Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2023/00017

 

 

                                                              

А.Д-ийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ........... сумын ........... багийн .......... хороолол ... - ... дүгээр байрны ... давхарын ... тоотод оршин суух, Б овогтой А.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ........... сумын ... дүгээр багт оршин суух, О овогтой Б.Ч-д холбогдох,

Эвдэрсэн тавилганы 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эвдэрсэн тавилганы 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2022 оны 06 дугаар сард цагаан өнгийн 3 салдаг классик загварын 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгний үнэтэй ханын стенкийг ачаа зөөдөг Б.Ч Говь-Алтай Улаанбаатар чиглэлд 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгний өртэй хүндээ /хүү маань хүнд өвчтэй санхүүгийн хямралтай байгаагаа хэлж ойлгуулан тохиролцон тавилгаа өгч өр хаахаар/ ачуулсан юм. Ачуулахдаа гурван хэсэг болгон хагарах хэсэг дээр хагарна гэсэн анхааруулах бичиг мөн /миний өртэй хүн болох/ хүлээж авах утасны дугаартай бичиж ачааг 30,000 төгрөгөөр тохирч явуулсан. Ачааг хүлээн авах үед хагархай шил хөглөж, нэг боолттой нь задарсан, 2 боолттой нь задраагүй ч эрмэг зарим хэсгээрээ урагдаж, холгогдсон байсан ба ачааны 30,000 төгрөгийг өгөөд авсан. Тавилгаа угсрах гэсэн боловч бүтэн нэг ширхэг ч эвлээгүй тул манайхаас дахин өрөө нэхсэн. Хүү маань 2022 оны 04 дүгээр сард эхний хагалгаанд, 2023 оны 3-4 сарын хооронд 2 дахь хагалгаандаа орох төлөвлөгөөтэйгөөр гарснаасаа хойш өвчтэй нөхөр бид хоёр хүүгийнхээ энэ хүнд нөхцөл байдлаас болж, санхүү маш хүнд байгаа тул дахиж энэ хүний мөнгийг гаргаж өгөх боломжгүй байна. Иймд энэ жолоочоос хохирлоо барагдуулах гэж эвлэрүүлэхэд өгсөн боловч зөвшилцөлд хүрээгүй тул шүүх рүү шилжүүлж дээрх мөнгөн дүнгийн хохирлыг шаардаж байна гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар: О овогтой Б.Ч миний бие Говь-Алтай аймгийн ........... сумын 1 дүгээр багт оршин суудаг. Би Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэр зөөдөг. 6 сард Улаанбаатар хот руу ачаа ачихад 89.............. дугаартай хагарна гэсэн бичигтэй 4ш хайрцагтай баглаа боодолтой тавилга ачуулсан. Баглаа боодолтой байсан учраас дотор нь хэдэн ширхэг юу байсныг нь мэдэх боломжгүй задалж үзэх эрх байхгүй. Улаанбаатар хотод очиход хамаатны хүн ирж авсан. Тухайн хүнд өгөхөд 1 ширхэг боодолтой тавилга нь задарсан байсан. Задлаад үзсэн боловч доторх хаалганы шил, хаалга нь хагарсан байсан. Аваад явсан хүн нь очоод угсраад үзье хагарсан шил, хаалга хоёрыг адилхан материалаар хийчихье тухайн материалыг чи өөрөө авч өгөөрэй гээд тээврийн хөлс болох 30,000 төгрөгийг өгөөд явсан. Бусад 3 баглаа боодолтой тавилга нь ямар ч гэмтсэн зүйл байхгүй байсан. Ярихгүй байж байгаад гэнэт Говь-Алтай аймгаас ачуулсан хүн нь 2022 оны 10 дугаар сард 89............. дугаараас залгаж яриад нөгөө тавилганы хүн яриад байна. Угсрахад бүрэн бүтэн гэх юм алга гээд яриад байна би тэр хүнд 3 жилийн өмнө 2 сая төгрөгөөр авсан тавилгаа 1,750,000 төгрөгөөр зарсан юм аа. Одоо хоёулаа энэ мөнгийг хоёр хуваагаад төлье гэж над руу ярьсан тэгэхэд хүлээн зөвшөөрч тэгье төлье гэсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Эвлэрүүлэн зуучлахад” 2,500,0 мянган төгрөгийн нэхэмжлэх гаргаж өгсөн байсан. Би тухайн дуудсан үед нь очсон өргөдөл гаргасан хүнтэй уулзаад 2,500,000 төгрөгийг төлөх боломжгүй би анх эхлээд хэлсэн 800,000 мянган төгрөгийг нь 2 хувааж төгье гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй дараагийн шүүхэд өгнө гэж хэлсэн. Иймд дээрх гаргасан А.Д нэхэмжлэлийн 2,700,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2022 оны 06 дугаар сард Б.Ч-ыг хот руу явахад нь 4 хайрцагтай тавилга ачуулсан. Ачуулахдаа тавилга гэж хэлээгүй хагарна гэсэн бичигтэй 4 хайрцаг зүйл ачуулсан. Хотод очоод садангийн хүн аваад явсан. Гурван хайрцаг нь бүрэн бүтэн байсан. Нэг хайрцаг нь задарсан байсан. Тухайн хүн аваад явахдаа тэр хайрцгийг үзэхэд шил нь хагарсан тавцан нь хугарсан байсан гэсэн. Энэ тавилгыг угсраад үзье. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан байх юм бол чи өөрөө материалыг нь олж өгөөрэй гээд нөгөө хүн 30,000 төгрөгөө төлөөд аваад явсан. Та очоод яриарай гэсэн боловч сүүлд нь яриад ямар ч тавих боломжгүй байна 1,750,000 төгрөгт тавиад явуулсан гэж ярьсан. Нөхөр нь яриад 1,750,000 төгрөгийг хоёр хуваагаад төлье гэсэн. Би хоёр хувааж төлж болж байна би танд цувуулж төлье гэсэн боловч эхнэр нь хүлээн зөвшөөрөөгүй юм билээ. Тухайн өдрөө задлаад угсрах боломжгүй байсан юм бол ийм байна шүү гээд тэр хүндээ мэдэгдэж болоогүй юм. Тийм учраас өдий зэрэгт хүрсэн байх гэж бодож байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О овогтой Б.Ч-аас тээвэрлэсэн тавилганы үнэ 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Б овогтой А.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-аас 1,750,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д-т олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: О овогтой Б.Ч миний бие Говь-Алтай аймгийн ........... сумын 1 дүгээр багт оршин суудаг. Би Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэр зөөдөг. 6 сард Улаанбаатар хот руу ачаа ачихад 89.......... дугаартай хагарна гэсэн бичигтэй 4ш хайрцагтай баглаа боодолтой тавилга ачуулсан. Баглаа боодолтой байсан учраас дотор нь хэдэн ширхэг юу байсныг нь мэдэх боломжгүй задалж үзэх эрх байхгүй. Бусад 3 баглаа боодолтой тавилга нь ямар ч гэмтсэн зүйл байхгүй байсан. Тухайн хүнд өгөхөд 1 ширхэг боодолтой тавилга нь задарсан байсан. Задлаад үзсэн боловч доторх хаалганы шил, хаалга нь хагарсан байсан. Аваад явсан хүн нь очоод угсраад үзье хагарсан шил, хаалга хоёрыг адилхан материалаар хийчихье тухайн материалыг чи өөрөө авч өгөөрэй гээд тээврийн хөлс болох 30,000 төгрөгийг өгөөд явсан. Авч явж байх хугацаандаа эвдэрч хэмхэрсэн байсныг нь би мэдэхгүй байна. Тухай бүр холбогдож яриагүй байж байгаад гэнэт 2022 оны 10 дугаар сард ярьж 800,000 мянган төгрөгийг 2 хувааж төлье гэж тохирсон боловч сүүлдээ 1,750,0 мянган төгрөг болсон анхнаасаа ярьсан яриа нэхсэн мөнгө нь зөрж байгаа, нотлох баримт гэж зураг хавсаргаж ийм их мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00141 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Б.Ч холбогдуулан эвдэрсэн тавилганы үнэ 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөг, эвлэрүүлэн зуучлал болон шүүхийн зардал нийт 2,700,000 (хоёр сая долоон мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 4 хайрцагтай тавилга ачуулсан. Ачуулахдаа тавилга гэж хэлээгүй хагарна гэсэн бичигтэй 4 хайрцаг зүйл ачуулсан. Хотод очоод садангийн хүн нь аваад явсан. Гурван хайрцаг нь бүрэн бүтэн байсан. Нэг хайрцаг нь задарсан байсан. А.Д гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Нэхэмжлэгч А.Д нь Улаанбаатар хот руу 4 ширхэг хайрцаг бүхий тавилгыг хариуцагч Б.Ч-аар тээвэрлүүлэн хүргүүлсэн бөгөөд тээвэрлэн хүргэх явцад уг тавилга гэмтсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-т тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хуульд заасан хариуцлага хүлээнэ гэж хуульчилжээ.

Тиймээс нэхэмжлэгч А.Д нь эвдэрсэн тавилганы үнэ 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.  

 

6. Анхан шатны шүүх Б.Ч-аас тээвэрлэсэн тавилганы үнэ 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 (есөн зуун тавин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2023/00141 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

                         ШҮҮГЧИД                            Ш.БАТТОГТОХ

                                                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ