Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0070/З |
Дугаар | 221/МА2019/0241 |
Огноо | 2019-05-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2019/0241
“А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А м” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө давж заалдах гомдолдоо:
“... 1. “А м” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын “А” нэртэй газарт 368.53 гектар талбай бүхий XV-....... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан боловч мөн оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байна.
2. 2018 оны 05 дугаар сарын 22-25-ны хооронд компанийн захирал гадаад улсад байсан, Монгол Улсдаа орж ирсэн даруйдаа эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан баримтыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй гэх дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаас үзэхэд эдгээр хугацааг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд дээрх заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан заалтаас маш тодорхой харагдаж байгаа.
Маргааны үйл баримтын хувьд нэхэмжлэгч хуулиар олгосон алдангийн хамт төлбөрөө төлөх боломжит хугацаанаас 6 хоног хэтрүүлж төлбөрөө “нөхөж” төлсөн бөгөөд уг хэтрүүлсэн 6 хоногтоо нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нотлох баримтыг шүүхээс буруугаар үнэлсэн, мөн хариуцагч “төлбөрөө төлөөгүй” гэдэг үндэслэлээр маргаан бүхий актыг гаргахдаа дээрх зөрчил арилж төлбөр төлөгдсөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш даруй 2 сар 20 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрийг гарган тусгай зөвшөөрлийг цуцалж хуулийг буруугаар хэрэгжүүлснийг зөвтгөх байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тайлбарласан нь үндэслэлгүй болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмуудыг хуульчилсан бөгөөд түүний нэг тусгай зарчим нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг баримтлаагүй маргааны үйл баримттай тохироогүй шийдвэрийнхээ зорилго, бодит нөхцөлд нийцээгүй байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, уг хуулийн заалтыг хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шийдвэрийн зорилго бол “төлбөр, алданги төлөгдөөгүй” тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хугацаа дуусмагц цуцлах үүргээ хэрэгжүүлэх ёстой, гэвч хариуцагч тэгээгүй, нэхэмжлэгч төлбөрөө нөхөн төлж төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдал өөрчлөгдсөн байхад уг үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хуулийг илт буруугаар хэрэгжүүлсэн хариуцагч байгууллагын шийдвэрийг анхан шатны шүүх дээрх байдлаар ойлгож хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянавал анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “А м” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байрлах “А” нэртэй 368.53 гектар талбай бүхий хайгуулын ХV-........ тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх хугацааг хэтрүүлсэн шалтгаанаа тодорхойлж, нотлох баримтуудаа хавсарган ээлжит жилийн төлбөрөө төлсөн байхад түүнийг анхаарч үзэлгүйгээр 2 сар гаруй хугацааны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн /төлбөрийг алдангийн хамт төлсөн/ байхад тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3-д заасантай нийцээгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “захирал Б.Т-ийн “Эмнэлгийн магадлагаа”[1], Гадаад паспортын хуулбар[2] зэрэг баримтуудыг хавсарган “... хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзэж, манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголгүйгээр үйл ажиллагаа хэвийн явуулах боломжоор, хангаж, төлбөр төлсөн бүртгэл хийж өгөхийг хүссэн” №22 дугаартай хүсэлт[3]-ийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3261 дүгээр албан бичиг[4]-ээр “... тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд ... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг ... ” мэдэгдсэн, үүнээс хойш 30 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч “А м” ХХК ХV-........ дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу хуульд заасан боломжит хугацаа дууссаны дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлжээ.
Анхан шатны шүүх “... ээлжит жилийн төлбөрөө 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж хуульд заасан хугацаа хэтэрсэн алданги төлөх 30 хоногийг хэтрүүлсэн ... нэхэмжлэгч дээрх хугацаанаас өмнө төлбөрөө төлөх бүрэн боломжтой байжээ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Тодруулбал, маргаан бүхий акт гарсан цаг хугацаа, түүнд заасан хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд арилсан байгаад дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийг зөвтгөсөн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног буюу “боломжит хугацаа”-г 6 хоногоор хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл буюу зөрчил арилснаас хойш бүтэн 2 сар 10 гаруй хоног өнгөрсний дараа маргаан бүхий акт болох 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны акт хууль бус, хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан өдөр нэхэмжлэгч хуулийн этгээдийн “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн” бодит нөхцөл байдал бий болсон байгааг анхаараагүй, захиргааны шийдвэрийн үндэслэл нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хэргийн нөхцөл өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийгээгүй зөвхөн “хуульд заасан хугацаанаас өмнө төлбөр төлөх байсан”, “алданги төлөх 30 хоногийг хэтрүүлж төлбөр төлсөн” үйл баримтыг дүгнэж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “А м” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан боломжит хугацааг 6 хоног хэтрүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл буюу зөрчил арилсан, нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсний дараа 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 577 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдэж байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А м”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М-Ө-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А м” ХХК-иаас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] ХХ-ийн 43 дугаар хуудас
[2] ХХ-ийн 45-47 дугаар хуудас
[3] ХХ-ийн 42 дугаар хуудас
[4] ХХ-ийн 18 дугаар хуудас