Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2023/00016

 

 

ГАА дахь ЭМДХ-ийг төлөөлөн ГАА-ийн ПГ-ын

гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00161 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ГАА дахь ЭМДХ-ийг төлөөлөн ГАА-ийн ПГ-ын гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА-ийн ............. сумын ...... дугаар багт оршин суух Х овгийн Х.Х-т холбогдох,

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, прокурор Д.П, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь .............. дугаартай дансанд оруулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: Х.Х нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд ГАА-ийн .............. сумын .............. багийн ............... нэртэй газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б маргалдаж улмаар түүнийг гараараа нэг удаа цохиж Х.Б эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Б мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Х.Х дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 2116000000119 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Улмаар тус прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 110 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 106 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Хохирогч Х.Б нь Х.Х гэм буруутай үйлдлийн улмаас 2021 оны 08 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 3, 13, 10 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 336.4, 336.5 оношоор буюу гэмтлийн гаралтай өвчний улмаас өндөр өртөгтэй оношилгоо, эрчимт эмчилгээ, мэс засал, амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байна. Хохирогч Х.Б эрүүл мэндэд учирсан гэмтэлд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөрт Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 6,190,214 төгрөг гаргуулан авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаартай албан бичиг түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна. Тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч Х.Б эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардлыг Х.Хаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Иймд Х.Хаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 6,190,214 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь .............. дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

 

3. Хариуцагчийн тайлбар: ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 6,190,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ГАА дахь ЭМДХ-ийг төлөөлсөн ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Х.Хаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 /зургаан сая нэг зуун ерэн мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь .............. тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3, 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 6,190,214 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 113,993 /нэг зуун арван гурван мянга есөн зуун ерэн гурван/ төгрөгийг хариуцагч Х.Хаас гаргуулж, улсын орлогод оруулж ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00161 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ГАА дахь ЭМДХ-ийг төлөөлсөн ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлтэй эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 /зургаан сая нэг зуун ерэн мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь дансанд оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт нь бодит байдалд нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй баримтад тулгуурлан миний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00161 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. ГАА дахь ЭМДХ-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг ГАА-ийн ПГ-т гаргаж, уг албан хүсэлтийн үндсэн дээр ГАА-ийн ПГ нь Х.Хт холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан үндэслэлээр 6,190,214 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан дахь .............. тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

 

3. Хариуцагч Х.Х нь тухайн үед эмчилгээ сувилгааны зардлыг нөхөн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж,

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр тус тус хуульчилжээ.

 

5. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Х-ыг Ш.Г-ыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчим ГАА-ийн .............. сумын .............. 3-р баг ............... гэх газарт гэртээ хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Х.Б чи муу гөлөг миний эхнэрийг нуусан байна гэж хэллээ хэмээн маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

6. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-д 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэмтлийн яаралтай тусламж /S36/ үзүүлж, эрчимт эмчилгээ /S36.4/ хийлгэсэн, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэс засал /S36.40/ хийлгэсэн, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амбулаторийн үзлэг, оношлогоо шинжилгээний багц /S36.5/ үйлчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 18, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг /S36.4/ үйлчилгээ авсан бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 6,190,214 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нь ГАА дахь ЭМДХ-ийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 16/175 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардлын түүх, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16/205 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Х.Б эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон баримт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Тиймээс Х.Хаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол 6,190,214 (зургаан сая нэг зуун ерэн мянга хоёр зуун арван дөрвөн) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00161 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Х гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.993 төгрөгийг улсын төсвийн орлогод  үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

           ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ