тус сургуулийн бүх багш нар болон сурагчдын эрх зөрчигдсөн ба энэхүү зөрчлийг арилгахыг үүрэг болгосон боловч биелүүлээгүй гэж үзэж түүнийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн сургуулийн жижүүр О.Ж-ын оронд түр томилжээ. 

 

            9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч ажил олгогчийн дээрх тушаалд заасан үндэслэл бүр хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Ажил олгогчоос ажилтны гаргасан гэх зөрчлийн талаар гаргасан тушаалдаа нэг бүрчлэн дурдсан боловч эдгээрийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч Ш.М-тэй холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон тушаалын үндэслэл тус бүртэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тушаалын үндэслэлд дурдсан зөрчлүүд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

            10. Хариуцагчаас шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “нэхэмжлэгч тухайн үед өөрөө ажлаа өгье гэж хүлээн зөвшөөрөөд, хамт сууж байгаад тохирсон бөгөөд захирлын дэргэдэх зөвлөлийн хурал хийгээд шийдвэр гаргах өдөр нэхэмжлэгч эс зөвшөөрч байна гэхээр нь хурлаа хийж шийдвэрийг танилцуулж, өөр ажилд шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдийн талаарх бичгийн нотлох баримтууд надад байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгч чадаагүй. Тухайн үед өмгөөлөгч нартай ярилцсан боловч тэдний хурал давхардаад байсан тул анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулж чадаагүй, мөн өөрөө хоцроод шүүх хуралдаанд оролцож чадаагүй” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд судлан үзвэл:

 

            10.1. Хэрэгт авагдсан баримтуудаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид гардуулж, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг танилцуулж, хариуцагчаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбарыг ирүүлжээ. Улмаар шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж, тус шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байжээ.

 

            Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх үүрэгтэй биечлэн танилцаж, баримтад гарын үсэг зурсан, анхан шатны шүүхээс түүний хууль зүйн туслалцаа авах, өөрийн татгалзлыг нотлох бичгийн баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаа олгосон, мөн түүнчлэн уг баримтуудаа гаргаж өгч чадаагүйг нотлох хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

 

            10.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан байх тул хариуцагчийн дээрх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            11. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2023/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК